Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 156/2022/00143/И |
Дугаар | 001/ХТ2023/00065 |
Огноо | 2023-04-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2023/00065
Б.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаар шийдвэртэй,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 226/МА2023/00003 дугаар магадлалтай,
Б.Эын нэхэмжлэлтэй
П.Ад холбогдох
11,130,000 төгрөг гаргуулах, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч П.Аы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч П.Ад холбогдуулан 11,130,000 төгрөг гаргуулах, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Ааас 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,980 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 192,550 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч П.Ааас гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож шийдвэрлэжээ.
3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 226/МА2023/00003 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ааас 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч П.Аы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа П.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч П.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт “... худалдах, худалдан авах гэрээний зүйл болох машины зогсоолд хожим эрхийн доголдол илэрсэн байна. Иймд хариуцагч П.Ааас машины зогсоолын үнэ 11,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Эад олгож шийдвэрлэв” гэж, давж заалдах шатны шүүх магадлалынхаа Үндэслэх нь хэсэгт “...талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэхээр тохиролцсон боловч тухайн хэлцлээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж чадаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хэлцлийг бичгээр хийх талаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байжээ. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй байна” гэж тус тус хуулийг зөрүүтэй хэрэглэсэн бөгөөд аль аль дүгнэлтийг хариуцагч П.А миний бие хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь миний бие ямар нэгэн эрхийн доголдолгүй эд хөрөнгийг Б.Эад шилжүүлсэн. Энэ талаараа ч тайлбарлаж, хэрэгт П.А миний нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, холбогдох баримтууд авагдсан байдаг. Анхан шатны шүүх машины зогсоолд хожим эрхийн доголдол илэрсэн гэж байгаа ч эрхийн доголдолтой эсэх нь хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр эцсийн шийдвэрээр тогтоогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл машины зогсоол нь П.А, Г.Аын хэний өмчлөлийнх болох нь эцэслэгдэж тогтоогдоогүй байхад эрхийн доголдол илэрсэн гэж дүгнэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
Мөн давж заалдах шатны шүүхээс хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Талууд аль аль нь хүсэж, хуулийн хүрээнд хэлцлээ хийсэн.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт “...маргаан бүхий Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Саригийн А57 байрны машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хоёр иргэнд давхардуулан олгогдсон нөхцөл байдлын талаар эрүүгийн журмаар шалгаж байгааг нотолсон тогтоол, эрх зүйн баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний өмгөөлөгч Ц.Бгийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар үндэслэл бүхий өмгөөллийн дүгнэлт хэлсээр байхад, энэ талаар холбогдох баримтууд буюу маргаан бүхий авто зогсоолын өмчлөлтэй холбоотой, эрхийн доголдолтой эсэх талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтууд шинжлэн судлагдсан атал огт баримт байхгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Бодит байдал дээр маргаан бүхий авто зогсоолын өмчлөлтэй холбоотой асуудал Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, прокурорын байгууллагаас уг шалгасан асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан ч уг прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Хэнтий аймгийн Ерөнхий прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол хүчингүй болсон, уг асуудал хэрэг бүртгэлтийн ажиллагаанд байгаа нь бодит үнэн болно. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нотлогдоогүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Нэгэнт хэрэгт эрүүгийн журмаар шалгагдаж байгаатай холбоотой баримтууд авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн эсэх талаар эргэлзээтэй байгаа гэж шүүх үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг үндэслэн нэг удаа хэргийг хойшлуулж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг авах ажиллагааг хийх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь “эрхийн доголдолтой” гэж шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд эрхийн доголдолтой эсэхийг эцэслэн тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, энэ талаар эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж байгаа тохиолдолд уг асуудал шийдэгдсэн эсэх нь асуудлыг тодруулах нь зайлшгүй шаардлагатай шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажиллагаа байсан болно. Гэтэл энэ байдлыг орхигдуулж, шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх давж заалдах шатны шүүхэд гаргасан миний гомдолд дүгнэлт хийхдээ “Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно” гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй учир хариуцагчийн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол”-д хуулийн зүйн үндэслэл бүхий дүгнэлт зайлшгүй хийх ёстой гэж үзэж байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023.04.06-ны өдрийн 001/ШХТ2023/000354 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн хариуцагч П.Аы гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч П.Аы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч П.Ад холбогдуулан 11,130,000 төгрөг гаргуулах, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “2021.11.03-ны өдөр П.Ааас Хэрлэн хорооллын А-57-р байрны доор машины 01 тоот зогсоолыг харилцан тохиролцож 11,100,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. ...зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Г.Агэдэг хүний нэр дээр байх тул П.Ааас 11,100,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн хураамж 30,000 төгрөг, нийт 11,130,000 төгрөгийг гаргуулах, Иргэний хуулийн 56.1.1-д заасан хэлцэл тул худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч П.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... Улсын дээд шүүхийн тогтоолоор гэмт хэргийн улмаас надад учирсан хохирлыг арилгуулахаар Н.Тын өмчлөлийн ............дугаартай зогсоолыг миний өмчлөлд шилжүүлж шийдвэрлэснийг Шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлсэн. ... Б.Э нь гэрчилгээг авснаас хойш 12 хоногийн дараа буюу 2021.11.15-ны өдөр буцааж өгөхдөө Улсын бүртгэлийн хэлтэс “зогсоол н.Анхбаярынх” гэж хэллээ, “та учрыг нь олоод надад хэлээрэй” гэсэн. ... Миний зүгээс биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө худалдсан” гэж маргасан байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний зүйл болох машины зогсоолд хожим эрхийн доголдол илэрсэн. ... хариуцагчаас машины зогсоолын үнэ 11,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, эвлэрүүлэн зуучлалд хандсан ажиллагааны зардал улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үндэслэлгүй.” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Иргэний хуулийн 43.2.3-т заасан хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн ... байх, Иргэний хуулийн 110.1-д зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох” зохицуулалтыг анхаараагүй буюу заавал бичгээр хийх, бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэстэй тул мөн хуулийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага 11,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.
11. Зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж хоёр шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэжээ. Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Зохигч ............ тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн машины зогсоолыг 2021.11.03-ны өдөр 11,100,000 төгрөгөөр худалдаж-худалдан авахаар харилцан тохирсон үйл баримтын тухайд маргаагүй. Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд хөдлөх ба үл хөдлөх аль ч төрлийн эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулах хэлбэрийн тусгайлсан шаардлага тавиагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийг баримтална. Өөрөөр хэлбэл, хиймэгц биелэх, ахуйн шинжтэйгээс бусад хэлцлийг бичгээр байгуулах шаардлага тавигддаг ба талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гол нөхцөлийн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах үүргийн эрх зүйн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг талууд хангажээ.
Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн хэлцэлд хэлбэрийн тусгайлсан шаардлага тавигддаг ба энэ талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зохицуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцлийн үед эд хөрөнгийг нэгээс нөгөөд шилжүүлэх тухай амлалтын харилцаа буюу үүргийн эрх зүйн хэлцэл, гэрээний зүйлийн өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэхтэй холбоотой өмчийн хэлцэл тус тус байгуулагдана. Ийнхүү хоёр хэлцлийг тусгаарлан авч үзэж, тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхийг иргэний эрх зүйд хийсвэрлэх зарчим гэж үздэг.
Тодруулбал, худалдах-худалдан авах гэрээ буюу үүргийн эрх зүйн хэлцлийн үндсэн дээр өмчийн хэлцэл байгуулагдах ба үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх харилцаан дахь үүргийн ба өмчийн хэлцэлд хэлбэрийн хувьд ялгаатай шаардлага тавигдаж болно. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага буюу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг худалдах-худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлага гэж тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг энэ үндэслэлээр буруу гэж үзнэ.
12. Маргаан бүхий тохиолдолд талуудын хооронд худалдах худалдан авах үүргийн эрх зүйн гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу байгуулагдсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг нэгээс нөгөөд шилжүүлэх өмчийн эрх зүйн хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу байгуулагдаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжээгүй байна.
13. Нэхэмжлэгч Б.Э гэрээний зүйл болох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн автозогсоолын үнийг худалдагч хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба энэ шалтгаанаа автозогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн авах боломжтой эсэх нь тодорхойгүй, бэрхшээлтэй байдал үүссэн, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн гэх агуулгаар тайлбарласан байна. Хариуцагч маргаан бүхий зогсоолыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр олж авсан, хоёр өмчлөх эрх зэрэг үүссэн нөхцөл байдалд өөрийгөө буруугүй гэж үзэн шаардлагыг эс зөвшөөрсөн.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэлтэй, нэг автозогсоолын өмчлөгчөөр П.А, Г.А тус тусдаа бүртгэгдсэн (дундын өмч бус, хоёр дангаар өмчлөл), өмчлөгч тус бүрт дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна. Ийнхүү нэг эд хөрөнгөд дангаар өмчлөх хоёр эрх зэрэг үүсгэсэн нөхцөл байдлын талаар улсын бүртгэгч нар гэрчийн мэдүүлэг өгсөн байх ба гэрч М.Б “... Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгохдоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршлыг бичих талаар журамласан зүйл байдаггүй. 2015 онд байрны доод зогсоолыг “подвалын” гэж түгээмэл бичдэг байсан бөгөөд 2017 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хаяг байршлын утга дээр “подвал” гэж бүртгэхгүйгээр “00” давхар гэж бүртгэдэг болчихсон байсан. Тэгээд л подвал гэсэн утгаар цахим сангаас хайлт хийгээгүйгээр Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Сариг а57 байр 00 давхрын 01 тоот гэх утгаар бахим сангаас хайлт хийсэн учраас иргэн Г.Аын гэрчилгээ гарч ирээгүй байх” гэж мэдүүлсэн байна.
Дээрхээс үзвэл худалдах худалдан авах гэрээний зүйлд дангаар өмчлөх хоёр эрх үүссэн байх тул худалдах худалдах авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үндэслэл бүхий гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т “Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно” гэж, 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасантай тус тус нийцэх юм.
14. Нэхэмжлэгч дээр дурдсанчлан худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байх ба эд хөрөнгийн өмчлөлийн талаарх маргааныг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж байгаа нь худалдан авагчийн гэрээнээс татгалзах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд “...маргаан бүхий авто зогсоолын өмчлөлтэй холбоотой, эрхийн доголдолтой эсэх талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй” гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
15. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй тул давж заалдах шатны шүүх хариуцагч П.Ааас 11,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эад олгон шийдсэн нь үндэслэлтэй байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл, заалтыг тус тогтоолын 11-12 дахь хэсэгт заасан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөх нь зүйтэй.
16. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30,000 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байх ба энэ талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгахгүй.
17. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагч П.Аы хяналтын журмаар гаргасан “... машины зогсоол нь П.А, Г.Аын хэний өмчлөлийнх болох нь эцэслэгдэж тогтоогдоогүй байхад эрхийн доголдол илэрсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн, ... эрүүгийн журмаар шалгагдаж байгаатай холбоотой баримтууд авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн эсэх талаар эргэлзээтэй байгаа гэж шүүх үзсэн нь буруу” гэх агуулгатай гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 226/МА2023/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг ...” гэснийг “... 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагч П.Аы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч П.А хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.16-ны өдөр төлсөн 194,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН