Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1630

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т п” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т п” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т н э” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 145 782 518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т п” ХХК нь “Т н э” ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 230 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр “Т н э” ХХК-ийн захиалгын дагуу цаг хугацаанд нь саадгүй  нийлүүлсэн. Мөн  гэрээний 3.5-д 0.15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр заасан. Манай компанийн зүгээс “Т н э” ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Т н э” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 120 000 000 төгрөг, алданги 25 782 518 төгрөг байх тул 145 782 518 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 03 дугаар сарын 26-нд 30 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Нийт 249 033 000 төгрөгийн түлшийг 2017 оны 10 дугаар сарын 05-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд 4 удаагийн ачилтаар нийлүүлсэн. Хариуцагч энэ хугацаанд 4 удаагийн төлөлтөөр 159 033 000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй тул 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс төлөгдөөгүй дүнд алдангийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нийлүүлэлтийн хувьд бэлнээр төлөхөөр тохиролцсон тул уг өдрөөс эхэлж алдангийг тооцсон. Үүнийг гэрээний 3.1-д заасны дагуу 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж алданги тооцвол 20 654 843 төгрөг болж байна. Иймд нэхэмжилсэн 145 782 518 төгрөгөөс төлсөн 30 000 000 төгрөг, алданги 5 127 675 төгрөгийг хасч үлдэх 110 654 843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т н э” ХХК 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Т п” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Т п” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 46 800 литр, 2017 оны 10 дугаар сарын 117-ны өдөр 46 800 литр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 24 050 литр, 45 050 литр бүтээгдэхүүнүүдийг зээлээр худалдан авсан. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн нийт үнийн дүн 249 033 000 төгрөг болох ба үүнээс 20 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилж төлсөн. Үүнээс хойшхи төлбөрүүдийг дансаар төлдөг байсан ба 2018 оны 03 дугаар сарын байдлаар 120 000 000 төгрөгийг төлөөгүй байсан. Манайх 2018 оны 03 дугаар сарын 26-нд 30 000 000 төгрөгийг төлсөн. “Т п” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар мэдээгүй байсан, шүүх иргэний хэрэг үүсгээгүй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 120 000 000 төгрөг биш 90 000 000 төгрөг гэж үзэх нь зүйтэй. Иймд алдангийг 90 000 000 төгрөгнөөс тооцох ёстой. Алдангид 25 782 512 төгрөг гэж хэт өндрөөр тооцсон байна. “Т п” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 114 015 000 төгрөгийн үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан байх тул гэрээний дагуу уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 107 хоног байх ба үүнийг гэрээнд заасан алданги тооцох зохицуулалтын дагуу хоног тутамд 0.15 хувиар бодож үзэхэд алдангийн хэмжээ нийт 14 445 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Т н э” ХХК-иас 109 260 000 төгрөг гаргуулж, “Т п” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 394 843 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886 863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 704 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хариуцагч талаас эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 120 000 000 төгрөг, алданги 25 758 518 төгрөгийг гаргуулахыг тусгаж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний үлдэгдэл төлөлтөөс хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 30 000 000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөрийн үнийн дүнгээс хасуулж тооцох нь зүйтэй гэж энэ талаар бичгээр хүсэлтээ өгсөн байдаг.

Хариуцагч “Т н э” ХХК-ийн зүгээс гэрээний үндсэн төлбөрт 90 000 000 төгрөгийг төлөх тухай асуудалд ямар нэгэн маргаангүй ба гагцхүү шүүхээс алдангийн хэмжээг буруу тодорхойлж манай компани эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Алдангийн талаар тодорхойлсон хуулийн болон талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг авч үзвэл байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох /төлөөгүй үнэ гэж гэрээнд тусгасан/ үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд

1. “Т н э” ХХК-ийн үндсэн төлбөрийн холбогдох хэсэг болох 30 000 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэгээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн төлсөн 30 000 000 төгрөгийг үндсэн үнийн дүнгээс төлсөн гэж хариулсан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

3. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэг нь “нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрт 120 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас 30 000 000 төгрөгийг гаргуулах хэсгээс татгалзаж, үндсэн төлбөрт 90 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн.

4. “Т п” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар үүссэн гэх баримтууд тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, “Т н э” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийн холбогдох хэсэг болох 30 000 000 төгрөгийг төлөхөд шүүхээс иргэний хэрэг үүсээгүй, хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй үедээ сайн дураараа төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Гэрээний үндсэн төлбөрөөс 30 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэж гүйцэтгээгүй үнийн дүн 90 000 000 төгрөг байхад нэхэмжлэл гаргах үеийн үнийн дүнгээр тооцно гэж үндэслэлгүйгээр дүгнэж хариуцагчийн эрх ашгийн зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байна. Алдангийн хэмжээг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож үзэхэд 14 445 000 төгрөг байх тул алдангид тооцсон үнийн дүнгээс 4 815 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.

Иймд шийдвэрийн алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, алдангийн хэмжээг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т п” ХХК нь хариуцагч “Т н э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 145 782 518 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч 90 000 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 230 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь  захиалгын дагуу чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч барааг хүлээн авч, үнийг 30 хоногийн дотор төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.15 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хэргийн 7-10 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 249 033 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн авч үүнээс 129 033 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үед 120 000 000 төгрөг үлдэгдэлтэй байсан талаар байгууллагын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлээр тогтоогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа  2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 16, 28 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ алдангийн хэмжээ хэт их, санхүүгийн хямралаас төлбөрийн чадавхи буурсан гэж тайлбарлаж байх боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд гэрээгээр тохиролцсон нэмэлт үүргээс чөлөөлөх, алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй гэж гэрээний дагуу сүүлийн худалдан авалтыг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны алдангийг талуудын гэрээгээр тохиролцсон 0.15 хувиар тооцож 19 260 000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн төлбөр 120 000 000 төгрөг, алданги 19 260 000 төгрөг, нийт 139 260 000 төгрөгнөөс төлсөн 30 000 000 төгрөгийг хасч үлдэх 109 260 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                              С.ЭНХТӨР