Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01098

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01098

 

 

З.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Г ХХК-ийн хариуцагч Э.Б ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 542 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Г ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Б ХХК-тай №18/20-312,313 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, Бага тойруу, 17 хаягт байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээ, конторын зориулалттай, 3 давхар барилгын 3 дугаар давхарт байрлах, 15 м.кв талбай бүхий 312 тоот өрөө, 26 м.кв талбай бүхий 313 тоот өрөөг тус тус оффисын зориулалтаар, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар Э.Б ХХК-д түрээсэлсэн. Бид 2 өрөөний 1 м.кв талбайг сарын 25 000 төгрөгөөр тооцсон. Хариуцагч Э.Б ХХК нь эхэндээ төлбөрүүдийг гэрээний дагуу төлж байсан ч 2019 оны 3 дугаар сараас эхлээд ямар ч төлбөр төлөөгүй. Гэрээний зүйл болох 15 м.кв талбай бүхий 312 тоот өрөө болон нэг авто зогсоолын төлбөрийн талаар маргаангүй, энэ талаарх асуудал дууссан. Хариуцагчаас 26 м.кв талбай бүхий 313 тоот өрөөний 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 14 405 000 төгрөг, 2019 оны 4-10 дугаар сар, 2020 оны 5, 6 дугаар сар, нийт 9 сарын авто зогсоолын төлбөрийг 1 сарын 60 000 төгрөгөөр тооцон нийт 720 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны интернэтийн төлбөрт 570 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Э.Б ХХК-ийн нийт төлөх ёстой төлбөр 15 695 000 төгрөг бөгөөд уг төлбөрийг огт төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 2.7-д гүйцэтгээгүй үүргийн төлбөрт 0.2 хувиар алданги төлөх тохиролцоо байгаа. Уг заалтын дагуу 15 695 000 төгрөгөөс алданги шаардах эрхтэй. Хуулиар алдангийн 50 хувь болох 7 847 500 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Э.Б ХХК-аас нийт 23 542 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тал 2020 оны 6 дугаар сард өрөөг лацадсан учир төлбөрийг төлөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч талын ширээ сандал, компьютер гэх зэрэг эд хөрөнгүүд нь тус өрөөндөө хадгалаастай байгаа, үүнээс шалтгаалаад бид өнөөдрийг хүртэл 313 тоот өрөөг бусдад түрээслүүлэх, өөрсдөө ашиглах боломжгүй байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Б ХХК нь нэхэмжлэгч З.Г ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг гэрээгээ шинэчлээд ахин түрээсийн гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу 312, 313 тоот өрөөнүүдийг нэхэмжлэгчээс түрээслэн авсан ба 312 тоот өрөөг сарын 420 000 төгрөгөөр, 313 тоот өрөөг сарын 650 000 төгрөг байхаар тохирсон. 312 тоот өрөөний төлбөрийг төлөөд дууссан, одоо ямар нэг асуудалгүй. Харин эдийн засгийн хямралаас шалтгаалаад 2019 оны 4 дүгээр сараас эхлээд 313 тоот өрөөний төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны буюу нийт 15 сарын хугацааны төлбөрт 9 750 000 төгрөгийг төлнө. Үүнээс өөр төлбөрийг төлөхгүй, алдангийг хариуцахгүй. Учир нь нэхэмжлэгч тал 2020 оны 6 дугаар сард 313 тоот өрөөг лацдаад явсан учир уг өрөөнд хариуцагч нь ямар нэг үйл ажиллагаа явуулж чадаагүй, ашиглаагүй. Гэхдээ уг өрөөнд хариуцагч компанийн эд хөрөнгө байгаа тал дээр маргахгүй. Хариуцагч нь гэрээний дагуу сар бүр зогсоол болон интернэтийн зардал төлөхөөр тохирсон боловч шинээр ирсэн баримтуудаас үзэхэд талуудын байгуулсан түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг, хэрэв бүртгүүлээгүй бол уг гэрээ нь хүчин төгөлдөр байдаг. Гэрээг бүртгэлд бүртгүүлээгүй учраас авто зогсоол, интернэтийн төлбөрийг төлөхгүй. Үүнээс гадна авто зогсоолыг түрээсийн гэрээний дагуу түрээслэгч бүрд үнэгүй өгөх ёстой байсан. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь алдангийг хэзээнээс аль үнийн дүнгээс тооцсон эсэх нь тодорхой бус байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа тодруулж тайлбарласныг ойлгож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Б ХХК-аас 16 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 292 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 275 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б ХХК-аас 239 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318 дэх хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй гэж дүгнэн хуулийг буруу хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагатай, тухайн хуулийн шаардлагыг биелүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр байдлаа алдана. Өөрөөр хэлбэл гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан бол хууль зүйн хувьд шаардах эрхийг үүсгэнэ. Харин ийнхүү хуульд нийцүүлээгүй бол шаардах эрхийг бүрэн гүйцэд үүсгэж чадахгүй, улмаар хүчин төгөлдөр бус байхад хүрдэг. Энэхүү түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж дүгнэх нь хэтэрхий явцуу, тойм байдлаар тайлбарлаж, хуулийг илт буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдийг үндэслэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагчаас гаргасан тооцооллыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. 2019 оны 4 сараас 2020 оны 6 дугаар cap хүртэл манай компани өрөөг түрээсэлж байгаад нэхэмжлэгчийн тус өрөөг битүүмжилж түрээсийн гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлээгүй талд илт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түрээсийн гэрээний гол ач холбогдол нь тухайн түрээсийн өрөөг ашиглахад байгаа юм. Гэтэл бидний ашиглаагүй сарын түрээс болох 2020 оны 6 дугаар сараас мөн оны 10 дугаар capыг дуусталх 4 сарын түрээсийн төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөх төлбөрийг 10 650 000 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Г ХХК нь хариуцагч Э.Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 23 542 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч 9 750 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 13 792 500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт буй З.Г ХХК, Э.Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18/20-312, 313 дугаартай түрээсийн гэрээ, талуудын тайлбар, түрээсийн төлбөрийн тооцооны баримт, төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журамд нийцжээ. /хх-6-7, 9, 30, 98-99/

Учир нь талууд түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, Бага тойруу 17 хаягт байрлах, үйлдвэрлэл, үйлчилгээ, конторын зориулалттай, 2100 м.кв талбай бүхий 3 давхар барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006523 дугаарт З.Г ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 7/1746 тоот албан бичиг, хавсралт баримтуудаар нотлогджээ. /хх-66-92/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө бүхэлд нь бус, харин түүний тодорхой хэсэг болох барилгын 3 давхрын 312 тоотын 15 м.кв талбайг, 313 тоотын 26 м.кв талбай тус бүрийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд З.Г ХК нь Э.Б ХХК-д түрээслүүлэхээр, түрээслэгч нь 1 м.кв талбайг 25 000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцоод улмаар түрээслэгч Э.Б ХХК нь тус обьектыг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Нэгэнт түрээсийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч З.Г ХК нь хариуцагч Э.Б ХХК-аас 313 тоот өрөөний түрээсийн төлбөр төлөх үүргээ 2019 оны 4 дүгээр сараас эхлэн зөрчсөн гэх үндэслэлээр мөн оны 10 сар хүртэлх хугацааны төлбөрт 14 405 000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагчийн хувьд гэрээний үүргийн зөрчилд маргаагүй, харин 2020 оны 6 дугаар сард өрөөг лацдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон учир 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 9 750 000 төгрөгийг зөвшөөрнө гэж маргажээ.

Талууд гэрээний 4.2.3-т түрээслэгч төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд түрээслүүлэгч нь төлбөрөө барагдуулах хүртэл түрээсийн байранд нэвтрэхийг хориглож, лацдах арга хэмжээ авахаар харилцан тохиролцсон байна. /хх-7/

Хариуцагч Э.Б ХХК 313 тоот өрөөний түрээсийн төлбөрийг төлөөгүйн улмаас 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэгч З.Г ХХК-аас дээрх өрөөг лацадсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-98-99/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан хэрэгт байгаа баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч Э.Б ХХК нь түрээсийн зүйл болох 313 тоот өрөөг 2020 оны 6 дугаар сараас ашиглах боломжгүй болсон үйл баримтын талаар дээр дүгнэсэн. Талуудын гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, уг хугацаанаас хойш 2020 оны 6 дугаар сарыг хүртэл хариуцагч тал түрээсийн зүйлийг ашиглаж байсан үйл баримтын талаар хэн аль нь маргаангүй. Иймээс хариуцагчаас дээрх хугацааны түрээсийн төлбөрийг өөрөөр хэлбэл 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр /26 м.кв х 25 000 төгрөг= 650 000 төгрөг х 14 сар/ 9 750 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 381.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэж байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас автозогсоолын түрээсийн төлбөрийг сарын 60 000 төгрөгөөр тооцон, нийт 9 сарын 750 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны интернэтийн үзүүр ашигласан төлбөрт 570 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх үндэслэлээр төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, гэрээний 2.6-д заасан талуудын тохиролцоог үндэслэн хариуцагчаас автозогсоолын түрээсийн төлбөрт 450 000 төгрөг, интернэтийн үзүүр ашигласан төлбөрийг 450 000 төгрөгийн хэмжээнд тус тус хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Э.Б ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдөр төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх ба гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хуанлийн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар тооцож түрээслэгчээс алданги авахаар, энэ нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар талууд гэрээний 2.7 дах заалтаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсгийн заасанд тус тус нийцжээ. Энэ гэрээний түрээсийн төлбөрийн үүрэгт 312, 313 тоот өрөө болон 2 автомашины зогсоолын төлбөр багтаж байгаа болох нь талуудын гэрээний 2.6 дах заалт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүргийн зөрчил тогтоогдсон учир нэхэмжлэгч тал үүрэг зөрчсөн өдрөөс бичгээр байгуулсан гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны буюу алданги шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссанаас хойшх хугацааны гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцсон, мөн интернэтийн шугамын үзүүр ашигласан зардал нь түрээсийн төлбөрт хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх, хариуцагч талын үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан нөхцөл байдлын талаар гаргасан тайлбар, мөн алдангийг 3 000 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийн заасныг баримтлан хариуцагчаас 3 000 000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00760 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 16 250 000 гэснийг 13 650 000 гэж, 7 292 500 гэснийг 9 892 500 гэж, 2 дах заалтын 239 200 гэснийг 226 200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД