Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01023

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01023

 

 

М.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183Ш2021/00884 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ИЭВ ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г- нь ИЭВ ХХК-ийн суудал захиалга, борлуулалтын ажилтан албан тушаалд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Г/21/121 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХГ/161-58/03 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ИЭВ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/04 тоот тушаал гаргаж, тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40.1.1, 42.1, 43 дугаар зүйлд заасныг удирдлага болгосон байх бөгөөд орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр М.Г-ыг ажлаас чөлөөлсөн. ИЭВ ХХК нь орон тоо бодитой цөөрүүлээгүй, нөгөө талаар орон тоо цөөрүүлэхдээ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо цөөрүүлсэн бол тодорхой үндэслэл журмыг баримтлах ёстой бөгөөд нэг сарын өмнө мэдэгдэх, цөөрүүлж буй орон тоо хасагдсан нь бодитой байх хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн. Мөн ямар үндэслэлээр М.Г-ыг сонгож цөөрүүлсэн орон тоонд ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, үндэслэл шаардлагыг танилцуулаагүй. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Тиймээс М.Г-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г- нь 2018 оны 12 дугаар сараас ИЭВ ХХК-д суудал захиалга, билет бичигчээр ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сард ажил олгогчийн зүгээс цалингүй чөлөөтэй байгаа нийт ажилтнуудтай нэг бүрчлэн утсаар холбогдож тэдгээрийн санал, хүсэлтийг сонсож, 2021 оны 6 дугаар сар хүртэл ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцох шаардлага үүссэнийг тайлбарласан. ИЭВ ХХК-ийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн зогссоноос хойш ажил олгогчийн зүгээс тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж сургасан ажилтнуудаа орон тооны цомхтголд оруулахаас зайлсхийж, аль болох ажлын байраа хадгалж үлдэхийг зорьж ажилтнуудаа цалингүй чөлөөнд шилжүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тасалдуулахгүйн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнасан. Гэвч нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс танай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компани биш, тиймээс 5 сараас дээш хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнаж болохгүй, энэ асуудлаа шийдэхийг даалгасан. Үүнтэй холбогдуулан ажил олгогчийн зүгээс ажилтнуудтай холбогдож доорх гурван хувилбараар зөвшилцсөн. 2021 оны 6 дугаар сар хүртэл ажилтан өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа тасалдуулахгүй байх арга хэмжээг өөрөө авах, энэ хугацаанд ажил олгогч тушаал гаргаж ажлын байрыг хадгалах, нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэхэд эхний ээлжид ажиллуулах, энэ хувилбараар нийт 48 ажилтан өөрийнхөө хүсэлтээр цалингүй чөлөө авч, ажлын байраа хадгалуулсан. Хөшигтийн хөндий дэх Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гарсантай уялдуулан ажилтны өөрийн хүсэлтээр авах боломжтой чөлөөний хугацааг 2021 оны 6 дугаар 01-ний өдрийг хүртэл гэж тохиролцсон. Хоёрт, Ковид-19 цар тахлын сөрөг үр дагаврын улмаас ажлаа удаан хугацаанд хүлээх боломжгүй тохиолдолд ажилтан өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх эрх нь нээлттэй гэдгийг сануулсан. Дээрх хоёр хувилбараас сонгох боломжгүй тохиолдолд тухайн ажилтны орон тоог Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цөөрүүлэх, эсхүл хасч, тус хуулийн дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг компаниас олгох, ажилтан өөрөө тушаал гарсны дараа ажилгүйдлийн даатгалын сангаас зохих журмын дагуу тодорхой хугацаанд тэтгэмж авах гэсэн сонголт үлдэж байгаа. Ажил олгогчийн хувьд компанийн орон тооноос суудал захиалга, билет бичигчийн орон тоог хасах боломжгүй тул тухайн орон тоог цөөрүүлж, ажиллаж байсан дөрвөн ажилтны хоёр нь жирэмсэн, нэг нь урт хугацааны чөлөө авах хүсэлтээ өгсөн байсан тул М.Г-ыг ажлаас нь чөлөөлөхөөр түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгсөн ба ажилтан мэдэгдэх хуудсыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч зөвшөөрсөн гарын үсэг зурсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр ажилтныг орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон болно. Дэлхий даяар цар тахлын улмаас дотоодын төдийгүй олон улсад агаарын тээвэрлэгч нар эдийн засгийн хувьд маш хүнд байдал орж, зарим агаарын тээвэрлэгчид дампуурлаа зарлаад байна. Манай компанийн хувьд Б737-700 маягийн 1 ширхэг түрээсийн агаарын хөлөгтэй бөгөөд зөвхөн олон улсад нислэг үйлддэг. Буянт-Ухаа ОУНБ-аас бусад дотоодын нисэх буудал манай агаарын хөлгийг хүлээн авах техникийн хүчин чадал байхгүй тул орон нутагт нислэг үйлдэх боломжгүй байдаг. Мөн ковид-19 вирусийн улмаас Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр Монгол Улс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, агаарын замаар нэвтрэх хилийг бүрэн хааж, зорчигч тээврийг зогсоосон байгаа. Цаашид энэ нөхцөл байдал 2021 оны 7 сар хүртэл үргэлжлэх бөгөөд өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс гадаад улсаас иргэдээ татаж буй тусгай үүргийн нислэгээс тодорхой тооны нислэгийг гүйцэтгэх хүсэлтээ УОК, түүний шуурхай Штабд удаа дараа илэрхийлсэн хэдий ч бидэнд тусгай үүргийн нислэг гүйцэтгэх боломж, дэмжлэг олгогдоогүй. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу тушаал гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Г-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагч Изинес-Эйр вэйз ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ИЭВ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалд Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа хумигдсантай холбогдуулан Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл-лавлагаа, тасалбар түгээврийн төвийн Суудал захиалагч, борлуулалтын ажилтны орон тоог нэг нэгжээр цөөрүүлсэн. Шүүх тушаалын агуулга, огноо болон дугаарыг үнэлээгүй. Б/04 тоот тушаалаар Суудал захиалагч, борлуулалтын ажилтны орон тоог нэг нэгжээр цөөрүүлсэн байх бөгөөд мөн өдрийн Б/04 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Г-ыг суудал захиалга, борлуулалтын ажилтны албан тушаалаас халсан нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлсэн тушаалаар ажилтныг давхар ажлаас халсан тушаал гаргажээ. Мөн зохигчдын тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны даргалагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултууд тодорхой тусгагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбараар ИЭВ ХХК нь 2021 онд компанийн бүтцийг батлаагүй, энэ талаар шүүхэд баримт өгөөгүй, М.Г-ыг ямар үндэслэлээр сонгож ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, орон тоо бодитой цөөрөөгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр нэг талыг баримталсан буюу шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар орон тоо цөөрүүлж байгаагаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэлгүйгээр ажилтныг ажлаас халсан өдрөө ажилтны орон тоог цөөрүүлсэн тухай тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талд хариуцагч талын гаргасан хариу тайлбартаа "...Ажилчдад урт хугацааны чөлөө өөрийн хүсэлтээр авах, чөлөөтэй удаан ажилгүй байж чадахгүй гэвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өөр ажил хийж болно гэсэн хоёр сонголтыг ажилтнууддаа өгсөн. М.Г-ын хувьд алийг нь ч сонгохгүй гэсэн тул энэ орон тоон дээр цаашдаа ажиллуулах үүрэг байхгүй байсан учраас чөлөөлсөн" гэсэн тайлбараар нэхэмжлэгч М.Г-ад орон тоо цөөрсөн талаар мэдэгдээгүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар зохицуулсан байдаг бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт "Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасан. Иймд суудал захиалга, борлуулалтын ажилтан М.Г-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч М.Г- нь хариуцагч ИЭВ ХХКхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж маргажээ.

Ажил олгогч Изинес-Эйр вэйз ХХК нь ажилтан М.Г-тай 2018 оны 12 сарын 18-ны өдрийн ХГ/161-58/03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээгээр М.Г- нь суудал захиалга, борлуулалтын ажилтнаар сарын цалин хөлс 800 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 43-46/

Изинес-Эйр вэйз ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай орон тоо цөөрүүлж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1, 42, 43 дугаар зүйл, Компанийн дүрмийн 9.6.11 дэх заалт, ажилтанд өгсөн мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа хумигдсантай холбогдуулан Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл-лавлагаа, тасалбар түгээврийн төвийн суудал захиалагч, борлуулалтын ажилтны орон тоог нэг нэгжээр цөөрүүлэн, тус орон тоон дээр ажиллаж байсан М.Г-ыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлан нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 32/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ийнхүү шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримталсан байх учиртай.

ИЭВ ХХК-ийн захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дөлгөөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилтан М.Г-ад 02 дугаартай мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч, улмаар ИЭВ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлсэн тушаалаар ажилтныг давхар ажлаас халсан тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, орон тоо цөөрүүлсэн тушаал гаргаагүй байхдаа ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь хуульд нийцээгүй байна. /хх-ийн 3-32/

ИЭВ ХХК-ийн дүрмийн 9.6.8-д гүйцэтгэх захирал нь компанийн ажилтнуудын орон тоо, цалин хөлсний хэмжээг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан боловч тус компанийн нийт орон тоо, үүнээс захиалга, билет бичигчийн хэдэн орон тоотой ажилладаг, ажиллаж байсан 4 ажилтны 2 жирэмсэн, 1 нь урт хугацааны чөлөө авах хүсэлтээ өгсөн байсан тул М.Г-ыг чөлөөлсөн... гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна. /хх-ийн 181/

Агаарын хөлгөөр хийх зорчигчийн болон ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хариуцагч компанийн үйл ажиллагааны онцлог, дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын сөрөг үр дагаврын улмаас компанийн үйл ажиллагаа хумигдаж, орон тоо бүтцийн өөрчлөлт хийх зайлгүй нөхцөл байдал үүсч болох хэдий ч энэ нь орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчих, уг зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Мөн хариу тайлбар, татгалзлаа нотлох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлийг хангаж, түүнийг Изинес-Эйр вэйз ХХК-ийн Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл-лавлагаа, тасалбар түгээврийн төвийн суудал захиалагч, борлуулалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.Г-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацааг ажлаас халагдсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож нэхэмжлэлийг хангасан магадлал гарсан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцоход 5 сар байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцвол нэг сарын дундаж цалин 798 829 төгрөг /1 187 134+595 263+614 090=2 396 487 /3/ болох ба ажилгүй байсан 5 сарын хугацааны олговорт 3 994 145 төгрөгөөс ажил олгогчийн төлсөн нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж 800 000 төгрөгийг хасч, 3 194 145 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183Ш2021/00884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г-ыг Изинес Эйрвэйз ХХК-ийн суудал захиалагч, борлуулалтын ажилтны ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3 194 145 төгрөгийг хариуцагч Изинес-Эйр вэйз ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Г-ад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч ИЭВ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 66 072 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ