Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00073

 

“.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/00260 дугаар магадлалтай,

 “.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.От холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “.....................” ХХК нь хариуцагч Т.От холбогдуулан хууль бус эзэмшлээс ............................................... 97Г байрны 56 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хариуцагч Т.Оийн хууль бус эзэмшлээс ............................................... 97г байшингийн 56 тоот хаягт байрлах 40.70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “.....................” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/00260 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ..............................................., 97г байрны, 56 тоот, 40.70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч Т.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Т.Оээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “............” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “.....................” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023.01.27-ны өдөр “.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаартай шийдвэр нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлж үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Харин эсрэгээрээ давж заалдах шатны шүүх дээрх иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг хуульд заасан журмын дагуу бүхэлд нь хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль журмын дагуу үнэлээгүйгээс болж Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд хариуцагч миний бие гомдолтой байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргахдаа “...зохигчийн тайлбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргийг үндэслэн нэхэмжлэгч “.....................” ХХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан. Хавтаст хэрэгт маргаан бүхий Нийслэлийн ................. 6 тоот хаягт байрлах 40.70 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “.....................” ХХК гэснийг гэрчилж, нотолсон баримт бичиг байхгүй. Тухайн барилгыг барьж, улсын комиссын актаар ашиглалтад оруулсан гэх баримтаар тухайн нэр заасан маргаан бүхий байрны 56 тоот хаягт 40.70 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “.....................” ХХК гэж дүгнэх нь хууль зүйн хувьд буруу юм аа. Өмчлөх эрх ямар тохиолдолд үүсэх бэ гэвэл, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт- “...хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заасан. Тэгвэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн төрлийг нэр зааж зохицуулсан байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрх,...” эд хөрөнгийн улсын бүртгэлийн төрөлд хамаарахаар хуульчилсан байдаг. Иймээс аливаа төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрх гагцхүү бүртгэх байгууллага болох Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Давж заалдах шатны шүүх Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг анхаараагүй байна гэж үзсэн байдаг. Тухайн хуулийн уг зохицуулалт нь эл маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой хуулийн зохицуулалт биш. Харин тухайн хуулийн зохицуулалтынхаа хүрээнд нэхэмжлэгч “.....................” ХХК нь маргаан бүхий байрны анхны өмчлөгчөөр хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, өмчлөх эрхээ олж авсан тохиолдолд Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байх байсан. Гэтэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж маш тодорхой зааж өгсөн.

4.3.Давж заалдах шатны шүүх нэгдүгээрт өмчлөх эрхийн хүрээнд хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн. Хоёрдугаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.О хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаарх эрх зүйн харилцаанд оновчтой дүгнэлтийг хийгээгүй байдаг.

Нэхэмжлэгч “.....................” ХХК нь Монгол улсын иргэн А.Мд дээрх маргаан бүхий орон сууцыг 2018.09.24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хүлээлгэн өгсөн бол иргэн А.М нь ирээдүйд өмчлөх эрх нь тодорхой болох уг эд хөрөнгөө гуравдагч этгээд Т.От гэрээний үндсэн дээр эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн байдаг. Хэдий, “.....................” ХХК нь Монгол улсын иргэн А.М нарын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаанд захиалагч А.М нь гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрх нь хязгаарлагдсан гэлээ уг хязгаарлалтаа зөрчсөн бол гүйцэтгэгч болох “.....................” ХХК нь түүнтэй байгуулсан гэрээ нэг талын санаачлагчаар цуцалж, гэрээний зүйлээ буцаан шаардах зэрэг иргэний хуулийн ерөнхий ангид заасан үүргийн эрх зүйн харилцаагаараа шат дараалан шаардах эрхээ хэрэгжүүлэх, түүний үндсэн дээр гуравдагч этгээд болох хариуцагч Т.От холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасны дагуу эрх зүйн хамгаалалтаа хэрэгжүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх ёстой байсан.

Хариуцагч Т.О нь маргаан бүхий орон сууцыг ямар үндэслэлгүйгээр хууль бусаар эзэмшээгүй харин Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч...” гэдэг нь хэрэгт авагдсан төрөл бүхий нь эрх зүйн харилцаа үүсгэсэн гэрээнүүд, гэрээний дагуу зохих этгээд нар луу төлбөр шилжүүлж байсан талаарх бичгийн баримтууд зэргээр хөдөлшгүй нотлогдог болно.

Иймд, хяналтын шатны шүүх маань “.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлөхийг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, шийдвэрлэж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргаж байна. Бусдаас хууль болон гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшлийг шилжүүлэн авсан Монгол улсын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул энэхүү асуудлыг авч үзэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна аа. Иймд, гомдлыг минь хүлээн авч, хэлэлцэж өгнө үү.

5.Хариуцагч Т.Оийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.06-ны өдрийн 001/ШХТ2023/00356 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч “.....................” ХХК нь хариуцагч Т.От холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “.................................................. 97Г байрны 56 тоот орон сууцыг А.Мд 85,470,000 төгрөгөөр худалдахаар 2018.09.24-ний өдөр гэрээ байгуулж урьдчилгаанд 25,641,000 төгрөгийг авсан, үлдэх 59,829,000 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэй 2020.09.24-ний өдөр хүртэл графикийн дагуу төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон боловч үүргээ зөрчсөн, А.М орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаалах эрхгүй байхад Т.О худалдан авч хууль бусаар амьдарч байна.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...“...............” ХХК-тай 2018.10.30-ны өдөр гэрээ байгуулан, орон сууцыг худалдан авсан. Гэрээний үүргээ биелүүлж байрны төлбөрийг төлж дуусгасан. Нэхэмжлэгч нь намайг тухайн байранд амьдарч байгааг эртнээс мэддэг, тус компанитай тохиролцож байрны төлбөрийг данс руу шилжүүлдэг байсан, одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Шударга эзэмшигч гэх ойлголтод өөрийн эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан этгээдийг хамааруулж болно, хариуцагч Т.О нь өөрийн эзэмшлийг хууль бус болохыг мэдэх боломжгүй байсан тул шударга эзэмшигч гэж үзнэ, мөн нэхэмжлэгч “.....................” ХХК нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Улсын комиссын актаар өмчлөх эрхийг тодорхойлох нь хуульд нийцэхгүй” гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, “.....................” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...Улсын комиссын актаар өмчлөх эрхийг тодорхойлох нь хуульд нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг анхаараагүй байна, нэхэмжлэгч “.....................” ХХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ. Нэхэмжлэгчээс орон сууц худалдан авсан А.М нь орон сууцны үнийг бүрэн төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, иймээс хариуцагч Т.Оийн хувьд эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авсан гэж үзэхээр байна. Уг нөхцөл байдалд өмчлөгч буюу нэхэмжлэгч “.....................” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж тайлбарлажээ.

9.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрөөр үнэлж, улмаар маргааны үйл баримтыг Иргэний хуулиар тодорхойлсон эрх зүйн 2 өөр ойлголтод хамааруулж, зөрүүтэй шийдлийг гаргасан байна.

10.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

10.1.Хэргийн баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй ............................................... 97Г байрны 56 тоот орон сууцыг “.....................” ХХК-аас А.М 2018.09.24-ний өдрийн гэрээний дагуу 85,470,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 25,641,000 төгрөг төлж, үлдэх 59,829,000 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүгийн хамт 2020.09.24-ний өдрийн дотор хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцож эзэмшилдээ авсан, энэ хугацаанд орон сууцны үнэд нийт 38,048,675 төгрөг төлсөн, үүний дараа А.М нь өөрийн “...............” ХХК-ийн нэрээр Т.Отэй санхүүгийн түрээсийн гэрээг 2018.10.30-ны өдөр байгуулж уг орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Т.О нь 2018.10.30-ны өдрөөс 2019.07.18-ны өдөр хүртэл орон сууцны төлбөрт 66,415,799 төгрөгийг “...............” ХХК-ийн дансанд, үүнээс 44,029,799 төгрөгийг 97Д байрны 106 тоотын, 22,386,000 төгрөгийг 97Д байрны 56 тоот гэсэн утгаар, 2019.10.14-ний өдрөөс 2020.08.12-ны өдөр хүртэл нийт 27,382,000 төгрөгийг “.....................” ХХК-ийн дансанд 97Д байрны 56, 97Г байрны 56 тоот утгаар тус тус шилжүүлсэн байна.

Хариуцагч Т.О нь “...............” ХХК болон “.....................” ХХК-д мөнгө шилжүүлсэн үндэслэлээ, “...“...............” ХХК-ийн захирал А.Мгаас 97Д байрны 1 өрөө 106 тоотыг худалдан авахаар гэрээ байгуулж үнийг төлж байгаад 97Г байрны 56 тоот 2 өрөө орон сууц болгож томруулж, өмнө төлсөн мөнгөө суутгаж, үлдэх төлбөр төлж байсан, хожим нь 97Г байрны 56 тоотыг А.М “.....................” ХХК-аас худалдаж авсныг мэдэж, “.....................” ХХК орон сууцыг надад шилжүүлэхээр болсон тул үлдэх төлбөрийг тус компанид төлсөн, харин 97Г байрны 56 тоотыг андуурч 97Д байрны 56 тоот гэж бичсэн байна...” гэсэн тайлбарыг гаргажээ.

10.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг заажээ.

Дээрх зохицуулалтыг үндэслэл болгож шаардах эрх хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдэх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмчлөгч бус гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад тулгуурласан байна.

Харин хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйгээр хариуцагчийн эзэмшлийг анхан шатны шүүх хууль ёсны гэж, давж заалдах шатны шүүх хууль бус гэж тус тус дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

10.3.Маргаан бүхий 97Г байрны 56 тоот орон сууцны үнийн зохих хэсгийг А.М гэрээний дагуу “.....................” ХХК-д төлсөн нь тогтоогдсон. Мөн хариуцагч Т.О “...............” ХХК болон “.....................” ХХК-д орон сууцны үнэ төлсөн баримтууд байх бөгөөд эдгээр төлбөрүүд нь бүхэлдээ 97Г байрны 56 тоотын төлбөр гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шүүх тодруулаагүй, улмаар А.М нь “.....................” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Т.От шилжүүлсэн, үүнийг нэхэмжлэгч мэдэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийхгүйгээр түүний эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйл тодорхой бусаас хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 90, 93, 106 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй гэж дүгнэв.

11.Дээр дурдсанаар хяналтын шатны шүүхээс “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.О хууль бусаар эзэмшиж байгаа эсэхийг зөв дүгнээгүй...” гэх гомдол үндэслэлтэй, харин хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/00260 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Оийн 2023.02.16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД