Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 2020           07             07                                          2020/ДШМ/891                                                                      №  Т  M № 546                                  МАЛАЛ

Ө.Г-д холбогдох                      

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Баттуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/883 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г-гийн өмгөөлөгч Б.Баттуяа, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Г-д холбогдох эрүүгийн 1908053560028 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Ө-ын Г, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хамбын 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн.

Ө.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-ийг хардалтын улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудалд “Өөр залуутай утсаар ярилаа” гэх шалтгаанаар хоолойг нь боомилж, алгадаж зодсон, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод Э.О-ийг гэрт цохиж зодсон, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоот гэртээ элгэдэж, тэлээгээр ороолгож, байнга зодож, заналхийлэн, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг,

2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчим Хан-Уул дүүгийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын автомашины зогсоолоос хохирогч Э.О-ийг 34-36 УБП улсын дугаартай автомашинд суулган авч явахдаа “Утсаа авсангүй, богино юбка өмслөө, надад худал ярьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар олон удаа цохиж, мөргөөд, гарыг нь хүлж, 2 удаа боомилж ухаан алдуулан онц харгис, хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоот Г.Нарантуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дарс, чинжаал хутга хулгайлан 107,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ө.Г-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож заналхийлэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдүүлж, цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD”-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ө.Г-гийн өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинжийг байнга үйлдсэн байхаар хуульчилсан. Эрүүгийн эрх зүйн онол, практикт байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд 3 болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байдлыг авч үздэг. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл нь 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хүлээгээгүй байхыг ойлгоно. 2018 оны 12 дугаар сарын 22, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны үйлдлүүд нь тооны хувьд давтамжийг агуулж байгаа хэдий ч, хоорондын хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Мөн “2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг зодоогүй, өмдний тэлээ шидсэн” гэсэн Э.О-ийн мэдүүлэг байхад зодсон болгож, зөвхөн яллах талыг барьж, асуудалд шударгаар хандаагүй.

Э.О-ийн ээж Г.Нарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1 дүгээр гудамж, 12 тоотод Ө.Г-гийн гэрийн бүргэд хаалгыг төмрөөр хөшиж эвдсэн, цонх хагалсан, хашаанд байсан Н.Өнөрбатын портер автомашины цонхыг хагалсан байхад Н.Өнөрбат, Б.Алтанцэцэг нарыг нэхэмжлэгчээр тогтоогоогүй.

Ө.Г-д гэр бүлийн хамаарал бүхий Э.О-ийн ээж Г.Нарантуяагийн гэрийн түлхүүр байсан, орж гардаг учраас 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдөр гэрт нь орж өөрийн худалдаж авсан архийг чинжаал хутгын хамт авч явсан нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй. Иймд шүүгдэгч Ө.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ө.Г- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн. Уг ял биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх ёстой байтал орхигдуулсан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ө.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Ө.Г- өмнө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэний учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлжээ. /1-р хх 157-160/

Тэрээр дээрх ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/2031 тоот албан бичгээр ирүүлсэн “... Өнөрбатын Ганцолмон /ЗВ98122219/-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай гэх 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын гүйцэтгэх баримт бичиг тус газрын цахим бүртгэлийн санд байхгүй байна” гэсэн тодорхойлолт /1-р хх 162/, шүүхийн гүйцэтгэх хуудас /1-р хх 246/, шүүгдэгчийн мэдүүлэг тайлбар зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглээгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.   

Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Ө.Г-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үйлдлийг прокурор, шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга гэсэн шинжид хамааруулаагүй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд байнга давтагдсан нөхцөлд зарим нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн эсэхийг үл харгалзах ба бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн нийлэмжээр гэмт хэрэгт тооцогддог онцлогтой тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн, хүлээгээгүй үйлдлүүдийг бүхэлд нь авч үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан нь хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шийтгэсэн тохиолдолд дахин тухайн хэргийг шүүхээр хэлэлцэн ял шийтгэхээс хамгаалсан агуулгатай ойлголт бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нь эрүүгийн хариуцлагыг давхардуулан хэрэглэхгүй байх шударга ёсны зарчмыг зөрчихгүй болохыг цаашид анхаарвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/883 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ө.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ          

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН