Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01017

 

 

 

 

 

 

 

 

 

Г БХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г БХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 139 702 059.57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, харицуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2205122227 тоот Шуурхай зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 90 000 000 төгрөгийн зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:ЗБ2205122227 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204039564 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э-ийн  өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж 103 дугаар байрны 102 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149.35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч БСД Од ХХК нь ЗГ2205122227 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2020 оны 7 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 81 256 719.86 зээлийн хүү 48 70 449.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 740 889.95 төгрөг, нийт 139 702 059.57 төгрөгийг төлөлгүй нийт 951 хоног хугацаа хэтэрч банкны эрх ашгийг хохироож байна. Иймд Г БХХК нь Б ХХК, Т.Б, нараас ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний үүрэгт 139 702 059.57 төгрөгийн өр төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Б ХХК, Т.Б нараас Голомт банктай байгуулсан ЗГ2205122227 тоот Зээлийн гэрээний 139 702 059.57 төгрөгийг гаргуулж, Г БХХК-д олгож өгнө үү. ЗГ2205122227 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ2205122227 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Шуурхай зээлийн гэрээ-ний дагуу 90 000 000 төгрөгийн зээл авч, өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 8 743 280 төгрөгийг, хүүд 36 541 743 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 4 759 546 төгрөгийг, нийт 50 044 562 төгрөгийг төлөөд байна. Анх зээлийг дулааны шугамын ажил гүйцэтгэхэд яаралтай мөнгө хэрэг болж авсан. Гэвч тухайн зээл авах үед буюу 2017 оны 09, 10 дугаар сард банкны төгрөгөөр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 19.9 хувь, мөн оны 11 дүгээр сард 19.6 хувь, 12 дугаар сард 18.8 хувь, 2018 оны 01 дүгээр сард 19.4 хувь, мөн оны 01, 02 дугаар сард 19.1 хувь байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдах үед, зээл олгосон хугацаан дахь банкны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 20 хүрэхгүй хувьтай байсан байна. Гэвч хариуцагчийн зээлийн гэрээнд банк талаас банкны зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээнээс даруй 15 гаруй хувиар нэмж тогтоосон байна. Энэ нь Зээлдэгчийн тухайн үеийн санхүүгийн гарцаагүй байдлыг ашиглан нэхэмжлэгч тал өөртөө илтэд давуу байдлаар өндөр хүү тогтоон гэрээ байгуулсныг харуулж байна. Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд илтэд харшилсан гэж үзэж болохоор байна.Иймд зээлийн гэрээ байгуулах үеийн банкны жигнэсэн дундаж хүү хэд байсан талаарх баримтуудыг Монголбанкнаас нотлох баримтаар гаргуулахад 18,8-19,9 хувь буюу дунджаар 20 хувь байхад даруй 15 хувиар жилийн хүү нь өндөр байна. Харин үндсэн зээлийн үлдэгдэл болох 81 256 719 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Банкнаас тогтоосон хүүгийн тухайд, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу, банкнаас хариуцагч талд илт хохиролтойгоор өндрөөр тогтоосон хүүгийн хэмжээг багасгаж тогтоож өгнө үү.Ийнхүү шүүхээс хүүгийн хэмжээг багасган тогтоосон тохиолдолд тийнхүү тогтоосон хэмжээгээр хүү болон түүнд ногдох 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд зөвшөөрөх боломжгүй. Учир нь иргэн Ж.Эөөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банктай Ипотекийн гэрээ байгуулсан. Энэхүү ипотекийн гэрээнд Б ХХК оролцоогүй. Учир нь барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК аливаа байдлаар өмчилдөггүй, тэрхүү хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байна. Тиймээс тус хэрэгт хариуцагчаар оролцоод байгаа Б ХХК-ийн зүгээс бусдын өмчлөлийн эд зүйлд холбогдох шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн тус хэргийг хянан шийдвэрлэхэд Ж.Эхариуцагчаар татагдаагүй тул хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б ХХК-ийн захирал намайг хуурч мэхэлж, энэ гэрээг байгуулсан. Миний бие хариуцагчийн төлөөлөгчтэй танилын харилцаатай бөгөөд тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэж хэлсэн ба туслах юм бол эргүүлээд шагнана гэж байсан. Үүнээс хойш 3, 4 жил өнгөрсөн. Зээлсэн мөнгөнөөс нь би огт хэрэглээгүй, уг байранд маань ээж аав маань амьдардаг тул алдахгүйн эрхэнд банканд мөнгө өөрөө төлж байсан. Одоо түүнийг цагдаад өгнө гэж бодож байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас 139 702 059.57 төгрөгийг гаргуулж, Г БХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-ийн  өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж, 103 дугаар байрны 102 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149.35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 139 702 059,57 төгрөг гаргуулж, Г БХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926 660 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 926 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г БХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Шуурхай зээлийн гэрээ-ний дагуу 90 000 000 төгрөгийн зээлийг авснаа зөвшөөрч байгаа. Харин тус Зээлийн гэрээний дагуу тогтоосон хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасны дагуу зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, зээлийн хүүг багасгаж тогтоохыг хүссэн. Учир нь тухайн зээл авах үед буюу 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд банкны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 20 хүрэхгүй хувьтай байсан байна. Гэвч банк талаас банкны зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээг даруй 75 хувиар нэмж тогтоосон байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд илтэд харшилсан гэж үзэж болохоор байна. Гэтэл шүүхээс энэхүү баримтыг дүгнэхдээ Монголбанкнаас гаргасан мөнгөний тойм нь тухайн тайлант саруудад арилжааны банкнуудаас шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг өмнөх саруудтай харьцуулсан тоон мэдээлэл мэдээлэл бөгөөд үүнийг үндэслэн талуудын гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээг бууруулах боломжгүй байна гэсэн. Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримталсан бөгөөд гэрээнд зээлийн хүүг жилийн 35.4 хувь байхаар тогтоосныг буруутгах боломжгүй гэсэн. Гэвч Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт тус тус зааснаар, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмжид тайлбарласнаар үзвэл хугацаа хэтэрсэн зээлийн хуүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, 90 000 000 төгрөгийн зээлд 6 сарын 13 267 726 төгрөгийн хүү төлөхөөр анх гэрээнд тохиролцсон. Хариуцагч нь зээлийг хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний дагуу зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү бодогдох боловч энэ нь анх тохиролцсон хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй. Гэтэл хариуцагчийн зүгээс банканд өнөөдрийн байдлаар нийт 50 044 562 төгрөгийг төлөөд байгаа атал үүнээс 36 541 734 төгрөгийг зөвхөн зээлийн хүүд тооцон суутгасан. Банк зээлдэгчийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар гооцож авсан нь хууль зөрчсөн байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй. Ийнхүү хариуцагчийн төлсөн төлбөр үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаагүй тул зээлийн хүү үргэлжлэн тооцогдсоны улмаас зөвхөн энэ хугацаанаас хойш 47 995 137 төгрөгийн хүү нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хэрэв банкнаас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан журмын дагуу зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл. түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэж. хариуцагчийн төлбөрийг үндсэн зээлд тооцсон бол ийм хэмжээний хүүгийн төлбөр үүсэхээргүй байсан. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл болох 81 256 719 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүхээс зээлийн хүүг тухайн үед мөрдөгдөж байсан дундаж хүү болох 20 хувиар тогтоосон тохиолдолд тухайн хэмжээгээр хүү болон түүнд ногдох 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрч байна. Шүүхээс уг хэрэгт хариуцагчаар татагдаагүй этгээдийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон Ж.Энарын хооронд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор "Ипотекийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан байдаг боловч уг гэрээнд хариуцагч Б ХХК оролцоогүй. Мөн уг гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК аливаа байдлаар өмчилдөггүй, тэрхүү хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Ж.Эдавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бат-Эрдэнийн гуйлтаар банктай Ипотекийн гэрээ нэртэй гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие шууд шууд хариуцагчаар татагдаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ёсгүй байсан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5 дэх хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан. Анхан шатны шүүхээс шууд надаас үл хамаарч, миний өмчлөлийн зүйлийг хэрхэн худалдаж, бусдын үүргийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г БХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 139 702 059.57 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд Б ХХК, Т.Б нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд Б ХХК, Т.Б нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нийцжээ.

            Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2205122227 тоот шуурхай зээлийн гэрээ байгуулагдаж, 90 000 000 төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 8,9 дүгээр тал/ Нэхэмжлэгчээс хариуцагчид 90 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн 2205122227 дугаар Ипотекийн гэрээний дагуу Ж.Э-ийн  өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204039564 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, Денверийн гудамж 103 дугаар байрны 102 тоот хаягт байршилтай, 149.35 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ зээлийн хүү хэт өндөр байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд илтэд харшилсан гэх агуулгаар тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зориулалт нь шуурхай зээл байх бөгөөд гэрээгээр жилийн хүүг 35.4 хувиар тооцсон нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасанд нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хариуцагчаас зээлийн гэрээний хугацаанд төлсөн нийт 19 270 650 төгрөгийг, үндсэн зээл 8 739 280 төгрөг, зээлийн хүү 10 531 369.9 төгрөгт суутган тооцсон нь үндэслэлтэй. Учир нь талууд гэрээндээ зээлийн хүү төлөх хугацааг зээлийн эргэн төлөлтийн графикаар тохирсон байна. Иймд хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 81 260 720 төгрөг, зээлийн хүү 2 736 357 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлөлтийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагчаас төлсөн 30 589 912 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 50 670 808 төгрөг, зээлийн хүү 52 621 979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 524 394 төгрөг, нийт 113 817 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 884 883.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасан маргааны зүйлд хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Тодруулбал, уг зохицуулалт нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн байгуулсан зээлийн харилцаанд хамааралгүй ба мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээнд шүүхээс зээлийн хүүг багасгаж болох агуулга бүхий нарийвчилсан зохицуулалт юм. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заасан тул өөр төрлийн гэрээний нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхгүй.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, Ж.Э-ийн  өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж 103 дугаар байрны 102 тоот хаягт байршилтай 149.35 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

            Гуравдагч этгээд Ж.Энь хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийг огт хэрэглээгүй гэх агуулгаар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан тул гомдлыг хангах үндэслэлгүй. Барьцааны зүйлийн өмчлөгч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан байхыг хууль болон гэрээгээр зохицуулаагүй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд Ж.Э-ийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 139 702 059.57 төгрөгийг гаргуулж, Г БХХК-д олгосугай. гэснийг 113 817 176 төгрөгийг гаргуулж, Г БХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 884 883.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дах заалтын 926 660 төгрөгийг гаргуулж гэснийг 727 036 төгрөгийг гаргуулж гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 323 049 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээд Ж.Э-ийн  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД       Н.БАТЗОРИГ

 

                                     С.ЭНХТӨР