Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1677

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01736 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБТЗ-д холбогдох

 

Дутуу олгосон тэтгэмж 25 999 999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б- миний бие Улаанбаатар Төмөр Замын Авто тээврийн Үйлчилгээний төвийн жолоочоор 1979 оноос хойш тасралтгүй 38 жил УБТЗ-д ажиллаж байгаад Улаанбаатар Төмөр Замын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б-1-273 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Энэхүү тушаалаар 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. 2005 онд намайг “байгууллагын бензинийг дутаасан” гэсэн шалтгаанаар ажлаас халж, тус асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд тухайн хэрэгт гэм буруугүй буюу алдагдсан гэх бензин нь байгууллагын колонкийн бензин агуулах саванд цооролт үүсэж, асгарсан байсан нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэд хэдэн жолооч нарыг буруутгаж, ажлаас халсан байсныг байгууллагын зүгээс залруулж, буцааж ажилд нь эгүүлж авсан. Уг асуудлыг шийдвэрлэхэд жил гаруй хугацаа өнгөрч, 2007 оны 4 сард хэд хэдэн жолоочийн хамт ажилдаа буцаж орж байсан юм. Улаанбаатар Төмөр Замын захиргаанаас “ажил жил тасарсан асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн боловч шийдвэрлэхгүй байсаар миний бие тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсан тушаалтайгаа танилцахад “3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжинг тооцож олгох” гэсэн учир миний бие мөн л байгууллагынхаа дарга, холбогдох бүхий л албан хүлээж бай гэсэн хариу сонссоор, арга барагдаж байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр миний өргөдлийг буцаасан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам, Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.11, 3.11.1 дэх заалтыг хэрэгжүүлэхийг шаардсан. Иймд надад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээс дутуу олгогдсон 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 25 999 999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б- нь Улаанбаатар төмөр замын Социалист хөдөлмөрийн Амгалан өртөөний даргын 1981 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 65 тушаалаар жолоочоор томилогдон ажиллаж байгаад байгууллагын бензинийг дутаасан тул УБТЗ-ын Автотээвэр, үйлчилгээний төвийн даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 110 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр сахилгын зөрчлөөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. П.Б- нь амьдрал хэцүү байна, ажилд буцаж орох хүсэлтэй байна гэх өргөдлийг удаа дараа гаргасны дагуу УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 48 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд авсан. П.Б-ыг ажилд авсан нь түүнийг сахилгын зөрчилгүй нь тогтоогдож, байгууллагын зүгээс буруугүйг залруулсан зүйл огт байхгүй юм. Нэхэмжлэгч байгууллагын бензинийг дутаасныг байгууллагын зүгээс залруулсан, цагдаагийн байгууллага шалгаж хэрэгсэхгүй болгосон гэж байгаа тайлбараа нотлох баримтаар нотлоогүй. “УБТЗ” ХНН-ийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-142 тушаалаар батлагдсан “Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” журмын 5-д ...байгууллагын дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн мөн хөдөлмөрийн гэрээ зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан, ажлаас халагдсан... бол төмөр замын системийн байгууллагад ажилласан хугацааг тасарсанд тооцно гэж заасан. “УБТЗ” ХНН-ийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу П.Б-ы ажилласан жил нь 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс шинээр тоологдож эхэлсэн ба Авто тээвэр үйлчилгээний төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42/92 тоот албан бичгээр 10 жил ажилласнаар тооцогдсон. Иймд П.Б-ы гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 8 720 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол овогт П-ийн Б-д олгож, нэхэмжлэлээс 17 279 039 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 154 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  102/ШШ2018/01736 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэр нь хууль зүйн болон бодит байдлын ямар ч үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед шүүхэд мэдүүлсэн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнд:

1. УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 48 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд авсан. П.Б-ыг ажилд авсан нь түүнийг сахилгын зөрчилгүй нь тогтоогдож, байгууллагын зүгээс буруугүйг залруулсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын бензинийг дутаасныг байгууллагын зүгээс залруулсан, цагдаагийн байгууллага шалгаж хэрэгсэхгүй болгосон гэж байгаа боловч нэхэмжлэгч түүнийгээ баримтаар нотлоогүй.

“УБТЗ” ХНН-ийн даргын 2016 оны 04 дүгэзр сарын 22-ны өдрийн А-142 тушаалаар батлагдсан Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай журмын 5-д ...байгууллагын дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн мөн хөдөлмөрийн гэрээ зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан, ажлаас халагдсан... бол төмөр  замын   системийн байгууллагад  ажилласан  хугацааг тасарсанд тооцно гэж заасан.

УБТЗ нь хуульд заасны дагуу дотоод журмаараа ямар ямар болзлыг хангасан ажилтан тасралтгүй ажилласны нэмэгдэл авах вэ гэдэг нөхцөлөө тодорхойлж зохицуулсан.   Энэхүү  журам нь УБТЗ-ын 16 000 ажилчдад нэгэн адил үйлчилж байна.

2. Ажил олгогч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээнд заасны дагуу П.Б-д 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Энэ нь хуульд заасан хэмжээнээс дээрдүүлж олгосон. Хамтын гэрээнд заасан үүргээ ажил олгогч биелүүлсэн. Гэтэл П.Б- нь байгууллагын бензинийг ашиглан шамшигдуулчихаад түүнийгээ буруугүй гэдийг нотлоогүй. Шударгаар ажиллаж буй ажилчидтаи ижил хэмжээний тэтгэмж авах нь зохимжгүй.

УБТЗ-ын Автотээвэр, үйлчилгээний төвийн даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 110 тоот тушаалыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр
гараагүй. Уг тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байхад П.Б-д давуу байдал олгох үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх шийдвэртээ “Өөрөөр хэлбэл ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа УБТЗ-ын Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай журмыг хэрэглээгүй нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан хамтын гэрээний дагуу олгогдох байсан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээс олгогдоогүй 15 сарын хугацааны тэтгэмж 25 999 999 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч П.Б- шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Б- 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 16, 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замд ажилласан ба 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар төмөр замын даргын Б-I-273 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 сарын тэтгэмж олгосон болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хэргийн 4-13, 31-33, 14 дүгээр тал/ 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт тасралтгүй 38 жил ажилласнаар хамтын гэрээний 3.11.1-д зааснаар 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн гэж тайлбарлажээ.

 

Улаанбаатар төмөр замын Авто тээвэр, үйлчилгээний төвийн даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 110 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б-ыг жолоочийн албан тушаалаас чөлөөлсөн байх ба уг тушаалыг нэхэмжлэгч нь өөрийгөө хуулийн байгууллагаар шалгагдаад буруугүй нь тогтоогдсон тул үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр тайлбараа баримтаар нотлоогүй байна. /хэргийн 32 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгчийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замд ажилласан гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийг Улаанбаатар төмөр замд ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 24 жил 15 өдөр, 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 10 жил 2 сар 15 өдөр гэж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, түүний ажилтны төлөөлөл оролцон 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хамтын гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулж, мөн оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 51-58 дугаар тал/

 

Дээрх хамтын гэрээний 3.11.1-т “Төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол төмөр замд тасралтгүй ажилласан доор дурдсан хугацааг харгалзан эрэгтэйчүүд 20-24 жилд найман сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.” гэж заасны дагуу ажил олгогч нь ажилтанд найман сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 10 жил 2 сар 15 өдрийг төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацаанд тооцон 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэж, харин 24 жил 15 өдрийг тасралтгүй ажилласан хугацаанд тооцоогүй байх тул хамтын гэрээнд заасан 8 сараас үлдэх 5 сарын хугацааны тэтгэмж болох 8 720 960 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01736 дугаар р шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 485 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                             С.ЭНХТӨР