Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/01736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч З.Доржнамжин, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: УБТЗ

Дутуу олгогдсон тэтгэмж 25999999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б

                                нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ

        хариуцагчийн төлөөлөгч А.Цэндзаяа

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б миний бие УБТЗын Авто тээврийн Үйлчилгээний төвийн жолоочоор 1979 оноос хойш тасралтгүй 38 жил УБТЗ-д ажиллаж байгаад УБТЗын даргын 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн Б-1-273-р “П.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг 2017.06.17-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Энэхүү тушаалаар 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Шалтгаан нь тус байгууллагад “тасралтгүй ажилласан жил тасарсан байна” гэх үндэслэлээр намайг хохироосон. “Тасарсан” гэх шалтгаан нь 2005 онд П.Б намайг “байгууллагын бензинийг дутаасан” гэсэн шалтгаанаар ажлаас халж, тус асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд тухайн хэрэгт гэм буруугүй буюу алдагдсан гэх бензин нь байгууллагын колонкийн бензин агуулах саванд цооролт үүсэж, асгарсан байсан нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэд хэдэн жолооч нарыг буруутгаж, ажлаас халсан байсныг байгууллагын зүгээс залруулж, буцааж ажилд нь эгүүлж авсан. Уг асуудлыг шийдвэрлэхэд жил гаруй хугацаа өнгөрч, 2007 оны 4 сард П.Б миний бие хэд хэдэн жолоочийн хамт ажилдаа буцаж орж байсан юм. УБТЗын захиргаанаас “ажил жил тасарсан асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн боловч шийдвэрлэхгүй байсаар миний бие тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсан тушаалтайгаа танилцахад “3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгох” гэсэн учир миний бие мөн л байгууллагынхаа дарга, холбогдох бүхий л албан тушаалтнуудад өргөдлөө гаргаж, шийдэж өгөхийг хүссэн боловч “шийдвэрлэнэ, хүлээж бай” гэсэн хариу сонссоор, арга барагдаж байгууллагын Хөдөлмөрийн Маргаан Таслах Комисст өргөдлөө гаргасан боловч “”хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр миний өргөдлийг буцаасан тухайгаа 2018.01.24-ний өдрийн Шиидвэрийг 01-р сарын 29-ний өдөр надад танилцуулж, “та бидний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол авсан өдрөөсөө хойш” 10 хоногийн дотор Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно” гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргах шалтгаан болж байна. Өндөр настай намайг учраа олохгүй будилж явахад “өргөдлөө өгчих, таны асуудлыг шийднэ” гэж худал хэлж, хугацаа хожиж байсныг мэдлээ. Миний хувьд маш их гомдолтой байна. Цэл залуу наснаасаа өтөл буурал болтлоо, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол энэ байгууллагын төлөө насаараа зүтгэж явсан зүтгэл минь талаар болоход хүрээд байна. П.Б би байгууллагаасаа бүтэхгүй зүйлийг нэхээгүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ, Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2016-2017 оны “Хамтын гэрээ”-ний 3.11.:”Төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар болон ажилтны өөрийн хүсэлтээр цуцалсан бол төмөр замд тасралтгүй ажилласан дор дурдсан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно”, 3.11.1:”Эрэгтэйчүүд 15-19 жилд дөрвөн сар, 20-24 жилд найман сар, 25-29 жилд арван сар, 30-34 жилд 14 сар, 35 ба түүнээс дээш жилд 18 сар” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардсан. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудалд маргаагүй, дутуу олгосон тэтгэмжийг олгохыг л байгууллагаасаа хүссэн байхад УБТЗ-ын дэргэдэх Хөдөлмөрийн Маргаан Таслах Комисс нь асуудлыг ялгаж, салгаж шийдвэрлэж чадсангүй гэж үзнэ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: П.Баясайхан надад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээс дутуу олгогдсон 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 25999999 /хорин тяван сая. есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун ерэн ес/ төгрөгийг УБТЗаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь УБТЗын Авто тээврийн Үйлчилгээний төвийн жолоочоор 1979 оноос хойш тасралтгүй 38 жил ажиллаж байгаад УБТЗын даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б-1-273 дугаар Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцласан. Энэхүү тушаалаар 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Шалтгаан нь тус байгууллагад тасралтгүй ажилласан жил тасарсан байна гэсэн үндэслэлээр хохироосон. Тасарсан гэх шалтгаан нь 2005 онд Д.Быг байгууллагын бензинийг дутаасан гэсэн шалтгаанаар ажлаас халж, тус асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Алдагдсан гэх бензин нь байгууллагын бензин агуулах саванд цооролт үүсэж, асгарсан байсан нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэд хэдэн жолооч нарыг буруутгаж, ажлаас халсан байсныг байгууллагын зүгээс залруулж, буцааж ажилд нь эгүүлж авсан. Уг асуудлыг шийдвэрлэхэд жил гаруй хугацаа өнгөрч, 2007 оны 4 дүгээр сард П.Б хэд хэдэн жолоочийн хамт буцаж ажилдаа орж байсан. УБТЗын захиргаанаас ажилласан жил тасарсан асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч шийдвэрлэхгүй байсаар П.Б нь тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсан тушаалтайгаа танилцахад 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгохоор шийдвэрлэсэн байсан учир П.Б мөн л байгууллагынхаа дарга, холбогдох бүхий л албан тушаалтнуудад өргөдөл гаргасан. Шийдвэрлэнэ, хүлээж бай гэсэн хариу сонссоор, арга барагдаж, байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө гаргасан боловч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр П.Бы өргөдлийг буцаасан тухай 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулж, бидний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол авсан өдрөөсөө хойш 10 хоногийн дотор Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно гэсний дагуу нэхэмжлэлийг гаргасан. Өндөр настай П.Быг учраа олохгүй будилж явахад “өргөдлөө өгчих, таны асуудлыг шийднэ” гэж худал хэлж, хугацаа хожиж байсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны “Хамтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт “Төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар болон ажилтны өөрийн хүсэлтээр цуцласан бол төмөр замд тасралтгүй ажилласан дор дурдсан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно”, 3 дугаар зүйлийн 3.11.1 дэх хэсэгт “ Эрэгтэйчүүд 15-19 жилд 4 сар, 20-24 жилд 8 сар, 25-29 жилд 10 сар, 30-34 жилд 14 сар, 35 ба түүнээс дээш жилд 18 сар” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардсан. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцласан асуудалд маргаагүй, дутуу олгосон тэтгэмжийг олгохыг л байгууллагаасаа хүссэн байхад УБТЗын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь асуудлыг ялгаж, салгаж, шийдвэрлэж чадаагүй. Иймд П.Бд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээс дутуу олгогдсон 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох сарын дундаж цалин 1733333 төгрөгийг 15 сараар тооцож 25999999 төгрөгийг УБТЗаас гаргуулж өгнө үү. Бид нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, хөдөлмөрийн дэвтрийг нь хэрэгт хавсаргасан. Эдгээр баримтуудаас харахад П.Б нь 1974 оны 9 дүгээр сараас анх ажилд орсон. 1974 оны 9 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сар хүртэл нийт 31 жил тасралтгүй ажилласан. 2007 онд иргэж ажилдаа орж, 2017 оны 4 дүгээр сард тэтгэвэртээ гарсан. Нийт 40 гаруй жил УБТЗд ажилласан гэж үзэх үндэслэлтэй. П.Бы хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээ зэргийг харж үзэхээр нэгэнт тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учраас ажлаас чөлөөлөхдөө хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.1 дэх хэсэгт заасан тэтгэмж  олгох эрх нь давхар үүснэ. Тиймээс хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 15 сарын хугацааны тэтгэмжээр хохирсон гэж үзэж байгаа ба энэ нь хамтын гэрээ болон Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудтай нийцэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хариуцагчийн төлөөлөгч А.Цэндзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн П.Б нь УБТЗын Социалист хөдөлмөрийн Амгалан өртөөний даргын 1981 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №65 тушаалаар жолоочоор томилогдон ажиллаж байгаад байгууллагын бензинийг дутаасан тул УБТЗ-ын Автотээвэр, үйлчилгээний төвийн даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №110 тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр сахилгын зөрчлөөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. П.Б нь амьдрал хэцүү байна, ажилд буцаж орох хүсэлтэй байна гэх өргөдлийг удаа дараа гаргасны дагуу УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №48 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд авсан юм. П.Быг ажилд авсан нь түүнийг сахилгын зөрчилгүй нь тогтоогдож, байгууллагын зүгээс буруугүйг залруулсан зүйл огт байхгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: "байгууллагын бензинийг дутаасныг байгууллагын зүгээс залруулсан", цагдаагийн байгууллага шалгаж хэрэгсэхгүй болгосон гэж байгаа боловч нэхэмжлэгч түүнийгээ нотлоогүй. ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. П.Б нь энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. "УБТЗ" ХНН-ийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-142 тушаалаар батлагдсан "Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай" журмын 5-д ...байгууллагын дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн мөн хөдөлмөрийн гэрээ зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан, ажлаас халагдсан... бол төмөр замын системийн байгууллагад ажилласан хугацааг тасарсанд тооцно гэж заасан байдаг. "УБТЗ" ХНН-ийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу П.Бы ажилласан жил нь 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс шинээр тоологдож эхэлсэн ба Авто тээвэр үйлчилгээний төвийн даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 42/92 тоот албан бичгээр 10 жил ажилласнаар тооцогдож байна. Иймд П.Бы гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч А.Цэндзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. П.Б 2 жил гаруй хугацаанд төмөр замын байгууллагад ажиллаагүй. Энэ ажиллаагүй байх хугацаандаа Төмөр замын байгууллагын удирдах ажилтнуудад амьдрал хэцүү байна гэсэн өргөдлийг удаа дараа гаргаж, дарга нартай уулзаж байсны эцэст буцаан ажилд авсан. Ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэж ажилд авсан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байгууллагын бензинийг дутаасныг байгууллагын зүгээс залруулсан гэдэг боловч энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй, түүнийг ажилд буцааж авсан нь буруугүй гэж үзээд авсан зүйл биш. 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 110 тоот даргын тушаалыг үгүйсгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Тушаал хүчин төгөлдөр байгаа. Төмөр замын байгууллагын гол онцлог нь төмөр замын байгууллагад тасралтгүй, зөрчилгүй ажилласан байхыг шаарддаг. Энэ дүрмээ ч ажилчид нь мөрдөж ажилладаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн захирамж дээр н.Урантогосын мэдүүлэгт П.Б хүүхдийн бие муу байна, хөдөө орон нутаг руу явах болсон гэсэн учраас би П.Бд 200 литр, 220 литр, 200 литр, 70 литр, 200 литр, 930 литр нийт 6 удаагийн давтамжтайгаар дизель түлшийг өгсөн гэж хэлдэг. Үүнээс харахад П.Б нь 639575 төгрөгийн бензинийг үндэслэлгүйгээр авсан гэдэг нь нотлогдож байдаг. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Тухайн үед П.Б нь өөрийн буруугүй гэдгээ хууль хяналтын байгууллагаар шийдүүлснийгээ нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч П.Б хариуцагч МОХНН УБТЗаас хамтын гэрээний дагуу олгогдох байсан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээс олгогдоогүй 15 сарын хугацааны тэтгэмж 25999999 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл УБТЗ нийгэмлэгт тасралтгүй 38 жил ажилласнаар хамтын гэрээний 3.11.1-д зааснаар 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн” гэжээ. МОХНН УБТЗ, ажилтны төлөөлөгч нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хамтын гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулж, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээ хүчин төгөлдөр болжээ. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээр 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ба энэ хугацаанд хамтын гэрээний үйлчлэх хугацаа хамаарч байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа буюу үүргийн харилцаа үүссэн байна. Иймд нэхэмжлэгч П.Б нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.  

П.Б 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 16, 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд УБТЗд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, УБТЗын Амгалан өртөөний даргын 1981 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 65 тоот тушаал, Автотээвэр, үйлчилгээний төвийн даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 110 тоот тушаал, мөн даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 48 тоот тушаал, УБТЗын даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б-I-273 тоот тушаалаар тогтоогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчийг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд УБТЗд ажилласан эсэх талаар зохигч маргаж байна. Нэхэмжлэгч дээрх хугацаанд “байгууллагын бензин дутагдуулсан” үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгагдаж, буруугүй нь тогтоогдсоноор ажилдаа эргэн орсон гэж тайлбарлав.

УБТЗын Автотээвэр, үйлчилгээний төвийн даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 110 тоот тушаалаар П.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр цуцлаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх тушаал үндэслэлгүй буюу нэхэмжлэгч өөрийн гэм буруугүйг баримтаар нотлоогүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн боловч зохих байгууллагуудаас нэхэмжлэгчийг буруугүй гэж үзэх баримт ирээгүй болно. Өөрөөр хэлбэл ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас УБТЗд ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ нөхцөл байдал нь төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг тоолоход ач холбогдолтой боловч ажлаас халагдахаас өмнөх болон дараах ажилласан хугацааг төмөр замын байгууллагад ажиллаагүйд тооцох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс төмөр замын байгууллагад ажилласан гэдэг боловч энэ өдрөөс тухайн байгууллагад ажилласан талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт хийгдээгүй, энэ талаар өөр баримт гаргаж өгөөгүй тул 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төмөр замын байгууллагад ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч П.Бы төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар тоолвол ажлаас халагдахын өмнө 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 24 жил 15 өдөр /хуанлийн жил, өдрөөр/, ажилд эргэн орсны дараа 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 10 жил 2 сар 15 өдөр болж байна. Дээрх хугацаанаас хариуцагч 10 жил 2 сар 15 өдрийг тасралтгүй ажилласан хугацаанд тооцож 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, 24 жил 15 өдрийг төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацаанд тооцоогүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь ...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.“, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчиж хамтын гэрээний үүргээ үнэнч шударгаар, зохих ёсоор биелүүлээгүй буруутай гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хамтын гэрээний 3.11.1-д “төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол төмөр замд тасралтгүй ажилласан доор дурдсан хугацааг харгалзан “эрэгтэйчүүд ...20-24 жилд найман сар”-ын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасантай нийцүүлэн олгосон 3 сарын хугацааг хасч 5 сарын хугацааны тэтгэмжийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон үүргээс гүйцэтгээгүй хэмжээгээр нэхэмжлэгчийн эрхийг сэргээх нь хуульд нийцнэ.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд хариуцагчаас 8720960 төгрөг /2017 оны 3-5 сарын цалингийн дундаж 1744192 төгрөг х 5 сар = 8720960/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 17279039 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.                 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХНН УБТЗаас 8720960 /найман сая долоон зуун хорин мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол овогт Пийн Бд олгож, нэхэмжлэлээс 17279039 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч МОХНН УБТЗ нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 154485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

                     ШҮҮГЧИД                                                        З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                              Н.ХАНГАЛ