Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 1-р 40 мянгат Баруун сэлбэ, 45-р байр 1 давхарт байрлах “Си жи эм ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянгол дүүрэг 2-р хороо, 2-р хороолол, 63-14 тоотод оршин суух, Үүдэн овогт Батхүрэлийн Хүрэлсүх,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, 59-2 тоотод оршин суух, Галдан овогт Даваажамцын Бат-Эрдэнэ,

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 46-р гудамж, 98 тоотод оршин суух, Загас овогт Загасын Цэрэнжамц нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 272.765.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ, хариуцагч Б.Хүрэлтулга, Д.Бат-Эрдэнэ, З.Цэрэнжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Си Жи Эм ББСБ нь Батхүрэлийн Хүрэлсүхтэй 2014 оны 04 сарын 23-ны өдөр №300000075 тоот зээлийн гэрээгээр 110.000.000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай буюу 2015 оны 12 сарын 23-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.Хүрэлсүх нь зээлээ авсанаас хойш эргэн төлөтөө хийхгүй явсан бөгөөд зээлээ төлөх талаар удаа дараа шаардлага тавихад барьцаа хөрөнгөө зарж зээлээ төлнө гэж хойшлуулсаар ирсэн.Зээлдэгч болон хамтран зээлдэгч нартай 2016 оны 5 сарын 02-ны өдөр уулзаж тохиролцон барьцаа хөрөнгөө зарах хугацаа олгосон боловч барьцаагаа зарж зээлээ төлөхгүй өдий хүрсэн. Иймд зээлдэгч Б.Хүрэлсүхээс 110.000.000 төгрөгийн үндсэн зээл, 162.765.000 төгрөгийн хүү нийт 272.765.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай байгуулсан гэрээний дагуу буцаан төлөлтөнд хариуцагч Б.Хүрэлсүх 6.350.000 төгрөг төлсөн. Нэмэгдүүлсэн хүү бодоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алданги тооцсон. Хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэх талаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Хүрэлсүх шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа:  Иргэн Б.Хүрэлсүх, Д.Бат-Эрдэнэ, З.Цэрэнжамц, С.Батнасан бид найзууд бөгөөд хамтарсан бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Си Жи Эм ББСБ ХХК-иас 110.000.000 төгрөгийг зээлэн авсан боловч бизнесээ өргөжүүлж чадахгүй хаалгаа барьхад хүрсэн. Гэрээний хугацаанд бага багаар мөнгө төлж байсан боловч эцэст нь ямар боломжгүй болсон. Үндсэн зээлээсээ хэт давсан хүү болох 162.765.000 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй юм. Иймд хариуцагч талын нэхэмжлэгчид хандаж гаргасан хүүгээ бууруулах хүсэлтийг минь хүлээж авах байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагч З.Цэрэнжамц шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн З.Цэрэнжамц би Д.Бат-Эрдэнэ, Б.Хүрэлсүх нарын хамт 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Си Жи Эм ББСБ ХХК-иас 110.000.000 төгрөгийг зээл авсан минь үнэн болно. Ингэж зээл авахдаа Д.Бат-Эрдэнийн 3 өрөө байр дээр нэмж өөрийн хашаа байшингаа барьцаалсан. Зээл авах үед Д.Бат-Эрдэнэ өөрийн найз н.Батболдтой байраа барьцаалж зээл авсан байсан бөгөөд тэрхүү зээл нь 50.000.000 төгрөг болсон байсан. Бид 3 энэ зээлийг авахдаа 50.000.000 төгрөгийг зээлээс хасч үлдэх 60.000.000 төгрөгийг нь гар дээр авсан. Үүнийг Си Жи Эм ББСБ ХХК нь зээлийн мэргэжилтэн Т.Халиун болон гүйцэтгэх захирал нь мэдэж байгаа. Иймд гийт зээлийн 45 хувийг Батболд хариуцах ёстой. Нэхэмжлэлийн үнийн дүнг харахад анх бид нарын авсан зээлийн дүнг хэт давсан дүн байгаа. З.Цэрэнжамц миний бие 2015 оноос хойш хөдөлмөр эрхлээгүй бөгөөд эдийн засгийн хямралтай байгаа тул энэ их хэмжээний хүү нэмэгдүүлсэн хүүг чадахгүйд хүрээд байна. Иймд нэхэмжлэгч тал нэмэгдэл хүүг хасч гэрээний хавсралтанд заагдсан хуваарийн дагуу зээлийг нэхэмжлэх болуу гэж хүсч байна гэжээ.

Хариуцагч Б.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлбөр төлөх боломжгүй. Зээлийн хүүг бууруулж өгөөч. Өмнөх 50.000.000 төгрөгийн зээлийн өрийг хаалгаж, Д.Бат-Эрдэнийн байрны төлбөрийг хаасан. Нэхэмжлэгч талтай хугацаа тохирч эвлэрэх боломжгүй болсон. Тиймээс зээлийн хүүнээс хасаж өгнө үү гэв.

Хариуцагч З.Цэрэнжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хүрэлсүхийн саналтай адил байна гэв.

Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 нялх хүүхэдтэй, өндөр настай хадам аавын хамт амьдардаг. Би ажилгүй. Тиймээс зээлийн хүүнээс хасаж өгөөч гэж хүсэж байна гэв. 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            “Си жи эм ББСБ” ХХК 2014.04.23-ны өдрийн 300000075 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 272.765.000 төгрөгийг Б.Хүрэлсүх, Д.Бат-Эрдэнэ, З.Цэрэнжамц нараас гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл авсан нь үнэн, харин зээлийн хүүнээс тодорхой хэмжээгээр хасч өгнө үү гэжээ.

            2014.04.23-ны өдөр “Си жи эм ББСБ” ХХК Б.Хүрэлсүх, Д.Бат-Эрдэнэ, З.Цэрэнжамц, В.Батнасан нартэй 300000075 тоот зээлийн гэрээ байгуулж, 110.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгожээ. /хх-ийн 6 дугаар тал/

            Мөн өдрөө 300000075 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, бууз, баншны тоног төхөөрөмж, СБД 18-р хороо, Бэлхийн 46-98-1 тоот гэр бүлийн хэрэгцээний З.Цэрэнжамцын 486 м.кв газар, 70 м.кв хувийн сууц, БГД 2-р хороо, 2-р хороолол, Х/Д59/2 дугаар байрны 34 тоот 61.77 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

            Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, энэ талаар маргаагүй байх бөгөөд харин зээлийн гэрээний хүү хасч өгөхийг хүсчээ.

            2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг талууд сунгаагүй боловч уг гэрээний 4.4. “зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүнийг хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэжээ.  

            Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх тул хариуцагч нарын хүсэлтээр зээлийн гэрээний хүүг хасч тооцох боломгүй байна.

            Иймд хариуцагч Б.Хүрэлсүх, Д.Бат-Эрдэнэ, З.Цэрэнжамц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 272.765.000 төгрөг гаргуулан, “Си жи эм ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Б.Хүрэлсүх, Д.Бат-Эрдэнэ, З.Цэрэнжамц нараас 272.765.000 төгрөг гаргуулан “Си жи эм ББСБ” ХХК-нд олгосугай.

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.521.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.521.775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Си жи эм ББСБ” ХХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО