Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2023/00068

 

“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03240 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00224 дугаар магадлалтай,

“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э.Бд холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 372,956,424 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 372,956,424 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03240 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Бгаас 359,885,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,070,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Б шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэлтэй, ..........., 106 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,264,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 2,027,580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00224 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Бгийн төлсөн 2,027,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Дээрх хэрэг маргаанд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.07-ны өдрийн 183/ШШ2022/03240 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн доорх байдлаар шийдвэрлэсэн байдаг. Үүнд: Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 314,184,200 төгрөг, зээлийн хүү 58,452,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,344 төгрөг, нийт 372,956,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг төлөх хугацааны талаар эвлэрэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна. /хх 1-2, 35, 57-58/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” гэж заасан. Иймд анхан шатны шүүх талуудаас эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжтой эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Анхан шатны шүүх 2022.10.11-ний өдрийн шүүх хуралдааныг 2022.11.07-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулахдаа хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч Э.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцээгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал болох “ЧХБ” ХХК нь Магадлалын 3-р нүүрт тодорхойлсон эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжтой эсэхийг тодруулаагүй, хариуцагч Э.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан нөхцөл байдлыг хангаж байх тул доорх үндэслэлээр няцааж байна. Үүнд:

Магадлалын 3-р талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ” гэж заасан. Иймд анхан шатны шүүх талуудаас эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжтой эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч болон хариуцагч эвлэрэн хэлэлцэх асуудлаар хоёр ч удаа хурал хойшилсон байдаг ба хэргийн материалд байгаа хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Тухайн эвлэрэн хэлэлцэх асуудал удаа дараа хурал дээр ч яригдаж байсан бөгөөд эвлэрэх хугацаан дээр тохирч чадаагүй тул эвлэрэн хэлэлцэх асуудлыг хаасан байдаг. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнээс халин огт үндэслэлгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Магадлалын 3-р талд хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч Э.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцээгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2022.11.07-ны өдрийн хурлыг хариуцагч Э.Б нь мэдэж байсан бөгөөд өмгөөлөгчийнх нь хурал дээр гаргасан хүсэлт дээр ч харагдаж байгаа юм /хх 78-79/. Тухайн хурал дээр хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э нь Э.Б хүнд өвчний улмаас хагалгаанд орох гэж байгааг шинжээч томилуулж тогтоолгох хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт ач холбогдолгүй, өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “34.3.1.нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан эрхийнхээ хүрээнд эдгээр баримтыг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхэлсэн байдаг. Шүүх хуралдааны хэлэлцэх шатанд хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э нь “Хэргийн оролцогчид эдгээр баримтыг гаргаж өгөх боломжоор хангах ёстой, өнөөдрийн хувьд Э.Б нь эмчилгээ хийлгэж байгаа тул хариуцагчийг биечлэн оролцуулах хүсэлттэй байна” гэж тайлбарласан. Харин шүүгч “анхан шатны шүүх хуралдаан дэг дарааллын дагуу явагдана, хүсэлт шийдвэрлэх шат дууссан тул хэлэлцэхгүй, хариуцагчид 2022.10.26 өдөр хурлын товыг мэдэгдсэн байтал өөрийн биеэр оролцоно, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд өгөөгүй” гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023.04.13-ны өдрийн 001ШХТ2023/000401 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 372,956,424 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь 2018.12.28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалж, 2022.09.21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 314,184,200 төгрөг, зээлийн хүү 58,452,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,344 төгрөг нийт 372,956,424 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд зөвшөөрч “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлөх хугацаан дээр харилцан тохирч эвлэрч байгаа болно” гэсэн хариу тайлбар ирүүлсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ ... гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй ... хариуцагч Э.Бгаас нийт 359,885,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,070,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ... барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй...” гэж үзжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... хариуцагч зээлийн төлбөрийг төлөх хугацааны талаар эвлэрэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн ... анхан шатны шүүх талуудаас эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжтой эсэхийг тодруулаагүй. ... хариуцагч Э.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. ... Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020.04.29-ний өдөр батлагдсан бөгөөд зээлдэгч Э.Б орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулаагүй нь уг гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах эсэх талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна. ...” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын хяналтын журмаар гаргасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах үүргээ анхан шатны шүүх хангалттай биелүүлсэн” гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг 2022.04.21-ний өдөр хариуцагчид гардуулсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцох хүсэлтэй болохоо илэрхийлэн хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш шүүх хуралдаан дөрвөн удаа хойшлогдсоноос гурван удаад сувилалд хэвтэн эмчлүүлэх, өмгөөлөгч оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хангасан байна. Эдгээр шүүх хуралдаан тус бүрт хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг шүүхээс тайлбарлаж өгсөн байх ба өмгөөлөгч Ө.Э 2022.09.21-ний өдрөөс эхлэн хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хувиар оролцож байжээ. Өөрөөр хэлбэл, мэргэшсэн хуульч, өмгөөлөгч шүүхээс нэгэнт тайлбарласан эрх үүргийг өөрийн үйлчлүүлэгч буюу хариуцагчид тайлбарлах, хууль зүйн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжтой бөгөөд энэ ч агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Иймд эвлэрүүлэн зуучлалын туслалцаа авах боломжтой талаар шүүхээс тайлбарлаж, энэ тухай боломж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болжээ.

12. Хариуцагч Э.Бд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч эс зөвшөөрөн гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх 2022.10.11-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эы гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах тухай хүсэлтээр 2022.11.07-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээг үндэслэсэн бөгөөд хүүгийн хэмжээг нэмэгдүүлж, шаардлагын үндэслэлд бус шаардлагын дүнд өөрчлөлт орсон хэдий ч анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 4 долоо хоногоор хойшлуулж, товыг хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна. Дараагийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргахдаа 2022.11.05-ны өдөр хариуцагчийн эрүүл мэндийн талаар гаргасан эмнэлгийн тодорхойлолтыг нотлох баримтаар өгснөөс үзвэл 2022.11.07-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Э.Б мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарсангүй. Анхан шатны шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг тэгш ханган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 

13. Анхан шатны шүүх хариуцагч Э.Бгаас 359,885,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,070,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн болон нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Гэвч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдлийг хүлээн зөвшөөрсөн тул талуудын зарчимд үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

14. Дээр дурдсан үндэслэлээр “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00224 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ЧХБ ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

\

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                          М.БАТСУУРЬ

                                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН