Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/00889

 

2021 оны 04 сарын 06 өдөр             Дугаар 183/ШШ2021/00889              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .............. байранд байрлах Г ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байрлах Б ХХК /РД:00000/ -д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт оршин суух Г овогт Ж.Э /РД:00000000/,

Зээлийн гэрээний үүрэгт 139.702.059,57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2205122227 тоот Шуурхай зээлийн гэрээг Г-тай байгуулж 90,000,000 төгрөгийн зээлийг жилийн 35.4% хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:ЗБ2205122227 тоот ипотекийн гэрээгээр Ү-0000000000 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ...................тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149.35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч Б ХХК нь ЗГ2205122227 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2020 оны 7 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 81,256,719.86 төгрөг, зээлийн хүү 48,704,449.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,740,889.95 төгрөг, нийт 139,702,059.57 төгрөгийг төлөлгүй нийт 951 хоног хугацаа хэтэрч банкны эрх ашгийг хохироож байна. Иймд Г нь Б ХХК, Т.Б, нараас ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний үүрэгт 139,702,059.57 төгрөгийн өр төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Б ХХК, Т.Б нараас Г-тай байгуулсан ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний 139,702,059.57 төгрөгийг гаргуулж Г-анд олгож өгнө үү. ЗГ2205122227 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ2205122227 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү. Мөн бичгээр гаргасан нэхэмжлэлийн гуравдах шаардлага болох барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд Б ХХК, Т.Б нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэх шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Шуурхай зээлийн гэрээ-ний дагуу 90,000,000 төгрөгийн зээлийг авч, өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 8.743.280 төгрөгийг, хүүд 36.541,743 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 4.759.546 төгрөгийг, нийт 50.044.562 төгрөгийг төлөөд байна. Анх зээлийг дулааны шугамын ажил гүйцэтгэхэд яаралтай мөнгө хэрэг болж авсан. Гэвч тухайн зээл авах үед буюу 2017 оны 09, 10 дугаар сард банкны төгрөгөөр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 19.9 хувь, мөн оны 11 дүгээр сард 19.6 хувь, 12 дугаар сард 18.8 хувь, 2018 оны 01 дүгээр сард 19.4 хувь, мөн оны 01, 02 дугаар сард 19.1 хувь байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдах үед, зээл олгосон хугацаан дахь банкны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 20 хүрэхгүй хувьтай байсан байна. Гэвч хариуцагчийн зээлийн гэрээнд банк талаас банкны зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээнээс даруй 15 гаруй хувиар нэмж тогтоосон байна. Энэ нь Зээлдэгчийн тухайн үеийн санхүүгийн гарцаагүй байдлыг ашиглан нэхэмжлэгч тал өөртөө илтэд давуу байдлаар өндөр хүү тогтоон гэрээ байгуулсныг харуулж байна. Тодруулбал үүнийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд илтэд харшилсан гэж үзэж болохоор байна.Иймд зээлийн гэрээ байгуулах үеийн банкны жигнэсэн дундаж хүү хэд байсан талаарх баримтуудыг Монгол банкнаас нотлох баримтаар гаргуулахад 18,8-19,9 хувь буюу дунджаар 20 хувь байхад даруй 15 хувиар жилийн хүү нь өндөр байна. Харин үндсэн зээлийн үлдэгдэл болох 81.256.719 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Банкнаас тогтоосон хүүгийн тухайд, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу, банкнаас хариуцагч талд илт хохиролтойгоор өндрөөр тогтоосон хүүгийн хэмжээг багасгаж тогтоож өгнө үү. Ийнхүү шүүхээс хүүгийн хэмжээг багасган тогтоосон тохиолдолд тийнхүү тогтоосон хэмжээгээр хүү болон түүнд ногдох 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрч байна. Хариуцагч Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь иргэн Ж.Э өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 15 өдөр Г-тай Ипотекийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү ипотекийн гэрээнд Б ХХК оролцоогүй. Учир нь барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК аливаа байдлаар өмчилдөггүй, тэрхүү хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байна. Тиймээс тус хэрэгт хариуцагчаар оролцоод байгаа Б ХХК-ийн зүгээс бусдын өмчлөлийн эд зүйлд холбогдох шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн тус хэргийг хянан шийдвэрлэхэд Ж.Э хариуцагчаар татагдаагүй тул хамааралгүй байна. Хариуцагч компанийн зүгээс зээлийн гэрээний дагуу хүлээсэн үндсэн үүргээ хугацаа хожимдуулсан боловч төлөхөө зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б буюу Б ХХК-ийн захирал намайг хуурч мэхлээд энэ гэрээг хийлгүүлсэн. Танилын харилцаатай бөгөөд тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэж хэлсэн ба туслах юм бол эргүүлээд шагнана гэж байсан. 34 жил өнгөрсөн байна. Зээлсэн мөнгөнөөс нь би огт хэрэглээгүй, байранд маань ээж аав маань амьдардаг тул алдахгүйн эрхэнд банканд мөнгө өөрөө төлж байсан. Одоо түүнийг цагдаад өгнө гэж бодож байгаа гэв.

 

Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2205122227 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г ХХК нь шуурхай нөхцөлөөр 90.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,95 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэхээр зээлдэгч Б ХХК-тай харилцан тохиролцсон байна.

Мөн өдөр Г ХХК нь Ж.Э-тэй Ипотекийн ЗБ2205122227 тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, ........... тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх ЗГ2205122227 тоот зээлийн гэрээний барьцаанд бариулсан болох нь талуудын болон гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Эдгээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 81.256.719,86 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн үлдэгдэл буюу 2020-07-30-ны өдрийг хүртэлх байдлаар 48.704.449,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.740.889,95 төгрөг, нийг 139.702.059,57 төгрөг гаргуулахүүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үлдэх барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд Б ХХК, Т.Б нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдуулах шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн үлдэгдэл 81.256.719,86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хэтэрсэн хугацааны хүүгийн үлдэгдлийг хүү хэт өндөр шалтгаанаар төлөхөөс татгалздаг.

Зээлдүүлэгч нь 90.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, энэхүү зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нь буцаан үндсэн зээлд 8.743.280,14 төгрөг, хүүд 36.541.743,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.759.546,98 төгрөг тус тус төлсөн байгаа нь хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан хариуцагчийн 0000000000 дугаарын дансны хуулга, 16 дугаар талд авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тус тус нотлогддог ба талууд энэ тал дээр маргадаггүй.

Тодруулбал хариуцагчийн Г-ны 0000000000 дугаарын дансанд Г-наас 2017-09-21-ний өдөр 90.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх..., Банк болон эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчаас 2018-01-26-ны өдөр 8.739.280 төгрөг, 2019-10-14-ний өдөр 4000 төгрөг, нийт 8.743.280,14 төгрөгийг үндсэн зээлд, 2017-10-15-ны өдрөөс 2018-12-24-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрт 85.246.184,65 төгрөг төлөхөөс 36.541.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14.500.436 төгрөг төлөхөөс 2018-12-24-ний өдөр 4.759.546,98 төгрөгийг тус тус төлсөн байх ба гэрээний үндсэн хугацаа 2018-03-15-ны өдөр дуусгавар болоход хүүгийн төлбөрт 13.267.726,03 төгрөг төлөгдөх байдлаар гэрээний хавсралтаар тохирсон байна.

 

Нэгэнт гэрээний хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, гэрээний 2.5-д зааснаар үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тус тус нэхэмжилж байгаа нь тооцооллын хувьд зөв юм.

Гагцхүү хариуцагч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу хариуцагч талд илт хохиролтойгоор өндрөөр хүү тогтоосон тул түүнийг багасгуулах байр сууринаас зээлийн гэрээ байгуулах үеийн Монгол банкны жигнэсэн дундаж хүү жилийн 18,8-19,9 хувь буюу дунджаар 20 хувь байсан баримтыг үндэслэн мэтгэлцдэг.

Гэвч Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж заасан байх ба үүний дагуу талууд анх гэрээ байгуулахдаа жилийн хүүг 35,4 хувь буюу сарын 2,95 хувь байхаар тохирсныг буруутгах боломжгүй.

Гэрээний хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлсэн бол 6 сарын хугацаанд 13.267.726 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байсан ба 951 хоногоор хугацаа хэтрүүлснээс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн хэрэгт үзлэгээр бэхжүүлсэн Монгол банкны албан ёсны цахим хуудаст тавигдсан мөнгөний тойм нь тухайн тайлант саруудад арилжааны банкнуудаас шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг өмнөх саруудтай харьцуулсан тоон мэдээлэл бөгөөд үүнийг үндэслэн талуудын гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээг бууруулах боломжгүй байна.

 

Иймд шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 81.256.719,86 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн үлдэгдэл 48.704.449,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9.740.889,95 төгрөг, нийт 139.702.059,57 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан Ипотекийн ЗБ2205122227 тоот гэрээгээр Ж.Э-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ...................тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149.35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 139.702.059,57 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 -т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж зааснаас гадна талуудын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2205122227 тоот шуурхай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.3-т Хэрэв зээлдэгчийн дансны үлдэгдэл энэхүү гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хүрэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний хавсралт болгон байгуулсан ЗБ22205122227 тоот Ипотекийн гэрээ болон талуудын хооронд байгуулагдах барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг банк хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй болно гэсэн байх тул хариуцагчийн ....Б ХХК-ийн зүгээс Г-тай барьцааны гэрээ байгуулаагүй тул бусдын өмчлөлийн эд зүйлд холбогдох шаардлагыг зөвшөөрөх боломжгүй ... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас 139.702.059,57 /нэг зуун гучин есөн сая долоон зуун хоёр мянга тавин есөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгосугай.

 

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  зааснаар Ж.Э-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ......... тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149.35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 139,702,059,57 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926.660 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 926.660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  О.ЧУЛУУНЧИМЭГ