Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01028

 

                                                         Б.Н-ын нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00312 дугаар шийдвэртэй Б.Н-ын нэхэмжлэлтэй, С.Ж, Д.Б нарт холбогдох

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43Б байр, 211 тоот хаягт байрлах 54,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, хариуцагч Д.Б-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Б-гийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Ч.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Голомт банкнаас зээл авах хүсэлтэй байсан, С.Ж нь тухайн үед барьцаа хөрөнгөө миний нэр дээр шилжүүлвэл би өөрийн нэр дээр зээл гаргаж өгч чадна гэсний дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хийж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43Б байрны 211 тоотод байршилтай 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээл бүтсэн тохиолдолд би зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж дуусгаад орон сууцаа буцаагаад миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцож бэлэглэх хэлцэл хийсэн. Гэтэл С.Ж-д Голомт банкнаас бидний хүссэн зээлийг олгоогүй. С.Ж-гээс дээрх орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг шаардсан бөгөөд манай ажилтан Д.Б-д уг байрыг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн байсныг мэдсэн. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг талууд жинхэнэ хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй, бэлэглэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн гэдгийг мэдсээр байж миний орон сууцыг надад шилжүүлэлгүй, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Б-д шилжүүлсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан. Уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл ч өөрөө хүчин төгөлдөр бус байдаг. С.Ж-гээс орон сууцыг Д.Б нь надад мэдэгдэлгүй өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд авчихсан байсан. Би Д.Б-г гэр бүлийн компанидаа нягтлан бодогчоор ажиллуулж байсан. Манай компаний барилгын материал нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас ажилтаны хувьд Д.Б-г тус байранд амьдруулсан. Миний нэр дээр зээл гарахгүй байсан болохоор орон сууцаа бусдын нэр дээр шилжүүлж зээл авах зорилготой байсан. Би орон сууцаа барьцаалж зээл авахад бэлэн болоход орон сууцыг Д.Б өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан байсан. Арга буюу яаралтай байсан учраас зээлийн гэрээнд Д.Б-тай хамтран зээлдэгчээр орж орон сууцаа барьцаалсан. Би Д.Б-г орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсныг мэдэнгүүтээ орон сууцаа буцааж шилжүүлж авна гэдгээ хэлсэн.

Иймд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үр дагаврыг арилгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43Б байрны 211 тоотод байрлах 54,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Н-ын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Д.Б-д даалгаж, орон сууцнаас хариуцагч Д.Б-г албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н-д Голомт банкнаас бизнесийн зориулалтаар зээл авахад туслах зорилгоор түүний өмчлөлд байсан 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан боловч түүнд зээл авахад нь тусалж чадаагүй. Ингээд байж байтал Д.Б хүрч ирээд Б.Н таныг орон сууцаа миний нэр лүү шилжүүлчих гэж байна гэхээр нь Д.Б-тай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулж орон сууцыг нь шилжүүлж өгсөн. Би орон сууцыг Б.Н-д буцааж өгсөн гэж ойлгож байснаас Д.Б-д бэлэглэх хүсэл зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

      Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оноос Б.Н-тай хамтран ажилласан бөгөөд 2011 оноос “Хөнгөн бетон” ХХК-ийн захирал болох үедээ нягтлан бодогчоор ажиллахыг санал болгож, орон сууц өгөхөөр амалсан юм. Ингээд 2014 оноос эхлэн миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43Б байрны 211 тоотод байрлах 54,5 м.кв талбай бүхий орон сууцанд амьдарч байгаа бөгөөд бидний хэн аль нь энэ байрыг анх ажилд ороход амалсан байр гэж ойлгож, ямар ч маргаангүй, байрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож байсан. Харин Б.Н 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг байрыг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авснаас эхлэн банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, барьцааны зүйл болгон ашиглаж байгаа бөгөөд компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах эрх ашгийн үүднээс миний бие түүнээс орон сууцыг өөрийн нэр дээр болгохыг шаардаж маргаж байгаагүй. 2016 оны 03 дугаар сард Голомт банкнаас зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр байрыг С.Ж-д шилжүүлсэн байх бөгөөд С.Ж бид нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр уг байрыг миний нэр дээр шилжсэнийг Б.Н сайн мэдэж байгаа, өөрөө ч үүнийг зөвшөөрсөн. Учир нь: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буюу үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гэрээгээр миний бие тухайн байрны өмчлөгч болсны дараа 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Глобал девелопмент партнер ББСБ” ХХК-д 50 000 000 төгрөгийн барьцааны гэрээнд надаар гарын үсэг зуруулж зээлийн барьцаанд тавьсан. Нэхэмжлэгч Б.Н нь уг байрыг миний өмчлөлд шилжин ирснийг үгүйсгэх, мэдээгүй байх үндэслэлгүй.

Иймд Б.Н-ын нэр дээрх орон сууцыг би нэр дээрээ шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй, бидний тохиролцооны дагуу уг байрыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр би өөрийн нэр дээр өмчилж авсан. Уг бэлэглэлийн гэрээ дүр үзүүлсэн гэрээ биш. Миний бие 2016 оны 12 дугаар сараас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд энэ үед 2014 оноос эхлэн бүрэн аваагүй цалингийн үлдэгдэл 30 360 802 төгрөг, компанийн өр төлбөрт тооцож Тоёота Харриер маркийн машиныг 22 000 000 төгрөгөөр гуравдагч компанид өгсөн. Уг өр, төлбөрийг надад төлөхгүй байх арга хайж, анх ажилд оруулахдаа амалсан ёсоор бэлэглэсэн орон сууцаа буцаан авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний зүгээс орон сууцнаас гадна аваагүй цалин, дээрх машины мөнгөө компаниас нэхэмжлэх эрхтэй боловч олон жил гар нийлж хамтарч ажилласнаа бодон цалин, машины мөнгөө дээрх орон сууцанд тооцон, өр авлагыг дуусгах бодолтой байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлоогүй. Хариуцагч Д.Б-гийн хувьд уг байранд 4-5 жил хууль бусаар амьдраагүй, Б.Нтай тохиролцсоны дагуу өмчлөгч нь болсон. Иймд албадан нүүлгэх боломжгүй Б.Н одоо Д.Б-гаас ямар бичиг баримт шаардаад байгаа нь тодорхойгүй, орон сууцыг зээлийн барьцаанд байгаа учир гэрчилгээ Д.Б-д байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д зааснаар хариуцагч Д.Б-гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж, 43Б байр 211 тоотод байршилтай 54.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Н-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлээс С.Ж-д холбогдох болон өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Д.Б-д даалгах, орон сууцнаас хариуцагч Д.Б-г албадан гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 750 төгрөгнөөс 210 000 төгрөгийг Улсын төсвийн орлогод үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас  илүү төлсөн 337 750 төгрөгийг буцаан гаргуулж Б.Н-д олгож,  хариуцагч  Д.Б-гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагч С.Ж-гээс маргааны зүйл болж буй байрыг Д.Б надад шилжүүлэн өгөх зөвшөөрлийг нэхэмжлэгч Б.Н өөрөө өгсөн болох нь тус байрны өмчлөл Д.Б надад албан ёсоор шилжсэнээс хойш болсон удаа дараагийн нотлох баримттай үйл явдлуудаар тогтоогддог.  Нэхэмжлэгч тус орон сууцыг надтай харилцан тохиролцож, миний зөвшөөрлийг авсны дагуу 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдөр “Глобал девелопмент партнерс ББСБ” ХХК-д 50 000 000 төгрөг, мөн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Хайрхан капитал ББСБ” ХХК-д 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргаж буй нэхэмжлэлдээ дурдсанаар тус байр С.Ж-гээс Д.Б миний нэр дээр шилжсэнийг гэнэтхэн мэдсэн нь үнэн бол надаас зөвшөөрөл авсны дагуу хоёр ч удаа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний барьцаанд тавьж байсан үйлдэлийг юу гэж ойлгох нь тодорхойгүй. Түүнчлэн Б.Н нь тус байрны түлхүүрийг надад 2014 онд гардуулан өгч, тэр цагаас хойш миний бие тус байранд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй цаад хүсэл зорилго нь "Хөнгөн бетон" ХХК-иас надад олгох ёстой үлдэгдэл цалин 30 360 802 төгрөг, мөн өөрийн өмчлөлийн Тоуоta Нагriег маркийн авто машиныг 22 000 000 төгрөгөөр тооцож "Хөнгөн бетон" ХХК-иас авлагатай гуравдагч этгээдэд өгсөн зэрэг надад өгөх өр төлбөрөө барагдуулахгүй байх арга гэж үзэж байна. С.Ж болон Б.Н нарын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан байж болох боловч нэхэмжлэгч Б.Н-ын зөвшөөрлөөр С.Ж-гээс Д.Б надад байр шилжсэн нь хууль ёсны дагуу болсон гэж үзэж байна. Учир нь: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцэлийн шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үздэг.

Мөн шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тус хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримталж С.Ж, Д.Б нарын хороонд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Д.Б миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон. Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.7-д “Иргэний хуулийн 56.1.10-ийг тайлбарлахдаа ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцэлийг хамааруулан ойлгоно” гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн зохицуулалт нь дагалдах шинжтэй буюу барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэгт хамаарах заалт байх бөгөөд тусдаа бие даасан гэрээнд энэхүү заалт нь хэрэглэгдэх ёсгүй. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг хэрэглэж, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч С.Ж, Д.Б нарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 2 гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, тэдгээрийн үр дагаврыг арилгуулах, орон сууцыг өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Д.Б-д даалгах, түүнийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Ж зөвшөөрч, хариуцагч Д.Б эс зөвшөөрч “Хөнгөн бетон” ХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхад уг орон сууцыг өгнө гэж амалсан, 2014 оноос уг орон сууцанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

      Нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах,Үйлдвэр гудамж, 43б байр, 211 тоот, 54,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч С.Ж-д, хариуцагч С.Ж-гээс хариуцагч Д.Б-д 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр уг орон сууцыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

      Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.Ж нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж хэн аль нь тайлбарлаж, маргаагүй, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

      Маргаж буй орон сууц нь С.Ж-гийн өмчлөлийн хөрөнгө биш учраас С.Ж, Д.Б нар уг орон сууцыг бэлэглэлийн гэрээ байгуулж хэн алиндаа шилжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл, С.Ж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх бөгөөд үүнийг Д.Б мэдээгүй буюу мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаардаг. Ийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг шаардлага гэж тодорхойлсон нь буруу бөгөөд харин уг хэлцлийн үр дагаврыг арилгуулах нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж нэхэмжлэгч Б.Н-ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

   Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч С.Ж-д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах шаардлага гаргаагүй буюу үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Б-гаас нэхэмжлэгч Б.Н-д шууд шилжүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байгаа учраас С.Ж-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

      Маргаж буй орон сууцыг хариуцагч Д.Б эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй. Тэрээр уг орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр биш өөр хэлцлийн үндсэн дээр буюу хөдөлмөрлөх эрхийн хүрээнд эзэмшиж байсан учраас хариуцагч Д.Б-гийн орон сууцны эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тийм учраас хариуцагч Д.Б-г Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар албадан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой.

  Давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээх үүрэг бөгөөд ойлгомжгүй тодорхойлсныг шүүх залруулах боломжтой тул энэ талаар гаргасан хариуцагч Д.Бгийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

         Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч  Д.Б-д уг орон сууцыг өмчлүүлж байсан болон түүний зөвшөөрлийн үндсэн дээр С.Ж-гээс Д.Б-д уг орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэх тайлбараа хариуцагч Д.Б баримтаар нотлоогүй, энэ үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй учраас түүний давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

       Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2018/00312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “56.1.2, 56.1.10” гэснийг хасч, “56.5” гэсний дараа ”106 дугаар зүйлийн 106.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                         ШҮҮГЧИД                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА