Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 143/ШШ2021/00093

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сан, 

Хариуцагч: Нусгай овогт Батдоржийн Батсүх 

Хариуцагч: Тэшиг овогт Мөнхтогоогийн Дэлгэрмаа

Зээлийн гэрээний төлбөрт 8 846 271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дүүрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 15 000 000 төгрөгийг 1 сарын 0.25 хувийн хүүтэй, нийт 3 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож дугаар 11 зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь дээрх зээлийн гэрээний барьцаанд: Иргэн Д.Батдоржийн өмчлөлийн тоотод байрлах 800 м.кв талбайтай, дугаартай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай газар; Зээлдэгч Б.Батсүхийн өмчлөлийн үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж нийт 22 000 000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Барьцаа хөрөнгийн жагсаалтыг хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нартай байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хавсралтад заасан. Уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн сүүлийн хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хугацаанд нийт 7 760 000 төгрөг төлж, үлдэгдэл зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах гэрээний үүргийг зөрчиж Сум хөгжүүлэх санд хохирол учруулаад байна.

Сум хөгжүүлэх сан нь сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход захиран зарцуулах үндсэн зорилготой байгуулагдсан тул гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлээд буй зээлдэгч нараас зээлийн төлбөрийг яаралтай буцаан авч дараагийн хэрэгцээтэй жижиг дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгох зайлшгүй нөхцөл, байдал үүсээд байна.

Иймд хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нараас Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 8 101 991 төгрөг, алданги 744 280 төгрөг нийт 8 846 271 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн хууль болон журмаараа тухайн сумын Засаг дарга нь сангийн эргэн төлөлт болон сангийн зээлтэй холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг. Би Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболдоос итгэмжлэл аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан. Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой 15 000 000 төгрөгийн зээлийг авсан. Нийт гурван жилийн хугацаанд эргэн төлөхөөр тэнцүү хуваарь тогтоогоод жилийн 3 хувийн хүүтэй зээл өгсөн байгаа. Энэ нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлээд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлөлт нь төлөгдөөд явж байсан боловч 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй. Зээлийн гэрээний үүрэгт нийт 7 760 000 төгрөгийг төлсөн. 8 846 271 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлээ сайн дураараа төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс Иргэний хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү.

Засаг газрын 153 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах талаар Засгийн газрын хүчин төгөлдөр журам байдаг. Энэ журмыг хэрэгт заавал нотлох баримтаар хавсаргах шаардлага байхгүй. Журам нь нийтэд ил байдаг учраас заавал нотлох баримтаар хэрэгт авч байж нэхэмжлэх эрхээ тодорхойлно гэсэн зүйл байхгүй. 153 дугаартай Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам дээр Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, түүний эргэн төлөлтөд хяналт тавих эрх нь тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг. Энэ талаар тухайн журам дээр тодорхой бичигдсэн байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийгдсэн байдаг. Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь энэ гэрээний хугацаа дуусаагүй гэдгийг мэдэж байсан. Энэ гэрээний үүргийг төлөөгүй дутуу байгаа гэдгээ өөрсдөө мэдэж байгаа. Энэ тохиолдолд энэ хүмүүст заавал мэдэгдээд байх шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргуулахгүйгээр өөрсдөө сайн дураар төлөөд явах, энэ талаар гэрээн дээрээ бичигдсэн байгаа. Төлөх ёстой хуваарь гаргасан, энэ хуваарь нь өөрсдөд нь байгаа. Нэхэхгүй байгаа юм чинь өгөх шаардлагагүй гэж тайлбарлаж болохгүй.

Хариуцагч нар шүүх хуралдаанд ирээгүй учраас шийдвэрт миний энэ үгнээс тодорхой оруулаасай гэж хүсэж байна. Б.Батсүх гэдэг хүнийг аймаг дээр хүмүүс сайн таньдаг. Би ч гэсэн танина, ажил хэргийн журмаар уулзаж ярилцаж байсан. Энэ хүн одоо Өмнөговь аймгийн Цагдаагийн газар офицер, мөрдөн шалгах ажиллагааны тасгийн даргаар ажиллаж байгаа. Шүүх хурлаас гарах шийдвэрийг энэ хүн нэг өдөр унших байх. Би энэ Сум хөгжүүлэх санг хариуцаад, энэ байгууллагаас итгэмжлэл аваад итгэл найдварыг нь хүлээгээд явж байгаа хүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд шийдвэрлэчихвэл энэ хэргийг ингээд орхихгүй дараа дараагийн шат дараалсан арга хэмжээг авна. Энэ улс орны жижиг дунд үйлдвэр, иргэдийн амьжиргааг дэмжих зориулалтай сан, нийтийн хөрөнгийг тангараг өргөсөн офицер нь хүртэл авчхаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм чинь өгөхгүй гэдэг ч юм уу, бүхэл бүтэн 8 сая гаруй төгрөгийг мартсан гээд тайлбарлаж байгаа нь ёс зүйн хувьд зөв зүйтэй зүйл үү гэдгийг бодох байхаа гэж бодож байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргатай 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийн гэрээ 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаанд төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Бизнесийн ашиг орлого буурсан шалтгаанаар уг зээлийг төлөх боломжгүй болсон. Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сан хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нараас 8 846 271 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Дүүрэнжаргал гэдэг хүн гаргадаг. Сум хөгжүүлэх санг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга төлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй. Энэ талаар авагдсан баримт хэрэгт байхгүй. Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай журам гэж байдаг. Тэр журам нь энэ хэрэгт авагдаагүй. Сум хөгжүүлэх санг хэн төлөөлөх нь тодорхойгүй. Засаг дарга нь Дүүрэнжаргалд итгэмжлэл олгож, энэ нэхэмжлэлийг гаргах эрх зүйн үндэслэл байна уу, үгүй юу. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх санг Засаг дарга Х.Батболд гэх хүн төлөөлнө гэсэн баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Мөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар нь 15 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлээ эргэн төлж байгаад тодорхой үндэслэл, шалтгаанаар төлөх боломжгүй болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг заасан байдаг. Тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Энэ зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш Сум хөгжүүлэх сангаас энэ хүмүүсийг зээл төлөх талаар огт шаардаж байгаагүй. Ингэж явсаар байгаад 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр энэ зээлийн гэрээтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бас нэг үндэслэл болж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрвээ тухайн сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаа төлөөлөх эрхтэй, тусгай журмаар зохицуулдаг бол тэр журмаа заавал нотлох баримтаар хэрэгт хавсаргах ёстой байсан гэж үзэж байна. Энэ журам нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. 2016 оны Засгийн газрын 153 дугаар тогтоолоор батлагдсан гээд Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгт хавсаргасан байдаг. Одоо Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаа төлөөлөх эрх байна уу, үгүй юу, энэ тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм уу? үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан. Иргэний хуулийн 65 дугаар зүйл зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна. Хэрвээ Сум хөгжүүлэх санг Засаг дарга төлөөлөх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж бодож байна. Зээл авсан хүмүүс ямар ч шалтгаанаар төлөхгүй байх боломжтой. Энэ асуудлаас сэргийлэх үйл ажиллагаагаа өөрсдөө явуулаагүй байж, тэр хүний эрхэлж байгаа ажил албан тушаалтай нь холбогдуулж ёс зүй зөрчсөн гэж тайлбарлах нь утгагүй. Энэ хүн зориуд төлөөгүй болон гэмт хэргийн шинжтэй энэ байгууллагад хохирол учруулах гэсэн зорилго байгаагүй. Нэгэнт хуулиар хөөн хэлэлцэх хугацааг нь ингээд зохицуулчихсан зүйлийг бид нар одоо яах билээ дээ. Хамгийн гол нь энэ хуулийнхаа заалтыг мэдэж гэрээ байгуулсан байж яагаад нэхэмжлэх хугацаагаа хэтрүүлсэн юм бэ? Энэ бол нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж бодож байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сан хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 846 271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

БГТХЖДҮҮйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Нандинбат, хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас зээл олгох 11 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр сарын 0.25 хувийн хүүтэйгээр 15 000 000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэгчид тодорхой хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгохоор харилцан тохиролцжээ.

Зээлийн үндсэн төлбөрийг 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгахаар тохиролцсон байх ба зээлдэгч эргэн төлөлтийн хугацаанд нийт 7 760 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Талууд энэ талаар маргаагүй.

Зээлийн гэрээний хугацаа уг өдрөөр /2016.01.25/ дуусгавар болсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 101 991 төгрөг, алданги 744 280 төгрөг, нийт 8 846 271 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал нь гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эс зөвшөөрч маргадаг.

Зохигч 2013 онд байгуулагдаж мөн оноос эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгах зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааны дотор өөрийн шаардлага буюу гэрээний үүргийн биелэлт, үнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан байна.

Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нь нээлттэй байсан боловч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан ба нэхэмжлэгч талаас энэ талаар хүсэлт болон бусад нотлох баримт ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 онд байгуулагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэгт нийт 8 846 271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт ...хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж заасан.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэжээ.

Иймд  гэрээний үүргийн биелэлт 8 846 271 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг гаргуулахаар тус сумын Засаг дарга нь албан тушаалын хувиар төлөөлж нэхэмжлэл гаргасан байна.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь хэсэгт заасанчлан сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч байх ба Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралт журмын 3.5.3-т төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүргийг тусгажээ.

Даланзадгад сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаас зээл олгох эрх бүхий албан тушаалтан мөн байхаас гадна тэрээр уг зээлийн биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүргээ хуулийн хугацаанд хэрэгжүүлэх нь дээрх журам болон хуульд нийцэхийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Батсүх, М.Дэлгэрмаа нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 8 846 271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж 156 490 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН