Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00991

 

 

 

 

 

 

 

 

 

Х- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/00630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Э.С-, М.Э- нарт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С-, М.Э- нар нь 2016 оны 3 дугаар дугаар 31-ний өдөр тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1-18 тоот 89.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Гэвч зээлдэгч нар нь зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас банк шүүхэд хандаж 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00963 тоот шийдвэр гарж улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу барьцаа хөрөнгө дуудлага худалдаанд орохоос өмнө барьцаа хөрөнгийг төлбөрт шилжүүлж, 6 сарын хугацаанд төлбөрөө төлж барьцаа хөрөнгийг буцаан авах талаар тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Э.С-, М.Э- нар нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг сануулж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл төлөх ёстой төлбөрөө төлөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхгүй байгаа. Иймд улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр 18 тоотын 89.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид удаан хугацаанд өвчтэй байсан, ажил, бизнесгүй орлогогүй, мөн цар тахалтай холбоотой төлбөрөө барагдуулаагүй нь үнэн. Одоо хөл хорио тавигдсан учир төлбөрөө төлөх бүрэн боломжтой бөгөөд банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрт 70 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулж дуусгах болно. Иймд тус байрыг чөлөөлөх нөхцөлийг 2 сараар хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205035909 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1а байрны 18 тоот хаягт байршилтай, 89.95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.С-, М.Э- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С-, М.Э- нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Тус иргэний хэрэгтэй холбогдуулан хариуцагч нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнийн зөрүү 91 117 330 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь шударга ёсны зарчимд нийцэх төдийгүй, нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн алинд хохиролгүй, хуульд нийцсэн үйл ажиллагаа болох тул үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжтой байсан. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзээгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг нь шүүхээс шаардсан дэлгэрэнгүй лавлагаа биш. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т заасныг зөрчсөн. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн хуульд зааснаар эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагдах бөгөөд дэлгэрэнгүй лавлагаагаар тухайн эд хөрөнгийн талаарх мэдээлэл бүрэн харагдах боломжтой юм. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт мэдээлэл тодорхой бус байсан бөгөөд лавлагааг хуульд зааснаас өөр байдлаар ирүүлсэн байдаг. Шүүхээс шаардсан орон сууцны өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Учир нь шүүх хуралдаан дээр хариуцагч нар нь Уг байр нэхэмжлэгч Х--ны нэр дээр биш өөр хүний нэр дээр шилжсэн байсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч талаас уг байрны өмчлөгч нь манай банк мөн гэж маргасан байдаг. Хэрвээ уг орон сууц нь Х- ХХК-иас өөр хүний нэр дээр шилжсэн бол Х- ХХК энэ хэргийн нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуульд заасан хэлбэрээр дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгөөгүй нь Х- тус орон сууцны өмчлөгч биш, үүнээс үүдээд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхээс хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй, эргэлзээтэй баримтыг үндэслэн Х- ХХК-ийг тус орон сууцны өмчлөгч мөн гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Х- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт ажиллах хугацааг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл сунгасан байх бөгөөд үүнээс хойш сунгалт хийгдээгүй буюу үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн өрхийн гишүүд хэсэгт хариуцагч Э.С-, М.Э- нараас гадна Э.Анхбаяр, Э.Хонгор, С.Батцэгц нар бүртгэлтэй байдаг бөгөөд үүнийг хариуцагч нар баталдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн хариуцагч Э.С-, М.Э- нарт холбогдуулан орон сууцнаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан харин бусад иргэдийг чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаагүйг дурдах нь зүйтэй байна. Ийнхүү шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дээр дурдснаар хуулийн шаардлага хангаагүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдод өмнөх хуралдаан дээр эрх, үүрэг тайлбарласан гэж эрх, үүрэг тайлбарлаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй зэргээр хууль зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Э.С-, М.Э- нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1а байр, 18 тоот хаягт байршилтай, 89.95 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нар нь барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэх хүсэлт гаргаж, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч банкны зээлийг төлж, орон сууцаа буцааж авна гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00963 дугаар шийдвэрээр Э.С-, М.Э- нараас 68 882 670.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 8-11-р тал/

 

Хариуцагч Э.С-, М.Э- нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Худалдаан хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 639 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 13-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Э.С-, М.Э- нар нь барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг 6 сарын дараа буцаан авах нөхцөлтэйгөөр банкинд шилжүүлж, төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг банкинд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох агуулга бүхий хүсэлтийг нэхэмжлэгч Х- ХХК-д гаргажээ. /хх-ийн 14-15-р тал/

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч нарын дээрх хүсэлтийг хүлээн авч, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг банкны нэр дээр шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаснаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дээрх 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэгдсэн байна. /хх-ийн 16-17-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд дээрх байдлаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч Х- ХХК нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х- ХХК нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х- ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх тул УБЕГ-аас ирүүлсэн албан бичигт хөрөнгийн мэдээлэл бүрэн тусгагдаагүй, лавлагаа хуулийн шаардлага хангаагүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол ач холбогдолгүй болно.

 

Иймд дээрх 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.С-, М.Э- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Шүүх хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нарын гэдэг үгийг орхигдуулсан найруулгын шинжтэй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөх алдаа биш тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо орон сууцны үнийн зөрүү 91 117 330 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч Х- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш сунгалт хийгдээгүй гэх боловч анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Улсын бүртгэлийн гэрчилгээнд сунгалт хийгдээгүй гэх гомдлын тухайд хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Х- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хавсралтад ажиллах хугацааны сунгалт болон дүрмийн шинэчилсэн бүртгэлүүд хийгдсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ