| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2021/00019/И |
| Дугаар | 001/ХТ2023/00040 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2023/00040
“БП” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02705 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00078 дугаар магадлалтай,
“БП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“КБ” ХХК дах БЭХАид холбогдох
“БП” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг КБны эрх хүлээн авагчид даалгах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,. Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “БП” ХХК нь хариуцагч “КБ” ХХК дах БЭХАид холбогдуулан “БП” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг КБны эрх хүлээн авагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02705 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч БП ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр авагчийн дараалалд оруулахыг хариуцагч КБ ХХК дахь БЭХАид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч БП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч КБ ХХК дахь БЭХАаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БП ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА20238/00078 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч БП ХХК-ийн хариуцагч КБ ХХК дахь БЭХАид холбогдуулан гаргасан БП ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг КБны эрх хүлээн авагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 210/МА2023/00078 дугаар магадлалд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
1. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн тухайд: “БП” ХХК-ийн зүгээс 2019.06.17-ны өдөр 04/85 дугаар албан бичгээр “Үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэлийг” хариуцагч “КБ” ХХК дахь БЭХАид гаргасан ба БЭХАийн зүгээс 2019.11.21-ний өдрийн 2278 дугаар албан бичгээр “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс КБ дахь БЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.4, 71.3 дахь хэсгийг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн аваагүй тул тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2 дахь хэсэгт зааснаар “БП” ХХК- ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг “КБ” ХХК дахь БЭХАид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Төлбөр авагчийн дараалалд оруулах асуудал нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу талуудын байгуулсан гэрээний дагуу үүссэн төлбөр тооцоог барагдуулах зорилго бүхий ажиллагаа байдаг. БП ХХК болон КБ ХХК нь хувийн эрх зүйн этгээд болохыг хувьд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”- ийг байгуулжээ. Талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх” болон бусад төрлийн гэрээ дээрх үндэслэлийн дагуу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хувьд Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй бөгөөд хариуцагч этгээд буюу банкинд эрх хүлээн авагч томилсон нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа дараалал тогтоох тухай тусгай журам үйлчлэхээс бус тухайн маргааныг шийдвэрлэх хэргийг харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй.
Нөгөөтээгүүр захиргааны эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлээс ялгаатай буюу “Захиргааны байгууллагаас гаргасан акт, хэм хэмжээний акт, захиргааны гэрээ”-ний үндсэн дээр үүсдэг харилцаа юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгчийн Барилга угсралтын ажлын гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгүүдийн засвар үйлчилгээ, ашиглалтын зардалтай” холбоотой хариуцагчийн эд хөрөнгөд хийсэн ажлуудын төлбөр тооцоог нэхэмжлэхтэй холбоотой үүссэн харилцааг буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн магадлалд дурдсан шиг аливаа байдлаар Захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны акт болон Захиргааны гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
2. Хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлийн хувьд: Давж заалдах шатны шүүхээс “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхдээ Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг болон 75.3 дахь хэсэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх ёстой гэх дүгнэлтийг гаргажээ. Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт 2021.01.29-ний өдрийн хуулиар “МБны" гэснийг "МБ, эрх бүхий бусад этгээдийн" гэж, "гомдол" гэснийг "нэхэмжлэл" гэж өөрчлөлт орсон байна. Дээрх хуулийг 2021.02.25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд түүнээс өмнөх хуулийн зохицуулалтаар “Эрх бүхий этгээд” гэдэг ойлголт Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт байгаагүй байна.
Тодруулбал Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2021.02.25-ны өдрөөс хойших Банкинд албадлагын арга хэмжээ авсан “Эрх бүхий этгээдийн” шийдвэр нь захиргааны актад хамаарахаар байна. Харин уг хуулийн хэрэгжилтээс өмнөх харилцаа буюу 2019.04.08-ны өдөр томилогдсон БЭХАийн 2019.11.21-ний өдрийн 2278 дугаар “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан” тухай албан бичгийг захиргааны акт гэж үзэх боломжгүй бөгөөд уг этгээд нь банкны тухай хуулийн 75 дугаар зүйлд хамаардаггүй байсан байна. Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хугацааг харгалзан дүгнэвэл давж заалдах шүүхийн зүгээс "Банкны тухай хуулиар эрх, үүрэг нь тодорхойлогддог бие даасан субьект буюу “Эрх хүлээн авагчийг" банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан “Монгол банк”-наас ялгаатай байдлаар тодорхойлоогүй буюу нэг этгээд” хэмээн тодорхойлсон гэж ойлгогдож байна. Гэвч дээрх байдлаар тодорхойлох боломжгүй болно.
Нэхэмжлэгчийн зүгээс 2020.12.16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг (анх 2020.10.30-нд нэхэмжлэл гаргаж байсан.) шүүх хүлээн авч 2020.12.24-ний өдөр иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 хэсэгт өөрчлөлт орохоос өмнө иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үеийн хуулийн гагцхүү “банкинд албадлагын арга хэмжээ авсан Монгол банкны шийдвэрт захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах" тухай хуулийн зохицуулалт үйлчилж байсан болно.
3. “КБ” ХХК дахь БЭХАийн 2019.11.21-ний өдрийн 2278 дугаар албан бичгийг “албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрт”хамааруулсан үндэслэлийн хувьд: Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай МБ, эрх бүхий бусад этгээдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 75.3 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай журмаар хянан шийдвэрлүүлэхийн тулд талуудын маргаан бүхий зүйл нь “Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай МБ, эрх бүхий этгээдийн шийдвэр” байхаар тодорхой заасан байна. Банкны тухай хуулийн 47 дугаар зүйл болон 48 дугаар зүйлд заасан Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай хуулийн зохицуулалтаас үзвэл “КБ” ХХК дахь БЭХАийн 2019.11.21-ний өдрийн 2278 дугаар албан бичгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” тухай шийдвэр нь Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрт хамааралгүй байхаар байна.
Өөрөөр хэлбэл дээрх “КБ” ХХК дахь БЭХАийн 2019.11.21-ний өдрийн 2278 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” шийдвэр нь БЭХАийн хуулиар олгогдсон “өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах” үүрэгтэй холбоотой асуудал юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “КБ” ХХК дахь БЭХАийн 2019.11.21-ний өдрийн 2278 дугаар албан бичгийг “Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай” шийдвэр хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 210/МА2023/00078 дугаар магадлалаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн болно.
Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.02.28-ны өдрийн 001ШХТ2023/000187 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч БП ХХК-ийн өмгөөлөгч Л.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
7. Нэхэмжлэгч “БП” ХХК нь хариуцагч “КБ” ХХК дахь БЭХАид холбогдуулан “БП” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “КБ ХХК дахь БЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.4, 71.3-т заасныг зөрчиж, “БП” ХХК-ийн гүйцэтгэсэн 8 барилгын ажилд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу “БП” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг КБ ХХК дахь БЭХАид даалгуулна” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...шаардлагад хамаарах нэр бүхий ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч тухайн ажил, үйлчилгээг ямар гэрээнд үндэслэж гүйцэтгэсэн, мөн КБ ХХК тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө ямар үүрэг хүлээсэн, эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй ... нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт 10 баримтыг нэхэмжлэлд хавсаргасан ба үүнд 2 төрлийн хамтран ажиллах гэрээ багтсан. ... хамтран ажиллах гэрээ болон нэхэмжлэлийн шаардлага хоорондоо уялдаа холбоогүй” гэж маргасан байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “КБ ХХК-ийн өмчлөх бус хөрөнгийн дансанд нэхэмжлэгч “БП” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажлуудын хөрөнгө бүртгэлтэй байна. ... Талуудын хооронд хийсэн гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдож байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг банкны үйл ажиллагаанд хамаарахгүй, Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж хүлээн авахаас татгалзсан боловч аль гэрээ, хэлцэл нь дээрх үндэслэлд хамаарсан гэж үзсэн нь тодорхойгүй, үндэслэлээ баримтаар нотлоогүй. ... нэхэмжлэлийг үндэслэлгүй хүлээн авахаас татгалзсан байдал тогтоогдож байна.” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх МБны зүгээс томилогдсон БЭХАийн явуулж байгаа шийдвэр үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дах хэсэгт заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д шүүх энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. ...” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оийн хэргийн харьяаллын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй талаарх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг тодруулалгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
12. Нэхэмжлэгч БП ХХК хариуцагч КБны эрх хүлээн авагчид холбогдуулан 12,700,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа төлбөр авагчийн дараалалд оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч шаардлагаа төлбөрийн дараалалд оруулахыг даалгах гэх агуулгаар илэрхийлсэн байх ба энэ нь БЭХАаас зарласан хугацаанд нэхэмжлэлээ гаргаж чадаагүй үүрэг гүйцэтгүүлэгчийн “нэхэмжлэлээ хүлээн авхуулах” тухай шаардлага бус, “тодорхой тоо хэмжээ бүхий мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрх”-тэй эсэх тухай материаллаг эрх зүйн маргаан гэж үзэхээр байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримт, түүнд үндэслэн тогтоогдож буй үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд БЭХАид гаргасан, уг үйл баримтын талаар БЭХА маргаагүй, БЭХА шаардлагыг “... нэхэмжлэгч ийм хэмжээний мөнгөн төлбөрийг шаардах эрхээ нотлоогүй, шаардах эрхийн үндэслэл болж буй хэлцэл ба шаардлага өөр хоорондоо уялдаа холбоогүй” гэх агуулгаар шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Өөрөөр хэлбэл, банкны эрх хүлээн авах, эсхүл аж ахуйн нэгжийн төлбөрийн чадваргүйдлийн харилцаанд түгээмэл тохиолддог нэхэмжлэлээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас заасан хугацаандаа гаргаж чадаагүй үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хэлбэрийн хувьд хүлээн авахыг эрх хүлээн авагчид даалгуулах тухай шаардлага бус тодорхой мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай иргэний эрх зүйн материаллаг шаардах эрх бий эсэх талаарх маргаан байна.
13. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д БЭХА нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж олон нийтэд мэдээлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх 60 хоногийн хугацаанд банкнаас шаардах эрх бүхий гэж өөрийгөө тодорхойлсон аливаа этгээд нэхэмжлэлээ гарган эрх хүлээн авагчид хүргүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч 2019.04.29-2019.06.20-ны өдөр хүртэлх 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргахаар заасан талаар адил агуулга бүхий тайлбар гаргасан. Улмаар Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т энэ хуулийн 71.1-д заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор БЭХА хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байхаар заасны дотор нэхэмжлэлийг материаллаг эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэн татгалзах эрхтэй байх, ийнхүү татгалзахдаа энэ тохиолдолд мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1 дэх заалтыг баримтлахаар заажээ.
14. Төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн харилцаанд дараах хоёр төрлийн маргаан түгээмэл тохиолдох бөгөөд эдгээрийг өөр хооронд нь оновчтой ялгах нь зүйтэй. Үүнд: нэгдүгээрт, тогтоосон хугацаанд, хуульд заасан этгээдэд нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд хүргүүлж чадаагүй явдалд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх тухай маргаан, хоёрдугаарт, нэхэмжлэлээ хугацаандаа гаргасан боловч уг шаардлагыг эрх бүхий этгээд бүхэлд нь буюу хэсэгчлэн зөвшөөрөх эсэх тухай маргаан байна.
Нэхэмжлэгч “БП” ХХК нь хуульд заасан 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ бичгийн хэлбэрээр гаргасан талаар хэргийн зохигч тайлбарлаж байхын зэрэгцээ хариуцагч БЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан 90 хоногийн хугацаанд уг асуудлаар хариугаа өгсөн нөхцөл байдлыг анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь зүйтэй байна. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэргийг хянахдаа нэхэмжлэгч ба эрх хүлээн авах ажиллагаа хийгдэж буй хуулийн этгээдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлохоос гадна тэдгээрийн хамаарал бүхий байдал, холбогдох этгээдийн харилцааг анхааран зохих хууль тогтоомжийг зөв хэрэглэн маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
15. Давж заалдах шатны шүүх арилжааны банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, албадлагын арга хэмжээ авах эсэх тухай захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээ, албадлагын арга хэмжээний нэг төрөл болох эрх хүлээн авах ажиллагаа эхэлсний дараа эрх хүлээн авагчийн авч хэрэгжүүлэх төлбөрийн чадваргүйдлийн буюу банкийг татан буулгах цогц ажиллагааг ялгаж салгах шаардлагатай.
Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай МБ, эрх бүхий бусад этгээдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх заалт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн гаргасан хувийн эрх зүйн шаардах эрхийн талаар БЭХА шийдвэр гаргах харилцаанд хамаарахгүй. Харин банкинд албадлагын арга хэмжээ авах шийдвэр нь үндэстэй эсэх тухай маргаанд үйлчлэх бөгөөд банкинд албадлагын арга хэмжээ авах нь гагцхүү эрх хүлээн авах ажиллагааг эхлүүлэх ойлголтоор хязгаарлагдахгүй, хэд хэдэн төрлийн арга хэмжээг багтаасан өргөн хүрээтэй ойлголт гэж үзнэ.
Иймд 12,700,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхийг төлбөрийн дараалалд оруулах үндэслэлгүй гэж маргасан КБны эрх хүлээн авагчийн татгалзлыг эс зөвшөөрсөн маргааныг Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэвэл зохих маргаан гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй байна.
16. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оийн гаргасан “Захиргааны байгууллагаас гаргасан акт, хэм хэмжээний акт, захиргааны гэрээ”-ний үндсэн дээр үүсдэг харилцаа юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгчийн Барилга угсралтын ажлын гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгүүдийн засвар үйлчилгээ, ашиглалтын зардалтай” холбоотой хариуцагчийн эд хөрөнгөд хийсэн ажлуудын төлбөр тооцоог нэхэмжлэхтэй холбоотой үүссэн харилцааг буруу тодорхойлсон ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02705 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00078 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “БП” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД