Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2021/00050

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1-р хороо 25-8 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг 3 дугаар хэсэг 3-2 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

 

Д.*******ийн хууль бус эзэмшлээс хашаа байшин чөлөөлөх, түрээсийн төлбөрт 3.750.000 төгрөг, цахилгааны төлбөрт 256.088 төгрөгийг тус тус гаргуулах

 

Д.*******ийн 5,030,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхжаргал, хариуцагч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа:

...Миний бие Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3-р баг, 3-р хэсэгт хувийн хашаа байшин, газрын хамт худалдан амьдарч байсан. 2016 онд ажлын шугамаар шилжих болсон тул Анхбаяр түрээслэн амьдарч байгаад өөрийн хашаа байшинтай болоод манай байшингаас гарсан. Түүний дараагаар 2017 оны 08-р сард Золбаатар эхнэр бид хоёр байрыг чинь хөлсөлж сууя гэхээр нь итгээд суулгасан. Удалгүй байшингаа зарах болтол ******* гэх эмэгтэйг байшинд маань суулгачихсан тэр хүн байшинг маань суллаж өгөхгүй 2020 оны 01 сарын 17-ны өдөр арга буюу шүүхэд байрнаас гаргуулах тухай нэхэмжлэл өгсөн.

Би ******* гэдэг хүнтэй байр зарах талаар огт яриагүй, байрандаа засвар хийчих гэж хэлээгүй, хүний байр сууцанд сууж байгаа хүн өөд нь татаад сууж байх үүрэгтэй шүү дээ. Тэрнээс би засвар хийгээд өг зардал мөнгийг нь өгье гэж огтоос ярилцаагүй. Тийм ч учраас ******* бид хоёрын хооронд аман болон бичгээр хэлцэл хийсэн асуудал байхгүй. Нэгэнт хүү Золбаатар, эхнэр хоёр нь хөлсөлж сууна гэж яриад байрыг минь аваад үлдсэн энэ хугацаанд *******ийг оруулж суулгасан тул нэгэнт ******* миний байранд амьдарсан тул байрны хөлс гаргуулах нь зөв гэж бодсон. Зах зээлийн систем хөгжсөн үед хэн ч байрандаа хүнийг үнэ төлбөргүй суулгахгүй мөн энэ хүнийг байрнаасаа гаргах гэж 2 жил болж байна.

 

Тиймээс би өөрийн өмчийг энэ хүнээс авах нь хуулийн дагуу шийдэгдэнэ, харин миний байранд 2017 оны 08 сараас өнөөдрийг болтол /шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүртэл/ хугацааны төлбөр /1сарыг 150.000 төгрөг/-өөр тооцон 2 жил 1 сарын буюу 25 сарын 3,750,000 төгрөгийг, энэ хугацаанд өөрсдийн хэрэгцээгээ хангаж эрчим хүч ашигласны төлбөр 256.088 төгрөг нийт 4,006,088 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна! ... гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Ц.*******аас уг байрыг түрээслэх талаар нэг ч удаа ярилцаж байгаагүй. Уг байрыг надад худалдахаар бид харилцан тохиролцсон учраас тухайн байранд миний бие засвар хийж нүүж орсон. Ц.******* уг байрыг өөрийнх нь өмчлөлийнх гэж надад шилжүүлэн намайг хуурч мэхэлснээс үүдэн тухайн байранд хийсэн миний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө минь талаар болж 3 жилийн турш миний бие түүний дарамт шахалтаас болж сэтгэл санаагаар маш хохирч байна.

Иймд миний бие түрээсийн төлбөрийг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны цахилгаан төлбөрийн тухайд бол 198,000 төгрөгийг төлж барагдуулна... гэх

Д.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Миний бие Д.******* нь Ц.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнээс Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 3-р хэсэг 210Б тоотод байрлах хашаа байшинг худалдан авахаар сонирхож үзэж байсан. Анх Ц.*******тай уулзаад үнэ хөлсөө асуугаад хэрвээ энэ байрыг би авахаар болбол шууд бэлэн гаргаад өгөх мөнгө байхгүй тул байрыг чинь банканд барьцаалж зээл гаргуулаад төлбөрийг төлнө гэж хэлэхэд тэрээр хамаагүй, болно гэж байсан. Ингээд хэдэн өдөр хүүхдүүдтэйгээ ярилцаж зөвшилцсөний эцэст ямар ч засваргүй, олон хүн дамжуулан түрээсэлж байсан, муу байр тул банканд зураг хөргийг нь авч зээл судлуулахад бараг боломжгүй, зээл гарахааргүй юм байна гэж үзээд болихоор шийдэж, охиноороо байрны түлхүүрийг буцаад Ц.*******д өгүүлж байсан.

 

Гэтэл хэд хоногийн дараа Ц.******* охин руу маань эргэж залган ...та нар байрандаа эхлээд засвараа хийчихээ, би танай ээжид л заръя, тэгээд засвараа хийчхээд банкаа хөөцөлд. Зээлээ бүтэхээр төлбөр мөнгөө төлөөд дуусгая... гэж хэлсэн.

 

Ингээд миний бие Улаанбаатар хотод ажиллаж байсан хүүгээ ажлаас нь чөлөө авхуулан дуудаж, тэтгэврийн зээлээ авч хүүхдүүд ч мөн мөнгө нэмэрлэсээр маш их засвар хийсэн юм. Гэтэл байраа засаад банканд барьцаалж зээл авах гэтэл тухайн байр нь Ц.*******ын өмч биш болох нь тогтоогдож банк зээл судлахаас татгалзсан юм. Тухайн үед хамаг мөнгөөрөө засвар хийчихсэн тул Ц.******* РУУ УУРлаад ярихад "өө асуудалгүй эгчээ, би нотариат дээр очоод наад байрыг чинь танай охины нэр дээр шилжүүлээд өгье..." гээд хуурамчаар худалдах худалдан авах гэрээ хийж өгсөн. Ингэхдээ байрны өмчлөгч гэх н.Бадамгарав нь Монголд байхгүй тул түүний нөхөр н.Энхбат гэж хүнийг дуудан өмнөөс нь хуурамчаар гарын үсэг зуруулан, миний охин Т.Сарангэрэлд уг байрыг шилжүүлж байгаа мэтээр гэрээ хийж өгсөн. Ингээд манай гэрт нэг том ачааны машинтай ирээд үлдсэн юмнуудаа ачиж аваад явахдаа одоо асуудалгүй болсон эгчээ, та төлбөрөө хэд хуваагаад төлчих... гээд надтай хугацаа тохироод явсан. Энэ үед манай арын хашааны Хангай гэх хүн мөн өөрийнх нь авчирсан том машины жолооч 2 хамт байсан.

Гэтэл эхний мөнгөө өгөх гээд 6-р сард Ц.******* руу залгахад чамд байраа зарахгүй балай авгай минь, миний хүү сургуулиа төгсөөд наана чинь ажиллахаар очсон наад байранд чинь хүүхдээ амьдруулна, байрнаас гар гэх мэтээр дайрч давшилж эхэлсэн. Ингээд би тухайн байранд хамаг мөнгөөрөө засвар хийчхээд хөөгдөхөд хүрсэн. Би тухайн үед өөрийнх нь хэлснээр мөнгийг хувааж өгөх боломжтой байсан ба Ц.******* олон ааш гаргалгүй байрны мөнгөө авч байсан бол одоо байрны төлбөр дуусчихсан маргаангүй байх байсан. Намайг хуурч мэхлэн байрандаа засвар хийлгэчхээд одоо байрнаасаа хөөж удаа дараа шүүхэд хандаж намайг маш ихээр хохироож байна. Би тухайн байрыг надад худалдана гэсэн болохоор л хамаг хөрөнгөөрөө засвар хийсэн. Миний бие цаашид хэл ам хийн энэ байранд амьдрах хүсэлгүй байгаа тул засварын зардлаа нэхэмжилж байна.

 

Иймд Ашид билгүүн ХХК-ийн гаргасан засварын үнэлгээний дагуу Ц.*******аас 5,030,000 төгрөгийг гаргуулан надад олгон, намайг хохиролгүй болгож өгнө үү... гэх.

Ц.******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

.... Миний бие 2012 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг З хэсэг 100 тоотод байрлах Ү-1317002400 улсын бүртгэлд бүртгэлтэй 54.7 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Г-1317000726 дугаарт бүртгэлтэй 926 мкв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгч нь ******* овогтой ******* миний бие байгаа болно.

 

Миний бие Бадамгарав гэдэг хүнээс уг байшинг худалдан авч 2012 оны 03 сарын 8-ны өдөр 6.000.000 төгрөгийн, 2013 оны 06 сарын 21-ны өдөр 2.900.000 төгрөгийн , 2014 оны 06 сарын 26-ны өдөр 4.248.491 төгрөгийн цалингийн зээл тус тус авч түүнд өгч худалдан авсан байшиндаа засвар үйлчилгээ бүрэн хийж, хашаагаа бүрэн блоклож өөрийн худалдан авсан байшиндаа орсон юм. Ингээд амьдарч байгаад 2017 онд ажлын шугамаар Улаанбаатар хот шилжих болсон байраа хөлслөх талаар найз нөхдөдөө хэлэхэд Анхбаяр би хөлсөлж сууя Алтанбулагаас ажилд явахад холдоод байна гэж хэлээд амьдарч байгаад өөрийн хашаа байшинтай болоод манай байшингаас нүүж гарах үед ажил нэгт хамт нэг дор ажилладаг байсан Золбаатар намайг гуйж эхнэр бид хоёр байрыг чинь хөлсөлж сууя гэж гуйхаар нь итгээд суулгасан боловч тэр хоёр хадам ээж ******* гэдэг хүнийг уг байранд оруулсныг сүүлд мэдсэн.

 

Хариуцагч Д.******* сөрөг нэхэмжлэлдээ: миний байшинг үзээд муу байр тул банканд тавих боломжгүй ,зээл гаргахааргүй юм гэж үзээд болихоор шийдсэн гэж бичсэн байна.

 

Би урьд шүүхэд гаргасан тайлбартаа ч бичсэн байгаа.Энэ ******* гэдэг эмэгтэйтэй уулзаж байгаагүй харин түүний хүргэн Золбаатар цаашилбал түүнтэй хамт явж байсан эхнэр нартаа нь уулзаж байсан талаар бичсэн түүнээс *******тэй уулзаж байраа зарах талаар огт яриагүй хүүхдүүдийнхээ өмнөөс энэ хүн янз бүрийн зарга үүсгээд яваад байгаа юм.

 

Би түүний хүргэн Золбаатарт байр суллаж өгөөрэй гэж хэлсэн боловч Золбаатар нь хадам ээжийг оруулсан байгаа гарахгүй гээд байх юм , ямар нэгэн байдлаар гаргаж байрыг чинь өгнө гэсээр байгаа жил гаруй хугацаа өнгөрсөн тул миний бие ******* гэдэг хүнийг өөрийн өмчлөлийн байшингаас гаргуулахаар шүүхэд 2 ч удаа нэхэмжлэл гаргаж байна. Д.******* миний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад би энэ байранд амьдрах бодолгүй байна намайг хуурч мэхлэн байрандаа засвар хийлгэчхээд хөөж байна гэсэн утгатай зүйл бичсэн байна.

 

Миний төрөл садан ах дүү биш би байрандаа үнэ төлбөргүй хүн суулгах үүргийг энэ хүмүүсийн өмнө хүлээгээгүй. Хүний орон байранд суухдаа өөрсдийн ая тухыг бодож засвар хийх үүрэг нь байр хөлсөлж байгаа хүмүүст байх ёстой.

 

Тэрнээс би засвар хийгээд өг зардал мөнгийг нь өгье гэж огтоос яриагүй гэтэл намайг залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр нэр төрд минь халдаж энд тэнд яриа гарган явж байгаад нь гомдолтой байна Надаас засварын мөнгө 5.030.000 төгрөгийг нэхэмжилсэн байна Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй . Энэ хүн танил талаараа шүүхэд нөлөөлж сөрөг нэхэмжлэл гаргаагүй байж хүсэлт гарган шүүхээс шинжээч томилуулан Ашид Билгүүн ХХК-р үнэлгээ гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах талаар шүүхэд өгсөн тайлбартай миний бие бичсэн байгаа . Энэ хүн надаас засварын мөнгө нэхэмжлээд байгаа бол /засвар хий гэж хэлээгүй сайн дураараа хийсэн тул/ байрандаа суулгасан хөлслүүлсэн мөнгөө нэхэмжлэх болно. Хүний байранд өөрийн өмч хөрөнгө шиг хандаж дураараа суучхаад эцэст нь засвар хийсний хөлс гэж байгаа бол миний байранд Анхбаяр хэдэн төгрөг төлж сууж байсан тэр хэмжээгээр амьдарсан хугацааны байрны төлбөрөө Д.*******ээс нэхэмжлэх болно.

 

2020 оны 03 сарын 20-ны өдрийн 775 дугаартай шүүгчийн захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шинжээч томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

 

Учир нь : ИХШХШТ хуульд нэхэмжлэл гаргаагүй байхад урьдчилан шүүх шинжээч томилж үнэлгээ гаргуулсны дараа нэхэмжлэлээ гаргана гэсэн заалт огтоос байхгүй.ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоогүй асуудалд дээр үнэлгээ гаргуулахын тулд шинжээч томилуулах ажиллагаа хийгдсэн нь хууль зөрчсөн асуудал юм .

 

Тэгээд уг үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч , өмчлөгч нь Д.******* биш тул миний байшинд очиж үнэлгээ хийж байгаа байдал ч буруу үйлдэл болсон гэж үзэж байна. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээний байгууллагаар дүгнэлт үнэлгээ гаргуулахыг хүсэж байна. маш үндэслэл муутай гаргасан үнэлгээ тухайлбал: Камин зуух гэж ямар зуухыг хэлдэг яагаад 750.000 төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй , ямар тарифыг үндэслэсэн , хэдэн тоосго өрөөд зуухны ам хийсэн гэрийн зуух өнөөдөр 750.000 төгрөг байх уу, 7x7 хэмжээтэй байшинд 18 ширхэг обой орох уу гэм мэтийн амьдралаас тасархай үнэлгээ гаргасан байдаг.

 

Тэгээд намайг ******* залилан мэхлээ гэж Авилагтай тэмцэх газарт өргөдөл өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр гомдлыг 2020 оны 03 сарын 10-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 1141 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тухай шийдвэр гаргасныг Д.*******т мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн байдаг. Гэтэл Авилагтай тэмцэх газар шалгагдаж байгаа мэтээр нэр төр, ажил хэргийн нэр хүндэд минь халдаж, шүүхэд үнэн бодитой тайлбар гаргахгүй байгааг гайхаж байна... гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхжаргал нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч засварын мөнгө гэж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******ийн хууль бус эзэмшлээс хашаа байшин чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ц.*******аас байшинг засан сайжруулахад гарсан зардлыг авч байрыг буцааж өгнө гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг авч үзвэл:

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

Нэхэмжлэгч Ц.******* нь Д.Бадамгаравын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд, ийнхүү төлөөлөх эрхтэй болох нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч С.Тунгалагийн 46 тоот бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үндэслэлээр ... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ц.******* намайг уг хэргийн жинхэнэ нэхэмжлэгчээр сольж өгнө үү... гэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 3, 110-112 тал/

Нэхэмжлэгч Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 баг 3 дугаар хэсэгт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1317002400 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бадамгараваас худалдан авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000719956 дугаартай гэрчилгээ зэргээр нотлогдож байна. / хх-ийн 97-104 тал/

Маргаан бүхий хувийн сууцны хаяг хожим салхит 3 дугаар багийн Очирбатын 1 гудамж 100 тоот болж өөрчлөгдсөн  болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 багийн засаг даргын 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 772 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх ийн 98 хуудас ар тал/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

Иймд дээрх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит Очирбат 1 гудамж 100 тоот хаягт байршилтай,54,7м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3-р баг, 3-р хэсэгт хувийн хашаа байшин, газрын хамт худалдан амьдарч байсан. 2016 онд ажлын шугамаар шилжих болсон тул Анхбаяр түрээслэн амьдарч байгаад өөрийн хашаа байшинтай болоод манай байшингаас гарсан. Түүний дараагаар 2017 оны 08-р сард Золбаатар эхнэр бид хоёр байрыг чинь хөлсөлж сууя гэхээр нь итгээд суулгасан. Удалгүй байшингаа зарах болтол ******* гэх эмэгтэйг байшинд маань суулгачихсан тэр хүн байшинг маань суллаж өгөхгүй 2020 оны 01 сарын 17-ны өдөр арга буюу шүүхэд байрнаас гаргуулах тухай нэхэмжлэл өгсөн.Би ******* гэдэг хүнтэй байр зарах талаар огт яриагүй, байрандаа засвар хийчих гэж хэлээгүй, хүний байр сууцанд сууж байгаа хүн өөд нь татаад сууж байх үүрэгтэй шүү дээ. Тэрнээс би засвар хийгээд өг зардал мөнгийг нь өгье гэж огтоос ярилцаагүй. Тийм ч учраас ******* бид хоёрын хооронд аман болон бичгээр хэлцэл хийсэн асуудал байхгүй. Нэгэнт хүү Золбаатар, эхнэр хоёр нь хөлсөлж сууна гэж яриад байрыг минь аваад үлдсэн энэ хугацаанд *******ийг оруулж суулгасан тул нэгэнт ******* миний байранд амьдарсан тул байрны хөлс гаргуулах нь зөв гэж бодсон. Зах зээлийн систем хөгжсөн үед хэн ч байрандаа хүнийг үнэ төлбөргүй суулгахгүй мөн энэ хүнийг байрнаасаа гаргах гэж 2 жил болж байна.Тиймээс би өөрийн өмчийг энэ хүнээс авах нь хуулийн дагуу шийдэгдэнэ, харин миний байранд 2017 оны 08 сараас өнөөдрийг болтол /шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүртэл/ хугацааны төлбөр /1сарыг 150.000 төгрөг/-өөр тооцон 2 жил 1 сарын буюу 25 сарын 3,750.000 төгрөгийг, энэ хугацаанд өөрсдийн хэрэгцээгээ хангаж эрчим хүч ашигласны төлбөр 256.088 төгрөг нийт 4,006,088 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд хандсан... гэж тайлбарлаж байгаа боловч түрээсийн төлбөрийн үндэслэл болж байгаа баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн түрээсийн зүйлийн зах зээлийн үнэ, олох байсан үр шим зэрэг нь хэдэн төгрөг болох талаар шүүхэд ирүүлээгүй тул шүүх өөрийн санаачилгаар түрээсийн зүйлийн үнийг тодорхойлох боломжгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй.

Мөн Ц.******* нь нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

Иймд Ц.*******ын 3,750,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. 

2. Нэхэмжлэгч цахилгааны төлбөрт 256,088 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 58,000 төгрөгийг хасаж, 198,000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа илэрхийлсэн.

Хариуцагч Д.******* нь цахилгааны төлбөр 198,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч гэх тайлбар гаргасан тул энэхүү хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Д.******* нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... Миний бие Ц.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнээс Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 210б тоотод байрлах хашаа байшинг худалдан авахаар сонирхож ... ******* та нар байрандаа эхлээд засвараа хийчихээ би таньд л заръя, засвараа хийчхээд банкаа хөөцөлд. Зээлээ бүтэхээр төлбөр мөнгөө төлөөд дуусгая... гэж хэлсэн. Ингээд миний бие хотод ажиллаж байсан хүүгээ ажлаас нь чөлөө авахуулан дуудаж тэтгэврийн зээлээ авч хүүхдүүд мөнгө нэмэрлэж маш их засвар хийсэн. Миний бие цаашид хэл ам хийн энэ байранд амьдрах хүсэлгүй тул засварын зардал 5,030,000 төгрөгийг Ц.*******аас нэхэмжилж байна. Мөнгөө авахаас нааш уг байрыг буцааж өгөхгүй гэж тайлбарлаж байна.

М.******* нь ... засвар хийгээд өг зардал мөнгийг нь өгье гэж тохирсон зүйл байхгүй, бидний хооронд аман болон бичгээр хэлцэл хийсэн зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ... гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах хувийн сууцны барилгад зарцуулагдсан бараа материалын үнийг Ашид билгүүн ХХК-ний үнэлгээгээр тооцож 5,030,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасныг Ц.******* зөвшөөрөөгүй, зохигчийн хүсэлтээр шүүх хоёр удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, эхний шинжээч ажлын гүйцэтгэлийг 3,158,400 төгрөг, хоёр дахь шинжээч Баян модот ХХК нь 4,034,340 төгрөг гэж тогтоосон байна. /хх-ийн 126-134,154-171 тал/

Харин Д.******* нь Ашид билгүүн ХХК-ны үнэлгээг үндэслэн засварын зардлыг нэхэмжилнэ, Капитал зууч ХХК болон Баян модот ХХК-ний үнэлгээг хэтэрхий бага үнэлсэн гэх боловч багаар үнэлсэн гэх үндэслэлүүдийг шүүхэд гаргаж тайлбарлаагүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Д.******* нь шүүх хуралдаанд ... Манай бага хүү 1.700.000 төгрөгийг засвартаа нэмээрэй гэж 2 сарын цалингаа өгсөн. Сэлэнгэ аймгийн Алтан булаг суманд амьдардаг хүүхэд маань 400.000 төгрөг өгсөн. Швед улсад амьдардаг хүүхэд маань 5.000.000 төгрөг явуулж, 500.000 төгрөгийг засвартаа зарцуулсан.. гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 5.030.000 төгрөгийн үнийн дүн гарсан. Түүнээс ажлын хөлс болох 2.909.250 төгрөг, материалын зардал 1.820.000 төгрөг, нийт 5.030.000 төгрөг. Ашид билгүүн ХХК-ийн шүүхэд ирүүлсэн үнэлгээ нь бодит байдлаар гарч чадаагүй. Үнэлгээ хийх эрхтэй байгууллага биш байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 30 дугаар талд Ашид билгүүн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх гэрчилгээг сунгасан. Үүнээс хойш ямар нэг сунгалт хийсэн зүйл байхгүй. Ийм учраас Ашид билгүүн ХХК нь үнэлгээ хийх эрхтэй байгууллага биш юм. Зөвхөн даатгалын хохирлыг үнэлдэг үнэлгээний байгууллагын зөвшөөрөлтэй байгууллага юм. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй... гэж маргасан тул сүүлийн шинжээчийн дүгнэлтийг  үндэслэн засварын зардлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн засварын үнэлгээний тайланд тусгасан 4,034,340 төгрөгөөр тооцож, ажиллах хүчний зардлыг хасаж тооцон, 2,068,481 төгрөгийг Ц.*******аас гаргуулан Д.*******т олгож, 1,965,859 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээний байгууллагаас шинжээчийн зардал гэж Ашид билгүүн ХХК нь 200,000 төгрөг, Баян модот ХХК нь 465.000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус ирүүлсэн тул энэхүү баримтад үндэслэн шинжээчийн зардлыг Д.*******ээс гаргуулж Ашид билгүүн ХХК, Баян модот ХХК-нд тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.4, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит Очирбат 1 гудамж 100 тоот хаягт байршилтай, 54,7м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч  Д.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 3,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.*******аас 2,068,481 төгрөг гаргуулан Д.*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,961,519 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох цахилгааны төлбөр 198,000 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Д.*******ээс 95.430 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******ээс 465.000 төгрөг гаргуулан Баян модот ХХК-нд, 200,000 төгрөг гаргуулан Ашид билгүүн ХХК-нд тус тус олгосугай.

 

5.Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗУЛ