Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 201/МА2021/00017

 

Х.Уын нэхэмжлэлтэй, Д.Өд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2021/00290 дугаар шийдвэртэй, Х.Уын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Өд холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 4 330 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Өын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 05 сарын 11ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Ө,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.У нь 2020 оны 12 сарын 29-ний өдөр Unur Mgl гэсэн фэйсбүүк хаягаас 98-43 улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэсэн зар тавьсан байсныг хараад зарын дагуу Халхголоос тухайн тээврийн хэрэгслийн худалдагч тал болох Д.Өтай утсаар холбогдон ярилцаж, тохиролцоод тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болсон. Тухайн үед тээврийн хэрэгслийг худалдаж авахад Ө тээврийн хэрэгслийнхээ асуудлыг утсаар л зөвхөн ярилцаад, миний машинд ямар нэг будаг сэв байхгүй гэдэг талаар хэлсэн. Гол нь нэхэмжлэгч хуучин боловч будаггүй, засварт орж байгаагүй машин авах сонирхолтой байсан. Тэгээд өөрийн биеэр ирээгүй учраас тухайн үед машиныг худалдаж авахдаа Наранцогт гэдэг айлын хашаанд аваачиж тавьсан.  Ингээд 2021 оны 1 сарын 04-ний өдөр У нь Өын Хаан банкны дансанд 4 300 000 төгрөгийг эхлээд 1 300 000 төгрөг, дараа нь 3 000 000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. 4 300 000 төгрөгийг шилжүүлж авсан гэдэг тал дээр хариуцагч маргаагүй. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг тал дээр талууд бас маргаагүй. Ингээд тээврийн хэрэгслийг Наранцогтын хашаанд авч очиж тавьсан. Наранцогт тухайн үедээ машиныг асааж үзээд, бусад байдлыг нь үзэж хараагүй, асахад болж байна гэдэг байдлаар дүгнэсэн учраас тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэгээд тээврийн хэрэгслээ 1 сарын 07-ны өдөр Халхгол сум руу найзыгаа аваад ирээ гэсэн хүсэлт тавьсны дагуу Пүрэвдорж гэдэг найз нь очсон. Пүрэвдорж яваад очиход тухайн тээврийн хэрэгсэл түлхүүр түлхээд асаагүй ба 3 удаа будганд орсон, хаалга нь санжсан, кабиных нь дотор талын шал нь цөмөрсөн ийм байдалтай байсан. Энэ байдлыг нь Ут хэлсэн, чи ийм машин худалдаж авч байгаа юм уу. Энэ машин чинь 3 удаа будганд орсон байна шүү дээ гэхэд У нь өө тэгвэл наад хүн чинь надад худлаа хэлсэн байна, будганд ороогүй гэж хэлсэн юм. Ийм учраас наад машиныг нь буцаагаад өгчих өө гэж хэлсэн. Ингээд машиныг нь буцааж өгөхдөө Пүрэвдоржийн хувьд Өтай яриад хашаанд нь аваад очихыг Ө зөвшөөрсөн. Ө тухайн үед өөрийн биеэр байгаагүй боловч түүний хэлснээр хашаанд нь машиныг аваад очиход өөрийнх нь аав байсан юм байна лээ. Иймд тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн учраас түүнд шилжүүлсэн 4 300 000 төгрөгөө буцаагаад авъя гэхэд Ө нь чиний мөнгийг би банк бус санхүүгийн байгууллагад төлсөн болохоор одоо надад мөнгө байхгүй байна, би машинаа зарж байгаад мөнгийг чинь өгье гэдэг саналыг тухайн үед хэлсэн байсан. Ингээд худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан асуудал дээр хариуцагч маргаагүй. Тэгээд Ө, У хоёрын хооронд тодорхой хугацаанд мөнгө төгрөгөө өгч, авах тал дээр маргаан гараад ойлголцох боломжгүй болохоор У эхнэр хүүхдээ дагуулаад Дорнод аймагт ирж, эхлээд Эвлэрүүлэн зуучлалд хандаад мөнгөө авъя гэсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шийдвэрлүүлэхгүй гээд Ө татгалзсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тухайн эд хөрөнгийн хувьд У нь будаггүй, засварт орж байгаагүй машин авъя гэсэн зорилготой байсан. Гэтэл 3 удаа будганд орсон байгаа нь тухайн машиныг засварт орсон гэдгийг илтгэж харуулж байгаа учир гэрээнээсээ татгалзсан юм.

Тухайн үед 4 500 000 төгрөгийн үнэтэй машиныг аккумлятор нь муу гээд 200 000 төгрөг хасуулаад, бусад зүйлийн хувьд ямар ч асуудалгүй сайн машин гэсэн ойлголтоор   300 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд машиныг 3 хоногийн дараа буцаагаад өгөхдөө Өыг өөр хүнд машинаа зарах гэж байхад нь би авна, авна гэж аваад саад болчихлоо гэдэг утгаар 500 000 төгрөг хасъя гэсэн саналыг У хэлсэн байсан. Гэтэл Ө 500 000 төгрөгийг 700 000 төгрөг болгоход У энэ хоёр тохиролцож чадаагүй юм байна лээ. Тэр 700 000 төгрөг бол машин тэрэг эвдсэн, эвдрэлтэй холбогдуулаад өгөх гээд байгаа асуудал биш юм. Гэтэл өнөөдөр энэ хүн машин эвдэрсэн, Х.Уыг эвдсэн гээд л яриад байдаг, Тэр үед Пүрэвдорж аккумлятор нь суусан байсан учраас машиныг нь чирээд аваачаад тавьсан гэдгээ мэдүүлэг дээрээ хэлсэн. Тэгэхээр машинд эвдрэл юу байна, ямар ямар эвдрэл үүсэн байна, үнэхээр машин эвдэрсэн бол хэн эвдсэн юм гэдэг асуудал тогтоогдоогүй байгаа. Ө л өөрөө У эвдсэн гээд л яриад байгаа, машины сальник гэдэг зүйлийг тухайн үед яриагүй. Машины мотороос тос гоожсон асуудлын хувьд 3 хоногийн дотор тос гоожих эвдрэл шинээр үүснэ гэж байхгүй учраас өмнө нь тос гоождог байсан гэсэн үг. Хамгийн гол нь худалдан авагч гэрээнээс татгалзсан асуудал дээр худалдагч маргаагүй, машинаа буцаагаад хүлээж авсан бол авсан мөнгөө эргүүлээд өгөх ёстой, гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1,204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар шилжүүлсэн мөнгөө болон түүнээс учирсан шууд бус хохирол болох улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 4 330 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2020 оны 12 сарын 29-нд энэ машиныг фэйсбүүк дээр борлуулна гээд зар тавьсан. Түүнээс хойш У нь 3-4 удаа надтай утсаар холбогдсон. Холбогдох болгонд нь би хэлж байсан, энэ машин Монгол улсад 10 жил явчихсан машин шүү, бүтэн будганд орсон гэдгийг нь тодорхой хэлсэн. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй ээ, мотор хроп нь ямар ч асуудал байхгүй гэдгийг ч сайн хэлж байсан. Тэгээд 2021 оны 01 сарын 03-ны өглөө У над руу яриад тэр машинаа манай найз руу авч очоод үзүүлчих , гэхээр нь би чи өөрөө авах гэж байгаа бол өөрөө ирээд үзээд авчих, би хүнд дамжуулж өгөхгүй, авъя гэсэн хүн байгаа юмаа тэр хүнд нь өгчихнө өө, аль түрүүлж ирээд авъя гэсэн хүнд нь өгнө гэж утсаар хэлсэн. Гэтэл өөрөө надад хүсэлт гаргаад би хол байгаа юм гэхээр нь би заваараа очоод найзад чинь машиныг үзүүлье гээд Хивсний хороололд байдаг Наранцогт гээд найзад нь машиныг үзүүлсэн. Тэгээд Наранцогт гэдэг найз нь үзээд ирж очихын 2 км шахуу газар машиныг барьж үзээд, би хажууд нь суугаад, тухайн үед би машин авахад яаж авдаг билээ яг л тэр журмаар нь сайн үзэж хараарай, бүх араанд хийгээд үзээрэй гэхэд Наранцогт сайн үзсэн. Үзчихээд тэдний хашааны гадаа очоод бид 2 машинаас буугаад би Наранцогтыг за чи баруун, зүүн, урд талаар нь сайн үз гэхэд Наранцогт ч миний хэлснээр баруун, зүүн, урд талаас нь сайн харсан. Тухайн үед би хэлсэн гуприйн дээд тал, шанаа хоёрт сэв байгаа шүү гэж хэлж байсан. Машины хаалганы ард талд нь замасктай байсан, тухайн үедээ би цохиж үзүүлээд энэ замасктай байгаа шүү гэж хэлж л байсан, Наранцогт ойлгосон үгүйг сайн мэдэхгүй байна. Ийм байдлаар үзүүлээд тэвшин дээр цөмөрсөн зүйл байхгүй ээ гэдгийг сайн хэлсэн, Наранцогт өөрөө ч сайн үзсэн. Тэгээд Наранцогт нь энэ боломжийн машин байна, авсан хүн нь өөрөө жаахан юм нэмж хийгээд унана биз, мотор хроп сайтай сайн машин байна гэсэн. Ингээд Утай миний утсаар холбогдоод хоорондоо ярилцсан бололтой, тэгээд машиныг авахаар болсон. Яг утсаар ярьж байх үед нь би хэлж байсан, сэв замаск гээд байгаа зүйлүүдийг бүгдийг нь сайн хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд тэд ярьж тохироод машиныг Наранцогтын хашаанд тавих болсон, машиныг шууд авч очоод машинд шаардлагатай бүх зүйлүүдтэй нь орхиод, түлхүүрийг нь өгөөд явсан. Түүнээс хойш Уын эхнэртэй нь би ярьсан, Утай өөртэй нь ч яриад найз чинь үзэж хараад машиныг авсан шүү, би шаардах бүх зүйлийг нь хэлсэн, бариулж үзлээ, тэгээд урд талын сэв, замаск гээд байгаа тэдгээрийг танай найз чинь хэлсэн биз дээ гэхэд манай найз болж байна гэсэн ахаа авъя авъя гээд машиныг авсан. Машинаа Ут яг зарж байх хугацаанд бас өөр хүн ирж миний машиныг авъя гэхэд нь би зарчихлаа гээд тэр хүнийг буцааж байсан. Ингээд 1 сарын 04-ний өдөр надруу 1 300 000 төгрөгөөр, мөн 3 000 000 төгрөг гээд нийт 4 300 000 төгрөгийг У надад шилжүүлсэн. Гэтэл 01 сарын 07-ны өглөө У над руу яриад энэ машин тэргээ ирээд аваа бид нар буцаалаа, гээд асаагаад засварын газраар явж байна гэж байсан, тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, яасан юм гэхэд энэ машин чинь болохгүй машин байна, бөөн эвдрэлтэй байна гэсэн. Тэгээд би та хэд авахдаа үзэж, шалгаж авсан биз дээ зүгээр л байсан даа та нар наад машинаа асаагаад хаагуур явсан юм бэ, өвлийн 40 градусын хүйтэнд яаж асаасан юм бэ, хүчээр асаагаад эвдэлчихсэн юм биш үү, одоохондоо би хөдөө явж байна очих боломжгүй байна гэж хэлсэн. Гэтэл дахиж над руу холбогдоод машиныг чинь чирээд хашаанд чинь авч очоод орхисон шүү гэж байсан. Би Ут машинаа зарахдаа гэрийн хаягаа хэлж байсан, манай хадмын хашааны хажууд Уын нутгийн хүн нь байдаг. Миний хэлсэн хашаанд зүгээр асаагаад авч явсан машиныг чирж авч очоод орхисон байсан. Тэгээд би 1 сарын 08-нд очоод машинаа доогуур нь хараад үзсэн чинь моторын урд, хойд талаар битүү тос тэгээд би зургийг нь дараад У руу яриад чи хаана байна гэсэн чинь би сумандаа байна гэж байсан тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ, энэ машин тэрэг өвлийн хүйтэнд яаж асаасан юм, дээр нь хог новш ачсан байна шүү дээ гэхэд дээд сальникийг нь би сэтэлчихсэн юм аа би засч өгнө өө гэж л хэлсэн. Тэр өдрөөс хойш надтай ирж уулзаагүй, би 2, 3 удаа залгасан утсаа аваагүй, тийм л зүйл болсон. Хамгийн гол нь У өөрийнхөө мэдүүлэг дээр 1 сарын 4-нд эхнэр хүүхдээ аваад наашаа ирсэн гэж бичсэн байгаа юм. Яг тэр 1 сарын 8-нд би Утай утсаар яриад өөрөө ирчихээд надад худлаа хэлээд байгаа юм байна гэж бодоод би Наранцогтын хашаанд очиж эхнэрээс нь асуухад У гэдэг залуу ирсэн үү гэхэд У ерөөсөө ирээгүй гэж байсан. Энэ машиныг хэн авч явсан юм бэ гэхэд нэг залуу ирээд машины доогуур нь паяльникдаад л байсан шүү дээ гэсэн. Өвлийн хүйтэнд ямар ч машиныг паяльникдаж асаахгүй, би тэрийг ч гэрчид хэлсэн. Ерөөсөө тэгж асаадаггүй, хамгийн амархан эвдрэл үүсгэдэг зүйл тэр. Тэгээд байж байхад Уын төлөөлөгч гээд өмгөөлөгч нь над руу ярьсан, ийм нэхэмжлэл байна аа гээд, тухайн үед би хотод байсан. Би энэ машиныг У хараагүй байхад нь худалдаж борлуулаагүй ээ, У өөрөө хүссэн. Найз гэх Наранцогтыг надтай уулзуулсан, би ч Наранцогтод машинаа үзүүлсэн. Тухайн үед Наранцогт нь машиныг үзээд болно, бүтнэ гээд Утай утсаар ярилцаж, тохиролцсон. Тэгээд наймаа явагдах дээрээ тулж, ингээд мөнгөө шилжүүлээд машиныг худалдаж авсан. Гэтэл Пүрэвдорж нь У руу очоод машиныг гаднаас нь нүдний баримжаагаараа л харчихаад эвдэрсэн гэж хэлсэн байсан. Өөр машины юу нь эвдэрснийг хэлж мэдэхгүй шүү дээ. Наранцогт ч өөрөө мэдэж байгаа машинаас тос, масло гоожсон зүйл байхгүй байна аа гэж байсан. Би машинтайгаа хөдөлгөөнд оролцож байсан, тэр хэвээр нь л машиныг Наранцогтод хүлээлгэж өгсөн. Тэгээд Пүрэвдорж нь машиныг би асаагаагүй гээд байдаг, нэг хүн ирээд паяальникдсан гэдэг, тэгээд хэн нь тэр машиныг асаасан болж таарч байгаа юм бол, мөн 10 000, 12 000 гээд байгаа сальник бол өнгөн хэсэг болон гадна талынх нь сальник юм. Тэгээд Наранцогт болохоор машиныг асаагаад хөдөлгөөнд оролцсон, шавар баас ачаад явсан гээд байдаг. Ерөнхийдөө бол У, Наранцогт энэ хүмүүсийн л хоорондоо ярилцсан яриа байгаа ч юм уу, би бас баримт нотолгоогүй байж тэр хүмүүсийг хардаад байх ч биш, үгүй ч биш болчихоод ёстой хэцүү байдалд орчихоод байна. Ямар ч байсан энэ машин эвдрэлтэй болчихлоо. Хропны дуу чимээ гээд авах юм байхгүй. Тэгээд Пүрэвдожид өөрт нь би хэлсэн, за чи энийг сонсоорой хропны навчнаас шархирсан дуу гараад байна шүү гээд, гэтэл өө наадах чинь хойд талынхаа сальникаараа сэтэрсэн байна гээд хэлж байсан. Тэр сонссон мэдсэн зүйлээ Пүрэвдорж Уын төлөөлөгчид хэлээгүй юм байна л даа. У машиныг буцаах үед эхлээд надад 300 000 төгрөг хасуулъя гэхэд нь би үгүй гэсэн. Дахиад 200 000 төгрөг нэмээд хасуулаад үлдэгдэл мөнгөө авъя гэхэд нь машинд ямар эвдрэл гэмтэл гарсан, түүнийг засуулахад хэдэн төгрөг шаардлагатай болохыг би мэдэхгүй учраас зөвшөөрөөгүй. Шүүх хурлын өмнө 700 000 төгрөг юм уу 800 000 төгрөг хасвал хасуулаад эвлэрье гэхэд У зөвшөөрөөгүй. Хамгийн гол нь ямар эвдрэл үүссэн болохыг мэдэхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2021/00290 дүгээр шийдвэрээр:  - Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Өаас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 4 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 430 төгрөгөөс 84 230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 3 200 төгрөгийг, хариуцагч Д.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 83 750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Ут олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ө давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Д.Ө би нэхэмжлэгч Х.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х.У нь 2020.12.29-ний өдөр надтай фэйсбүүкээр холбогдож миний эзэмшлийн машиныг харилцан тохиролцож 4,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэ хугацаанд өөрийн биеэр ирээгүй учраас тухайн үед машиныг худалдаж авахдаа манай найз Наранцогтод үзүүлээрэй тэдний хашаанд аваачаад тавьчихаарай гэж тохиролцсон.

2021.01.04-ний өдөр У нь Өын Хаан банкны дансанд эхлээд 1,300,000 төгрөг, дараа нь 3,000,000 төгрөг нийт 4,300,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч У нь миний машиныг авахдаа найз Наранцогтоороо үзүүлж ямар нэг чанарын доголдолгүй машин хүлээн авч надад мөнгөө шилжүүлсэн.

Гэтэл хэсэг хугацааны дараа хаалга нь санжиж гацсан, кабины шал цөмөрсөн, будагтай машин байна, түлхүүрээр асахгүй байна гэж хэлсэн. Би та нар найзаараа үзүүлж, болно бүтнэ гэж авчихаад миний машиныг асахгүй болгоод өгч байгаа нь яаж байгаа юм бэ, би та нарт зүгээр машин өгсөн гэж хэлсэн. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд залилангийн хэрэг юм шиг дээрх гэмтлүүдийг зааж шүүхэд тайлбар гаргасан байсан.

Монголчууд бүгд л Япон, Солонгосоос хуучин актны машин авдаг. Дээр нь би унаж байсан, бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Мөн миний хувьд 4,300,000 төгрөгөнд тохирсон сайн мотортой машин өгсөн. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хаалга, шал будагтай, замасктай машин өгсөн буцаана гэсэн. Энэ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Дээрх гэмтлүүд нь үнэндээ тохирсон тийм ч муу биш шал хаалгатай юм. Харин шүүх хурал дээр Д.Урансувд нь ямар үндэслэлээр мөнгөө буцааж авах гээд байгаа юм бэ гэсэн шүүгчийн асуултанд ч хариулж чадахгүй байсан.

Миний зүгээр байсан машиныг моторын тос гоождог болгочихоод тэгээд шал өөр гэмтэл яриад мөнгөө буцааж авна гэж байгаа нь хууль бус юм. Шүүх энэ хэргийг шийдэхдээ хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн хууль бус үйлдэлд хөтлөгдөн буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн гол шаардлага нь Өаас машин худалдаж авахаар шилжүүлсэн 4,300,000 төгрөг дээр эвлэрүүлэн зуучлалд өгсөн 30,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл байсан.

Шүүгч нь 4,300,000 төгрөг гаргуулахдаа ямар үндэслэлээр, хэний буруугаас хэлцлээ буцааж байгаа талаар ямарч үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Шүүх, шүүгчийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй нэг талыг барьсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний машины моторыг яаж эвдсэн, яагаад тос масло нь гоожсон машиныг авчирч хариуцагчийг хохироож байгаа талаар би шүүх хурал дээр хэлсээр байтал нэг талыг барьж шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Надаас 4,300,000 төгрөгтөө тохирсон үнэтэй машиныг найз Наранцогтоороо үзүүлж шалгуулж авчихаад надад миний машины моторыг эвдэж өгсөн явдалд дүгнэлт хийхгүй үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Учир нь энэ машины гол хөдөлгөгч хүч мотор, энэ моторын үнэ ч 4,300,000 төгрөгийн 80 хувь нь гэдгийг мэргэжлийн жолооч, гэрч, найз Наранцогт нь мэдэж байгаа. Надаас зүв зүгээр асаж байсан машин авч явчихаад мотор эвдээд ирж байхад хэргийн бодит байдлыг тогтоохгүй, үндэслэлгүй дүгнэлт өгч хэрэг шийдсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа машины шал, будаг, хаалганы түгжээ, замаск бол нэхэмжлэлийн шаардлагын 20 хувьд ч хүрэхгүй. Дээрх чанаргүй сэлбэг хэрэгслүүд нь хаана ч хямд үнэтэй байгаа. Үүнээс болж машин асахгүй болно гэж байхгүй гэдгийг ямар ч мэргэжлийн бус хүн мэднэ. Ийм байхад шүүх арай дэндүү амьдралд нийцэхгүй зүйлээр хэлцлийг буцааж байгаа нь буруу гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн явуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэг зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Д.Өаас автомашин худалдан авахаар тохирч,  2021 оны 01 дүгээр сарын 04-нд үнэ 4,300,000 төгрөгийг төлж, автомашиныг хүлээн авсан боловч 3 хоногийн дараа машины чанартай холбоотой шалтгаанаар гэрээнээс татгалзаж, машиныг Д.Өд буцаасан байна. Д.Ө машиныг буцаан авсан боловч одоог хүртэл 4,300,000 төгрөгийг Х.Ут буцаан өгөөгүй байна. Иймд 4,300,000 төгрөгөө буцаан авах тухай Х.Уын шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэх заалтаар тодорхойлогдож байна.

Харин хариуцагч Д.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь  үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ үндэслэлээрээ давж заалдах гомдол гаргасан байна: “Худалдан авагч тал автомашиныг мэдэлдээ байлгах хугацаандаа хүйтэнд паяалнакаар мотор руу үлээлгэсэн, хүчээр дарж асааснаас болоод мотороос тос гоождог болгосон учраас энэ гэмтлийг засахад шаардлагатай зардлыг надад нөхөн төлөх ёстой. Би 4,300,000 төгрөгөөс нь энэ мөнгийг суутган авах эрхтэй.”

Хариуцагч талын энэхүү татгалзалын эрх зүйн үндэслэл  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө: 205.2.2-т...үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан” гэж тусгагдсан. Гэрээнээс татгалзсаны үр дагавартай холбоотой харилцаанд, Х.У нь машиныг Д.Өд буцаан өгөх үүргийн хувьд үүрэг гүйцэтгэгч болох учраас хэрвээ тэрээр машиныг ердийн элэгдлээс гадуур гэмтээсэн бол уг гэмтлийг арилгахад шаардлагатай зардлыг Д.Өд нөхөн төлөх үүрэгтэй юм.

Гэвч, “машины моторыг гэмтээсэн” гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хариуцагч Д.Ө нь дээрх татгалзлаа нотлох үүрэгтэй болно. Тэрээр “Х.Уын мэдэлд байх үед машин мотор гэмтсэн” гэдгийг, мөн “уг гэмтлийг арилгахад хэдий хэмжээний мөнгө шаардлагатай” гэдгийг шүүхэд нотлох шаардлагатай юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 38 дугаар зүйлүүдэд зааснаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ...Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” юм. Гэтэл хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүйгээс “нэхэмжлэгч моторыг  гэмтээсэн, гэмтээсэн бол ямар гэмтэл учруулсан, уг гэмтлийг арилгахад хэдий хэмжээний мөнгө шаардлагатай” гэх үйл баримт нотлогдоогүй байна. Шүүх хариуцагчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн ба тэрээр нотлох баримт гаргах, цуглуулах хангалттай боломж, хугацаагаар хангагдсан байна. Иймд түүний татгалзалыг нотлогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 138/ШШ2021/00290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Өаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,750 /наян гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ЭНХЦЭЦЭГ

                    ШҮҮГЧИД                                           Ж.ДОЛГОРМАА

                                                                                Л.НАРАНБАЯР