Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2021/00290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Х.У-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ө-д холбогдох 

 Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 4 330 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнгөнбулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагч Д.Ө нар оролцов.

                               ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Х.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.У нь 2020 оны 12 сарын 29-ний өдөр “U.М” гэсэн фэйсбүүк хаягаас 98-43 улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэсэн зар тавьсан байсныг хараад зарын дагуу Халхголоос тухайн тээврийн хэрэгслийн худалдагч тал болох Д.Ө-тэй утсаар холбогдон ярилцаж, тохиролцоод тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болсон. Тухайн үед тээврийн хэрэгслийг худалдаж авахад Ө тээврийн хэрэгслийнхээ асуудлыг утсаар л зөвхөн ярилцаад байсан учраас миний машинд ямар нэг будаг сэв байхгүй гэдэг талаар хэлсэн. Гол нь нэхэмжлэгч хуучин боловч будаггүй, засварт орж байгаагүй машин авах сонирхолтой байсан. Тэгээд өөрийн биеэр ирээгүй учраас тухайн үед машиныг худалдаж авахдаа Н гэдэг айлын хашаанд аваачиж тавиад Н-р үзүүлээрэй гээд ийм шаардлагаар хоорондоо ойлголцсон. Ингээд 2021 оны 1 сарын 04-ний өдөр У нь Ө-н Хаан банкны дансанд 4 300 000 төгрөгийг эхлээд 1 300 000 төгрөг, дараа нь 3 000 000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. 4 300 000 төгрөгийг шилжүүлж авсан гэдэг тал дээр хариуцагч маргаагүй. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг тал дээр талууд бас маргаагүй. Ингээд тээврийн хэрэгслийг Нын хашаанд авч очиж тавьсан. Н тухайн үедээ машиныг асааж үзээд, бусад байдлыг нь үзэж хараагүй, асахад болж байна гэдэг байдлаар дүгнэсэн учраас тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэгээд тээврийн хэрэгслээ 1 сарын 07-ны өдөр Халхгол сум руу найзыгаа аваад ирээ гэсэн хүсэлт тавьсны дагуу П гэдэг найз нь очсон. П яваад очиход тухайн тээврийн хэрэгсэл түлхүүр түлхээд асаагүй ба 3 удаа будганд орсон, хаалга нь санжсан, кабиных нь дотор талын шал нь цөмөрсөн ийм байдалтай байсан. Энэ байдлыг нь Ут хэлсэн, чи ийм машин худалдаж авч байгаа юм уу. Энэ машин чинь 3 удаа будганд орсон байна шүү дээ гэхэд У нь өө тэгвэл наад хүн чинь надад худлаа хэлсэн байна, будганд ороогүй гэж хэлсэн юм. Ийм учраас наад машиныг нь буцаагаад өгчих өө гэж хэлсэн. Ингээд машиныг нь буцааж өгөхдөө Пийн хувьд Өтай яриад хашаанд нь аваад очихыг Ө зөвшөөрсөн. Ө тухайн үед өөрийн биеэр байгаагүй боловч түүний хэлснээр хашаанд нь машиныг аваад очиход өөрийнх нь аав байсан юм байна лээ. Иймд тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн учраас түүнд шилжүүлсэн 4 300 000 төгрөгөө буцаагаад авъя гэхэд Ө нь чиний мөнгийг би банк бус санхүүгийн байгууллагад төлсөн болохоор одоо надад мөнгө байхгүй байна, би машинаа зарж байгаад мөнгийг чинь өгье гэдэг саналыг тухайн үед хэлсэн байсан. Ингээд худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан асуудал дээр хариуцагч маргаагүй. Тэгээд Ө, У хоёрын хооронд тодорхой хугацаанд мөнгө төгрөгөө өгч, авах тал дээр маргаан гараад ойлголцох боломжгүй болохоор У эхнэр хүүхдээ дагуулаад Дорнод аймагт ирж, эхлээд Эвлэрүүлэн зуучлалд хандаад мөнгөө авъя гэсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шийдвэрлүүлэхгүй гээд Ө татгалзсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тухайн эд хөрөнгийн хувьд У нь будаггүй, засварт орж байгаагүй машин авъя гэсэн зорилготой байсан. Гэтэл 3 удаа будганд орсон байгаа нь тухайн машиныг засварт орсон гэдгийг илтгэж харуулж байгаа учир гэрээнээсээ татгалзсан юм.

Тухайн үед 4 500 000 төгрөгийн үнэтэй машиныг аккумлятор нь муу гээд 200 000 төгрөг хасуулаад, бусад зүйлийн хувьд ямар ч асуудалгүй сайн машин гэсэн ойлголтоор л  4 300 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд машиныг 3 хоногийн дараа буцаагаад өгөхдөө Өыг өөр хүнд машинаа зарах гэж байхад нь би авна, авна гэж аваад саад болчихлоо гэдэг утгаар 500 000 төгрөг хасъя гэсэн саналыг У хэлсэн байсан. Гэтэл Ө 500 000 төгрөгийг 700 000 төгрөг болгоход У энэ хоёр тохиролцож чадаагүй юм байна лээ. Тэр 700 000 төгрөг бол машин тэрэг эвдсэн, эвдрэлтэй холбогдуулаад өгөх гээд байгаа асуудал биш юм. Гэтэл өнөөдөр энэ хүн машин эвдэрсэн, Х.У-г эвдсэн гээд л яриад байдаг, Тэр үед П аккумлятор нь суусан байсан учраас машиныг нь чирээд аваачаад тавьсан гэдгээ мэдүүлэг дээрээ хэлсэн. Тэгэхээр машинд эвдрэл юу байна, ямар ямар эвдрэл үүсэн байна, үнэхээр машин эвдэрсэн бол хэн эвдсэн юм гэдэг асуудал тогтоогдоогүй байгаа. Ө л өөрөө У эвдсэн гээд л яриад байгаа, машины сальник гэдэг зүйлийг тухайн үед яриагүй. Машины мотороос тос гоожсон асуудлын хувьд 3 хоногийн дотор тос гоожих эвдрэл шинээр үүснэ гэж байхгүй учраас өмнө нь тос гоождог байсан гэсэн үг. Хамгийн гол нь худалдан авагч гэрээнээс татгалзсан асуудал дээр худалдагч маргаагүй, машинаа буцаагаад хүлээж авсан бол авсан мөнгөө эргүүлээд өгөх ёстой, гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1,204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар шилжүүлсэн мөнгөө болон түүнээс учирсан шууд бус хохирол болох улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 4 330 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хангаж өгнө үү гэв.

   Хариуцагч Д.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2020 оны 12 сарын 29-нд энэ машиныг фэйсбүүк дээр борлуулна гээд зар тавьсан. Түүнээс хойш У нь 3-4 удаа надтай утсаар холбогдсон. Холбогдох болгонд нь би хэлж байсан, энэ машин Монгол улсад 10 жил явчихсан машин шүү, бүтэн будганд орсон гэдгийг нь тодорхой хэлсэн. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй ээ, мотор хроп нь ямар ч асуудал байхгүй гэдгийг ч сайн хэлж байсан. Тэгээд 2021 оны 01 сарын 03-ны өглөө У над руу яриад тэр машинаа манай найз руу авч очоод үзүүлчих ээ, тэгэхээр нь би чи өөрөө авах гэж байгаа бол өөрөө ирээд үзээд авчих, би хүнд дамжуулж өгөхгүй,  авъя гэсэн хүн байгаа юмаа тэр хүнд нь өгчихнө өө, аль түрүүлж ирээд авъя гэсэн хүнд нь өгнө гэж утсаар хэлсэн. Гэтэл өөрөө надад хүсэлт гаргаад би хол байгаа юмаа гэхээр нь би заваараа очоод найзад чинь машиныг үзүүлье гээд Хивсний хороололд байдаг Н гээд найзад нь машиныг үзүүлсэн. Тэгээд Н гэдэг найз нь үзээд ирж очихын 2 км шахуу газар машиныг барьж үзээд, би хажууд нь суугаад, тухайн үед би машин авахад яаж авдаг билээ яг л тэр журмаар нь сайн үзэж хараарай, бүх араанд хийгээд үзээрэй гэхэд Н сайн үзсэн. Үзчихээд тэдний хашааны гадаа очоод бид 2  машинаас буугаад би Н-г “за чи баруун, зүүн, урд талаар нь сайн үз” гэхэд Н ч миний хэлснээр баруун, зүүн, урд талаас нь сайн харсан.  Тухайн үед би хэлсэн гуприйн дээд тал, шанаа хоёрт сэв байгаа шүү гэж хэлж байсан. Машины хаалганы ард талд нь замасктай байсан, тухайн үедээ би цохиж үзүүлээд энэ замасктай байгаа шүү гэж хэлж л байсан, Н ойлгосон үгүйг сайн мэдэхгүй байна. Ийм байдлаар үзүүлээд тэвшин дээр цөмөрсөн зүйл байхгүй ээ гэдгийг сайн хэлсэн, Н өөрөө ч сайн үзсэн. Тэгээд Н нь энэ боломжийн машин байна, авсан хүн нь өөрөө жаахан юм нэмж хийгээд унана биз, мотор хроп сайтай сайн машин байна гэсэн. Ингээд У тай миний утсаар холбогдоод хоорондоо ярилцсан бололтой, тэгээд машиныг авахаар болсон. Яг утсаар ярьж байх үед нь би хэлж байсан, сэв замаск гээд байгаа зүйлүүдийг бүгдийг нь сайн хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд тэд ярьж тохироод машиныг Н ын хашаанд тавих болсон, машиныг шууд авч очоод машинд шаардлагатай бүх зүйлүүдтэй нь орхиод, түлхүүрийг нь өгөөд явсан. Түүнээс хойш Уын эхнэртэй нь би ярьсан, У тай өөртэй нь ч яриад найз чинь үзэж хараад машиныг авсан шүү, би шаардах бүр зүйлийг нь хэлсэн, бариулж үзлээ, тэгээд урд талын сэв, замаск гээд байгаа тэдгээрийг танай найз чинь хэлсэн биз дээ гэхэд манай найз болж байна гэсэн ахаа авъя авъя гээд машиныг авсан. Машинаа Ут яг зарж байх хугацаанд бас өөр хүн ирж миний машиныг авъя гэхэд нь би зарчихлаа гээд тэр хүнийг буцааж байсан. Ийм процесс бас болж байсан. Ингээд 1 сарын 04-ний өдөр надруу 1 300 000 төгрөгөөр, мөн 3 000 000 төгрөг гээд нийт 4 300 000 төгрөгийг У надад шилжүүлсэн. Гэтэл 01 сарын 07-ны өглөө У над руу яриад энэ машин тэргээ ирээд аваа бид нар буцаалаа, гээд асаагаад засварын газраар явж байна гэж байсан, тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, яасан юм гэхэд энэ машин чинь болохгүй машин байна, бөөн эвдрэлтэй байна гэсэн. Тэгээд би та хэд авахдаа үзэж, шалгаж авсан биз дээ зүгээр л байсан даа та нар наад машинаа асаагаад хаагуур явсан юм бэ, өвлийн 40 градусын хүйтэнд яаж асаасан юм бэ, хүчээр асаагаад эвдэлчихсэн юм биш үү, одоохондоо би хөдөө явж байна очих боломжгүй байна гэж хэлсэн. Гэтэл дахиж над руу холбогдоод машиныг чинь чирээд хашаанд чинь авч очоод орхисон шүү гэж байсан. Би Ут машинаа зарахдаа гэрийн хаягаа хэлж байсан, манай хадмын хашааны хажууд Уын нутгийн хүн нь байдаг. Миний хэлсэн хашаанд зүгээр асаагаад авч явсан машиныг чирж авч очоод орхисон байсан. Тэгээд би 1 сарын 08-нд очоод машинаа доогуур нь хараад үзсэн чинь моторын урд, хойд талаар битүү тос тэгээд би зургийг нь дараад У руу яриад “чи хаана байна гэсэн чинь би сумандаа байна” гэж байсан тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, энэ машин тэрэг өвлийн хүйтэнд яаж асаасан юм, дээр нь хог новш ачсан байна шүү дээ” гэхэд дээд сальникийг нь би сэтэлчихсэн юм аа би засч өгнө өө гэж л хэлсэн. Тэр өдрөөс хойш надтай ирж уулзаагүй, би 2, 3 удаа залгасан утсаа аваагүй, тийм л зүйл болсон. Хамгийн гол нь У өөрийнхөө мэдүүлэг дээр 1 сарын 4-нд  эхнэр хүүхдээ аваад наашаа ирсэн гэж  бичсэн байгаа юм. Яг тэр 1 сарын 8-нд би Утай утсаар яриад өөрөө ирчихээд надад худлаа хэлээд байгаа юм байна гэж бодоод би Н-ын хашаанд очиж эхнэрээс нь асуухад У гэдэг залуу ирсэн үү гэхэд  У ерөөсөө ирээгүй гэж байсан. Энэ машиныг хэн авч явсан юм бэ гэхэд нэг залуу ирээд машины доогуур нь паяльникдаад л байсан шүү дээ гэсэн. Өвлийн хүйтэнд ямар ч машиныг паяльникдаж асаахгүй, би тэрийг ч гэрчид хэлсэн. Ерөөсөө тэгж асаадаггүй, хамгийн амархан эвдрэл үүсгэдэг зүйл тэр. Тэгээд байж байхад Уын төлөөлөгч гээд өмгөөлөгч нь над руу ярьсан, ийм нэхэмжлэл байна аа гээд, тухайн үед би хотод байсан. Би энэ машиныг Ут хараагүй байхад нь худалдаж борлуулаагүй ээ, У өөрөө хүссэн. Найз гэх Ныг надтай уулзуулсан, би ч Нод машинаа үзүүлсэн. Тухайн үед Н нь машиныг үзээд болно, бүтнэ гээд Утай утсаар ярилцаж, тохиролцсон. Тэгээд наймаа явагдах дээрээ тулж, ингээд мөнгөө шилжүүлээд машиныг худалдаж авсан. Гэтэл П нь У руу очоод машиныг гаднаас нь нүдний баримжаагаараа л харчихаад эвдэрсэн гэж хэлсэн байсан. Өөр машины юу нь эвдэрснийг хэлж мэдэхгүй шүү дээ. Н ч өөрөө мэдэж байгаа машинаас тос, масло гоожсон зүйл байхгүй байна аа гэж байсан. Би машинтайгаа хөдөлгөөнд оролцож байсан, тэр хэвээр нь л машиныг Нод хүлээлгэж өгсөн. Тэгээд П нь машиныг  би асаагаагүй гээд байдаг, нэг хүн ирээд паяальникдсан гэдэг, тэгээд хэн нь тэр машиныг асаасан болж таарч байгаа юм бол, мөн 10 000, 12 000 гээд байгаа сальник бол өнгөн хэсэг болон гадна талынх нь сальник юм. Тэгээд Н болохоор машиныг асаагаад хөдөлгөөнд оролцсон, шавар баас ачаад явсан гээд байдаг. Ерөнхийдөө бол У, Н энэ хүмүүсийн л хоорондоо ярилцсан яриа байгаа ч юм уу, би бас баримт нотолгоогүй байж тэр хүмүүсийг хардаад байх ч биш, үгүй ч биш болчихоод ёстой хэцүү байдалд орчихоод байна. Ямар ч байсан энэ машин эвдрэлтэй болчихлоо. Хропны дуу чимээ гээд авах юм байхгүй. Тэгээд Пүрэвдожид өөрт нь би хэлсэн, за чи энийг сонсоорой хропны навчнаас шархирсан дуу гараад байна шүү гээд, гэтэл өө наадах чинь хойд талынхаа сальникаараа сэтэрсэн байна гээд хэлж байсан. Тэр сонссон мэдсэн зүйлээ П Уын төлөөлөгчид хэлээгүй юм байна л даа. У машиныг буцаах үед эхлээд надад 300 000 төгрөг хасуулъя гэхэд нь би үгүй гэсэн. Дахиад 200 000 төгрөг нэмээд хасуулаад үлдэгдэл мөнгөө авъя гэхэд нь машинд ямар эвдрэл гэмтэл гарсан, түүнийг засуулахад хэдэн төгрөг шаардлагатай болохыг би мэдэхгүй учраас зөвшөөрөөгүй. Шүүх хурлын өмнө 700 000 төгрөг юм уу 800 000 төгрөг хасвал хасуулаад эвлэрье гэхэд У зөвшөөрөөгүй. Хамгийн гол нь ямар эвдрэл үүссэн болохыг мэдэхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.У нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-р дамжуулан  хариуцагч  Д.Ө-д  холбогдуулан авто машин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 4 300 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30 000 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би Д.Өаас 4 500 000 төгрөгөөр Портер маркийн автомашин худалдаж авсан. Д.Ө нь автомашинаа надад худалдахдаа ямар ч асуудалгүй, будганд огт орж байгаагүй гэж худалдсан. Би будганд орж байгаагүй, засварт ороогүй машин авах зорилготой байсан боловч уг машин нь 3 удаа будганд орчихсон, хоёр хаалга нь санжчихсан, кабины шал цөмөрсөн байсан тул машиныг буцаахаар болж Д.Өд машиныг хүлээлгэж өгсөн. Д.Ө нь машины мотор хропыг гэмтээсэн, тос гоожуулсан гээд мөнгийг маань өгөхгүй байгаа боловч намайг гэмтээсэн гэх байдлыг нотолж чадаагүй. Иймд гэрээнээс татгалзсан тул автомашины үнэд төлсөн мөнгөө нэхэмжилнэ...” гэж тайлбарлан маргаж мэтгэлцдэг.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...Х.Унь машиныг худалдаж авахдаа найзаараа үзүүлж харуулаад худалдаж авсан. Миний машин Монголд 10 жил явсан, бүтэн будганд орчихсон, хийх юмтай машин гэдгийг түүнд хэлж байсан. Найзад нь ч хэлсэн. Х.У-н найз машиныг асаахдаа хүчээр паяальникдаж асаасан байсан. 3 хоногийн дараа машиныг буцаагаад чирч авчраад тавьсаных нь дараа би очоод доогуур нь шагайж үзэхэд мотор тэр чигээрээ тос гоожсон байсан. Портер машиныг хэзээ ч хүчээр паяальникдаж асаадаггүй, мөн асч байсан машиныг чирч авчирч тавьсан байсан. Саяхан шүүх хуралдааны өмнө очиж машиныг асааж үзэхэд мотор хропонд нь дуу орсон, сальник нь сэтэрсэн байсан, өөр ямар гэмтэл үүссэн болохыг мэдэхгүй байна. Машины эвдрэлд ойролцоогоор 800 000 төгрөгийн гэмтэл үүссэн байж магадгүй учраас энэ мөнгийг хасуулаад үлдэгдлийг өгье гэхэд Х.У зөвшөөрөөгүй...” гэж мэтгэлцдэг.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Х.У, хариуцагч Д.Ө нар нь 2021 оны 01 сарын 04-ний өдөр 98-43 ДОР улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашиныг /хуучин/ 4 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч Д.Ө нь дээрх автомашиныг худалдан авагчид шилжүүлсэн боловч автомашины гэрчилгээг шилжүүлээгүй, худалдан авагч Х.Унь хэлэлцэн тохирсон үнэ болох 4 500 000 төгрөгөөс аккумляторын үнэд 200 000 төгрөгийг хасуулан 4 300 000 төгрөгийг 2021 оны 01 сарын 04-ний өдөр төлсөн байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримтууд тогтоогдож байна. Талууд тэдний хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдагч буюу хариуцагч Д.Ө автомашины бичиг баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагч Х.У-н нэр дээр шилжүүлж өгөөгүй боловч автомашиныг Х.У-н эзэмшилд /түүний хэлснээр найз Нын хашаанд тавьсан/ хүлээлгэн өгөх, худалдан авагч буюу нэхэмжлэгч Х.Унь автомашины үнийг төлөх үүргээ тус тус биелүүлсэн байх боловч худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2021 оны 01 сарын 07-ны өдөр “автомашин 2-3 удаа будганд орсон, хоёр хаалга нь санжсан, кабины шал цөмөрсөн, машин түлхүүрээр түлхээд асахгүй” зэрэг доголдолтой гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, улмаар автомашиныг худалдагчид буцаасан үйл баримт талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т тус тус зааснаар худалдсан эд хөрөнгө гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанарын хувьд биет байдлын доголдолгүй байх ба гэрээгээр чанарын тухай заагаагүй бол зориулалтаар нь ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдах, 255.2-т худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол дээрх заалт хамаарахгүй талаар тус тус заасан байхаас гадна гэрээнээс татгалзсаны дараа эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээс өмнө худалдан авагчийн буруугаас эд хөрөнгийн доголдол үүссэн бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхгүй болдог.

Гэрч З.Нын шүүхэд өгсөн “...машиныг худалдан авах үед урд хөмсөг сэвтэй, гүпр сэвтэй гэдгийг би Ут дамжуулж хэлсэн, будганд ороогүй гэж надад хэлсэн, хаалга нь гажсан байсан, мөн мотороос тухайн үед тос гоожоогүй байсан боловч урьд өмнө нь тос гоождог байсан эсэхийг худалдаж авах үед мэдэх боломжгүй, ...манай хашаанд машиныг авах гээд 2 хүн ирсэн. Эхний хүн нь асахгүй болохоор нь паяальник тавиад асаахад тос гоожсон учраас шууд унтраасан, харин дараа нь ирсэн хүн машиныг асаалгүйгээр чирээд аваад явсан,” гэх мэдүүлэг, гэрч П.Пийн шүүхэд өгсөн “...машиныг авах гээд очоод түлхүүрээр асаах гэтэл асахгүй байсан, мөн будганд ороогүй гэж хэлсэн гэсэн. Гэтэл тухайн машинд эрүүл газар  байгаагүй,  битүү  замаскдсан,  замаск  нь  хагарсан,  дугуй  нь  авах  юмгүй халзарсан,  кабины  шал  нь   овон   товон   болсон   байсан...”   гэх   мэдүүлэг,   мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би машинаа урьд нь бүтэн будганд орсон гэдгийг Х.Уболон түүний найзад нь хэлж байсан. ...3 хоногийн дараа машиныг чирч авчраад тавьсаных нь дараа машины доогуур шагайж харахад мотор тэр чигээрээ тос гоожиж нэвчсэн байсан, энэ нь машиныг хүйтэнд хүчээр паяальникдаж асааснаас болдог” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч автомашиныг худалдан авах үедээ машины хаалга унжиж санжсан, кабины шал цөмөрсөн гэх мэт сэв байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан байна.

Гэвч нэхэмжлэгч нь хуучин боловч будганд ороогүй автомашин худалдан авч өөрийн хэрэгцээнд унаж эдлэх зорилгоор уг машиныг худалдан авсан болох нь түүний тайлбар болон дээрх гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байх ба нэхэмжлэгч дээрх шалтгаанаар гэрээнээс татгалзсаныг хариуцагч үгүйсгээгүй. 

Хариуцагч Д.Ө нь Х.У гэрээнээс татгалзсан, автомашинаа буцаан авсан талаар маргадаггүй боловч буцаасан эд хөрөнгө болох автомашин өмнө нь бүтэн будганд орсон гэдгийг нэхэмжлэгчид хэлсэн, мөн машиныг буцаахдаа хүчээр асаасны улмаас мотороос тос гоожиж нэвчсэн, мотор хропонд дуу орсон, мөн мотор, хропонд өөр ямар гэмтэл үүссэнийг мэдэхгүй” гэж маргадаг.

Гэвч гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл хариуцагч нь өөрийн машиныг өмнө нь бүтэн будганд орсон тухай худалдан авагчид хэлсэн болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ автомашиныг худалдсанаас хойш 3 хоногийн дотор мотороос тос гоожсон нь уг доголдол автомашиныг худалдахаас өмнө байсан доголдол гэж үзэх боломжтой байна.

Түүнчлэн автомашиныг буцаахаас өмнө худалдан авагч буюу Х.У-н буруугаас болж дээрх доголдол үүссэн болохыг хариуцагч шүүхэд нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь автомашинаа худалдахаас өмнө оношлогоонд оруулж, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан эсэх, автомашинд 2021 оны 01 сарын 07-ны өдөр буцаагдсанаас хойш ямар эвдрэл гэмтэл үүссэн болох, мотороос тос гоожсон, хропонд дуу орсон нь машиныг хүйтэнд хүчээр паяальникдаж асааснаас болсон эсэх талаар оношлогоонд оруулж албан ёсны дүгнэлт гаргуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч энэ талаарх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан ...гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд улмаар гэрээнээс татгалзаж худалдан авсан эд хөрөнгө болох автомашиныг хариуцагч Д.Өд хүлээлгэн өгсөн болохыг хариуцагч үгүйсгээгүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй бөгөөд нэгэнт худалдан авагч гэрээнээс татгалзсан, худалдагч эд хөрөнгөө буцаан авсан байх тул хариуцагч Д.Өаас автомашины үнэд төлсөн 4 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ут олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “миний машины хаалганы бариулуудыг эвдсэн байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, улмаар гэрчүүд хаалганы бариулыг эвдсэн талаараа мэдүүлсэн боловч талууд хаалганы бариул хэдэн төгрөгний үнэтэй болох талаар тайлбарлаагүй, хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хаалганы бариулын үнийг хасч тооцох боломжгүй байсан болно.

 2. Нэхэмжлэгч нь тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийг гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, зардалд тооцон нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 138/ЭТ2021/00046 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр /хх-3,4 дүгээр тал/ Х.Унь Д.Өд холбогдуулан өөрсдийн дунд үүссэн дээрх маргааныг шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар тэд санал нэгдээгүй, харилцан тохиролцоонд хүрч чадаагүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнд хүрэлгүйгээр дуусгавар болсон байна.

Өөрөөр хэлбэл хэргийн зохигч өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэн шүүхэд болон шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандан нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдөлийг гаргаснаар шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тодорхой зардал гаргадаг бөгөөд хэргийн зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх журмыг баримтлах үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан зардлыг гэрээнээс татгалзсаны улмаас үүссэн зардалд тооцон хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 4 330 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд 84 230 төгрөг төлөх атал 3 200 төгрөгийг илүү төлсөн байх ба түүний төлсөн 87 430 төгрөгөөс 84 230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 3 200 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагч Д.Өаас улсын тэмдэгтийн хураамжинд 83 750 /4 300 000 төгрөг ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Өаас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 4 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгч Х.У-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 430 төгрөгөөс 84 230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 3 200 төгрөгийг, хариуцагч Д.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 83 750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Ут олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.УРТНАСАН