Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1628

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С ж э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01339 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С ж э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Х-, Д.Б-, З.Ц- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 272 765 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагч Д.Б-, З.Ц-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ж э ББСБ” ХХК нь Б.Х-тэй 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 300000075 тоот зээлийн гэрээгээр 110 000 000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч Б.Х- нь зээлээ авснаас хойш эргэн төлөлтөө хийхгүй явсан бөгөөд зээлээ төлөх талаар удаа дараа шаардлага тавихад барьцаа хөрөнгөө зарж зээлээ төлнө гэж хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нартай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уулзаж тохиролцон барьцаа хөрөнгөө зарах хугацаа олгосон боловч барьцаагаа зарж зээлээ төлөхгүй өдий хүрсэн. Хариуцагч Б.Х- 6 350 000 төгрөг төлсөн. Нэмэгдүүлсэн хүү бодоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алданги тооцсон. Иймд зээлдэгч Б.Х-ээс 110 000 000 төгрөгийн үндсэн зээл, 162 765 000 төгрөгийн хүү нийт 272 765 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Х- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х-, Д.Б-, З.Ц-, С.Б бид найзууд бөгөөд хамтарсан бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “С ж э ББСБ” ХХК-иас 110 000 000 төгрөгийг зээлж авсан боловч бизнес өргөжүүлж чадахгүй хаалгаа барихад хүрсэн. Гэрээний хугацаанд бага багаар мөнгө төлж байсан боловч эцэст нь ямар ч боломжгүй болсон. Үндсэн зээлээсээ хэт давсан хүү болох 162 765 000 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй. Иймд хариуцагч талын нэхэмжлэгчид хандаж гаргасан хүү бууруулах хүсэлтийг хүлээж авах байх гэж бодож байна. Нэхэмжилсэн үнийн дүнгээр төлбөр төлөх боломжгүй. Зээлийн хүүг бууруулж өгнө үү. Өмнөх 50 000 000 төгрөгийн зээлийн өрийг хаалгаж, Д.Б-ийн байрны төлбөрийг хаасан. Нэхэмжлэгч талтай хугацаа тохирч эвлэрэх боломжгүй болсон. Тиймээс зээлийн хүүнээс хасаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Ц- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-, Б.Х- нарын хамт 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “С ж э ББСБ” ХХК-иас 110 000 000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Ингэж зээл авахдаа Д.Б-ийн 3 өрөө байр дээр нэмж өөрийн хашаа байшингаа барьцаалсан. Зээл авах үед Д.Б- өөрийн найз н.Батболдтой байраа барьцаалж зээл авсан байсан бөгөөд тэрхүү зээл нь 50 000 000 төгрөг болсон. Бид 3 зээлийг авахдаа 50 000 000 төгрөгийг зээлээс хасч үлдэх 60 000 000 төгрөгийг авсан. Үүнийг “С ж э ББСБ” ХХК нь зээлийн мэргэжилтэн болон гүйцэтгэх захирал нь мэдэж байгаа. Иймд нийт зээлийн 45 хувийг н.Батболд хариуцах ёстой. Нэхэмжлэлийн үнийн дүнг харахад анх бид нарын авсан зээлийн дүнг хэт давсан дүн байгаа. З.Ц- миний бие 2015 оноос хойш хөдөлмөр эрхлээгүй бөгөөд эдийн засгийн хямдралтай байгаа тул энэ их хэмжээний хүү нэмэгдүүлсэн хүүг чадахгүйд хүрээд байна. Иймд нэхэмжлэгч тал нэмэгдэл хүүг хасч гэрээний хавсралтанд заагдсан хуваарийн дагуу зээлийг нэхэмжлэх болуу гэж хүсч байна гэжээ.

 

Хариуцагч З.Ц- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х-ийн саналтай адил байна гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 нялх хүүхэдтэй, өндөр настай хадам аавын хамт амьдардаг. Би ажилгүй. Тиймээс зээлийн хүүнээс хасаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Х-, Д.Б-, З.Ц- нараас 272 765 000 төгрөг гаргуулан “С ж э ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 521 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 521 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С ж э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01339 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч бид хамтарсан бизнесээ өргөжүүлэх зорилгоор нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан 110 сая төгрөгийн зээл авсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Зээлийн гэрээний хугацаанд хүүд 6 350 000 төгрөг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрснээ нэхэмжлэгч талд мэдэгдэж, барьцаа хөрөнгөө зээлийн гэрээний үүрэгт тооцуулах талаар хэлж байсан боловч ББСБ зээлийн хүүгээ өсгөж авах зорилгоор гэрээгээ дуусгавар болгоогүй. Бид 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уулзаж өөрсдөө барьцаа хөрөнгөө зарж зээлээ төлөхөөр тохиролцсон боловч бидний хүсэлтийг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг 162 сая болсон нь зөвхөн хариуцагч биднээс шалтгаалаагүй, нэхэмжлэгч талд зээлээ төлөх чадваргүй болсон талаараа мэдэгдэж байхад хүүг зогсоож, барьцаа хөрөнгө авах, эсхүл үүнээс өмнө шүүхэд хандах боломжтой байсан.

Бид зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 110 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааны зээлийн хүү 69 300 000 төгрөг үүнээс төлсөн 6 350 000 төгрөгийг хасч 62 950 000 төгрөг, нийт 172 950 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 99 815 000 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч “С ж э ББСБ” ХХК нь хариуцагч Б.Х-, Д.Б-, З.Ц- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 282 765 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсэг болох хүүг хариуцагч нар төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Х-, Д.Б-, З.Ц- нар нь “С ж э ББСБ” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 300000075 дугаар зээлийн гэрээ байгуулж, 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 110 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд З.Ц-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2203008867 дугаартай, 000130079 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамж, 98-1 тоот хаягт байрлах 486 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах 70 м.кв талбай бүхий хувийн сууц, Д.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ХД-59/2-34 тоотод байрлах 61.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 6-13 дугаар тал/

 

Хариуцагч Б.Х- нь зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлдүүлэгчийн зарлагын баримтанд гарын үсэг зурж 110 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6 350 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас 272 765 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүг хасч тооцох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Б-ийн зээлийн хүүг хасч тооцуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 025 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                          ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                              С.ЭНХТӨР