Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01822

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1702 дугаар магадлалтай

Д.Аийн нэхэмжлэлтэй

М.Х, Н.О, Н.Д нарт холбогдох

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”, 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, маргаж буй орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.Ат даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Х, Н.О, Н.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч М.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагч Н.Д, хариуцагч Н.Д, Н.О нарын өмгөөлөгч Р.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь “Д” ХЗХ-той 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25 800 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдсан 6 давхар орон сууцны дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаалсан. Зээлдэгч “А” ХХК нь зээлийн төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй болсон учраас өөрийн Монгол шуудан банкнаас зээлийн гэрээгээр худалдаж авсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот орон сууцыг зээлийн төлбөртөө надад бүрэн шилжүүлэн өгч, уг байртай холбоотой зээлийн үлдэгдэл төлбөрийг намайг тус банкинд төлж дуусган өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авах санал гаргасныг хүлээн авч 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Уг төлбөр барагдуулах хэлцлийн дагуу “А” ХХК-ийн захирал М.Хын зээлийн үлдэгдэл 29 300 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсанд тооцон, барьцааны гэрээг дуусгавар болгож, Монгол шуудан банк, М.Х нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдаж авах зээлийн гэрээг миний нэр дээр шилжүүлж, миний бие 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр АХБ-ын Орон сууцны зээлийн гэрээг Монгол шуудан банктай байгуулсан. Уг орон сууцны зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөгийг хүүгийн хамт миний бие бүрэн төлж барагдуулсан. Маргаан бүхий орон сууцыг нийт өр төлбөр болох 50 800 000 төгрөгийг төлж, уг байрны өмчлөгч болсон юм. Маргаан бүхий орон сууцыг өөрийн нийт өр төлбөр болох 50 800 000 төгрөгт нийцүүлэн тооцсон. Үүнд “Д” ХЗХ-д “А” ХХК-аас төлөх ёстой 29 300 000 төгрөгийн зээлийн төлбөр болон уг байрны зээлийн төлбөр болох 21 500 000 төгрөгийг Монгол шуудан банкинд нэхэмжлэгч Д.А төлөх, М.Х нь орон сууцыг суллаж өгөх, орон сууцны гэрчилгээ, бусад бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн газраас авах талаар шуурхай зохицуулж өгөхөөр, “Д” ХЗХ-д зээлийн болон зээлийн барьцааны гэрээг цуцлан, үүргийн гүйцэтгэл барьцаалсан байсныг “А” ХХК-д буцаан шилжүүлсэн. М.Х нь 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудан банкны зээлийн бодлогын хэлтэс 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 198 дугаартай орон сууцны гэрээг Д.Аийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийн дагуу Монгол шуудан банк нь энэ асуудлыг хэлэлцэж, Д.А болон н.Сарантуяатай 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Тохиролцооны дагуу Д.А нь “Д” ХЗХ-нд төлөх 29 300 000 төгрөгийг хариуцан барагдуулсан. Мөн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 38 удаагийн төлөлтөөр Монгол шуудан банкинд 24 750 000 төгрөгийг, зээл болон зээлийн хүүгийн төлбөрт төлсөн. Хариуцагч М.Х нь компанийн нэрээр “Д” ХЗХ болон иргэний хувиар Монгол шуудан банкнаас авсан зээлийг огт төлж байгаагүй. Төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихыг тохирсон тохиролцоо гэж үзэж байна. “Д” ХЗХ нь “А” ХХК-ийн зээлийн төлбөрийг Д.А шилжүүлж барьцаа хөрөнгийг суллаж өгсөн. Мөн М.Х нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу өөрийн хувийн хөрөнгөөр төлбөр барагдуулах хэлцлийг зөвшөөрч Монгол шуудан банктай байгуулсан зээлийн гэрээг хүсэлт гарган цуцалж, Д.Аийн нэр дээр шилжүүлсэн. Д.А нь гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны зээлийн төлбөрийг Монгол шуудан банкинд төлж барагдуулсан баримт байдаг. М.Х нь гэрээний дагуу орон сууцыг Д.Ат шилжүүлэх үүрэг хүлээсэн. Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу “А” ХХК-ийн захирал М.Х миний нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байсан ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй явж байгаад 2015 онд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг М.Х өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр гаргуулан авч миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 хороо, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.А болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д” ХЗХ-ноос би барилгын гүйцэтгэгч байхад дээврийн ажил санхүүжилтгүй болсон тул ерөнхий захирал, Физикийн хүрээлэнгийн зөвшөөрлөөр тухайн объектыг өөрийн компанийн дуусгаагүй ажил гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, “Д” ХЗХ-нд барьцаанд тавьж байж 15 000 000 төгрөг авсан. 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцлийг нэхэмжлэгчийн шахалтад хийсэн. 22 айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тусад нь гаргаж өгөхийн тулд нийтэд нь барьцаанд тавьсан гэрчилгээг хүчингүй болгож, өөрийн нэр дээр захиалсан байгаа 9 тоот объектыг барьцаа болгоё гэхэд энэхүү байрны үл хөдлөх хөрөнгө гараагүй байгаа тул барьцаа болно гэж үзэхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн хэлснээр зээл төлөгдөөгүй нөхцөлд Д.Аийн нэр дээр шилжүүлнэ гэсэн шахалтад би зөвшөөрч зээлийн гэрээний нөхцөлийг дуусгавар болгосон. Монгол шуудан банктай хийсэн зээлийн гэрээнд миний нэр дээр Азийн хөгжлийн банкны 14 000 000 төгрөгийн зээл байдаг. Зээлийн эргэн төлөлт 19 000 000 төгрөг болж төлөгдөх ёстой байтал Д.А нь уг төлбөрийг давуулан төлсөн гэж ярьсан. Бодит тоо биш гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2001 оны 05 дугаар сард Физик техникийн хүрээлэнгийн ажилчдын орон сууцыг “Хүрд” ХХК, “Сайхан” ХХК барьж Физикийн хүрээлэн ерөнхий захиалагчаар нь байсан. Уг байрнаас бид 84.4 м.кв талбайтай, 9 тоот, 3 өрөө байрыг урьдчилгаа мөнгөө тушаагаад худалдаж авахаар физик техникийн хүрээлэнтэй гэрээ хийсэн. Үүнд би хамтран эзэмшигчээр байсан. Манай нөхөр бид хоёр байраа зарах, шилжүүлэх ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Би Д.А гэдэг хүнийг танихгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч байраа чөлөөлүүлж авмаар байна. Бид хоёр 4 хүүхдийнхээ хамтаар байр түрээсэлж амьдарч байсан. Одоо ч цэцэрлэгийнхээ дээр амьдарч байна. Бид байрандаа орох гэж чөлөөлж өгөхийг хүссэн боловч янз бүрийн хүмүүст түрээслүүлсэн гээд Д.А гэгчтэй уулзах гэхээр олддоггүй байсан. Гэр бүлийн хэрэгцээнд захиалсан байр, гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчиж байна. Компани хоорондын өр барагдуулах асуудалд 4 хүүхэдтэйгээ, ээжтэйгээ 7 хүний эрх зөрчигдөж байна. Иймд бидний байрыг чөлөөлүүлж Д.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2001 онд Физик технологийн хүрээлэнгээс ажилчдын орон сууц бариулахад би нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд байрны урьдчилгаанд 9 000 000 төгрөг төлж, барилга захиалгын гэрээг хүү М.Хын нэрээр байгуулсан. Бид нар Физик технологийн хүрээлэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хийгээд би хүүхдэдээ шилжүүлж өгсөн. Д.Ат байраа өгөхөөр байсан бол Физик технологийн хүрээлэнтэй уулзаж уг гэрээг сольж өгөх ёстой байсан. Байрнаас хүчээр хөөж гаргаж, хүчээр энэ гэрээг байгуулсан. Бид нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад залилаагүй. Учир нь ерөнхий захиалагч Физик технологийн хүрээлэн, гүйцэтгэгч байгууллагатай тохиролцохдоо гүйцэтгэгч байгууллагаар үл хөдлөх хөрөнгийн гэрээ гаргуулна гэхдээ бид нар Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан анхны гэрээг үндэслэж “А” ХХК нь барилга гүйцэтгэн бариулах гэрээг давхар захиалагчтай хийж, тэрний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаарай гэж гэсэн. Физик технологийн хүрээлэнтэй “А” ХХК нь тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн газар бүх гэрээнүүдийг аваачиж өгсөн. Тийм учраас Физик технологийн хүрээлэнгээс захиалагчтай давхар хийсэн гэрээ байгаа. Монгол шуудан банктай байгуулсан гэрээ байгаа. “А” ХХК-тай захиалагч нь барилгын ажил гүйцэтгэх 4 гэрээ байгаа. Би урьдчилгаа 7 000 000 төгрөг төлж байрыг захиалсан. Хүүгийнхээ нэр дээр зээлийг нь авсан. 14 000 000 төгрөгийн зээл нь 10 жилийн дараа 19 000 000 төгрөг болох ёстой байтал яагаад өнөөдөр Монгол шуудан банканд 10 жил болоогүй хугацаанд 29 000 000 төгрөгийг төлсөн гэдэг нь эргэлзээтэй. 2009 оны 03 сард Физик технологийн хүрээлэнгээс мөнгөө аваад “Д” ХЗХ-ноос байраа авах гэхэд бидний зөвшөөрөлгүй манай байрыг 4 өрөө болгоод, өрөө тус бүрт түрээслэгчид суулгасан байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин ч биднийг өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдрах, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, дур мэдэн бусдад түрээслэн, захиран зарцуулж байгаа Д.Аийн бусармаг үйлдлийг зогсоож, Д.Ат байр чөлөөлөхийг даалгаж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч М.Х, Н.О, Н.Д нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Д” ХЗХ-ноос “А” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байрлах компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000137692 Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлтэй 6 давхар орон сууцны барилгыг барьцаалж, зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтууд нь өмчлөгчийн эрхийг хязгаарлахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөр энэхүү зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон.

Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгон нотлох баримтаар ирүүлсэн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар зээлийн барьцааны гэрээ нь “Д” ХЗХ-ноос “А” ХХК-д 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадаагүй хэмжээгээр буюу үндсэн зээл дээр зээлийн хүүг нэмж нэгтгэн 25 800 000 төгрөг зээлсэн мэтээр хийсэн гэрээ юм. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг авч өгөлцөөгүй, зээлийн хүүг зээл авсан мэтээр үнийн дүнд оруулж хийсэн байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.

“А” ХХК-ийн захирал М.Х миний бие, “Д” ХЗХ-г төлөөлж захирал Д.А бид 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн төлөөлөгч бүрэн эрхээ төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хийх, уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлүүлэгчид бий болох гэсэн хуулийн заалт, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтуудыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байна.

“Д” ХЗХ-г төлөөлж захирал Д.А бид нар Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийхэд нэгэнт зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа юм чинь 9 тоот байрыг суллаж өг гэж шаардсаар байгаад ээж Н.О, эхнэр Н.Д, 2-13 насны хүүхдүүдийн хамт хөөж гаргаад, бид арга буюу байр түрээслэн амьдарсан. Гэтэл Д.А нь өөрсдөө оролгүй өнөөдрийг хүртэл түрээслэн орлого олж байгаа ба одоо ч манай байранд оюутнууд суулгаж, түрээсийн мөнгийг авсан байх тул түрээслэгч нарыг бидний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын 30 дугаар байрны 9 тоот байраа албадан чөлөөлүүлэх шаардлагатай байна.

“А” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 04-нд “Д” ХЗХ-ноос 15 000 000 төгрөгийн зээл авахдаа зээл болон зээлийн хүүг буцаан төлөх барьцаанд өөрийн компанийн өмчлөлийн 000137692 Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлтэй 6 давхар орон сууцны барилгыг барьцаалуулсан байсан. Харин Н.Хатанбаатар нь Д.Атай Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийж, барьцаа хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солихдоо Монгол Шуудан банкнаас эхнэр Н.Д миний хамтран зээл авч байж худалдаж авсан 3 өрөө байрыг надаас зөвшөөрөл авалгүйгээр ганцаараа дур мэдэн зээлийн төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан нөхцөл байдлыг буй болгож байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан заалтыг зөрчин гэр бүлийн хэрэгцээнд амьдран суух зориулалтын орон сууцыг М.Х нь зөвшөөрөлгүйгээр өр төлбөрт өгөх хэлцэл хийснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. “Д” ХЗХ нь “Ахан дүүс анд” ХХК-д 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн нь Хоршооны тухай хуулийн 483 дугаар зүйлийн 483.1-д заасан /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан заалт/ Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно гэсэн заалтыг зөрчсөн байх тул мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.

Н.О нь Физик технологийн хүрээлэнд ажиллаж байсны хувьд энэхүү маргаантай байгаа байрыг байгууллагаас ажилчиддаа зориулан захиалах хуваарьт орж, байгууллагатайгаа гэрээ байгуулахдаа өөрийн хүү М.Хын нэрээр байгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг өөрийн нэрээр төлөлцөж байсан баримт нь хэрэгт авагдсан. Эхнэр Н.Д нь ч гэсэн уг орон сууцыг авахад мөн хамтран урьдчилгаа болон зээлийг төлөлцөж байсан. Маргаан бүхий 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Н.О, Н.Д бид улсын бүртгэлд нэгэнт бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд “Д” ХЗХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.А, “А” ХХК-ийг төлөөлж захирал М.Х нарын байгуулсан 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “Д” ХЗХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.А болон А ХХК-ийг төлөөлж захирал М.Х бидний хооронд байгуулсан 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “Д” ХЗХ-г төлөөлж Д.А, “А” ХХК-ийг төлөөлж М.Х бидний байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, М.Х, Н.О, Н.Д нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 2204068821 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын 30 дугаар байрны 9 тоот 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээсээ чөлөөлж өгөхийг Д.Ат даалгуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2008 он хүртэл “Д” ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо тус хоршоо татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон. Тухайн үед байгуулсан эдгээр гэрээнд миний бие төлөөлж гарын үсэг зурж байсан боловч одоо тус хоршооны үйл ажиллагааг хариуцахгүй, тус хоршооны байгуулсан гэрээний хариуцлагыг иргэн хүний хувьд хүлээхээ больсон тул сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болохгүй гэж үзэж байна.

Миний бие уг маргаан бүхий орон сууцыг 50 800 000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд оруулсан бөгөөд хариуцагч нар нь хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн үед “Д” ХЗХ-ны зээлдэгч М.Х нь тус хоршооноос авсан зээлээ төлж чадахгүй болсон тул төлбөртөө тооцуулан өөрийн нэрээр Монгол шуудан банкнаас зээл аван захиалсан байсан маргаан бүхий байрыг үлдэгдэл төлбөрийг нь банкинд төлөн авахыг санал болгосон. “Д” ХЗХ-ны зүгээс уг саналыг нь хүлээн зөвшөөрөн уг орон сууцыг Д.А миний өмчлөлд шилжүүлэх, миний бие тус хоршооны гишүүний хувьд М.Хын төлөх ёстой зээлийн төлбөрийг хааж барагдуулахаар харилцан тохиролцсон. Уг зээлийн төлбөрийг нь “Д” ХЗХ-нд үйл ажиллагааны орлогоосоо хасах замаар төлж, мөн М.Хын Монгол шуудан банкинд төлөх ёстой 21 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. “Д” ХЗХ болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд нь хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ бөгөөд М.Х, Н.О, Н.Д нар нь “А” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. Д.А нь тодорхой хэмжээгээр хариуцах үндэслэлгүй. “Д” ХЗХ нь албан ёсоор хуулийн хүрээнд татан буугдсан болох Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 429 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. Мөн “Д” ХЗХ болон “А” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршиж байгаа маргаан бүхий 6 давхар орон сууцны барилгыг 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэж барьцаанаас чөлөөлж авсан. Нөгөө талаас дурдагдсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах гэрээнд талууд гэрээний агуулгыг тодорхойлсон. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Нотлох баримтуудаас үзэхэд маргаж байгаа орон сууцыг О.Даваацэрэн болон Н.О нар хамтран худалдаж авсан, гэрээ байгуулсан, төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн гарын үсэг бүхий баримт харагдахгүй байна. Тийм учраас эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах, гэрээ байгуулах, зээлийн төлбөр барагдуулах хэлцэл байгуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ нь Монгол шуудан банкнаас ирүүлсэн орон сууц захиалах, бариулах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн эхний 3 шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд маргаж байгаа байрыг анхнаасаа Д.Аийн нэр дээр шилжүүлсэн. Шилжүүлсэн байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа тул Д.Аийг байрыг чөлөөлөхийг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Х нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ариг банктай Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу зээл, барьцааны гэрээ байгуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн 2016 оны 03 сарын 02-ны өдрийн101/ШЗ2016/09147 тоот захирамжаар барьцааны зүйл болох Ү2204068821 тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа. Уг маргаанаас болж түдгэлзсэн байгаа.

Талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн болон бусад гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. Монгол Улсад бүртгэлийн зарчим үйлчилдэг. Иргэний хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, бүртгэгдээгүй байхад уг хэлцлүүд хийгдсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар зээлийн гэрээний хувьд үнэлэлт өгөхгүй байна. Барьцааны гэрээний хувьд гэрчилгээ гараагүй байсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Барьцаанд бүртгэгдлээ гэсэн урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулах үед тухайн барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлд байгаа эсэхийг лавлагаагаар шалгахад байхгүй байсан. Тиймээс манай зүгээс маргаан бүхий үйл явцыг мэдэх боломжгүй байсан. Тиймээс манайх шударга барьцаалагч гэж үзэж байна. Манайх шүүхийн шийдвэртэй байгаа. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн гаргасан 4 дэх үндэслэлийг дэмжиж оролцож байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Аийг тогтоож, “Д” ХЗХ болон “А” ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” ХЗХ болон “А” ХХК-ийн хооронд 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” ХЗХ-г төлөөлж Д.А, “А” ХХК-ийг төлөөлж М.Х нарын байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.Ат даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 950 төгрөг, 70 200 төгрөг, 70 200 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629 925 төгрөг, 70 200 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х, Н.О, Н.Д нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 411 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1702 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/001502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1072 дугаар магадлалыг дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөний зэрэгцээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэлээ.

Нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2007 оны 03 сарын 20-ны өдөр “Д” ХЗХ болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу орон сууцны зээлийг шилжүүлэн авч, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусган Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болсон тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хэд хэдэн үндэслэл гаргаж, түүнийгээ нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн атал бидний дараах үндэслэлүүдийг болон холбогдох нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

Д.А нь “Д” ХЗХ-г төлөөлөх эрх гэрээ байгуулахад ч, шүүхэд нэхэмжлэл гаргахад ч байгаагүй ба “Д” ХЗХ нь 2008 онд 10 жил гаруй хугацааны өмнө татан буугдсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 429 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн татварын албаны тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба эдгээр нотлох баримтын талаар шүүх үнэлж дүгнээгүй бөгөөд хэрэгт АлтанхуягтД” ХЗХ-г төлөөлөн гэрээ байгуулах, хоршооны эрх үүргийг шилжүүлэн олгосон талаар ямар ч баримт байхгүй. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх мөн итгэмжлэлээр төлөөлөх эрхийн аль нь ч үүсээгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой атал хуулийг буруу хэрэглэсэн.

Харин ч тухайн үед уг ХЗХ-ны захирал Ш.Дашдаваа гэж иргэн байсан нь хавтас хэрэгт авагдсан “Д” ХЗХ-ны 2007 оны 07-р сарын 26-ны өдрийн 09/04 дугаар албан бичгээр нотлогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх “...дээрх гэрээнүүдийг “Д” ХЗХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Алтанхуяг баталжээ” гэж дүгнэсэн нь бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа ба Алтанхуяг нь өөрийгөө итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй билээ.

Шүүх хэргийг шийдвэрлэж иргэн Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “Д” ХЗХ, “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг гол нотлох баримт болгон үндэслэсэн байгаа. Гэтэл хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл нь “Д” ХЗХ, “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой байхад иргэн Алтанхуяг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт боллоо. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтаар ирүүлсэн 2006 оны 01-р сарын 19-ний өдрийн 19 дугаартай зээлийн барьцааны гэрээ нь “Д” ХЗХ-ноос “А” ХХК-д 2005 оны 03-р сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлээд үндсэн зээл, зээлийн хүүгээ төлж чадаагүй тул үндсэн зээл дээр зээлийн хүүг нэмж нэгтгэн бичээд 25 800 000 төгрөг зээлсэн мэтээр хийсэн зээлийн гэрээ юм. Гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг аваагүй, өгөөгүй зээлийн хүүг зээл авсан мэтээр үнийн дүнд оруулж хийсэн хэлцэл бөгөөд бодит байдалд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар ямар ч мөнгө төгрөг өгч авалцаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй бодит байдалд энэ хэлцэл хийгдээгүй байхад гэрээний үүргээ хэрэгжүүлсэн мэтээр үнэлж өмчлөгчөөр тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Зээлийн гэрээний дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор хуулиар зохицуулсан учир байгуулагдаагүй зээлийн гэрээний үүрэгт Алтанхуягийг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байхад түүнийг өмчлөгчөөр тогтоож, шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Энэ нь “Д” ХЗХ-г төлөөлж Д.Аийн М.Хтай байгуулсан 2007 оны 3-р сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах хэлцлийн 1 дэх заалтаар нотлогдож байгаа болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар уг маргаантай байгаа байр нь 110 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа бөгөөд шүүх нэхэмжлэгч Алтанхуяг нь Монгол шуудан банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг 31 удаагийн төлөлтөөр нийт 24 750 000 төгрөг төлсөн баримт авагдсан гэж дүгнээд Алтанхуягийг өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл Алтанхуяг нь “А” ХХК-ийн зээлийн төлбөр тооцоог өөртөө шилжүүлэн хүлээж авсан атлаа “Д” ХЗХ-нд тэрхүү уургийн гүйцэтгэлийг шилжүүлэн өгч барагдуулсан баримт байхгүй, харин ч “Д” ХЗХ нь “А” ХХК-ийн зээлийг эрсдэлийн сангаас хаасан баримт шүүх хурлаар хэлэлцэгдсэн байхад өмчлөлийн хувьд маргаан бүхий байсан байрыг гагцхүү Монгол шуудан банкны орон сууцны зээлийн төлбөрийг төлсөн дээрх баримтыг үндэслэн Алтанхуягийг өмчлөгчөөр тогтоосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.А нь сөрөг нэхэмжлэлийн үгүйсгэхдээ би “Д” ХЗХ-г төлөөлөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авч сөрөг нэхэмжлэл нь “Д” ХЗХ, “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой байх тул иргэн Алтанхуяг хариуцах үндэслэлгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дээрх нэр бүхий хуулийн этгээдүүдийн байгуулсан Зээлийн гэрээ, Төлбөр барагдуулах хэлцлийн гэрээний үүргийн дагуу өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан иргэн Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн.

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн үндэслэл гаргаж, түүнийгээ нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн атал бидний дараах үндэслэл, нотлох баримтыг шүүх үнэлж дүгнээгүй нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь унэлнэ” гэснийг зөрчсөн. Энэ тухайд:

Д.А уг 9 тоот байранд өөрсдөө оролгүй өнөөдрийг хүртэл 2016 оны 6-р сар хүртэл хугацаагаар түрээслэн 10 жил 3 сарын түрээсийн төлбөр авч орлого олж, Монгол шуудан банкинд төлсөн төлбөрийг олох ёстой орлогоороо хангалттай төлж барагдуулсан талаар шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан түрээслэгч нарын тодорхойлолт, мөн энэ хугацаанд түрээслээд олсон орлогыг тодорхойлсон үнэлгээний байгууллагын үнэлгээ зэргийг нотлох баримтаар хэлэлцүүлсэн. Тэгээд ч 10 жил гаруй хугацаанд түрээслэж ашиг олсон талаар нэхэмжлэгч маргадаггүй. Дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэр, магадлалд үнэлж дүгнээгүй.

2006 оны 01-р сарын 19-ний өдрийн 19 дүгээр зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, “Д” ХЗХ-г төлөөлж захирал Д.А, М.Х нарын хооронд байгуулагдсан 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл” нь 2 талын гэрээнд талууд адил тэгш эрхтэй байх гэрээний үндсэн зарчмыг, мөн иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь заалтыг зөрчиж гэрээний 2 дахь заалтаар: “Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот 3 өрөөг эргэлт буцалтгүйгээр шилжүүлж өгөхөөр тохиролцов” гэсэн нь нэг тал хэт давуу байдал өөртөө олгосон өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарласан хэлцлүүд болох талаар маргасан байхад мөн л үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр зээлийн барьцааны гэрээ нь “Д” ХЗХ-ноос “А” ХХК-д 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлсэн гэрээг шинээр төлөгдөөгүй хүүг нэмж бичсэн бодитоор мөнгөө өгч албан ёсоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, барьцаа хөрөнгө нь “А” ХХК-ийн 6 давхар дуусаагүй барилга байсан. Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн газар бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар мөн л шүүх үнэлж дүгнээгүй.

2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг байгуулахдаа хамтран өмчлөгч уг байрны урьдчилгаа төлбөрийг мөн орон сууцны зээлийн төлбөрийг төлсөн Оюунцоо, гэр бүлийн гишүүн Н.Д нараас зөвшөөрөл аваагүй, гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн уг хэлцэл нь Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн газар бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар Оюуны өмч Улсын бүртгэлийн газраас гаргуулсан нотлох баримтын шаардлага хангасан хувийн хэргийн хуулбар, лавлагааг мөн л шүүх үнэлж дүгнээгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/001502 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1072 дугаар магадлалд тус өөрчлөлт оруулж, Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Д.А нь М.Х, Н.О, Н.Д нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”, 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, маргаж буй орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.Ат даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нь Д.А нь 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “А” ХХК, “Д” хадгаламж зээлийн хоршооны хооронд байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Тус гэрээгээр Д ХЗХ нь М.Х захиралтай “А” ХХК-ийн Д хадгаламж зээлийн хоршоонд төлөх зээлийн төлбөр 29 300 000 төгрөгийг, М.Хын Монгол шуудан банкинд төлөх зээлийн үлдэгдэл 21 500 000 төгрөгийг Д.А төлж барагдуулсны үндсэн дээр хариуцагч М.Хын Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан  “Орон сууц захиалан бариулах-худалдан авах гэрээ”-ний захиалагчийн эрхийг  шилжүүлэн авах, М.Х нь орон сууцыг чөлөөлж, орон сууцны гэрчилгээ бусад баримт бичгийг бүрдүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу Д.А М.Хын зээлийн төлбөрт 50 800 000 төгрөгийг төлж, барьцааны хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн, М.Х орон сууцыг суллаж, нэхэмжлэгчийн эзэмшилд өгсөн боловч бичиг баримтыг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.А нь маргаж  буй орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлж авсан үндэслэлээр түүнийг өмчлөгчөөр тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх заалтад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах гэрээ нь Д ХЗХ, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан боловч тус гэрээнд “А” ХХК-ийн захирал, хариуцагч М.Х нь: “Физик технологийн хүрээлэнтэй орон сууц захиалж бариулах, худалдан авах гэрээг иргэн Д.Аийн нэр дээр, тус тус эрх үүргийн хамт шилжүүлж, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот 3 өрөө байрыг эргэлт буцалтгүй шилжүүлж өгөх”-өөр үүрэг хүлээсэн, орон сууцыг иргэн Д.Ат хүлээлгэн өгсөн тул Д.Аийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн Д.А “Д” ХЗХ-ны хоорондын тооцоо нэхэмжлэлд хамааралгүй, орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг гэрээ байгуулах үеийн үнэтэй харьцуулах боломжгүй тул “...иргэн Д.А нь “Д” ХЗХ-д зээлийн төлбөр төлсөн нь баримтаар нотлогдоогүй, маргаж буй орон сууц 110 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад шүүх зээлийн төлбөрт 24 750 000 төгрөг төлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй...” хариуцагч талын гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч М.Х нь Д.Атай болон “Д” ХЗХ-той байгуулсан 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Барьцааны гэрээ”, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”, 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Д.Ат орон сууц чөлөөлөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр орон сууцыг Д.Ат шилжүүлсний дараа 2015 онд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 30 дугаар байрны 9 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсний үндсэн дээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч талын гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

  1. Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний зээлдэгчийн үүргийг 2007 оны Зээлийн төлбөр барагдуулах хэлцлээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

Нэгэнт дуусгавар болсон хэлцлийн талаар шаардлага гаргах эрхгүй байна.

  1. 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ” нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үргэлжлэл бөгөөд тус гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй, гагцхүү тус гэрээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд сөрөг нэхэмжлэлд тооцогдохгүйгээс гадна тус гэрээ байгуулагдснаар ямар нэг үр дагавар үүсээгүй тул гэрээтэй холбоотой шаардлага үндэслэлгүй байна.

Талууд 2007 онд байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-нд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүргийг тохиролцсон болно.

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Маргаж буй орон сууцыг захиалан, худалдаж авахаар иргэн М.Х Физик технологийн хүрээлэнтэй гэрээ байгуулсан, М.Х нь тус гэрээний эрхээ Д.Ат шилжүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Н.Д нь М.Хын гэр бүл, Орон сууцны зээлийг авахад хамтран зээлдэгчээр оролцсон байна. Энэ нөхцөл байдал Н.Дг “Орон сууц захиалах, худалдан авах гэрээ”-ний хамтран оролцогч гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд “...орон сууцны зээлийг хамтран авсан гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг авалгүйгээр тус орон сууцыг дур мэдэн зээлийн төлбөрт шилжүүлсэн....” гэх үндэслэлээр 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Түүнчлэн хариуцагч нар 2015 онд тус орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байдал нь 2007 оны хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл болохгүй. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль  бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн эзэмшил хууль бус байх учиртай. Хэдийгээр маргаж буй орон сууц хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй боловч нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М.Х нь тусдаа, хариуцагч Н.Д, Н.О нар нь хамтарч тус тус хяналтын журмаар гомдол гаргасан байх боловч тэдний гомдол ижилхэн бичигдсэн, үг үсгийн зөрүүгүй, нэг нь нөгөөгөө хуулбарласан, хяналтын журмаар гаргасан гомдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэгтгэж төлсөн байх тул хариуцагч нарыг тусдаа гомдол гаргасан гэж үзэхгүй, хариуцагч талаас гаргасан нэг гомдол гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1702 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Х, Н.О, Н.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 111 775 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД