Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00049

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1630 дугаар магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Та” ХХК-д холбогдох

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 145 782 518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь “Та” ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” 230 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр “Та” ХХК-ийн захиалгын дагуу цаг хугацаанд нь саадгүй нийлүүлсэн. Мөн гэрээний 3.5-д 0.15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр заасан. Манай компанийн зүгээс “Та” ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, албан бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Та” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 120 000 000 төгрөг, алданги 25 782 518 төгрөг байх тул 145 782 518 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 03 дугаар сарын 26-нд 30 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Нийт 249 033 000 төгрөгийн түлшийг 2017 оны 10 дугаар сарын 05-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд 4 удаагийн ачилтаар нийлүүлсэн. Хариуцагч энэ хугацаанд 4 удаагийн төлөлтөөр 159 033 000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй тул 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс төлөгдөөгүй дүнд алдангийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нийлүүлэлтийн хувьд бэлнээр төлөхөөр тохиролцсон тул уг өдрөөс эхэлж алдангийг тооцсон. Үүнийг гэрээний 3.1-д заасны дагуу 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж алданги тооцвол 20 654 843 төгрөг болж байна. Иймд нэхэмжилсэн 145 782 518 төгрөгөөс төлсөн 30 000 000 төгрөг, алданги 5 127 675 төгрөгийг хасч, үлдэх 110 654 843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Та” ХХК 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Т” ХХК-тай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Т” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 46 800 литр, 2017 оны 10 дугаар сарын 117-ны өдөр 46 800 литр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 24 050 литр, 45 050 литр бүтээгдэхүүнүүдийг зээлээр худалдан авсан. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн нийт үнийн дүн 249 033 000 төгрөг болох ба үүнээс 20 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилж төлсөн. Үүнээс хойшхи төлбөрүүдийг дансаар төлдөг байсан ба 2018 оны 03 дугаар сарын байдлаар 120 000 000 төгрөгийг төлөөгүй байсан. Манайх 2018 оны 03 дугаар сарын 26-нд 30 000 000 төгрөгийг төлсөн. “Т” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар мэдээгүй байсан, шүүх иргэний хэрэг үүсгээгүй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 120 000 000 төгрөг биш 90 000 000 төгрөг гэж үзэх нь зүйтэй. Иймд алдангийг 90 000 000 төгрөгөөс тооцох ёстой. Алдангид 25 782 512 төгрөг гэж хэт өндрөөр тооцсон байна.”Т” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 114 015 000 төгрөгийн үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан байх тул гэрээний дагуу уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 107 хоног байх ба үүнийг гэрээнд заасан алданги тооцох зохицуулалтын дагуу хоног тутамд 0.15 хувиар бодож үзэхэд алдангийн хэмжээ нийт 14 445 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Та” ХХК-иас 109 260 000 төгрөг гаргуулж, “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 394 843 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886 863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 704 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1630 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Та” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэр, 2018.07.16-ны өдрийн 1630 дугаартай магадлалын эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэг, 172.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэн, алдангийг хэмжээг буруу тооцож, хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нь 2018.03.19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Та” ХХК нь 2018.03.18-ны өдрийн байдлаар “Та” ХХК нь “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл 120 000 000 төгрөг, алданги 25 758 518 төгрөгийг гаргуулахыг тусгаж, 2018.05.16-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний үлдэгдэл төлөлтөөс хариуцагч “Та” ХХК нь 2018.03.26-ны өдөр төлсөн 30 000 000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөрийн үнийн дүнгээс хасуулж тооцох нь зүйтэй гэж энэ талаар бичгээр хүсэлтээ өгсөн байдаг.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн 1630 дугаартай магадлалд “Хариуцагч гэрээний дагуу 2017.10.05-ны өдрөөс 2017.11.02-ны хооронд 249 033 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан, 129 033 000 төгрөгийг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар төлбөрийн үлдэгдэл 120 000 000 төгрөг байсан гэдэгт маргаагүй. ... шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөгдөөгүй үнийн дүн 120 000 000 төгрөгөөс талуудын гэрээгээр тохиролцсон 0.15 хувиар тооцон, нийт 19 260 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэж алдангийг хэмжээг дүгнэж шийдвэрлэсэн.

Хариуцагч “Та” ХХК-ийн зүгээс гэрээний үндсэн төлбөрт 90 000 000 төгрөгийг төлөх тухай асуудалд ямар нэгэн маргаангүй ба гагцхүү шүүхээс алдангийн хэмжээг буруу тодорхойлж манай компани эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Алдангийн талаар тодорхойлсон хуулийн болон талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг авч үзвэл:

Талуудын 2017.10.05-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” №230 дугаартай гэрээний 3.5 дахь хэсэгт “Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдагчид төлнө”.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”.

Дээрх хоёр зохицуулалтын аль алиныг үзэхэд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох /төлөөгүй үнэ гэж гэрээнд тусгасан/ үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:

1. “Та” ХХК-ийн үндсэн төлбөрийн холбогдох хэсэг болох 30 000 000 төгрөгийг 2018.03.26-ны өдөр.

2. 2018.05.02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэгээс “2018.03.26-ны өдөр хариуцагчийн төлсөн 30 000 000 төгрөгийг үндсэн үнийн дүнгээс төлсөн гэж ойлгож байна уу” гэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Тийм” гэж хариулсан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

3. 2018.05.16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэг нь “нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрт 120 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас 30 000 000 төгрөгийг гаргуулах хэсгээс татгалзаж, үндсэн төлбөрт 90 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай” хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн.

4. “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг нь 2018.03.28-ны өдрийн шүүгчийн №181/Ш32018/03781 дугаартай захирамжаар үүссэн гэх баримтууд тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “Та” ХХК нь 2018.03.26-ны өдөр гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийн холбогдох хэсэг болох 30 000 000 төгрөгийг төлөхөд шүүхээс иргэний хэрэг үүсээгүй, “Та” ХХК нь “Т” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй үедээ сайн дураараа төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэгийн зүгээс 2018.05.02-ны өдөр, 2018.05.16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Гэрээний үндсэн төлбөрөөс 30 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэтэл шүүхээс талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж гүйцэтгээгүй үнийн дүн 90 000 000 төгрөг байхад нэхэмжлэл гаргах үеийн үнийн дүнгээр тооцно гэж үндэслэлгүйгээр дүгнэж хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байна. Алдангийн хэмжээг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож үзэхэд 14 445 000 төгрөг байх тул алдангид тооцсон Үнийн дүнгээс 4 815 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн 1630 дугаартай магадлалд тусгагдсан алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, алдангийн хэмжээг үнэн зөвөөр щийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Т” ХХК нь “Та” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 145 782 518 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 90 000 000 төгрөгийн үүргийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 230 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч “Т” ХХК захиалгын дагуу чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч  “Та” ХХК барааг хүлээн авч, 30 хоногийн дотор үнийг төлөх, төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол алданги төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу 249 033 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, 120 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад 30 000 000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна. Нэхэмжлэгч худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.,167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Хариуцагч нь үлдэгдэл 120 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төлөх ёстой 120 000 000 төгрөгт алданги тооцсоныг шүүх үндэстэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчөөгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 90 000 000 төгрөгөөс тооцоогүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01123 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1630 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АМАРСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД