Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 18

 

             Ш.М-д  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       Б.Б

                                                 Хохирогчийн хууль 

ёсны төлөөлөгч                                             Г.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                С.П

Шүүгдэгч                                                        Ш.М

                                                 Нарийн бичгийн дарга                                 М.Э нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар  сарын 13-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ш.М-д холбогдох 1912005780263 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Б овгийн Ш.М

 

Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 05 дугаар саруудад Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнжийн 9-2 тоотод бага насны хохирогч П.М-ыг эрхшээлдээ байгааг далимдуулан, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тус тус бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ш.М-өөс яллах дүгнэлт гардаж авсан эсэхийг тодруулахад яллах дүгнэлтийг аваагүй гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа шүүгдэгчээс яллах дүгнэлтийг авах гэхэд надад өгөөгүй гэж шүүгдэгч хэлсэн, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны дараа асуусан тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх байх гэсэн тайлбарыг, улсын яллагч яллах дүгнэлт үйлдээд нэг хувийг бичиг хэргийн ажилтнаар цагдан хорих байранд хоригдож байсан Ш.М-д хүргүүлсэн гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд яллах дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд “танилцсан Ш.М” гэж гарын үсэг зурагдсан, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэлийг яллагдагч Ш.М-д танилцуулсан, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй байна. 

Шүүгдэгч яллах дүгнэлтийг гардаж авсан эсэх асуудал маргаантай, шүүгдэгч яллах дүгнэлтийг гардаж аваагүй гэж маргаж байх бөгөөд шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв гээд 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш.М-д холбогдох эрүүгийн 1912005780263 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ц би тус аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШТ/05 дугаартай тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 05 дугаар саруудад Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнжийн 9-2 тоотод бага насны хохирогч П.М-ыг эрхшээлдээ байгааг далимдуулан, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тус тус бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Ш.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.М-д холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ш.М нь прокурорын яллах дүгнэлтийг гардаж авсан эсэх нь маргаантай, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэлийг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулаагүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 

Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай яллах дүгнэлтийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр прокуророос тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байрны захиргаагаар дамжуулан Ш.М-д гардуулсан, тэрээр гардаж авсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан төдийгүй шүүгдэгч Ш.М нь прокурорын яллах дүгнэлтийг гардан авч танилцсан, яллах дүгнэлтийг өөр бусад бичиг баримттай андуурч аваагүй хэмээн шүүх хуралдаанд мэдүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ... хавтаст хэргийг харьяалах шүүхэд хүргүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ ... гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчийн өмгөөлөгчид заавал мэдэгдэх шаардлагагүй, дээрх оролцогчдын аль нэгэнд мэдэгдэж болохоор байна. 

Иймд шүүгдэгч Ш.М-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШТ/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Ш.М нь яллах дүгнэлтийг гардаж аваагүй гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэрэг прокурорт буцсаны дараа прокурор шүүгдэгч Ш.М-тэй болон цагдан хорих байрны захиргаатай уулзаж түүнд яллах дүгнэлт гардуулсан эсэх талаар баримтыг үзэхэд гардуулсан болох нь тогтоогдсон.  Шүүгдэгч Ш.М нь яллах дүгнэлтийг өөр бусад бичиг баримттай андуурч надад яллах дүгнэлт гардуулаагүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн байсан. Мөн шүүхийн тогтоолын нэг үндэслэл болсон яллах дүгнэлтийг өмгөөлөгчид мэдэгдээгүй байна гэсэн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч эсвэл түүний өмгөөлөгчид мэдэгдсэн бол гэж аль нэгт нь мэдэгдэхээр хуульчилсан байгаа. Тус яллах дүгнэлтийг шүүгдэгчид өөрт нь мэдэгдсэн байгаа учраас тус шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Ш.М нь яллагдагчид яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байна. Мөн дараа нь тодруулж асуухад яллах дүгнэлт гардаж авсан талаараа нэмэлт тайлбар өгсөн. Шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулж өгсөн талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулахаас өөрөөр баримтжуулах боломж байхгүй. Шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан байхад өөрөө юу гардаж авсан талаараа мэдэхгүй байгаа гэж мэдүүлж байгаа нь яллах дүгнэлтийг гардаж аваагүй гэх үндсэлэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Санал байхгүй гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс яллах дүгнэлт гардуулаагүй гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлсэн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүх хуралдааны шатанд шүүгдэгчээс яллах дүгнэлтийг гардаж авсан эсэхийг асуусан. Шүүгдэгч ийм баримт гардаж аваагүй талаараа мэдүүлсэн. Ш.М нь бичиг үсэг мэдэхгүй буюу ямар бичиг баримт гардаж авсан талаараа мэдэхгүй. Хэрэг прокурорт буцсаны дараа эсэргүүцэл бичихдээ цагдан хорих байрны жижүүрийн шүүгдэгч Ш.М-д яллах дүгнэлт танилцуулсан талаарх тэмдэглэлийг хавсаргаж өгсөн байна. Тус тэмдэглэл дээр гардуулсан гэж байхгүй харин танилцуулав гэж байгаа. Ажлын цаг дууссаны дараа хэний шийдвэрээр хэнд юу танилцуулаад байгаа нь тодорхойгүй баримт хавсаргаж ирүүлсэн байсан. Яагаад бичиг үсэг мэдэхгүй хүнээс цагдан хорих байрны ээлжийн ахлах тайлбар авч, гарын үсэг зуруулаад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгааг ойлгохгүй байна. Иймд шүүгдэгч Ш.М-д яллах дүгнэлтийг гардуулж өгсний дараа хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн яллах дүгнэлтийн хувийг прокурор гардуулна гэж заасан байгаа. Цагдан хорих байрны захиргаа болон хэн нэгнээр дамжуулж яллах дүгнэлт гардуулна гэсэн ойлголт байхгүй. Нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа тэмдэглэл дээр гардуулсан гэж байхгүй танилцуулсан гэж байгаа. Мөн шүүгдэгч өөрөө надаар гарын үсэг зуруулсан болохоос бичиг өгөөгүй гэдгээ хэллээ. Яллагдагч нь бичиг үсэг мэдэхгүй байхад түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй байж, яллагдагчид мэдэгдсэн гэж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь  хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр прокурор 16 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

 Уг яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан тухай баримт хэрэгт авагдсан боловч шүүгдэгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлтийг цагдан хорих байрны ажилтан танилцуулж, гарын үсэг зуруулчихаад буцаагаад авчихсан гэж мэдүүлж, яллах дүгнэлт гардаж аваагүй талаар маргаж байгааг шүүх үгүйсгэх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл хуульд яллах дүгнэлтийг прокурор яллагдагчид гардуулна гэж гардуулах субьектийг тодорхой заасан байхад цагдан хорих байрны ажилтан, эсхүл өөр субьект танилцуулах буюу гардуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих төдийгүй, хууль ёсны шинжид харшлах болно. 

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд прокурор нотлох баримт хавсаргаж ирүүлсэн боловч анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг  хэлэлцэх эрх хуулиар давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул үнэлээгүй болно. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

     ШҮҮГЧИД                                               Д.БЯМБАСҮРЭН

                                                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ