Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2021/00037

 

*******

даргын нэхэмжлэлтэй, Б.*******, М.******* нарт

хариуцагдах иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярын даргалж шийдвэрлэсэн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 143/ШШ2021/00276 дугаар шийдвэртэй,

******* даргын нэхэмжлэлтэй,

Б.*******, М.******* нарт хариуцагдах,

Зээлийн гэрээний төлбөрт 8846271 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага хуримтлагдсан хүүгийн төлбөрийг нэмж нийт 11241512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлоор 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Очмаа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.*******, М.******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн *******гаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 15000000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй, нийт 3 жилийн хугацаатайгаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

Уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2016 оны 01 дүгээр асрын 25-ны өдөр дуусгавар болсон. Энэ хугацаанд зээлдэгч нар нь нийт 7760000 төгрөг төлсөн. Үлдэгдэл зээлийн бүрэн төлбөрийг төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зөрчиж, манайд хохирол учруулсан учир зээлдэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл 8101991 төгрөг, алданги 744 280 төгрөг, нийт 8 846 271 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 1. Даланзадгад сумын *******гийн үйл ажиллагаа нь Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай *******гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-аар зохицуулагддаг.

Уг санг улсын бүртгэлд тусад нь хуулийн этгээдээр бүртгүүлдэггүй. Тусдаа орон тоо байдаггүй. Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүний хүрээнд хүний нөөцийг шийдвэрлэдэг. Өөртөө үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн эрх эзэмшдэггүй сан юм.

2. Хариуцагч Б.*******, М.******* нартай байгуулсан гэрээ, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас үзэхэд Б.******* уг зээлийг авч ашигласан. Энэ талаар гэрээнд заасан байгаа.

Харин М.******* уг зээлийг гэрээнд батлан даагч буюу зээлийн гэрээний төлбөрийн үүргийг зээлдэгч Б.******* төлж барагдуулж чадахгүйд хүрвэл зээлийг төлөх баталгаа гаргасан байдаг.

Б.******* зээлийг төлж барагдуулах чадвартай эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй, энэ талаар тайлбар гаргаагүй тул хоёр хариуцагчаас зээлийг хамтад нь шаардаж байгаа.

Хэрвээ шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлж барагдуулах боломжгүй болох нь тогтоогдвол хамтран хариуцагч М.*******гаас төлбөрийг гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийн дагуу явагдах тул үүнийг анхан шатны шүүхийн ажиллагааны үед тооцох, хариуцагчийг хасах шаардлагагүй.

Иймд хоёр хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардана гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Урьд гаргасан нэхэмжлэлд хариуцагч нараас 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон 15000000 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8846271 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 11 241 512 төгрөг болгон хариуцагч нараас шаардаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг 2395241 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэсэн үг. *******гийн хөрөнгийн эх үүсвэр 2016 оны 153 дугаартай Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс олгосон санхүүжилтээс бүрдэх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү, зээлдэгч талын төлөлтийн хүү, зээлийн төлбөрт хэрхэн суутгаж хуваарилсан талаарх дэлгэрэнгүй тооцооллыг нэхэмжлэлд хавсаргав.

Нэхэмжлэлийн нийт дүн 11241512 төгрөг, зээлийн үлдэгдэл 8101991 төгрөг, хуримтлагдсан хүү 1519123 төгрөг, торгууль 1620398 төгрөг. Хариуцагч талын зүгээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж ирсэн.

*******гийн үр дүнгээс шалтгаалан удирдлагын баг үргэлж солигдож байсан өнгөрсөн цаг хугацаанд ажил хариуцаж байсан төрийн албан хаагчдын эс үйлдэл, ажлын хариуцлагагүй байдлаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байдаг.

Зөвхөн дээрх шалтгааны улмаас татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, үгүй хийх эрх хэнд ч байхгүй.

*******гийн үйл ажиллагаа нь тухайн сумын иргэдийн жижиг бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон хөшүүрэг болдог чухал санхүүгийн эх үүсвэр юм.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан байдаг. Урьд бичсэнчлэн сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь сумын засаг даргын өмч биш.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бизнес эрхлэх хүсэлтэй, гарааны хөрөнгө оруулалт дутсан мянга мянган иргэдийн өмч юм. Төр өөрийн албадлага хэрэглэх эрхийн дагуу татвар төлөгчдөөс албадлагын шинжтэй аргаар хураан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө.

Тухайн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн татвар төлөгч, *******гаас зээл хүссэн иргэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх, хэн нэгэн зээл аваад төлөхгүй явж байгааг мэдэх боломжгүй. Зөвхөн богино хугацаанд ажил хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан иргэдийн эрх ашиг хохирох нь шударга бус.

Энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан Хүндэтгэн үзэх шалтгаан мөнөөсөө мөн гэж үзэж байна.

Иймд хариуцагч Б.*******, М.******* нараас *******гаас олгосон зээлийн төлбөрийн үлдэгдэл 11241512 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сум хөгжүүлэх санд олгоно уу гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.*******, М.******* нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргатай 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан *******гаас 15 сая төгрөгийн зээл авсан нь үнэн.

Уг зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаанд төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Бизнесийн ашиг орлого буурсан шалтгаанаар уг зээлийг төлөх боломжгүй болсон.

Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Х.******* гэдэг хүний зүгээс хариуцагч нараас нийт 11241512 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа. Учир нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Өмнөговь аймгийн Засаг дарга Х.******* гэж гаргасан байдаг. Энэ зээлийн гэрээг анх 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.******* гэдэг хүнтэй байгуулсан байдаг. Иймээс Ц.******* гэж хүн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зээлийн гэрээний нөгөө тал нь Б.******* гэж хүн байгаа. Тэгэхээр энэ зээл нь сум хөгжүүлэх сангаас олгогдсон ч гэсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.*******, иргэн Б.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ юм.

Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Х.******* гэдэг хүн шаардах эрхгүй юм. Түүнчлэн энэ гэрээнд хамтран зээлдэгчээр Б.******* гэдэг хүн үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн нэг ч зохицуулалт байдаггүй.

Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг дээр зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд Б.******* төлж барагдуулна гэсэн батлан даагчийн үүрэгтэйгээр гэрээнд оролцсон байдаг юм. Тэгэхээр энэ хэргийн хариуцагч нь Б.******* биш юм.

Хэдийгээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээ нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Х.******* Б.******* нарын хооронд байгуулагдаагүй байна.

Дараагийн дугаарт энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байдаг.

Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас энэ мөнгөн дүнг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарладаг.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаж буй нөхцөл нь хуулийн энэ хэсэгтэй нийцдэггүй юм. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага нь хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж болно гэж заасан нь шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж тогтоосны дараа энэ нэхэмжлэлийн шаардлага бий болохоос шүүх тогтоогоогүй байхад энэ зүйлийг баримталж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дараа нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргахдаа сум хөгжүүлэх сан нь төсвөөс олгосон санхүүжилтээс бүрддэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлтэй гэдэг тайлбарыг дурдсан байдаг.

Хэдийгээр сум хөгжүүлэх сангаас олгосон зээл боловч зээлийн нэг тал нь засаг дарга Ц.******* гэж хүн байдаг. Энэ хүн албан тушаалын хувиар олгосон уу? эсхүл хувь хүний журмаар олгосон уу? гэдгийг зохицуулсан дүрэм журмаа шүүхэд гаргаж ирүүлээгүй. Тэгэхээр сум хөгжүүлэх сан гэрээний нэг тал байсан бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдахдаа сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь татвар төлөгч нараас бүрддэг тул хэн зээл авч төлж байгааг нь мэдэх боломжгүй гэдэг. Энэ нь мөн нэхэмжлэгчээ тодорхойлсон байдлаар няцаагддаг юм. Мөн татвар төлөгч нарын мөнгөнөөс зээл авчхаад төлөхгүй орон нутгийг хохироож байна гэсэн тайлбар гаргадаг.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгчийн эрх, үүргийг тайлбарлахдаа авсан зээл түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлөх, зээлийг төлүүлэх бусад арга хэмжээг авна, зээлдэгчийн хэрэгжүүлж байгаа төсөлтэй 3 сард 1 удаа танилцана гэж заасан байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн юм гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Энэ нэхэмжлэлийн шаардах эрх нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Х.******* гэдэг хүнд байна уу? үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын хариуцагч Б.*******, М.******* нараас 11241512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дарга нь улсын тэмдэгтийн хураамж 194814 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: ...Зээлийн гэрээнд төлбөрийн хуваарь тогтоосон сүүлийн хугацаанаас даруй 3 жил гаруйн дараа нэхэмжлэл гаргасан нь 2013 оноос хойш *******г төлөөлөх, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйтэй холбоотой.

Урьд Даланзадгад сумын засаг даргаар ажиллаж байсан Т.******* 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр томилогдож, ажил хариуцах хүмүүс сонгуулийн үр дүнгээс хамааран солигдож ирснээс энэ мэт үүргийн гүйцэтгэлийг хянах ажил цалгардсан байна.

Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө Даланзадгад сумын мянга мянган бизнес эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашиг хохирогч үлдэж болохгүй.

Хариуцагч талаас зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалздаг. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 80.1, 82.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой байсан.

Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлбөр дутуу төлөгдсөн, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцооллын талаар ямар нэгэн эсрэг саналгүй. 8846271 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй эсэх талаар хариуцагч ямар нэгэн саналын зөрүүтэй тайлбар, татгалзал гаргадаггүй. Энэ нь төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нь Б.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 8846271 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2395242 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 11241512 төгрөг гаргуулахаар болжээ. /хх-110/

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нь нэхэмжлэлээ *******гаас олгосон 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай, 15000000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй, сар бүрийн 25-ны өдөр зээл, хүүг төлөх үндсэн нөхцөлтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 20 хувийн торгууль төлөх тухай гэрээ-нд үндэслэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, гэрээнд хамтран зээлдэгчээр Б.******* гэдэг хүн үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн нэг ч зохицуулалт байдаггүй, энэ хэргийн хариуцагч нь Б.******* биш, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоол, Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай 05/01 дүгээр тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/12892 дугаар дүгнэлтийг үндэслээд Хорлоогийн *******ыг Даланзадгад сумын Засаг даргаар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Засгийн газрын 2016 оны 153 дугаартай тогтоолоор *******гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5-3.5.9-д сангийн үйл ажиллагааны талаар сумын засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг заасан бөгөөд 3.5.5-д зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх үүргийг заасан тул Даланзадгад сумын Засаг дарга нь *******гаас олгосон зээлийг иргэд, аж ахуйн нэгжээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж, мөн хуулийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж, мөн хуулийн 76.4 дэх хэсэгт Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. гэж тус тус хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг зохицуулснаас үзэхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргаар Х.*******ыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилсон үеэс эхлэн Сум хөгжүүлэн сангийн хөрөнгийг Даланзадгад сумын Засаг дарга Х.*******ын хувьд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Б.*******ээс шаардах эрхтэй, шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тусгай хугацаа үйлчлэхээр зааснаас үзэхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.*******, иргэн Б.******* нарын хооронд *******гаас олгосон 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй болохыг шинээр томилогдсон Засаг даргын хувьд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолоход гэрээний үүргийн хувьд хөөн хэлэлцэх тусгай хугацаа болох гурван жилийн хугацааг дуусаагүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. гэж заасан Иргэний хуулийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй.

Б.*******, М.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нар нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбарыг гаргаагүй ба уг тайлбартайгаа холбоотой /хх-131, 132, 140/ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул тэднийг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Талуудын харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгч төлж чадахгүй тохиолдолд Мөнхтогоо овогтой ******* төлж барагдуулна гэж зааснаас үзэхэд зээлдэгч Б.******* нь дээрх зээлийг төлж чадахгүй болсон ямар тохиолдол бүрдсэн, зээлийг төлж чадахгүй болсон ямар үндэслэл бий болсон талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг Б.*******ээс эхний ээлжинд гаргуулахаар тогтов.

Харин зээлдэгч Б.******* нь зээл, хүүг төлж чадахгүй болсон тохиолдолд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нь нотлох баримтаа бүрдүүлэн М.*******гаас шаардах эрхтэй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 143/ШШ2021/00276 дугаар шийдвэрийн удирдлага болгосон заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 гэж,

2. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ НЬ: хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ээс 11241512 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад олгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийдвэрийн ТОГТООХ НЬ: хэсэгт 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 194814 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай гэсэн заалтыг нэмсүгэй.

4. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-т зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэйг, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг,  шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Н.НАСАНЖАРГАЛ

          ШҮҮГЧИД              Х.ГЭРЭЛМАА

                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ