Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/00630

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр                          Дугаар 102/ШШ2021/00630                     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 19, өөрийн байранд оршин байх хаягтай, “Х Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1а дүгээр байр, тоотод оршин суух, Э.С

 

Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, тоотод оршин суух, М.Э нарт холбогдох,

 

орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Э.С, М.Э нар нь 2016 оны 3 дугаар 31-ний өдөр тус банктай № ЗГ-ВСС2016032923-1 тоот “Зээлийн гэрээ”, № ЗГ-16032923-1-1 тоот “Баталгааны гэрээ”, мөн №ЗГ-ВСС2016032923-1-1 тоот “Үл хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг, сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хялбар зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч иргэн Э.С, М.Э нар нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан №ЗГ-ВСС2016032923-1 тоот “Зээлийн гэрээ” ЗГ-ВСС2016032923-1-1 тоот “Баталгааны гэрээ”, мөн № ЗГ-ВСС2016032923-1-1 “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, тоот 89.95 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Гэвч зээлдэгч нар нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүйн улмаас банк шүүхэд хандаж 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00963 тоот шийдвэр гарсан. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32018/08586 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 102/ГХ2018/00639 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу барьцаа хөрөнгө дуудлага худалдаанд орохоос өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон банканд хөрөнгөө төлбөртөө тооцон төлбөр авагчид шилжүүлэн өгснөөр 6 сарын хугацаанд төлбөрөө төлж буцаан авах хүсэлт гаргасныг талууд зөвшөөрөн барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, дүгээр хороо, өргөн чөлөө, тоотын 3 өрөө орон сууцыг гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөртөө тооцон шилжүүлэн авч шийдвэр ажиллагааг дуусгавар болгосон. Гэвч иргэн Э.С, М.Э нар нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг сануулж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл төлбөр ч төлөхгүй хөрөнгө чөлөөлөхгүй байгаа юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр тоотын 89.95 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг дээр дурдсан байдлаар буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөртөө тооцон, өмчлөх эрхийг олж авсан. Гэвч хариуцагч нар орон сууцнаас гарахгүй байгаагаас шалтгаалж өөрийн өмчлөлийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ. 

  

Хариуцагч Э.С, М.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Э.С, М.Э бид Худалдаа хөгжлийн банкны 4/7089 тоот орон сууцыг хууль эзэмшлээс чөлөөлүүлж  өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн би удаан хугацаанд өвчтэй байсан шалтгаанаар ажил бизнесгүй орлогогүй байсан нь үнэн, төлбөрөө барагдуулаагүй нь үнэн боловч энэ намраас барилгын сантехник болон агааржуулалтын системийн 2 гэрээт ажлыг эхлүүлээд одоо гүйцэтгээд явж байна. Боломж бололцоо гарч ирсэн тул уг банкны зээл хүүгийн төлбөр болох 70,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд эцсийн байдлаар төлж барагдуулж дуусгах тооцоотой байна. Иймд тус байрыг чөлөөлүүлж ажлыг 2 сараар хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нар нь одоо нэхэмжлэгч талд зээлийн төлбөрөө төлөөд байраа буцаан авах хүсэлтэй байгаа. Байрыг нэхэмжлэгч тал руу шилжүүлснээс хойш цар тахлаас шалтгаалаад тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй, байраа аваагүй нь үнэн. Гэхдээ одоо хөл хорио тавигдсан учир төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Ер нь бол хариуцагч нар хууль зүйн мэдлэг байхгүй учир анхнаасаа байраа  хямд тооцоод өгчихсөн үйл баримт байгаа. Гол нь хариуцагч нарт эвлэрэх хугацаа хэрэгтэй байна. Одоо тухайн байранд хоёр хариуцагч амьдардаг. Хариуцагч нар яг одоо төлбөрийг нь төлөх мөнгөний боломжгүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “Х Х Б” ХХК нь эрхийн улсын  дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 89.95м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.С, М.Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөртөө тооцон, өмчлөх эрхийг олж авсан. Гэвч хариуцагч нар орон сууцнаас гарахгүй байгаагаас шалтгаалж өөрийн өмчлөлийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болоод байна” гэжээ. 

 

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...төлбөрөө төлөөд байраа буцаан авах хүсэлтэй, төлбөрийг төлөхөд харин тодорхой хугацаа хэрэгтэй байгаа” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. 

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/шш2018/00963 дугаар шийдвэрээр Э.С, М.Э нараас 68,882,670.11 төгрөгийг гаргуулан “Х Х Б” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 89.95м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2018/08586 дугаар захирамжийн дагуу 102/ГХ2018/00639 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Э.С, М.Э нар “Х Х Б” ХХК-д “...барьцаа хөрөнгө болох ...89.95м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 6 сарын дараа буцаан авах нөхцөлтэйгөөр танай банкинд шилжүүлэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно. Төлбөрийг тохирсон хугацаанд төлөхгүй нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг танай банкинд өгч байна” гэсэн агуулга бүхий бичгийн хүсэлтийг өгснийг үндэслэн эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 89.95м2 талбайтай, 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч буюу “Х Х Б” ХХК-ийн өмчлөлд шилжин ирсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна /хх 8-17, 39, 40 хуудас/.  

 

Нэхэмжлэгч “Х Х Б” ХХК нь маргааны зүйл болж буй эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 89.95м2 талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь дээрх үйл баримтаар нотлогдож байхаас гадна, уг орон сууц хариуцагч нарын бодит эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 7/485 тоот лавлагаа, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууцны өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 

 

Иймд маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.С, М.Э хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай “Х Х Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн санаачилгаар зарим баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч хэрэгт хавсаргасан. Эдгээр баримтуудын нэг буюу маргаан бүхий орон сууцны өрхийн бүртгэлийн дэвтэрт хариуцагч Э.С, М.Э нараас гадна Э.А, Э.Х, С.Б нар бүртгэлтэй байгаа.

 

Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч талаас “...одоо байранд хоёр хариуцагч нар л амьдардаг” гэсэн тайлбарыг гаргаснаас гадна Баянгол дүүргийн дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот албан бичигт “..тоотод Э.С, М.Э нар бүртгэлтэй...” гэснийг, мөн зохигч талууд энэхүү нөхцөл байдалтай холбогдуулж ямар нэг хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй байна. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 89.95м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.С, М.Э хууль бус эзэмшлээс   албадан чөлөөлсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С, М.Э нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ