Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01914

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01308 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1674 дугаар магадлалтай,

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

БОМ ХХК-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 121.903.885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БОМ ХХК буюу хуучнаар АДМС ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/32 тоот Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээг байгуулан бараа нийлүүлж ажиллаж байсан. Нэхэмжлэгч бараануудыг бараа хүлээн авсан баримтуудаар хариуцагч талд хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн баталгааг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч 121.903.885 төгрөгийн өглөг, авлагатайг харилцан баталсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэр гарахаас өмнө шилжүүлсэн байсан бараа, материалын баримтууд нь санхүүд хожим бүртгэгдсэн тул санхүүд бүртгэгдсэн огноогоор огноолсон, шүүхэд нэхэмжлэл гаргасны хойно шийдвэр гарахаас өмнө хийсэн тооллогын дүнгээр дутсан бараа учир 2017 оны 7 дугаар сары 04-ний өдрийн нэхэмжлэлд энэ дүн ороогүй. Хариуцагч нь энэ барааны төлбөрөөс төлөлт огт хийгээгүй, нэхэмжлэгч барааг гэрээ болон харилцан тохиролцсоны дагуу баримтаар нийлүүлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд барааны төлбөр 121.903.885 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас барааны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БОМ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талууд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 тоот Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр шийдсэн. Харин үүнээс хойш ямар ч бараа хүлээн аваагүй, нэхэмжлэгч ч шилжүүлээгүй тул нэмж мөнгө нэхэмжлэх эрхгүй. Бараа хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримтуудын дагуу бараа материал аваагүй, гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бараа нийлүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний хугацаа дууссан, шүүх энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр үүрэг дуусгавар болсон тул хэдийд, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй зарлагын падаанаар үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01308 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан БОМ ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121.903.885 төгрөг гаргуулахыг хүссэн М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1674 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БОМ ХХК-аас 118.936.965 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 2.966.920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас 752.634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767.470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Талууд гэрээ байгуулсан байгуулаагүй гэх талаар маргаагүй, 2014 оны 6 сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/32 дугаартай “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулан хамтран ажилласан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч тал хариуцагч талын хэрэгцээ шаардлага гаргах тухай бүрд нь холбох хэрэгсэл, шлангийг нийлүүлж ажилласан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 6 сарын 02-ны өдөр дууссан бөгөөд 2016 оны 11 сарын 17-ны өдөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар М ХХК нь шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байдаг. Талууд энэ тал дээр маргаагүй, нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэж дүгнэсэн үйл баримт байгаа. Шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт буюу талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, шүүхийн шийдвэр гарсан, төлбөр тооцоогоо барагдуулаагүй байхад 2017 оны 8 сарын 15-ны өдөр дахин шланг, холбох хэрэгсэл нийлүүлсэн гэх тайлбар нь эргэлзээтэй, бараа материал захиалсан, хүлээн авсан үйл баримт байхгүй байхад үнэхээр нотлох баримтыг эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тооцоо нийлсэн акт нь 2017 оны 6 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдрийн хооронд өгч авалцсан зүйлээ тооцон тооцоо нийлсэн байгаа нь илт бодит байдалд нийцээгүй, дүр үзүүлэн үйлдсэн акт болох нь илэрхий байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүхийн шүүгчийн асуусан удаа дараагийн асуултад хариулахдаа 2017 онд ямар ч бараа материал нийлүүлээгүй гэж хэлсэн байдаг бөгөөд бараа материал нийлүүлсэн гэдгээ баримтаар нотлож чадаагүй. Тооцоо нийлсэн гэх актад цаг хугацааны хувьд алдаатай буюу 2015 оны 6 сарын 22-ны өдөр, 2016 оны 5 сарын 10-ны өдрийн зарлагын баримтын дүнг оруулан тооцсон байгаа нь эргэлзээтэй баримт болохыг харуулж байна. Мөн давж заалдах шатны шүүх “Харин 2015 оны 6 сарын 22-ны өдрийн 2.966.920 төгрөгийн тооцоо нь өмнөх тооцоо нийлсэн актад хамаарч байх тул өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн үнийн дүнд багтсан гэж үзэх үндэслэлтэй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэсэн нь тооцоо нийлсэн актыг үнэн зөв, эргэлзээгүй баримт биш гэдгийг нотлож байна. Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь 2017 оны 6 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд ямар ч бараа материал нийлүүлээгүй, хүлээн аваагүй болох талаар удаа дараа шүүхэд тайлбарласан, мөн бараа захиалсан, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан ямар ч баримт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч нь татгалзалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ. 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 814 дугаартай магадлалд "Нотлох үүргийн хувиарлалтын хувьд барааг нийлүүлсэн гэж үзэж байгаа тал, барааг нийлүүлсэн, үнийг төлүүлж аваагүй байгаа байдлаа нотлох үүрэгтэй” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотлохын тулд нотлох баримт гарган өгөх талаар давж заалдах шатны шүүх өмнө нь дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгч талаас шүүхэд дахин гадаад хэлээр үйлдсэн баримтуудыг гарган өгсөн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс удаа дараа гарган өгсөн гадаад хэл дээрх баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь зөв шийдвэр байсан. Гэтэл 2018 оны 7 сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүх 2017 оны 8 сарын 15-ны өдөр бараа материал хүлээн авсан гэдгийг ямар баримтад тулгуурлан дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хариуцагч барааны төлбөрөөс огт хийгээгүй, нэхэмжлэгч барааг гэрээ болон харилцан тохиролцсоны дагуу баримтаар нийлүүлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан...” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан байдаг. 2017 онд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хандан гэрээний 3 дугаар зүйлд заасанчлан ямар нэгэн захиалга өгөөгүй байхад чухам ямар үндэслэлээр ямар бараа материал нийлүүлсэн гэдэг нь тодорхойгүй байна. Талууд гэрээний 2 дугаар зүйлд заасанчлан сэлбэг материал хүлээлцсэн акт үйлдэх ёстой байна. Гэвч 2017 онд ямар ч захиалга өгөөгүй учраас ямар нэгэн акт үйлдэгдээгүй, бараа материал хүлээн аваагүй. Иймээс дан ганц гадаад хэл дээр үйлдэгдсэн зарлагын падаанаар бараа хүлээлгэн өгсөн гэж үзэх нь хууль ёсонд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь төрийн албан ёсны хэл болох Монгол хэл дээр явагдах учиртай. Мөн Монгол хэл дээр үйлдэгдсэн, эсхүл гадаад хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлж орчуулсан нотариатын баталгаатай баримтыг нотлох баримтаар шинжлэн судлах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол хэл дээр үйлдэгдээгүй, яг ямар бараа материал нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 40 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчин үнэлсэн нь шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М ХХК нь БОМ ХХК-с нийлүүлсэн барааны үнэ 121.903.885 төгрөг шаардаж, нэхэмжлэлийн үндэслэл болгож, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/32 тоот худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2.966.920 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.903.720 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн баримт, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100.033.245.31 төгрөгийн тооллогын баримт, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар  гаргажээ.

БОМ ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...гэрээний үүргийн биелэлтээс үүссэн  маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, гэрээний хугацаа дуусгавар болсон, дахин нийлүүлэлт хийгдээгүй...” гэж маргасан байна.

Зохигчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан МЕ-БОО/14/32 тоот гэрээгээр  М ХХК нь  БОМ ХХК-д өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх үүрэг, хариуцагч худалдан авсан барааны үнийг  төлөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг  хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

1.Анхан шатны шүүх, “...гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж, шүүх уг шаардлагыг эцэслэн шийдвэрлэснээр зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон... нэхэмжлэгч уг гэрээний зарим хэсгийг хэсэгчлэн шаардах эрхгүй, ...учир нь, ...нэг мөр ...эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар ...шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүйгээс ...зарим хэсгийг шаардсан нь шаардаагүй үлдсэн хэсгээс татгалзаж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн хорьдугаар бүлэгт үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг зохицуулсан ба үүнд: үүрэг гүйцэтгэснээр, хадгалалтад шилжүүлснээр, харилцан шаардлага бүхий үүргийг тооцож, өрийг хүчингүй болгосноор тус тус үүрэг дуусгавар болохоос гадна  мөн үүрэг дуусгавар болох бусад хэд хэдэн үндэслэлийг хууль тогтоогч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д хамааруулсны дотор 240.1.5-д “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл”-ээр үүрэг дуусгавар болохыг  заасан байна.

Шүүх өмнө нь зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэснээр тухайн гэрээтэй холбоотой үүргийн харилцаа дуусгавар болж цаашид уг гэрээнээс аливаа эрх, үүрэг, хариуцлага бий болж, үр дагавар үүсэхгүй  боловч, нэхэмжлэлээр шаардсан үнэ нь гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд нийлүүлсэн барааны үнэ төлөхтэй  холбоотой байгааг  шүүх анхаараагүйгээс гадна нэхэмжлэлийг өмнөх нэхэмжлэлтэй хамт гаргаагүйг  шаардлагаасаа татгалзсан гэж үзсэн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 121.903.885 төгрөгийн шаардлагыг урьд нь гаргаагүй шалтгаанаа, шүүхийн шийдвэр гаргахаас өмнө шилжүүлсэн бараа, материалын баримтууд санхүүд хожим бүртгэгдсэн тул санхүүд бүртгэгдсэн огноогоор огноолж, төлөлт хийгдээгүй барааг хоёр тал харилцан тохиролцсоны дагуу баримтаар нийлүүлж, тооцооны актаар  баталгаажуулсан гэж тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй гэж үзэв.

2.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт шаардсан зохигчийн хооронд үүссэн маргааныг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэдий ч уг шийдвэрээр барааны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр гарсны дараа 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.966.920 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18.903.720 төгрөгийн нийлүүлсэн барааны үнэ, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн талуудын хийсэн тооллогоор 110.033.245.31 төгрөгийн барааны үнэ өмнөх тооцоонд ороогүйг талууд зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 компанийн төлөөлөгч нийт 121.903.885 төгрөгийн өглөг, авлагатайг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2.966.920 төгрөгийн барааны үнэ өмнөх шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1674 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 767.470 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ