Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1674

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б О М” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121 903 885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргабан тайлбартаа: Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б О М” ХХК, хуучнаар “А д м с” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/32 тоот Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээг байгуулан бараа нийлүүлж ажилласан. Нэхэмжлэгч бараануудыг бараа хүлээн авсан баримтуудаар хариуцагч талд хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн баталгааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч 121 903 885 төгрөгийн өглөг, авлагатайг харилцан баталсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэр гарахаас өмнө шилжүүлсэн байсан бараа, материалын баримтууд нь санхүүд хожим бүртгэгдсэн тул санхүүд бүртгэгдсэн огноогоор огноолсон, шүүхэд нэхэмжлэл гаргасны хойно шийдвэр гарахаас өмнө хийсэн тооллогын дүнгээр дутсан бараа учир 2017 оны 07 дугаар сары 04-ний өдрийн нэхэмжлэлд энэ дүн ороогүй.

Хариуцагч нь энэ барааны төлбөрөөс төлөлт огт хийгээгүй, нэхэмжлэгч барааг гэрээ болон харилцан тохиролцсоны дагуу баримтаар нийлүүлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд барааны төлбөр 121 903 885 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас барааны төлбөрийг гаргуулж өгнө үү. Энэ бараа нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө шилжүүлсэн боловч хожим тооцоо нийлсэн актаар илэрсэн учир шүүхийн шийдвэрлэсэн маргаанд хамаарахгүй гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 тоот Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр шийдсэн. Харин үүнээс хойш ямар ч бараа хүлээн аваагүй, нэхэмжлэгч ч шилжүүлээгүй тул нэмж мөнгө нэхэмжлэх эрхгүй. Бараа хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримтуудын дагуу ямар 1 бараа материал аваагүй, гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бараа нийлүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний хугацаа дууссан, шүүх энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр үүрэг дуусгавар болсон тул хэдийд, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй зарлагын падаанаар үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан “Б О М” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121 903 885 төгрөг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01308 дугаар шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээний хугацаанд түр байршлаар буюу контейнерт бараануудыг байрлуулж, ашигласан хэмжээгээр нь тооллого, тооцоо хийхээр харилцан тохиролцож “Бараа хүлээлцэх акт”-уудаар хүлээлгэн өгч, хариуцагч бараануудыг хүлээн авч, ашигласан. Түр байршлын бараануудыг хэрэглэсэн хэмжээгээр нь тооллого хийж зарлагын баримт үйлдэж, санхүүгийн программд бүртгэснээр эхлээд 380 285 515 төгрөгийн тооцоо нийлж акт үйлдсэн. Уг тооцоо нийлсэн акт үйлдсэн ч барааны үлдэгдэл контейнерт үлдсэн. Контейнерт үлдсэн үлдэгдэл барааг хэрэглээгүй байсан тул тооллого хийж, тооцоо нийлсэн акт (121,903,885 төгрөгийн акт) үйлдээгүй байсан.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаартай шийдвэр гарахаас өмнө буюу нэхэмжлэл гаргах үед үлдэгдэл бараагаа авахыг хүсэхэд уурхай ажиллахгүй байгаа контейнерыг лацадсан одоогоор өгөх боломжгүй гээд нэг жил гаруй өгөөгүй. 2017 оны 08 сард үлдэгдэл бараандаа тооллого хийж 15-ны өдөр зарлагын баримт үйлдэж талууд бараа баримтуудыг эцсийн байдлаар санхүүгийн бүртгэлд бүртгэснээр тооцоо нийлсэн акт үйлдэж 121 903 885 төгрөгийн өглөг, авлагатайг баталгаажуулж гарын үсэг, тамга дарсан. Эдгээр баримтууд нь өмнөх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар 380 285 515 төгрөг олгох шийдвэрт ороогүй, өмнөх нотлох баримтуудад ороогүй, нэхэмжлэгдээгүй болно. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж ажиллаагүй авсан бараагаа аваагүй гэж хэлнэ, тооцоо нийлээд 2 талын нягтлан бодогч нар баталгаажуулаад тамга дарсан байхад төлбөрөө хугацаандаа төлөхгүй өнөөдрийг хүргэж байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн худалдааны менежерүүд шууд өгсөн бараандаа зарлагын баримт үйлдэж, түр байршлаар өгсөн авсан зүйлээ тооллого хийж, зарлагын баримт үйлдэж 2 талын нягтлан бодогчоор санхүүд бүртгүүлж, эхний 380 285 515 төгрөгийн тооцоо нийлсэн акт болон сүүлийн 121 903 885 төгрөгийн тооцоо нийлсэн актууд үйлдэгдэж, тус тусад нь зарлагын баримтууд үйлдэж, санхүүгийн бүртгэлийн дагуу 2 тал бүртгэж үйлдэн харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

Иймээс 121 903 885 төгрөгийн барааны төлбөр нь өмнөх шийдвэрт ороогүй тусдаа баримт, тооцоо нийлсэн акттай байхад өмнөх шийдвэрт орсон мэтээр худал ярихыг нь сонсох, бараагаа өгч авалцан, ашиглаж хэрэглэсэн зүйлийг баримтжуулаад байхад хэрэглээгүй аваагүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөн анх шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б О М” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121 903 885 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сараас хойш бараа материал огт аваагүй, энэ гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүх урьд нь шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК болон “А д м с” ХХК-ууд нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр МЕ-Б00/14/32 тоот Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах нэртэй гэрээг 24 сарын хугацаатайгаар байгуулж, гэрээгээр нийлүүлэгч буюу нэхэмжлэгч нь стандарт, чанарын шаардлага хангасан доголдолгүй өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийг нийлүүлэх, худалдан авагч “А д м с” ХХК нь нийлүүлэгчээс сар бүрийн 5-ны дотор сарын эцсийн тооллогын дүнгээр гарсан хэрэглэсэн бараа материалын үнийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлбөрийг дансаар шилжүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 5-7 дугаар тал/

 

Худалдан авагч “А д м с” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр оноосон нэрээ “Б О М” ХХК болгон өөрчилснийг мөн өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх тул шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний хооронд 10 удаагийн нийлүүлэлтээр урьдчилан байршуулсан бараа материалаас 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тооллогоор 114 нэр төрлийн 100 033 245.31 төгрөгийн бараа материалыг нэмж тоолсон, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 966 920 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 18 903 720 төгрөгийн тосны худалдан авалт нэмж хийсэн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “Б О М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-Б00/14/31 тоот худалдах, худалдан авах, МЕ-Б00/14/32 тоот Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүрэгт 380 285 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 50 000 000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр 330 282 515 төгрөгийг хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 26-28 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд талуудын 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондын тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчаас 330 282 515 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийн нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй буюу шийдвэрлэгдээгүй үлдсэн, тухайн гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байх ба 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээс хойш буюу 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өгч авсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтийг үндэслэн 121 903 885 төгрөгөөр тооцоо нийлсэн баримт үйлджээ. Өөрөөр хэлбэл, талуудын нягтлан бодогч нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэнээс үзэхэд уг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 12 дугаар тал/

 

Иймд талуудын хоорондын дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас 118 936 965 төгрөгийг шаардах эрхтэй. Харин 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2 966 920 төгрөгийн тооцоо нь 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн хугацаанд хамаарч байх тул өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн үнийн дүнд багтсан гэж үзэх үндэслэлтэй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 121 903 885 төгрөг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн буюу 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоонд орсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарыг гаргасан боловч татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б О М” ХХК-аас 118 936 965 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 2 966 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 752 634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                       

                                                                                          С.ЭНХТӨР