Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00760

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр                        Дугаар 102/ШШ2021/00760                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-22, “ЗГ” ХХК-ийн байр “ЗГ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, тоотод оршин байрлах “ЭБ” ХХК-д холбогдох,

 

23,542,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “ЗГ” ХХК болон “ЭБ” ХХК-иуд №18/20-312,313 тоот “Түрээсийн гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр “ЗГ” ХХК нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, бага тойруу, 17 хаягт байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээ, конторын зориулалттай, 3 давхар барилгын дугаар давхарт байрлах, 15м2 талбайтай 312 тоот өрөө, 26м2 талбайтай 313 тоот өрөөг оффисын зориулалтаар, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар “ЭБ” ХХК-д түрээсэлсэн. Бид 2 өрөөний түрээсийг 1 м2 талбайг сарын 25,000 төгрөгөөр тооцсон. Хариуцагч “ЭБ” ХХК нь эхэндээ төлбөрүүдийг гэрээний дагуу төлж байсан ч 2019 оны 3 дугаар сараас эхлээд ямар ч төлбөр хийхээ больсон. Гэрээний зүйл болох 15м2 талбайтай 312 тоот өрөө болон нэг авто зогсоолын төлбөрийн талаар маргаангүй, энэ талаарх асуудал дууссан. Харин 26м2 талбай бүхий 313 тоот өрөө болон авто зогсоол, уг өрөөний интернэтийн төлбөрийг төлөхгүй байгаа учраас бид хариуцагч “ЭБ” ХХК-д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд дараах төлбөрүүдийг хариуцагч “ЭБ” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд:

1/ 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт нийт 14,405,000 төгрөгийг гаргуулна. Нийт 19 сарын хугацаан түрээсийн төлбөрийг хариуцагч огт төлөөгүй байгаа бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.    

2/ 2019 оны 4-10 сар, 2020 оны 5, 6 дугаар сар, нийт 9 сарын авто зогсоолын төлбөрт 720,000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэг сарын авто зогсоолын төлбөр нь 60,000 төгрөг бөгөөд 9 сарын төлбөр нь 720,000 төгрөг болж байгаа. Хариуцагч анх хоёр авто зогсоолтой байсан боловч 312 тоот өрөөг хүлээлгэн өгснөөр нэг авто зогсоолыг гэрээний хугацаанд эзэмшиж байсан. Авто зогсоолыг хүлээлгэн өгөх болон төлбөрийг хэрхэн тооцохыг гэрээний 2.6-д заасан байгаа.   

3/ 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны интернэтийн төлбөрт 570,000 төгрөг нэхэмжилнэ.

4/ Ингээд хариуцагч “ЭБ” ХХК-ийн нийт төлөх ёстой төлбөр 15,695,000 төгрөг бөгөөд уг төлбөрийг огт төлөөгүй явж байгаа. Талуудын байгуулсан гэрээний 2.7-д гүйцэтгээгүй үүргийн төлбөрт 0.2 хувиар алданги төлөх тохиролцоо байгаа. Уг заалтын дагуу 15,695,000 төгрөгөөс бид алданги шаардах эрхтэй. Хуулиар 50 хувиас хэтрэх боломжгүй тул 50 хувь болох 7,847,500 төгрөгийн алдангийг бид хариуцагчаас нэхэмжилж байгаа. Ингээд нийтдээ 23,542,500 төгрөгийг хариуцагч “ЭБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “ЗГ” ХХК-д гаргуулж өгнө үү.

Өмнө шүүх хуралдаанд оролцож байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дээрх байдлаар тодруулан гаргаж байгаа. Ганц нэг тооцооллын алдаа гарсан байх, гэхдээ шүүхэд гаргасан үнийн дүнгээ дээрх байдлаар дэмжээд шүүх хуралдаанд оролцоод явж байна. Хариуцагч тал “...2020 оны 6 дугаар сард өрөөг лацадсан учир үүнээс хойших төлбөрийг төлөхгүй” гэж байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч талын ширээ сандал, компьютер гэх зэрэг эд хөрөнгүүд нь тус өрөөндөө хадгалаастай байгаа, үүнээс шалтгаалаад бид өнөөдрийг хүртэл 313 тоот өрөөг бусдад түрээслүүлэх, өөрсдөө ашиглах боломжгүй байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “ЭБ” ХХК нь нэхэмжлэгч “ЗГ” ХХК-тай хамгийн анх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг гэрээгээ шинэчлээд ахин түрээсийн гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу 312, 313 тоот өрөөнүүдийг нэхэмжлэгчээс түрээслэн авсан ба 312 тоот өрөөг сарын 420,000 төгрөгөөр, 313 тоот өрөөг сарын 650,000 төгрөг байхаар тохирсон. 312 тоот өрөөний төлбөрийг төлөөд дууссан, одоо ямар нэг асуудалгүй. Харин эдийн засгийн хямралаас шалтгаалаад 2019 оны 4 дүгээр сараас эхлээд 313 тоот өрөөний төлбөрийг төлж чадаагүй, эдийн засгийн хямралаас шалтгаалан үйл ажиллагаа доголдсоны улмаас түрээсийн төлбөрөө төлөхөө больсон нь үнэн. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 11,050,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 14,050,00 төгрөгийг төлөөд асуудлыг дуусгавар болгох хүсэл, саналтай байсан. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд бид 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны буюу нийт 15 сарын хугацааны төлбөрт 9,750,000 төгрөгийг л төлнө. Өөр төлбөрийг төлөхгүй, алдангийг хариуцахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч тал 2020 оны 6 дугаар сард 313 тоот өрөөг лацдаад явсан учир уг өрөөнд хариуцагч нь 2020 оны 6 дугаар сараас эхлээд ямар нэг үйл ажиллагаа явуулж чадаагүй, ашиглаагүй. Гэхдээ уг өрөөнд хариуцагч компанийн эд хөрөнгө байгаа тал дээр маргахгүй. Хариуцагч нь гэрээний дагуу сар бүр зогсоол болон интернэтийн зардал төлөхөөр тохирсон. Гэхдээ хэрэгт шинээр ирсэн баримтуудаас үзэхэд талуудын байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад огт бүртгүүлээгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг заавал бүртгэлд бүртгүүлдэг, хэрэв бүртгүүлээгүй бол уг гэрээ нь хүчин төгөлдөр байдаг. Ийм учраас буюу гэрээг бүртгэлд бүртгүүлээгүй учраас авто зогсоол, интернэтийн төлбөрийг төлөхгүй. Тэгээд ч авто зогсоолыг түрээсийн гэрээний дагуу түрээслэгч бүрд үнэгүй өгөх ёстой байсан. Алдангийг мөн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлээ олигтой тайлбарлаж чадахгүй байгаа, мөн алдангаа хаанаас тооцсон, аль үнийн дүнгээс тооцсон эсэх нь ч тодорхой бус байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа тодруулж байна. Тодруулсан тайлбарыг ойлгож байгаа тул шүүх хуралдааныг шууд цааш нь үргэлжлүүлээд явах хүсэлтэй гэжээ.   

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “ЗГ” ХХК болон “ЭБ” ХХК-иуд №18/20-312, 313 тоот “Түрээсийн гэрээ” байгуулжээ.

 

Уг гэрээгээр “ЗГ” ХХК нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, бага тойруу хаягт байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээ, конторын зориулалттай, давхар барилгын дугаар давхарт байрлах, 15м2 талбайтай 312 тоот өрөө, 26м2 талбайтай 313 тоот өрөөг оффисын зориулалтаар, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар “ЭБ” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар, үүний хариуд “ЭБ” ХХК нь 1 м2 талбайг сарын 25,000 төгрөгөөр тооцон төлбөрийг төлөхөөр харилцан тохирчээ. 

 

Түүнчлэн дээрх гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашиглах хугацаанд нэг сарын интернэтийн төлбөрт 30,000 /1-2 ширхэг компьютер/ төгрөг, авто зогсоолын төлбөр сарын 100,000 /2 машин х 50,000/ төгрөг нэмж төлөх тухай “ЗГ” ХХК-ийн гэрээгээр тавьсан саналыг “ЭБ” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан талаар зохигчид маргаангүй байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “ЗГ” ХХК нь хариуцагч “ЭБ” ХХК-д дараах шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт нийт 14,405,000 төгрөг;

2/ 2019 оны 4-10 дугаар сар, 2020 оны 5, 6 дугаар сар, нийт 9 сарын авто зогсоолын төлбөрт 720,000 төгрөг;

3/ 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны интернэтийн төлбөрт 570,000 төгрөг

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч компани 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны 313 тоот өрөөний түрээсийн төлбөр, 2019 оны 4-10 сар, 2020 оны 5, 6 дугаар сар, нийт 9 сарын хугацаанд нэг авто зогсоолын төлбөр, 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны интернэтийн төлбөрийг огт төлөөгүй. Эдгээр төлбөрүүд нь 15,695,000 төгрөг болсон. Иймд уг мөнгийг гэрээгээр тохирсон алданги 7,847,500 төгрөгийн хамт нэхэмжлэх эрхтэй” гэж тайлбарласан. 

 

Харин хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй, зарим төлбөрийн үлдэгдэл байгаа талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл 15 сарын түрээсийн төлбөрт 9,750,000 төгрөг л төлнө. Учир нь түрээслэгч  нь 2020 оны 6 дугаар сард 313 тоот өрөөг лацадсан учир энэ хугацаанаас хойш өрөөг ашиглаагүй. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир гэрээ нь хүчин төгөлдөр бус. Ийм учраас авто зогсоол, интернэтийн төлбөрийг төлөхгүй. Алдангийн тооцоолол тодорхой бус, ойлгомжгүй учраас төлөхгүй” гэсэн агуулгаар тайлбарласан. 

 

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгыг хянаж үзээд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т  түрээсийн гэрээний хэлбэрийг заахдаа бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байгаа бол бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатайг хуульчилсан.

 

Түрээсийн гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, бага тойруу, давхар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын дугаарт “ЗГ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 7/1746 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна. 

 

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №18/20-312, 313 тоот “Түрээсийн гэрээ” нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилга бүхэлдээ бус харин тодорхой хэсэг /2 өрөө/ нь түрээслэгдсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Хариуцагч талаас гэрээний үүргээ буюу төлбөр төлөх үүргээ 2019 оны 4 дүгээр сараас эхлээд биелүүлээгүй талаар маргаагүй, нэхэмжлэгчид 313 тоот өрөөний түрээсийн төлөгдөөгүй төлбөр, интернэт, авто зогсоолын төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна. Харин хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 26м2 талбайтай, 313 тоот өрөөний түрээсийн төлбөр нь нэг сарын 650,000 төгрөг болон төлбөр 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд төлөгдөөгүй талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч дурдсан хугацааны төлбөрт 12,350,000 төгрөгийг /19х650,000/ шаардах эрхтэй.

 

Хэдийгээр хариуцагч татгалзлаа “...2020 оны 6 дугаар сараас хойш ашиглаж чадаагүй тул энэ хугацаанаас хойш гарсан төлбөрийг зөвшөөрөхгүй” гэх боловч компанийн эд зүйлс тухайн 313 тоот өрөөнд байгаа талаар маргаагүй. Иймд 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаагаар түрээсийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэнэ.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Түрээсийн гэрээгээр интернэтийн болон авто зогсоолын төлбөрийг харилцан тохирсон болон зохих төлбөрийг хийгээгүй талаар хийсэн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, тооцооллыг хариуцагч талаас үгүйсгээгүй, харин “...гэрээ хүчин төгөлдөр бус учир зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар татгалзлаа тайлбарласан.

 

Иймд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №18/20-312, 313 тоот “Түрээсийн гэрээ”-ний 2.6-д зааснаар 2019 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар, 2020 оны 5, 6 дугаар сарыг хүртэл хугацаанд авто зогсоолын төлбөр 450,000 төгрөг /9 сар х 50,000 төгрөг/, мөн хугацааны хугацааны интернэтийн төлбөр нь гэрээний 2.5-д зааснаар 450,000 төгрөг /15 сар х 30,000 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов. Нэхэмжлэгчийн зүгээс “...зогсоолын төлбөр 60,000 төгрөг” гэж тайлбарласан хэдий ч энэ нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй учир нэг сарын 50,000 төгрөгөөр тооцсон болно. 

 

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 13,250,000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжлэх эрхтэй гэж шүүхээс үзлээ.   

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг бичгээр байгуулах ёстой.

 

Зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний 2.7-д “Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол түрээслүүлэгч хугацаа хэтэрсэн хуанлийн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар тооцож түрээслэгчээс алданги авна. Энэ нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

 

Хариуцагч “Эко бин” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас түрээсийн төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх учир нэхэмжлэгч талд уг гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх үүссэн байна.

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 3,000,000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “ЭБ” ХХК-иас 16,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЗГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,292,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 275,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭБ” ХХК-иас 239,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЗГ” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                            Н.ХАНГАЛ