Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 883

 

105/2020/0845/Э

 

                                                                                             

 

 

 

 

2020          05      12                                      2020/ШЦТ/883

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч Р.Очирсүрэн,

 хохирогч Э.О,

 шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2604/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гд холбогдох эрүүгийн 1908 05356 0028 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө.Г, Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн “Говь-Угтаал” суманд төрсөн,  22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цэргийн цагдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд

- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

- 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, /РД:ЗВ98122219/,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1. Шүүгдэгч Ө.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Оийг байнга бусадтай хардах шалтгааны улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудалд “өөр залуутай утсаар ярьлаа” гэх шалтгаанаар гарынхаа шуу хэсгээр хоолойг нь боож, нүүрэн тус газар нь 1-2 удаа алгадаж зодсон;

2. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод байрлах Э.Оийн гэрт түүнтэй маргалдан, баруун мөрний тус газар цохисон;

3. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоот хашаанд байрлах байшинд Э.Оийг “гэртээ харьмаар байна, одоо явъя” гэж гуйхад түүний элгэн тус газар нь 1 удаа цохиж, “намайг хуурсан, худал хэлсэн” гэх шалтгаанаар зүүн гар, нуруу хэсэгт нь өмдний тэлээгээр ороолгож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Оийг байнга зодож, заналхийлэн, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, тарчлаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн;

4. 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын зүүн талын зам дээр 34-36 УБП улсын дугаартай, “Приус” маркийн автомашинд Э.Оийг суулган авч явж “гар утсаа залгахад авсангүй, богино юбка өмслөө, надад худал ярьлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж, гарыг нь өөрийн өмсөж явсан пүүзний үдээсээр хүлж, хоолойг нь хоёр удаа боон ухаан алдуулан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис, хэрцгийгээр цохиж, зодон эрүүл мэндэд нь “дух, хүзүү, зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

5. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод байрлах иргэн Г.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, гэрээс нь виски архи, чинжаал хутга зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 107,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Оийг байнга бусадтай хардах шалтгааны улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудалд “өөр залуутай утсаар ярьлаа” гэх шалтгаанаар гарынхаа шуу хэсгээр хоолойг нь боож, нүүрэн тус газар нь 1-2 удаа алгадаж зодсон, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод байрлах Э.Оийн гэрт түүнтэй маргалдан, баруун мөрний тус газар цохисон, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Сонгинхайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоот хашаанд байрлах байшинд Э.Оийг “гэртээ харьмаар байна одоо явъя” гэж гуйхад түүний элгэн тус газар нь 1 удаа цохиж, “намайг хуурсан, худал хэлсэн” гэх шалтгаанаар зүүн гар, нуруу хэсэгт нь өмдний тэлээгээр ороолгож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Оийг байнга зодож, заналхийлэн, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа-2” хороололын зүүн талын зам дээр 34-36 УБП улсын дугаартай, “Приус” маркийн автомашинд Э.Оийг суулган авч явж “гар утсаа залгахад авсангүй, богино юбка өмслөө, надад худал ярьлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж, гарыг нь өөрийн өмсөж явсан пүүзний үдээсээр хүлж, хоолойг нь хоёр удаа боон ухаан алдуулан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис, хэрцгийгээр цохиж, зодон эрүүл мэндэд нь “дух, хүзүү, зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод байрлах иргэн Г.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, гэрээс нь виски архи, чинжаал хутга зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 107,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Г гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ггийн өгсөн: “...Мөрдөгч хөтөлж мэдүүлэг авсан, хууль зүйн мэдлэггүй учраас хэргээ хүлээсэн. Зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2 үерхээд 2 жил болж байна. “Ээж” гэсэн дугаарыг гар утсан дээрээ хадгалсан байсан. Гэтэл өмнө хамт амьдарч байсан нөхрийнхөө дугаарыг “Ээж” гэж хадгалсан байсныг мэдсэн. Би тэгээд хардсан, зодсон, бачуураад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Харин би хүзүүг нь боогоогүй, утсаар заналхийлж байгаагүй. ...Тэдний гэрээр ээжид нь мэдэгдэхгүйгээр орж гардаг байсан. ...” гэх мэдүүлэг[1];

1) Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Оийг байнга зодож, харгис хэргий харьцан, догшин авирлаж, тарчлаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт:

 

1.1.Хохирогч Э.Оийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ө.Ггийн төрсөн өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудалд болсон. Ө.Г бид хоёр буудалд байж байхад над руу манай ажлын залуу залгаад надтай ярихад Ө.Г уурлаж, намайг хардаад миний нүүр рүү 1-2 удаа алгадаж, гарынхаа шуу хэсгээр миний хоолойг боож, амьсгал давчдуулж байсан. Уг асуудлыг би өөр хүнд хэлээгүй. Мөн 2019 оны 09 дүгээр сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна, манай гэр болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118-95 тоотод гэр рүү дайрч орж ирээд зодож байсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоот хашааны гадаа Ө.Г гэдэс рүү нэг удаа өвдөглөөд би газар унахад Ө.Г миний цамцны захаас гараараа бариад дээш татаж, хоолой шахагдаад би босоод түүнээс салаад явсан. Энэ бүгдийг тэвчээд цагдаад хандаж байгаагүй. Анх удаа  2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зодсон үйлдэлд нь өргөдөл гаргаад шүүх эмнэлэгт үзүүлээд ил харагдах гэмтэл шарх сорвигүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр өргөдлийг хаасан. Миний бие тухайн үедээ дахиж энэ хүнтэй уулзахгүй гэж бодоод гомдол санал гаргаагүй юм. Цагдаад хандсанаас хойш над руу удаа дараалан залгадаг, мессеж бичиж байсан би гар утсаа авдаггүй, хариу өгдөггүй байсан. 2019 оны 07 дугаар сард 1 удаа уулзахад надаас уучлалт гуйж дахиж чамд гар хүрэхгүй гэх мэтээр гуйгаад уулзаж байлдаа гээд байсан. 2019 оны  09 дүгээр сарын эхээр намайг фэйсбүүкээр эрэгтэй хүнтэй найз боллоо гэж  хардсан..., “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө гэгээ орохоор сэрээд Ө.Ггоос одоо явье тэгэх үү? гэж гуйтал явуулахгүй гээд элгэн тус газар 1 удаа цохисон. Ингээ чи надад худлаа хэлсэн, хуурсан гээд уурлаад эхэлсэн. Би явъя гэж хэлтэл “үгүй, чиний ээж жаахан зовог” гэж хэлсэн. Тэгснээ уучлалт гуйгаад би чамайг арай хэтрүүлчлээ гэж хэлснээ дахиж уурлаад гэрийн тавиур дээр байсан бүсээрээ намайг 2 удаа ороолгоод “за за  одоо би боллоо” гэж хэлээд “чи одоо яв, хэрэв цагдаад хандана гэвэл чи сайн бодоорой дараа хоёулаа уулзах нүүр байгаа шүү” гэж хэлээд өөрийнхөө гэрээс гараад явсан. Тэндээс би таксинд суугаад ээж рүүгээ яриад гэртээ хариад цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг[2],

1.2.Гэрч Г.Нарантуяагийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн бага охин Отгонцэцэгийг Ө.Г гэх залуутай үерхэж байгаа талаар 2019 оны 06 дугаар сараас мэдсэн. Учир нь 2019 оны 6 дугаар сард охин Отгонцэцэг нүд нь хөхөрсөн, бусдад зодуулсан байдалтай уйлаад ирсэн. Охиноосоо асуухад Ө.Г гэх залуутай үерхээд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд зодуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст  өргөдөл өгч шалгуулаад  охин маань “гомдол саналгүй” гээд хаалгасан. Би дахиж зодохгүй байх гэж бодоод орхисон. 2019 оны 06 дугаар сараас хойш гэрт Отгонцэцэгтэй байж байхад дугаараа нууцалсан утсаар яриад “уулзахгүй бол ална” гэж заналхийлдэг, “өөр хүнтэй явалдсан” гэх мэтээр хардаж сэрдээд айлган сүрдүүлдэг болсон. Мөн Ө.Г нь архины мөнгө нэхэж дарамтлана, өөрийнхөө амийг хорлоно, чамайг ална, намайг ална гэж занадаг болсон...” гэх мэдүүлэг[3],

          1.3. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1605 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, холбогдох материал[4],

            1.4. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт[5],

1.5. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сонгинохайран дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл[6],

1.6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ[7];

2) Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Оийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нотлох баримт:

            2.1.Хохирогч Э.Оийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед ажил тараад ажлын хамт олонтойгоо бага зэрэг архи уугаад 100 грамм татсан. Над руу тухайн үед Ө.Г өглөөнөөс хойш миний 99883677 дугаарын утас руу дугаараа нууцалсан утаснаас “хоёулаа уулзая” гээд гуйгаад байсан. 16 цаг, 40 минутын үед найз Чанцалмаатай явж байгаад гар утсаа аваад яасан бэ? гэхэд “хаана байна, хоёулаа уулзая таван үг солье” гэсэн. Ингээд би найз Чанцалмаагийн хамт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын төлбөртэй автомашины зогсоолын үүдэнд өөрийн эзэмшлийн 27-24 УБЦ улсын дугаартай автомашинтай зогсож байхад Ө.Г дүүгийн найз гэх залуутай хамт ирсэн. Ө.Г намайг машинаас буу гэхээр нь буухгүй гэж хэлтэл машины цонх хаалгыг чинь эвдэлнэ гэсэн. Тэгэхээр нь би айгаад машинаас буухад хамт ирсэн залуугийн машины хойно суулгаад хөдлөөд Нисэхийн зам руу орсон. Ө.Г хажууд суугаад “чи яахаараа гар утсаа авахгүй байгаа юм” гэж хэрүүл өдөөд “чи надад худлаа ярьсан, богино юбка өмссөн байна” гээд нүүрэн тус газар тоолоогүй, санахгүй байна олон удаа цохисон. Миний нүүр, нүд, хацар бүгд хавдсан. Баруун гараараа хаах гэтэл бас нүдээд байсан. Жоохон зодож байгаад завсарлаад байсан. Би айгаад битгий зодолдоо гэж зөндөө гуйсан. Ө.Г өөрийнхөө пүүзний үдээсийг тайлаад миний хоёр гарыг хүлээд намайг боож багалзуурдаад ухаан алдуулсан. Нэг ухаан ороход хээр шуудай ухсан газар аваачсан байсан, сэрээд харахад жолооч залуу, Ө.Г хоёр байсан, дахиад уурлаад нүүр, цээж рүү цохиод байсан. Дахиад миний хоолойг гарын шуугаараа боогоод ухаан алдуулсан, нэг сэрэхэд 5 шарын “Энхжин” худалдааны төв дээр явж байсан. Замдаа намайг загнаад чи худлаа ярьсанаас болж ийм зүйл болж байгаа гэх мэтээр дарамтлаад яваад байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-12 тоотод байрлах гэр рүүгээ оруулсан. Гэр рүү оруулаад арай жаахан тайвшруулаад би одоо гэртээ харъя гэж гуйтал “болоогүй байна, хэвт” гэж хэлээд “битгий дургүй хүргээд байгаарай боогоод унагана шүү” гэж хэлсэн. Би ядраад нэг мэдэхэд матрасан дээр унтсан байсан...” гэх мэдүүлэг[8],

2.2. Гэрч Б.Гэрэлт-Одын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ганзориг ахын найз Ө.Гтой Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20-р байрны ТҮЦ-н дээр тааралдсан. Тухайн үед би, ахын “Тоёото Приус-20” маркийн автомашинтай явж байсан. Ө.Г ах надад “хоёулаа Нисэх явчихаад ирье, чи машинаа барьчих ах нь согтуу байна гэсэн, яах гэж байгаан юм бэ?” гэж асуухад Отгонцэцэг эгчтэй нь уулзая гэсэн. Тэгээд Ө.Гтой хамт Нисэх рүү яваад онгоцны буудлын зогсоолын гадаа очиход “Приус-30” маркийн автомашин зогсож байсан. Би машиндаа үлдээд Ө.Г ах гараад миний машины гадаа тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгээд хоёулаа машинд суугаад ярилцья гэсэн. Машинд суулгаад чи яахаараа богино юбка өмсдөг юм бэ? гээд загнаад байсан. Отгонцэцэг эгч бас согтуу чамд гоё харагдах гэж өмссөн гэж хэлсэн. Ө.Г түүний нүүрэн тус газар нь нэлээн хэд цохиод байх шиг байсан. Би урагшаа замаа хараад явж байсан, ард бол зодоод байсан, яг хаана, хэдэн удаа цохисоныг мэдэхгүй, би арагшаа нэг харахад нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж байсан. Тэгээд Буян-Ухаагийн замаар яваад шинэ хурдны замаар гараад хажуу талын уул руу чиглээд шороон замаар орсон. Замдаа хоолойг нь гарынхаа шуугаар боохоор нь би “болиоч” гэж хэлтэл. Бид хоёрын асуудал чамд хамаагүй замаа хараад яв гэж загнасан. Уул руу дөхөөд бэлд нь очоод Ө.Г зогс гэж хэлсэн. Зогсоод Отгонцэцэг хоёулаа бууя гэж байснаа буцаад хот орье гэж хэлсэн. Хот руу явах замдаа бас зодоод яваад байсан. Тэгээд гэрийнхээ гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хамбын 01-02 тоотын гадаа Отгонцэцэг, Ө.Г хоёр буусан. Намайг машин бариад явж байхад Отгонцэцэгийн нүүр рүү нэлээн хэдэн удаа цохисон, эргээд харахад нүүр рүү мөргөж байсан. Уулын шорооны тэнд  боож байсан тэгэхээр нь та одоо болиоч гэж хэлж байсан. Дараа нь хот руу орж ирж байхад бас нэг удаа боосон. Хот руу орох замдаа цохиод байсан. Ө.Г, Отгонцэцэгийг  эхэлж богино юбка өмссөн байна гээд зодоод эхэлсэн, хэнтэй архи уусан, чи яасан их худлаа ярьдаг юм бэ, хоёулаа манай гэр рүү ороод “үнэнээ хэлж тоглоноо” гээд байсан. Миний бодлоор Ө.Г хардаад тэгээд байх шиг байсан, бид гурваас өөр хүн машинд байгаагүй. Тэр хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоотод хүргэж өгөх үед Отгонцэцэг эгчийн нүүр  нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг[9],

          2.3. Гэрч Б.Гэрэлт-Одын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10],

          2.4. Гэрч Г.Нарантуяагийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 10 дугаар сарын 10-ны орой охин Отгонцэцэг ажлаасаа ирэхгүй удаад байхаар нь санаа зовоод гар утас руу залгатал Ө.Г гар утсыг аваад би танай охиныг алах гээд хөдөө явж байна, буцаж ирээд чамайг ална гэхээр нь би айгаад, гуйгаад “миний хүү хаана яваа юм бэ? хоёулаа уулзая” гэж хэлсэн. Ингээд би Төв аймаг руу явж хайгаад, Цагдаагийн газар дээр очоод олоогүй. Маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд ирээд Гэрэлт-Од гэх залууг барьж  аваад чи өчигдөр манай охиныг авч явсан Ө.Гтой хамт явсан байна “охин маань хаана байна” гэхэд “Ө.Г гэр рүүгээ аваад явсан, намайг Төв аймаг руу явсан” гэж хэлээрэй гэж хэлсэн. Уг хүүхдийг олсон шалтгаан нь тэр хүүхдийн гар утсаар Ө.Г яриад байсан. Ингээд охин Отгонцэцэг маань Ө.Ггийн гэрээс зугтаагаад над дээр хүрээд ирсэн. Түүний нүүр, ам нь битүү хавдартай, өмдөндөө шээсэн, 2 гар нь үдээсээр хүлүүлсэн сорвитой гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг[11],

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12385 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Э.Оийн биед дух, хүзүү, зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт[12],

2.6. Гэрч Б.Чанцалмаагийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Отгонцэцэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул би машиныг нь бариад “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очиход нэг “Приус-20” маркийн машинаас Отгонцэцэгийн найз залуу гарч ирээд “Отгонцэцэгийг буугаад ир. Жаахан юм ярья” гэж хэлэхэд Отгонцэцэг “үгүй, буухгүй” гэж хэлсэн. Гэтэл Отгонцэцэгийн найз залуу дахин буугаад ир, юм ярья гэхэд Отгонцэцэг машинаас буугаад найз залуугийнхаа бууж ирсэн “Приус-20” маркийн автомашинд суухад нөгөө машин шууд хөдлөөд яваад өгсөн. Би 30-40 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор машиныг нь унаад гэр рүүгээ явсан. Отгонцэцэг найз залуудаа зодуулсан гэж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг[13],

2.7. Гэрч Б.Батбилэгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн машиныг дүү Гэрэлт-Одод өгсөн ямар нэг ноцтой шалтгаан байхгүй. Манай дүү хааяа миний машиныг аваад явдаг” гэх мэдүүлэг[14];

            3) Хохирогч Г.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсан хэргийн нотлох баримт:

3.1.Хохирогч Г.Нарантуяагийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18-19  цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод байрлах  гэртээ байж байхад  нэг нууцалсан дугаар миний дугаар руу залгаад ороод ирэхээр нь би утсаа авахад “Ө.Г байна, таньтай уулзах гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би “чи хаана байна” гэхэд “би гэртээ байна, та хүрээд ир” гэсэн. Би за гэж хэлээд утсаа салгаад шууд Ө.Ггийн гэр рүү гарсан.

...Тэгээд 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Ггийн гэрийнх нь ойролцоо очиход Ө.Г гудамжиндаа байж байсан. Би машинаасаа буугаад Ө.Гд “чи ер нь яагаад миний охиныг дээрэлхээд байдаг юм, чи миний охиноос сал” гээд би куртикнийхээ халаасанд байсан жижиг 12-ын машины түлхүүрээр Ө.Гг цохих гээд зангахад Ө.Г би “танай охиныг яасан юм” гэж хэлээд намайг заамдаж  аваад граж руу түлхэхэд би хөл алдаад бөгсөөрөө газар суусан. Тэгтэл Ө.Г надаас холдоод зугтаад явчихсан. Би Ө.Ггийн хашаа руу ороход хашаанд нь хүн байхгүй байхаар нь буцаж гараад машинаа асаах гэхэд машин маань асахгүй, акумлятор нь салчихсан байсан. Тэгээд би 22 цагийн үед гэртээ очоод гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгойлгоход уг нь би хаалгаа түгжихдээ нэг эргүүлдэг юм. Тэгтэл хаалга маань хоёр эргэгдэж цоожлогдсон байсан. Би гайхаад гэртээ ороод гэрийнхээ эд зүйлсийг шалгаж үзэхэд гэрийн эд зүйлс гайгүй байсан. Харин бурханыхаа тавиур руу харахад бурханы доод талын тавиур дээр байсан виски, хутга хоёр алга болсон байсан. Би Ө.Гг эд зүйл хулгайлсаныг сүүлд мэдсэн. Гэрээс алдагдсан виски нь Baileys нэртэй дарс, уг дарс 60-70 орчим мянган төгрөгийн үнэтэй, харин хутга нь Пакистан улсын ангийн чинжаал хутга байсан, уг хутгыг манай талийгаач нөхөр маань 180,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би байрныхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Ө.Г манай байранд орж ирээд, лифтэнд сууж байгаа бичлэг бичигдсэн байсан. Бас гэрээс алдагдсан виски, хутга хоёр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрт байсан ба уг өдөр гэрээс гараад буцаж ирэхэд алга болсон байна. Тухайн үед гэрийн хаалга, цонхнд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан. Ө.Г нь манай гэрт орох эрх бүхий хүн бишээ...“ гэх мэдүүлэг[15],

              3.2. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл[16],

              3.3. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол[17],

              3.4. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан: /үнэлгээний дүн 107,000 төгрөг/[18];

              4. Шүүгдэгч Ө.Ггийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Отгонцэцэгтэй 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр замын хөдөлгөөнд оролцон явж байгаад Отгонцэцэгийн машин дээрээс утасны дугаарыг нь хараад утсаар ярьж танилцаад маргаашнаас нь уулзаж эхэлж байсан. Тэгээд 10 орчим хоногийн дараагаар анх бэлгийн харьцаанд орж, эр эмийн харилцаатай болоод үерхэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ний өглөө Отгонцэцэг бид хоёр Циркийн орчимд уулзаад жаахан маргалдаад салсан юм. Маргалдсан шалтгаан нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2, 3 хоногийн өмнө Отгонцэцэг өмнө уулздаг байсан залуугийнхаа утасны дугаарыг “Ээж” гэж гар утсан дээрээ хадгалсан байсныг би мэдээд, уурлаж маргалдсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Отгонцэцэгтэй маргалдаж салчихаад утсаар ярих гээд өдөржингөө Отгонцэцэгийн утас руу залгаад утсаа аваагүй юм. Тэгэхээр нь Отгонцэцэг орой Нисэх буудал дээрээс хүн тосно гэж ярьж байсныг санаад 19 цагийн орчимд би танил дүү Гэрэлт-Одын машинаар Чингис хаан нисэх онгоцны буудал дээр очоод Отгонцэцэгийг хүлээж байхад удаагүй Отгонцэцэг өөрийнхөө машинтай онгоцны буудал дээр ирсэн. Тэгэхээр нь би Отгонцэцэгийн машин дээр очиход Отгонцэцэгийн машинд хоёр найз эмэгтэй нь хамт ирсэн байсан. Тэгээд би Отгонцэцэгийг “буугаад ир, хоёулаа уулзая” гэж машинаас нь буулгаад Гэрэлт-Одын машинд хамт суугаад тэндээсээ хөдлөөд Гэрэлт-Одыг “замаа дагаад чигээрээ явж бай” гэж хэлсэн. Отгонцэцэг нилээн согтуу байсан болохоор би Отгонцэцэгээс “хаана хэнтэй архи уусан юм” гэж асуухад Отгонцэцэг ганцаараа машиндаа архи уусан гэхээр нь би “энэ үгэнд чинь хэн итгэх юм бэ?, чи байсан бол итгэх байсан уу, чи өдөр яагаад утсаа авахгүй байсан юм” гэхэд Отгонцэцэг “утсаа авмааргүй байсан юм” гэхээр нь Отгонцэцэгт “хоёулаа хэрүүл хийгээд яах юм, чи надад өнөөдөр юу хийснээ үнэнээр нь хэлчих” гэсэн. Тэгтэл Гэрэлт-Одын утас руу Отгонцэцэгтэй хамт онгоцны буудал дээр ирсэн Баагий гэдэг эмэгтэй найз нь залгахаар нь Гэрэлт-Одын утсыг аваад Отгонцэцэгээс “энэ хэн бэ” гэж асуухад Отгонцэцэг “манай хамаатны эгч” гэж хэлэхээр нь би “тийм бол аваад ярь” гэхэд Отгонцэцэг “би чамтай хэрүүл хийж байж эгчтэйгээ яримааргүй байна” гээд ярихгүй байсан. Тэгэхээр нь би “энэ дугаар чинь танай ажлын эмэгтэйгийн дугаар биз дээ” гэхэд Отгонцэцэг “за за, тийм ээ” гэж хэлсэн.Тэгэхээр нь Отгонцэцэг рүү “чи дандаа ингэж надад худлаа ярьдаг” гэж уурлаад Отгонцэцэгийн шанаа руу нь гараараа 1-2 удаа алгадахад Отгонцэцэг нүүрээ дараад доошоо тонгойхоор нь би нуруу руу нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. Яг би Отгонцэцэгийг зодож байхад Гэрэлт-Од “Төв аймаг” руу чиглэлтэй “Буян-Ухаа-2” хорооллын харалдаа явж байсан. Тэгэхэд Отгонцэцэг “би явмаар байна, би буулаа, чи зайл” гээд машины хаалга онгойлгох гээд байхаар нь би Отгонцэцэгийг буулгахгүй гээд Отгонцэцэгийн хоолойг нэг гарынхаа шууны хэсгээр дарахад Отгонцэцэг “амьсгал боогдоод байна, халуун байна, цонхоо онгойл, бөөлжлөө” гэхээр нь “битгий маяглаад бай, хохь чинь яах гэж архи уусан юм” гэж хэлэхэд Отгонцэцэг би босмоор байна гэхээр нь би “чи тэгвэл машинаас буухгүй шүү, би тэгвэл гарыг чинь уячихья” гэж хэлээд суудлын бүрээсний нэг өргөндүү уяагаар Отгонцэцэгийн зүүн гарыг нь өөрийнхөө зүүн гартай хамт уясан. Тэгээд би Гэрэлт-Одод “манай гэрт хүргээд өг” гэж хэлээд Гэрэлт-Од манай гэрийн гадна ирсэн. Тэгэхэд Гэрэлт-Одын утас руу Отгонцэцэгийн ээж залгахаар нь би утсыг аваад “Отгонцэцэг бид хоёр хамт явж байна, өнөөдөр очихгүй” гэхэд ээж нь “чи яахаараа тэгдэг юм, Отгонцэцэгийн утас болон машин нь хаана байна” гээд бид хоёр маргалдаад Отгонцэцэгийн “утас, машин хоёрыг нь хуучин ажлынх нь архичидаас асуу” гэж хэлэхэд “та хоёр яг хаана явж байгаа юм бэ” гэхээр нь бид хоёр “Төв аймаг явж байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Отгонцэцэг бид хоёр манай гэрт орсон. Манайд Отгонцэцэг бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Отгонцэцэгийн нүүр нь хавдсан байсан. ...2019 оны 10 сарын 30-ны өдөр Отгонцэцэгийн ээж Нарантуяа манай байшингийн цонхыг хагалсан. Тэгэхээр би тэдний гэрт очиж түлхүүрээр нь хаалгыг онгойлгож орсон, гэрт нь хүнгүй байсан бөгөөд том өрөөнд нь байсан виски, хутга хоёрыг аваад гарсан. ...уг хутга нь нүдэнд ил харагдахаар сонирхоод авчихсан юм, их гоё хутга байсан бөгөөд саарал өнгийн хуванцар иштэй хутга байсан. хХарин вискийг нь ууж байгаад муухай амттай болохоор нь гадаа хаясан...” гэх мэдүүлэг[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Ггийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Оийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Харин шүүгдэгч Ө.Ггоос 107,000 төгрөгийг гаргуулан, хохирогч Т.Нарантуяад олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх 5 минутын завсарлага авч, хохирол төлбөрийг барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ө.Гд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Ө.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ө.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн (720:8=90 хоног) 90 хоног хорих ялыг нэмж, хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ө.Ггийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

            Шүүгдэгч Ө.Ггийн цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэхүү хэрэгт шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалвал зохино.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Ө.Гг

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож заналхийлэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгийгээр цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ө.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн (720:8=90 хоног) 90 хоног хорих ялыг нэмж, хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ө.Ггийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ггийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ггийн цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэхүү хэрэгт шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 40-53, 178 дугаэр тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 60-65, 187, 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 244-26 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 15-17  дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст  хэргийн 18-20 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 40-53, 174 дүгээр тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 58, 187-191  дүгээр тал

[10] 2 дугаар хавтаст хэргийн 12-16 дугаар тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 60-65,187-р, 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал,

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дугаар тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 195-196  дугаар тал

[15] 2 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар тал

[16] 2 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар тал

[17] 2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар тал

[18] 2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 81-84, 103-106, 218-219, 2 дугаар хавтаст хэргийнв 84 дүгээр тал