Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1702

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Х-, Н.О-, Н.Д- нарт холбогдох

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

 

2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2006 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 03 сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, М.Х-, Н.О-, Н.Д- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204068821 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А-т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О,

Хариуцагч Н.О-, Н.Д- нарын өмгөөлөгч Р.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А д а” ХХК нь “ДИК” ХЗХ-той 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25 800 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдсан 6 давхар орон сууцны дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаалсан. Зээлдэгч “А д а” ХХК нь зээлийн төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй болсон учраас өөрийн Монгол шуудан банкнаас зээлийн гэрээгээр худалдаж авсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот орон сууцыг зээлийн төлбөртөө надад бүрэн шилжүүлэн өгч, уг байртай холбоотой зээлийн үлдэгдэл төлбөрийг намайг тус банкинд төлж дуусган өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авах санал гаргасныг хүлээн авч 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Уг төлбөр барагдуулах хэлцлийн дагуу “А д а” ХХК-ийн захирал М.Х-ын зээлийн үлдэгдэл 29 300 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсанд тооцон, барьцааны гэрээг дуусгавар болгож, Монгол шуудан банк, М.Х- нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдаж авах зээлийн гэрээг миний нэр дээр шилжүүлж, миний бие 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр АХБ-ын Орон сууцны зээлийн гэрээг Монгол шуудан банктай байгуулсан. Уг орон сууцны зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөгийг хүүгийн хамт миний бие бүрэн төлж барагдуулсан. Маргаан бүхий орон сууцыг нийт өр төлбөр болох 50 800 000 төгрөгийг төлж, уг байрны өмчлөгч болсон юм. Маргаан бүхий орон сууцыг өөрийн нийт өр төлбөр болох 50 800 000 төгрөгт нийцүүлэн тооцсон. Үүнд “ДИК” ХЗХ-д “А д а” ХХК-аас төлөх ёстой 29 300 000 төгрөгийн зээлийн төлбөр болон уг байрны зээлийн төлбөр болох 21 500 000 төгрөгийг Монгол шуудан банкинд нэхэмжлэгч Д.А- төлөх, М.Х- нь орон сууцыг суллаж өгөх, орон сууцны гэрчилгээ, бусад бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн газраас авах талаар шуурхай зохицуулж өгөхөөр, “ДИК” ХЗХ-д зээлийн болон зээлийн барьцааны гэрээг цуцлан, үүргийн гүйцэтгэл барьцаалсан байсныг “А д а” ХХК-д буцаан шилжүүлсэн. М.Х- нь 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудан банкны зээлийн бодлогын хэлтэс 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 198 дугаартай орон сууцны гэрээг Д.А-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийн дагуу Монгол шуудан банк нь энэ асуудлыг хэлэлцэж, Д.А- болон н.Сарантуяатай 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Тохиролцооны дагуу Д.А- нь “ДИК” ХЗХ-нд төлөх 29 300 000 төгрөгийг хариуцан барагдуулсан. Мөн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 38 удаагийн төлөлтөөр Монгол шуудан банкинд 24 750 000 төгрөгийг, зээл болон зээлийн хүүгийн төлбөрт төлсөн. Хариуцагч М.Х- нь компанийн нэрээр “ДИК” ХЗХ болон иргэний хувиар Монгол шуудан банкнаас авсан зээлийг огт төлж байгаагүй. Төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихыг тохирсон тохиролцоо гэж үзэж байна. “ДИК” ХЗХ нь “А д а” ХХК-ийн зээлийн төлбөрийг Д.А- шилжүүлж барьцаа хөрөнгийг суллаж өгсөн. Мөн М.Х- нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу өөрийн хувийн хөрөнгөөр төлбөр барагдуулах хэлцлийг зөвшөөрч Монгол шуудан банктай байгуулсан зээлийн гэрээг хүсэлт гарган цуцалж, Д.А-ийн нэр дээр шилжүүлсэн. Д.А- нь гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны зээлийн төлбөрийг Монгол шуудан банкинд төлж барагдуулсан баримт байдаг. М.Х- нь гэрээний дагуу орон сууцыг Д.А-т шилжүүлэх үүрэг хүлээсэн. Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу “А д а” ХХК-ийн захирал М.Х- миний нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байсан ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй явж байгаад 2015 онд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг М.Х- өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр гаргуулан авч миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 хороо, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.А- болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Х- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДИК” ХЗХ-оос би барилгын гүйцэтгэгч байхад дээврийн ажил санхүүжилтгүй болсон тул ерөнхий захирал, Физикийн хүрээлэнгийн зөвшөөрлөөр тухайн объектыг өөрийн компанийн дуусгаагүй ажил гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, “ДИК” ХЗХ-д барьцаанд тавьж байж 15 000 000 төгрөг авсан. 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцлийг нэхэмжлэгчийн шахалтад хийсэн. 22 айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тусад нь гаргаж өгөхийн тулд нийтэд нь барьцаанд тавьсан гэрчилгээг хүчингүй болгож, өөрийн нэр дээр захиалсан байгаа 9 тоот объектыг барьцаа болгоё гэхэд энэхүү байрны үл хөдлөх хөрөнгө гараагүй байгаа тул барьцаа болно гэж үзэхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн хэлснээр зээл төлөгдөөгүй нөхцөлд Д.А-ийн нэр дээр шилжүүлнэ гэсэн шахалтад би зөвшөөрч зээлийн гэрээний нөхцөлийг дуусгавар болгосон. Монгол шуудан банктай хийсэн зээлийн гэрээнд миний нэр дээр Азийн хөгжлийн банкны 14 000 000 төгрөгийн зээл байдаг. Зээлийн эргэн төлөлт 19 000 000 төгрөг болж төлөгдөх ёстой байтал Д.А- нь уг төлбөрийг давуулан төлсөн гэж ярьсан. Бодит тоо биш гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Д- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2001 оны 05 дугаар сард Физик техникийн хүрээлэнгийн ажилчдын орон сууцыг “Хүрд” ХХК, “Сайхан” ХХК барьж Физикийн хүрээлэн ерөнхий захиалагчаар нь байсан. Уг байрнаас бид 84.4 м.кв талбайтай, 9 тоот, 3 өрөө байрыг урьдчилгаа мөнгөө тушаагаад худалдаж авахаар физик техникийн хүрээлэнтэй гэрээ хийсэн. Үүнд би хамтран эзэмшигчээр байсан. Манай нөхөр бид хоёр байраа зарах, шилжүүлэх ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Би Д.А- гэдэг хүнийг танихгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч байраа чөлөөлүүлж авмаар байна. Бид хоёр 4 хүүхдийнхээ хамтаар байр түрээсэлж амьдарч байсан. Одоо ч цэцэрлэгийнхээ дээр амьдарч байна. Бид байрандаа орох гэж чөлөөлж өгөхийг хүссэн боловч янз бүрийн хүмүүст түрээслүүлсэн гээд Д.А- гэгчтэй уулзах гэхээр олддоггүй байсан. Гэр бүлийн хэрэгцээнд захиалсан байр, гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчиж байна. Компани хоорондын өр барагдуулах асуудалд 4 хүүхэдтэйгээ, ээжтэйгээ 7 хүний эрх зөрчигдөж байна. Иймд бидний байрыг чөлөөлүүлж Д.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2001 онд Физик технологийн хүрээлэнгээс ажилчдын орон сууц бариулахад би нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд байрны урьдчилгаанд 9 000 000 төгрөг төлж, барилга захиалгын гэрээг хүү М.Х-ын нэрээр байгуулсан. Бид нар Физик технологийн хүрээлэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хийгээд би хүүхдэдээ шилжүүлж өгсөн. Д.А-т байраа өгөхөөр байсан бол Физик технологийн хүрээлэнтэй уулзаж уг гэрээг сольж өгөх ёстой байсан. Байрнаас хүчээр хөөж гаргаж, хүчээр энэ гэрээг байгуулсан. Бид нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад залилаагүй. Учир нь ерөнхий захиалагч Физик технологийн хүрээлэн, гүйцэтгэгч байгууллагатай тохиролцохдоо гүйцэтгэгч байгууллагаар үл хөдлөх хөрөнгийн гэрээ гаргуулна гэхдээ бид нар Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан анхны гэрээг үндэслэж “А д а” ХХК нь барилга гүйцэтгэн бариулах гэрээг давхар захиалагчтай хийж, тэрний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаарай гэж гэсэн. Физик технологийн хүрээлэнтэй “А д а” ХХК нь тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн газар бүх гэрээнүүдийг аваачиж өгсөн. Тийм учраас Физик технологийн хүрээлэнгээс захиалагчтай давхар хийсэн гэрээ байгаа. Монгол шуудан банктай байгуулсан гэрээ байгаа. “А д а” ХХК-тай захиалагч нь барилгын ажил гүйцэтгэх 4 гэрээ байгаа. Би урьдчилгаа 7 000 000 төгрөг төлж байрыг захиалсан. Хүүгийнхээ нэр дээр зээлийг нь авсан. 14 000 000 төгрөгийн зээл нь 10 жилийн дараа 19 000 000 төгрөг болох ёстой байтал яагаад өнөөдөр Монгол шуудан банканд 10 жил болоогүй хугацаанд 29 000 000 төгрөгийг төлсөн гэдэг нь эргэлзээтэй. 2009 оны 03 сард Физик технологийн хүрээлэнгээс мөнгөө аваад “ДИК” ХЗХ-оос байраа авах гэхэд бидний зөвшөөрөлгүй манай байрыг 4 өрөө болгоод, өрөө тус бүрт түрээслэгчид суулгасан байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин ч биднийг өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдрах, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, дур мэдэн бусдад түрээслэн, захиран зарцуулж байгаа Д.А-ийн бусармаг үйлдлийг зогсоож, Д.А-т байр чөлөөлөхийг даалгаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч М.Х-, Н.О-, Н.Д- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1. “ДИК” ХЗХ-оос “А д а” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байрлах компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000137692 Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлтэй 6 давхар орон сууцны барилгыг барьцаалж, зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтууд нь өмчлөгчийн эрхийг хязгаарлахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөр энэхүү зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгон нотлох баримтаар ирүүлсэн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар зээлийн барьцааны гэрээ нь “ДИК” ХЗХ-оос “А д а” ХХК 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадаагүй хэмжээгээр буюу үндсэн зээл дээр зээлийн хүүг нэмж нэгтгэн 25 800 000 төгрөг зээлсэн мэтээр хийсэн гэрээ юм. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг авч өгөлцөөгүй, зээлийн хүүг зээл авсан мэтээр үнийн дүнд оруулж хийсэн байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.

3. “А д а” ХХК-ийн захирал М.Х- миний бие, “ДИК” ХЗХ-г төлөөлж захирал Д.А- бид 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн төлөөлөгч бүрэн эрхээ төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хийх, уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлүүлэгчид бий болох гэсэн хуулийн заалт, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтуудыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байна.

4. “ДИК” ХЗХ-г төлөөлж захирал Д.А- бид нар Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийхэд нэгэнт зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа юм чинь 9 тоот байрыг суллаж өг гэж шаардсаар байгаад ээж Н.О-, эхнэр Н.Д-, 2-13 насны хүүхдүүдийн хамт хөөж гаргаад, бид арга буюу байр түрээслэн амьдарсан. Гэтэл Д.А- нь өөрсдөө оролгүй өнөөдрийг хүртэл түрээслэн орлого олж байгаа ба одоо ч манай байранд оюутнууд суулгаж, түрээсийн мөнгийг авсан байх тул түрээслэгч нарыг бидний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын 30 дугаар байрны 9 тоот байраа албадан чөлөөлүүлэх шаардлагатай байна.

“А д а” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 04-нд “ДИК” ХЗХ-оос 15 000 000 төгрөгийн зээл авахдаа зээл болон зээлийн хүүг буцаан төлөх барьцаанд өөрийн компанийн өмчлөлийн 000137692 Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлтэй 6 давхар орон сууцны барилгыг барьцаалуулсан байсан. Харин Н.Хатанбаатар нь Д.А-тай Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийж, барьцаа хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солихдоо Монгол Шуудан банкнаас эхнэр Н.Д- миний хамтран зээл авч байж худалдаж авсан 3 өрөө байрыг надаас зөвшөөрөл авалгүйгээр ганцаараа дур мэдэн зээлийн төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан нөхцөл байдлыг буй болгож байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан заалтыг зөрчин гэр бүлийн хэрэгцээнд амьдран суух зориулалтын орон сууцыг М.Х- нь зөвшөөрөлгүйгээр өр төлбөрт өгөх хэлцэл хийснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. “ДИК” ХЗХ нь “Ахан дүүс анд” ХХК-д 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн нь Хоршооны тухай хуулийн 483 дугаар зүйлийн 483.1-д заасан /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан заалт/ Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно гэсэн заалтыг зөрчсөн байх тул мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.

Н.О- нь Физик технологийн хүрээлэнд ажиллаж байсны хувьд энэхүү маргаантай байгаа байрыг байгууллагаас ажилчиддаа зориулан захиалах хуваарьт орж, байгууллагатайгаа гэрээ байгуулахдаа өөрийн хүү М.Х-ын нэрээр байгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг өөрийн нэрээр төлөлцөж байсан баримт нь хэрэгт авагдсан.  Эхнэр Н.Д- нь ч гэсэн уг орон сууцыг авахад мөн хамтран урьдчилгаа болон зээлийг төлөлцөж байсан. Маргаан бүхий 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Н.О-, Н.Д- бид улсын бүртгэлд нэгэнт бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд “ДИК” ХЗХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.А-, “А д а” ХХК-ийг төлөөлж захирал М.Х- нарын байгуулсан 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “ДИК” ХЗХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.А- болон “А д а” ХХК-ийг төлөөлж захирал М.Х- бидний хооронд байгуулсан 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “ДИК” ХЗХ-г төлөөлж Д.А-, “А д а” ХХК-ийг төлөөлж М.Х- бидний байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, М.Х-, Н.О-, Н.Д- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 2204068821 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын 30 дугаар байрны 9 тоот 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээсээ чөлөөлж өгөхийг Д.А-т даалгуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 он хүртэл “ДИК” ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо тус хоршоо татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон. Тухайн үед байгуулсан эдгээр гэрээнд миний бие төлөөлж гарын үсэг зурж байсан боловч одоо тус хоршооны үйл ажиллагааг хариуцахгүй, тус хоршооны байгуулсан гэрээний хариуцлагыг иргэн хүний хувьд хүлээхээ больсон тул сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болохгүй гэж үзэж байна.

Миний бие уг маргаан бүхий орон сууцыг 50 800 000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд оруулсан бөгөөд хариуцагч нар нь хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн үед “ДИК” ХЗХ-ны зээлдэгч М.Х- нь тус хоршооноос авсан зээлээ төлж чадахгүй болсон тул төлбөртөө тооцуулан өөрийн нэрээр Монгол шуудан банкнаас зээл аван захиалсан байсан маргаан бүхий байрыг үлдэгдэл төлбөрийг нь банкинд төлөн авахыг санал болгосон. “ДИК” ХЗХ-ны зүгээс уг саналыг нь хүлээн зөвшөөрөн уг орон сууцыг Д.А- миний өмчлөлд шилжүүлэх, миний бие тус хоршооны гишүүний хувьд М.Х-ын төлөх ёстой зээлийн төлбөрийг хааж барагдуулахаар харилцан тохиролцсон. Уг зээлийн төлбөрийг нь “ДИК” ХЗХ-нд үйл ажиллагааны орлогоосоо хасах замаар төлж, мөн М.Х-ын Монгол шуудан банкинд төлөх ёстой 21 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд нь хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ бөгөөд М.Х-, Н.О-, Н.Д- нар нь “А д а” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. Д.А- нь тодорхой хэмжээгээр хариуцах үндэслэлгүй. “ДИК” ХЗХ нь албан ёсоор хуулийн хүрээнд татан буугдсан болох Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 429 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. Мөн “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршиж байгаа маргаан бүхий 6 давхар орон сууцны барилгыг 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэж барьцаанаас чөлөөлж авсан. Нөгөө талаас дурдагдсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах гэрээнд талууд гэрээний агуулгыг тодорхойлсон. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Нотлох баримтуудаас үзэхэд маргаж байгаа орон сууцыг О.Даваацэрэн болон Н.О- нар хамтран худалдаж авсан, гэрээ байгуулсан, төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн гарын үсэг бүхий баримт харагдахгүй байна. Тийм учраас эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах, гэрээ байгуулах, зээлийн төлбөр барагдуулах хэлцэл байгуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ нь Монгол шуудан банкнаас ирүүлсэн орон сууц захиалах, бариулах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн эхний 3 шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд маргаж байгаа байрыг анхнаасаа Д.А-ийн нэр дээр шилжүүлсэн. Шилжүүлсэн байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа тул Д.А-ийг байрыг чөлөөлөхийг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ариг банк” шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Х- нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ариг банктай Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу зээл, барьцааны гэрээ байгуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн 2016 оны 03 сарын 02-ны өдрийн101/ШЗ2016/09147 тоот захирамжаар барьцааны зүйл болох Ү2204068821 тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа. Уг маргаанаас болж түдгэлзсэн байгаа.

Талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн болон бусад гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. Монгол Улсад бүртгэлийн зарчим үйлчилдэг. Иргэний хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, бүртгэгдээгүй байхад уг хэлцлүүд хийгдсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар зээлийн гэрээний хувьд үнэлэлт өгөхгүй байна. Барьцааны гэрээний хувьд гэрчилгээ гараагүй байсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Барьцаанд бүртгэгдлээ гэсэн урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулах үед тухайн барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлд байгаа эсэхийг лавлагаагаар шалгахад байхгүй байсан. Тиймээс манай зүгээс маргаан бүхий үйл явцыг мэдэх боломжгүй байсан. Тиймээс манайх шударга барьцаалагч гэж үзэж байна. Манайх шүүхийн шийдвэртэй байгаа. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн гаргасан 4 дэх үндэслэлийг дэмжиж оролцож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.А-ийг тогтоож, “ДИК” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а” ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “ДИК” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а” ХХК-ийн хооронд 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “ДИК” Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Д.А-, “А д а” ХХК-ийг төлөөлж М.Х- нарын байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А-т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаарзүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 950 төгрөг, 70 200 төгрөг, 70 200 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629 925 төгрөг, 70 200 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х-, Н.О-, Н.Д- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 411 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Х- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/001502 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хэд хэдэн үндэслэл гаргаж түүнийгээ нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн атал бидний дараахи үндэслэлүүдийг шүүх үнэлж дүгнээгүй. Үүнд:

1. Д.А- “ДИК” ХЗХ-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй ба хэрэгт “ДИК” ХЗХ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр татан буугдсан, мөн Баянзүрх дүүргийн татварын албаны болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтын талаар шүүх үнэлж дүгнээгүй ба хэрэгт Д.А-т “ДИК” ХЗХ-г төлөөлөх эрх олгосон талаар баримт байхгүй ба харин ч тухайн үед уг ХЗХ-ны захирал Ш.Дашдаваа гэж иргэн байсан нь хэрэгт авагдсан тус хоршооны 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09/04 дугаар албан бичгээр нотлогдож байгаа ба шүүхэд Д.А-т нэхэмжлэл гаргах эрх олгосон талаар ямар ч баримт байхгүй байгаа болно.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгон нотлох баримтаар ирүүлсэн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар зээлийн барьцааны гэрээгээр зээлсэн үндсэн зээл, зээлийн хүүгээ төлж чадаагүй тул үндсэн зээл дээр зээлийн хүүг нэмж нэгтгэн бичээд 25 800 000 төгрөг зээлсэн мэтээр хийсэн зээлийн гэрээ юм. Энэ нь “ДИК” ХЗХ-г төлөөлж Д.А- бид нарын 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах хэлцлийн 1 дэх заалтаар нотлогдоно. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг аваагүй, өгөөгүй зээлийн хүүг зээл авсан мэтээр үнийн дүнд оруулж хийсэн хэлцэл бөгөөд бодит байдалд энэ хэлцэл хийгдээгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө төгрөг өгч, авалцаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй бодит байдалд энэ хэлцэл хийгдээгүй талаар мөн үнэлж дүгнээгүй.

3. “А д а” ХХК-ийн захирал М.Х-, “ДИК” ХЗХ-г төлөөлж захирал Д.А- бид 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийх болсон гол шалтгаан нь 6 давхар орон сууцны барилгын ажил дуусч, захиалагчид байрандаа орж, захиалагч тус бүрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх шаардлагын үүднээс улсын бүртгэлийн газар 22 айлын дуусаагүй барилгад олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000137692 тоот, Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох зорилгоор байгуулсан гэрээ юм.

4. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ “ДИК” ХЗХ-д барьцаалуулсан бүртгэлтэй байсан тул “ДИК” ХЗХ-ны барьцааг сольж, Д.А-ийн шаардсанаар миний гэр бүлийн хэрэгцээндээ зориулж захиалсан уг байрны 9 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээл төлөгдөөгүй нөхцөлд Д.А- нь шууд өөрийн өмчлөлд авахаар болж, барьцаа хөрөнгөө суллаж өгөхийг шаардан, уг байрыг суллуулж аваад, түрээслэн түрээсээс олсон орлогоо Монгол шуудан банкинд төлж зээлийн өр төлбөрийг барагдуулсан. Энэ гэрээнд тавигдсан үнийн дүн нь бодит тоо биш бид үл хөдлөх хөрөнгийн газар 22 айлын дуусаагүй барилгын Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохын тулд барьцаа хөрөнгөө солихын тулд хийсэн нь нотлогдоно. Гэрээний 1 дэх заалтад 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн ба 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх гэрээ байгуулах өдөр хүртэл 24 сар 6 хоногийн хүү нь 12 705 000 төгрөг байх байсан. Гэтэл гэрээнд хүү 14 300 000 төгрөг гэж бичсэн. Мөн Монгол шуудан банкнаас авсан зээлийн үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл гэрээ байгуулах өдөр 18 447 333 төгрөг байсан байхад энэхүү гэрээнд 21 500 000 төгрөг гэж бичсэнээс харагдана.

5. Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийхэд нэгэнт зээл зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа юм чинь 9 тоот байрыг сулла гэж дарамталсаар байгаад ээж Н. Оюунцоо, эхнэр Н.Д-, 2-13 насны хүүхдүүдийн хамт хөөж гаргаад, бид арга буюу байр түрээслэн амьдарсан. Гэтэл өөрсдөө оролгүй өнөөдрийг хүртэл 2016 оны 06 дугаар сар хүртэл хугацаагаар түрээслэн 10 жил 3 сарын түрээсийн төлбөр авч орлого олж, бид “ДИК” ХЗХ-ны төлбөрийг олох ёстой орлогоороо хангалттай төлж барагдуулсан гэж мэтгэлцсэн ба шүүхэд түрээслэгч нарын тодорхойлолт, мөн энэ хугацаанд түрээслээд олсон орлогыг тодорхойлсон үнэлгээний байгууллагын үнэлгээ зэргийг нотлох баримтаар хэлэлцүүлсэн.

6. 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг тухайн үед 2 талын гэрээнд талууд адил тэгш эрхтэй байх гэрээний үндсэн зарчмыг, мөн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дах заалтыг зөрчиж гэрээний 2 дах заалтаар “Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот 3 өрөөг эргэлт буцалтгүйгээр шилжүүлж өгөхөөр тохиролцов” гэсэн нь нэг тал хэт давуу байдал өөртөө олгосон өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарласан хэлцлүүд болох талаар мөн л үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

7. 19 дугаар зээлийн барьцааны гэрээ нь “ДИК” ХЗХ-оос “А д а” ХХК 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр төлөгдөөгүй хүүг нэмж бичсэн барьцаа хөрөнгө нь “А д а” ХХК-ийн 6 давхар дуусаагүй барилга байсан Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн газар бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар мөн л шүүх үнэлж дүгнээгүй.

8. Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулахдаа хамтран өмчлөгч уг байрны урьдчилгаа төлсөн Н.О-, Н.Даваасүрэн нараас зөвшөөрөл аваагүй хамтран өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн уг хэлцэл нь Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар мэтгэлцсэн боловч шүүх үнэлж дүгнээгүй.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаар уг байр нь 110 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн, Д.А- Монгол шуудан банкинд 21 500 000 төгрөг төлсөн баримт авагдсан ба байрны урьдчилгаа төлбөр төлсөн Н.О-, Н.Даваасүрэн нарын төлбөр тооцоог шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн атал уг төлбөр тооцооны талаар болон шүүхэд Д.А- “ДИК” ХЗХ-д “А д а” ХХК-ийн зээлийн төлбөр тооцоог төлж барагдуулсан баримт байхгүй, “ДИК” ХЗХ нь “А д а” ХХК-ийн зээлийг эрсдэлийн сангаас хаасан баримтыг хэлэлцүүлсэн. Д.А- “ДИК” ХЗХ-д дээрхи төлбөр тооцоог төлснөө нотлох үүрэгтэй боловч энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй.

10. Нэхэмжлэгч Д.А- нь сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэхдээ би “ДИК” ХЗХ-г төлөөлөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Харин ч төлөөлөх эрхийн болон эрх шилжүүлэн авсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь илт ойлгомжгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байна.

Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өмчлөгчөөр тогтоосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Д-, Н.О-, өмгөөлөгч Р.Энхтүвшин нар давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэрийн дараах хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Уг маргаантай байгаа орон сууц нь М.Х-ын нэр дээр захиалагдсан боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлээрээ амьдран суухад зориулагдсан, гэр бүлийн дундын хөрөнгө тул гэр бүлийн гишүүд болох Н.Д-, Х.Амина, Х.Чингүүн, Х.Итгэл, Х.Төгөлдөр нарын өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэхэд гаргаж өгсөн мэдүүлгийн талаарх лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байхад энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүи орхигдуулсан.

2. Д.А- нь “ДИК” ХЗХ-г төлөөлөн бусадтай гэрээ байгуулах эрх үүргийг шилжүүлэн авсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, Д.А-ийг зээлийн төлбөр барагдуулах хэлцэл хийж байх үед хоршоо татан буугдаагүй, хоршооны захирал нь Н.Дашдаваа гэж хүн байсан зэрэг нь шүүхийн шийдвэр, БЗД-ийн Татварын Албаны албан бичиг, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, захирал байсан Н.Дашдаваагийн гарын үсэгтэй тус хоршооны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад Д.А-т эрх шилжсэн гэж шүүх таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийсэн.

3. Гэтэл шүүхээс “ДИК” ХЗХ Д.А-т эрх үүргээ шилжүүлсэн хэмээн дүгнэсэн атлаа Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл нь “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэлтэй холбоотой байх тул Д.А- хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн байгаа нь шүүхийн хийсэн дүгнэлтүүд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөвхөн нэхэмжлэгчийн талыг буюу нэг талыг хэт баримталсан үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

4. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагынхаа үндэслэлийг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, эрх бүхий байгууллагад бүртгүүлвэл хэлцлийг бүртгүүлээгүй, хэлцлийг эрх олгогдоогүй этгээд хийсэн зэрэг хуулийн олон заалт зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд гэж мэтгэлцсэн нь биднээс шүүхэд гаргаж өгсөн гэрээний хувиуд, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар шинжлүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсоор байхад сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар шүүхээс хийсэн дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч М.Х-, Н.О-, Н.Д- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж, хариуцагч нарын нэр дээрх Ү-2204068821 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.А-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага гаргасан боловч уг шаардлагатай холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр харьяалан шийдвэрлэж байгаа үндэслэлээр уг шаардлагаас татгалзжээ.

 

Хариуцагч М.Х- болон Физик технологийн хүрээлэн нарын хооронд байгуулагдсан 2003 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах 84.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 19 918 400 төгрөгөөр захиалан бариулах, урьдчилгаа төлбөрт 30 хувийн төлбөрийг төлөх, үлдэх төлбөрийг АХБ-ны орон сууцны төслийн хүрээнд банкны зээлээр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 2 дахь хавтас 42-43 дугаар тал/

 

Түүнчлэн, “А д а” ХХК-ийн захирал М.Х- нь “ДИК” ХЗХ-той 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн барьцааны 06 тоот гэрээ байгуулж, уг хоршооноос 15 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд “А д а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015584 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилгыг барьцаалсан, мөн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд 25 800 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А д а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015584 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилга болон 14-70 УБЯ улсын дугаартай Ниссан мистрал автомашиныг тус тус барьцаалжээ. / хэргийн 1 дэх хавтас 163, 4-6 дугаар тал/

 

Мөн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн төлбөр барагдуулах хэлцлээр “А д а” ХХК нь “ДИК” ХЗХ-оос 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 14 300 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно. Уг зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт “А д а” ХХК-ийн захирал М.Х- нь өөрийн нэр дээр Монгол шуудан банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ болон Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан орон сууц захиалан бариулах, худалдан авах гэрээг иргэн Д.А-ийн нэр дээр тус тус эрх үүргийн хамт шилжүүлж, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот 3 өрөө, 84.4 м.кв талбай бүхий орон сууцыг түүнд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр маргаан бүхий 84.4 м.кв талбай бүхий орон сууцны нийт үнэ болох 50 800 000 төгрөгөөс “ДИК” ХЗХ нь “А д а” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд авах ёстой 29 300 000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон авч, зээлийн барьцааны гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсан орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилгын гэрчилгээг “А д а” ХХК-д буцаан олгох, маргаан бүхий 84.4 м.кв талбай бүхий орон сууцны үнийн зөрүү болох 21 500 000 төгрөгийг Монгол шуудан банкинд Д.А- төлөх, М.Х- нь орон сууцыг суллаж өгөх, орон сууцны гэрчилгээ, бусад баримт бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн газраас авах асуудлыг шуурхай зохицуулж өгөхөөр харилцан тус тус тохиролцсон байна. /хэргийн 1 дэх хавтас 12 дугаар тал/

 

Хариуцагч М.Х- нь 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудан банкны зээлийн бодлогын хэлтэст тус банктай 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ/198 дугаартай орон сууцны зээлийн гэрээг иргэн Д.А-ийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргасны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах объектыг барьцаалж, Д.А-т зээл олгохоор шийдвэрлэж, тус банк нь Д.А-, Х.Сарантуяа нартай 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ОСЗГ/104 дугаар АХБ-ны орон сууцны зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг байгуулжээ. /хэргийн 1 дэх хавтас 7-11, 124, 2 дахь хавтас 60, 63-67, 68-72 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.А- нь орон сууцны зээлийн гэрээг шилжүүлж авахаас өмнө М.Х-ын орон сууцны зээлийн хуримтлагдсан хүү 7 672 000 төгрөгийг 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр банкинд, мөн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг төлсөн болох нь Монгол шуудан банкны орлогын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хэргийн 1 дэх хавтас 69-83 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Д.А-ийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах 84.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Харин хариуцагч нар нь дээрх 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдснаас хойно буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч М.Х- нь өөрийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий “А д а” ХХК-ний хооронд байгуулсан 3 тоот Орон сууц захилан бариулах гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068821 дугаар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000386369 дугаартай гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлжээ. /хэргийн 1 дэх хавтас 58 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 2 дахь хавтасны 116-117, 124 дүгээр тал/

 

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл нь “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэлтэй холбоотой байх тул нэхэмжлэгч Д.А- хариуцах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.А-ийг “ДИК” ХЗХ-г төлөөлөх эрхгүй этгээд гэж тайлбарлаж байх боловч “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “ДИК” ХЗХ болон “А д а” ХХК-ийн хооронд 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг “ДИК” ХЗХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.А- баталжээ. /хэргийн 1 дэх хавтас 4, 161 дүгээр тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр Д.А-ийг маргаан бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагч нарын уг орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А-аас шаардах эрхгүй юм.

 

Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ   

                   

                                                                                                  С.ЭНХТӨР