Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00224

 

 

 

И банк-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03240 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И банк-ХХК-ийн хариуцагч О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 372,956,424 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, М.Цоггэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

И банк-ХХК нь О-тай 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ББГ-2018/ЗГ/134 дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулсан. О- орон сууц худалдан авах зориулалтаар 322,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ гудамж 525 дугаар байр, 302 тоотод байрлах О-гийн өмчлөлийн 106.0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж 2020 оны 01 сарын 17-ны өдөр ББГ-2018/БГ/134/01 дугаар барьцааны гэрээг байгуулсан. О- зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүргээ 2019 оны 09 сарын 16-ны өдрөөс зөрчсөн бөгөөд нийт 20 удаагийн төлөлтөөр үндсэн зээл 7,815,800 төгрөг, зээлийн хүү 54,541,446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493,164,000 төгрөг, нийт 62,850,410 төгрөг төлсөн. 2021 оны 10 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлдүүлэгч зээлдэгчийг төлбөрөө төлөхийг 6 удаа мэдэгдэж, шаардсан боловч төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 314,184,200 төгрөг, зээлийн хүү 58,452,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,344 төгрөг, нийт 372,956,424 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

И банк-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн төлбөрийг төлөх хугацааны талаар тохиролцож эвлэрч болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О-гаас 359,885,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И банк-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,070,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О- шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206066291 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,264,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2,027,580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх О-г шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн. О- нь архаг дутагдлын улмаас 7 хоногт 3 удаа диализын аппаратанд орж эмчилгээ хийлгэдэг ба шүүх хуралдаанаас 1 сар гаруйн өмнөөс судаслнууд нь хагарч судас залгах мэс ажилбарт орж эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байсан. О-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. О- нь хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа эсэхийг шинжээч томилж тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээррэ буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

И банк-ХХК 2022 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан 3 удаа хойшилсон. Хариуцагчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргаагүй. Хариуцагчийг өвчтэй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчийг шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд хянаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч И банк-ХХК нь хариуцагч О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 314,184,200 төгрөг, зээлийн хүү 58,452,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,344 төгрөг, нийт 372,956,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг төлөх хугацааны талаар эвлэрэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна. (хх-ийн 1-2,35, 57-58)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах гэж заасан. Иймд анхан шатны шүүх талуудаас эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжтой эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 

2. Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 минут 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулахдаа хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайванд шүүх хуралдааны товыг г мэдэгдсэн боловч хариуцагч О-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцээгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

 

3. Түүнчлэн, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд зээлдэгч О- орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан эсэхийг нь тодруулах нь уг гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах эсэх талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна. Иймд анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тодруулж энэ талаар талуудыг мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О-гийн төлсөн 2,027,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ