Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/00884

 

2021 оны 04 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/00884 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхон 25 байр, хаягт оршин суух, Цорос овогт М...ын Г... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа тоотод байрлах, И...ХХК /РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Г... нь Изинис Эйрвэйз ХХК-ийн суудал захиалга, борлуулалтын ажилтан албан тушаалд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г/21/121 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХГ/161-58/03 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Изинис Эйрвэйз ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/04 тоот тушаал гарган М.Г...ыг ажлаас чөлөөлсөн бөгөөд орон тоо бодитой цөөрүүлээгүй, нөгөө талаар орон тоо цөөрүүлэхдээ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг болон 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40.1.1, 42.1, 43 дугаар зүйлд заасныг удирдлага болгосон байх бөгөөд орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо цөөрүүлсэн бол тодорхой үндэслэл журмыг баримтлах ёстой бөгөөд нэг сарын өмнө мэдэгдэх, цөөрүүлж буй орон тоо хасагдсан нь бодитой байх хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ямар үндэслэлээр М.Г...ыг сонгож цөөрүүлсэн орон тоонд ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, үндэслэл шаардлагыг танилцуулаагүй. Нөгөө талаар Изинис Эйрвэйз ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Тиймээс М.Г...ыг ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Г... нь 2018 оны 12 дугаар сараас Изинис Эйрвэйз ХХК-д суудал захиалга, билет бичигчээр ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сард ажил олгогчийн зүгээс цалингүй чөлөөтэй байгаа нийт ажилтнуудтай нэг бүрчлэн утсаар холбогдож ковид-19 улмаас таваас дээш хүн цуглуулан хурал хийх боломжгүй байсан тул тэдгээрийн санал, хүсэлтийг сонсож, 2021 оны 06 дугаар сар хүртэл ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцох шаардлага үүссэнийг тайлбарласан. Изинис Эйрвэйз ХХК-ийн нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс бүрэн зогссоноос хойш ажил олгогчийн зүгээс тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж сургасан ажилтнуудаа орон тооны цомхотголд оруулахаас зайлсхийж, аль болох ажлын байраа хадгалж үлдэхийг зорьж ажилтнуудаа цалингүй чөлөөнд шилжүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тасалдуулахгүйн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнасан. Гэвч нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс танай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг буюу уул уурхай, барилгын компани биш, тиймээс 5 сараас дээш хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнаж болохгүй, энэ асуудлаа шийдэхийг даалгасан. Үүнтэй холбогдуулан ажил олгогчийн зүгээс ажилтнуудтай холбогдож доорх гурван хувилбараар зөвшилцсөн. Нэгд, 2021 оны 06 дугаар сар хүртэл ажилтан өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа тасалдуулахгүй байх арга хэмжээг өөрөө авах, энэ хугацаанд ажил олгогч тушаал гаргаж ажлын байрыг хадгалах, нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэхэд эхний ээлжид ажиллуулах, энэ хувилбараар нийт 48 ажилтан өөрийнхөө хүсэлтээр цалингүй чөлөө авч, ажлын байраа хадгалуулсан.Хөшигтийн хөндий дэх Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэх шийдвэрийг Монгол улсын Засгийн газар, ЗТХЯ-наас гаргасан байгаатай уялдуулан ажилтны өөрийн хүсэлтээр авах боломжтой чөлөөний хугацааг 2021 оны 06 дугаар 01-нийг хүртэл гэж тохиролцсон. Хоёрт, Ковид-19 цар тахлын сөрөг үр дагаврын улмаас ажлаа удаан хугацаанд хүлээх боломжгүй тохиолдолд ажилтан өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх эрх нь нээлттэй гэдгийг сануулсан. Дээрх хоёр хувилбараас сонгох боломжгүй тохиолдолд тухайн ажилтны орон тоог Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цөөрүүлэх, эсхүл хасч, тус хуулийн дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг компаниас олгох, ажилтан өөрөө тушаал гарсны дараа ажилгүйдлийн даатгалын сангаас зохих журмын дагуу тодорхой хугацаанд тэтгэмж авах гэсэн сонголт үлдэж байгаа. Энэ хүнд цаг үед ажил олгогчийн зүгээс аль болох харилцан ойлголцож, зөвшилцөж, улсын хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагааг нээгдэх хүртэл ажлын байр, компанийн үйл ажиллагааг хадгалж, хамтдаа давж гарахын төлөө ажиллаж байна. Ажил олгогчийн хувьд компанийн орон тооноос суудал захиалга, билет бичигчийн орон тоог хасах боломжгүй тул тухайн орон тоог цөөрүүлж, ажиллаж байсан дөрвөн ажилтны хоёр нь жирэмсэн, нэг нь урт хугацааны чөлөө авах хүсэлтээ өгсөн байсан тул М.Г...ыг ажлаас нь чөлөөлөхөөр түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгсөн ба ажилтан мэдэгдэх хуудсыг 2020 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч зөвшөөрсөн гарын үсэг зурсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр ажилтныг орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон болно. Дэлхий даяар цар тахлын улмаас дотоодын төдийгүй олон улсад агаарын тээвэрлэгч нар эдийн засгийн хувьд маш хүнд байдал орж, зарим агаарын тээвэрлэгчид дампуурлаа зарлаад байна. Манай компанийн хувьд Б737-700 маягийн 1 ширхэг түрээсийн агаарын хөлөгтэй бөгөөд зөвхөн олон улсад нислэг үйлддэг. Буянт-Ухаа ОУНБ-аас бусад дотоодын нисэх буудал манай агаарын хөлгийг хүлээн авах техникийн хүчин чадал байхгүй тул орон нутагт нислэг үйлдэх боломжгүй байдаг. Мөн ковид-19 вирусийн улмаас Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр Монгол Улс 2020 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, агаарын замаар нэвтрэх хилийг бүрэн хааж, зорчигч тээврийг зогсоосон байгаа. Цаашид энэ нөхцөл байдал 2021 оны 07 сар хүртэл үргэлжлэх бөгөөд өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс гадаад улсаас иргэдээ татаж буй тусгай үүргийн нислэгээс тодорхой тооны нислэгийг гүйцэтгэх хүсэлтээ УОК, түүний шуурхай Штаб-д удаа дараа илэрхийлсэн хэдий ч бидэнд тусгай үүргийн нислэг гүйцэтгэх боломж, дэмжлэг олгогдоогүй. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу тушаал гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г... нь хариуцагч И...ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч И...ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар зохигчид маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Ажил олгогч И...ХХК нь ажилтан М.Г...тай 2018 оны 12 сарын 18-ны өдрийн ХГ/161-58/03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу ажилтан М.Г... нь суудал захиалга, борлуулалтын ажилтнаар сарын цалин хөлс 800 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй ба нэхэмжлэгч М.Г... нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2021 оны 01 сарын 22-ны өдрийн шийдвэрт 2021 оны 02 сарын 08-ны өдөр шүүхэд хандсан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан И...ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай орон тоо цөөрүүлж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1, 42, 43 дугаар зүйл, Компанийн дүрмийн 9.6.11 дэх заалт, ажилтанд өгсөн мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа хумигдсантай холбогдуулан Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл-лавлагаа, тасалбар түгээврийн төвийн суудал захиалагч, борлуулалтын ажилтны орон тоог нэг нэгжээр цөөрүүлэн, тус орон тоон дээр ажиллаж байсан М...ын Г...ыг 2021 оны 01 сарын 22-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлан нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй ба энэ тохиолдолд мөн зүйлийн 40.5-д заасан журмыг баримталбал зохино. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа болохоо ажилтанд нэг сарын өмнө урьдчилан мэдүүлснээ бичгийн хэлбэрээр баталгаажуулсан байх учиртай.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хуульд заасан хугацаанд мэдэгдэлгүй ажлаас халсан... гэж тайлбарлаж байх боловчИ...ХХК-ийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дөлгөөн 2020 оны 12 сарын 21-ний өдөр 02 дугаартай мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн, тус мэдэгдэх хуудсан дахь мэдэгдэл хүлээн авсан хэсэгт зурсан М.Г...ын гарын үсгийн үнэн зөв эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна. /хх-30/

 

Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой орон тоог хасах явдал бөгөөд хариуцагч Изинис Эйрвэйз ХХК-ийн нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдлын улмаас зогссонтой холбоотойгоор орон тооны хэрэгцээ, ажлын ачааллыг үндэслэл болгон орон тоог цөөрүүлснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... орон тоог цөөрүүлэх эрх гүйцэтгэх захиралд олгогдсон эрх биш, хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой... гэж тайлбарлаж байх ба хариуцагч Изинис Эйрвэйз ХХК-ийн дүрмийн 9.6.8-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан компанийн ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшууллын хэмжээг тогтоох эрх нь компанийн гүйцэтгэх удирдлагад олгогдсон байна. /хх 36-41/

 

Ажилтын гэм буруутай холбоогүй үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа ажил олгогч нь ажилтанд халагдсаны тэтгэмж заавал олгох үүрэгтэй ба хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч Изинис Эйрвэйз ХХК нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр ажилтан М.Г...ад 800 000 төгрөг буюу нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасанд нийцжээ. /хх-34/

 

Иймд хариуцагч И...ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай Орон тоо цөөрүүлж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Г...ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Г...ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагч И...ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ