Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 135/2021/00062/И |
Дугаар | 102/ШШ2021/00831 |
Огноо | 2021-03-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2021/00831
2021 оны 03 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/00831 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С дүүрэг, дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, Д 4 дүгээр баг, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт бүртгэлтэй, Б дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоот хаягт түр оршин суух, Т.З,
Хариуцагч: Г.Э нарт холбогдох,
26,753,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь иргэн Т.З болон Г.Эх нартай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн 1070030947 дугаартай гэрээг байгуулж, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар 29,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн. Зээлийн мөнгө 29,000,000 төгрөгийг хариуцагчийн “Хас” банк дахь тоот дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,788,245.98 төгрөг, зээлийн хүүд 2,679,308.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,176.69 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл өгч, шаардлага тавьсан боловч зээл төлөгдөөгүй, хариуцагч нараас зээл төлөх ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Хариуцагч нар гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдэгч Т.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Э нараас үндсэн зээл 23,211,754.02 төгрөг, зээлийн хүү 3,410,762.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,987.92 төгрөг, нийт 26,753,504.44 төгрөгийг шаардаж байна гэжээ.
Хариуцагч Т.З, Г.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ХБ” ХХК-иас зээл авсан. Одоогоор цалингийн зээлийг цаг хугацаанд төлж чадаагүйн улмаас 26,753,504 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Цаашид миний бие 2021 оны 4 дүгээр сард 4,000,000 төгрөгийн төлөлт хийнэ. Мөн эхлүүлсэн ажлаа дуусгаад 2021 оны 8 дугаар сард 4,000,000 төгрөгийн төлөлт хийж, цаашид зээлийн гэрээний хугацаанд төлбөрөө хийж гүйцээхийг хичээх болно гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “ХБ болон хариуцагч Т.З, Г.Э нар №1070030947 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “ХБ нь Т.З, Г.Э нарт 29,000,000 төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлжээ.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “ХБ” ХХК нь хариуцагч Т.З, Г.Э нарт холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,211,754.02 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар хүү 3,410,762.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,987.92 төгрөг, нийт 26,753,504.44 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна” гэж тайлбарласан.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Нэхэмжлэгчийн “...зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн, ...банкны зүгээс зээл төлөх боломжоор хангаж, удаа дараа мэдэгдэж байсан ч төлбөрөө төлөөгүй” гэх тайлбарыг хариуцагч нарын үгүйсгээгүйгээс гадна тэдний зүгээс гэрээний үүрэг зөрчигдсөн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн байна.
Энэ нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №1070030947 тоот зээлийн гэрээний 3.2.1-д “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, 5.1-д “Дараах нөхцөлд зээлдэгч Гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан Гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардана”, 5.1.1-д “зээлдэгч энэ Гэрээгээр ...хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 5.1, 5.1.1-т зааснаар зээлдүүлэгч гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №1070030947 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,211,754.02 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар хүү 3,410,762.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,987.92 төгрөг, нийт 26,753,504.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.З, Г.Э нараас 26,753,504.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 291,717.52 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.З, Г.Э нараас 291,717.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ