Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2023/00070

 

С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03337 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00307 дугаар магадлалтай,

С-ийн нэхэмжлэлтэй

У-д холбогдох

Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон алдангид нийт 163,232,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Ү нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгөч Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Соос хариуцагч У-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон алдангид нийт 163,232,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03337 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сийн нэхэмжлэлтэй У-д холбогдох орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний дагуу ... орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ст холбогдуулан гаргасан У-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 67,966,000 төгрөгийг Соос гаргуулан, “У” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 95,266,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Сийн 70,200 төгрөг, У-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 974,120 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Соос улсын тэмдэгтийн хураамжид 497,780 төгрөгийг гаргуулан хариуцагч “У” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00307 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “... 67,966,000 төгрөгийг...” гэснийг “108,821,600 төгрөгийг” гэж, “...У...” гэснийг “У” гэж, “...95,266,400 төгрөгийг...” гэснийг “54,410,800 төгрөгийг” гэж,

3 дах заалтын “...497,780 төгрөгийг...” гэснийг “702,058 төгрөгийг” гэж, “...У” гэснийг “У” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч С.Ү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухай.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж залруулахдаа хуулийг буруу хэрэглэж нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь иргэн Ц нь “Э” ХХК-тай байгуулсан 2017.11.28-ны өдөр №05/2017112801 тоот “Обой худалдах, худалдан авах бартерын гэрээ” байгуулсан бөгөөд тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “төлбөрийг худалдагч талын бартераар авсан орон сууцны үнийн дүнд суутган тооцно. Үүнд: ... орон сууны үнийн дүн болох 200,855,600 төгрөгийг 100 хувь бартер хийнэ” гэж заасан байгааг давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иргэн Г нь өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд “Э” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан Арилжааны гэрээ байх бөгөөд тухайн гэрээгээр харилцан тохиролцсон төлбөрийн хэрэгсэл нь нэг талаар ханын цаас нөгөө талаас “У” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх буюу 2017.11.28-ны өдрийн №17/00200 тоот “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ” байсан дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэн Г нь арилжааны гэрээний дагуу үүссэн үүргээ зөвхөн “Э” ХХК-д биелүүлэх, “Э” ХХК үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байхад арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг У нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн харилцаа анхлан үүссэн нөхцөл байдлыг тогтоох, анхлан үүссэн эрх зүйн харилцааны үндсэн дээр үүссэн бусад эрх зүйн харилцаанд хууль зүйн дүгнэлт хийх ёстой бөгөөд хэргийн оролцогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхлан үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгч, шүүх хуралдааны явцад тайлбарыг гаргасаар байтал хууль зүйн дүгнэлт өгөлгүй гагцхүү орон сууцны барилга захиалан худалдах худалдан авах №17/00200 дугаартай гэрээний үүрэг мэт дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэн Г болон миний үйлчлүүлэгч С нар нь 2018.01.13-ны өдөр “Обой худалдах, худалдан авах бартерын гэрээ”-ний төлбөрийн хэрэгсэл буюу арилжааны гэрээний зүйл болох №17/00200 тоот “Орон сууцны барилга захиалан, худалдах худалдан авах” №17/00200 гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулан гэрээний эрхийг шилжүүлсний төлбөрт 160,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон ба энэхүү гэрээг хариуцагч байгууллага болох У хүлээн зөвшөөрч миний үйлчлүүлэгч Ст удаа дараа мэдэгдэх хуудсыг илгээсэн байдаг. У нь “Э” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой төлбөрийг шаардах байтал миний үйлчлүүлэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Гтай байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 9 дүгээр зүйлд “Э” ХХК болон У-тай байгуулсан гэрээний төлбөртэй холбоотой асуудлыг иргэн Г хариуцахаар заасан нь миний үйлчлүүлэгч дээрх гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр төлөх үүргийг Гаас өөр бусад этгээдийн өмнө хүлээгээгүйг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалт бөгөөд хуулиар дээрх үйлдлийг хориглосон зохицуулалт байхгүй байхад шүүхэд төлбөрийг хариуцах ёсгүй этгээд буюу миний үйлчлүүлэгчээс төлбөрийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгч болон У-ийн хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй тул хариуцагч байгууллага нь манай байгууллагаас төлбөрийг нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзэхээр байна. ИХШХШТХуульд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч шүүхээс нэхэмжлэх эрхтэй эсэх, нэхэмжлэл үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эдийн болон эдийн бус эд хөрөнгийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаарх дүгнэлт хийж хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг тодорхойлолгүй гагцхүү эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэдэг нь талуудын хооронд эрх үүрэг үүссэн гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Ү нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.04.13-ны өдрийн 001/ШХТ2023/00414 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. С нь У-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2018.01.13-ны өдөр Гаас түүний У-тай байгуулсан 2017.11.28-ны өдрийн №17/00200 тоот Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ... орон сууцыг 160,000,000 төгрөгт тооцож гэрээг байгуулсан ба гэрээний дагуу тухай бүр төлбөрөө төлж явсан боловч хариуцагч нь үндэслэлгүй төлбөр нэхэмжилж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх тул орон сууц захиалгын гэрээний үүргийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч У нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Улмаар нэхэмжлэгчээс 2017.11.28-ны өдрийн №17/00200 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 108,821,600 төгрөг, алданги 54,410,800 төгрөг, нийт 163,232,400 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа: “...хариуцагч компани иргэн Гтай 2017.11.28-ны өдөр №17/00200 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг 200,855,600 төгрөгөөр худалдах, захиалагч нь орон сууцны төлбөрийг 100 хувь бартераар буюу солонгос обой нийлүүлж төлөхөөр тохиролцсон. Г нь гэрээний үүрэгт нийт 92,034,000 төгрөгийн үнэ бүхий обой нийлүүлсэн ба нэхэмжлэгч нь 2018.01.13-ны өдөр гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан байна. Иймд С гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй, энэ талаар түүнд мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй, компанийг хохироож байна. Түүнчлэн гэрээний 3.5-д худалдан авагч төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож худалдагч талд төлөхөөр заасны дагуу алдангийг хуульд заасан хэмжээгээр хязгаарлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 54,410,800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд нийт 163,232,400 төгрөгийг Соос гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “...нэхэмжлэгчийн эрх шилжүүлэн авсан гэрээний 9 дүгээр зүйлд эрх шилжүүлэгч нь У-тай байгуулсан 2017.11.28-ны өдрийн гэрээний гүйцэтгэлийг төлбөрийг төлж дууссанд тооцох нөхцөлтэй, энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүйгээс бий болсон алданги, эрсдэл, хохирол хариуцлагыг эрх шилжүүлэгч бүрэн хариуцна гэж заасан тул №17/00200 дугаартай гэрээний үүргийг Гаас нэхэмжлэх нь зүйтэй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч У 2017.11.28-ны өдөр Гтай Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь ... орон сууцыг 200,855,600 төгрөгөөр худалдах, худалдан авагч Г нь орон сууцны үнэд Солонгос обой нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Г 2018.01.13-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг Стой байгуулж, орон сууцны захиалагчийн эрх үүргээ хүлээн авагчид  160,000,000 төгрөгөөр тооцож, эрхийг бүрэн шилжүүлсэн байна.

Г нь У-тай байгуулсан гэрээний үүрэгт 92,034,000 төгрөгийн обой нийлүүлсэн, С Гтай байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шаардлага гаргасан үйл баримт тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс заримыг хангаж, нэхэмжлэгчээс 67,966,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Г, У-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй, худалдан авагч Г энэ гэрээний өөрийн захиалагчийн эрхээ Ст 160,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн, түүний эрх шилжүүлсэн үйлдлийг У хүлээн зөвшөөрсөн байна.

Г гэрээний үүрэгт 92,034,000 төгрөгийн обой шилжүүлснээс өөр төлбөр хийгээгүй, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул С нь У-аас орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхгүй үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно,

Нэхэмжлэгч С нь Гын шаардах эрхийг шилжүүлэн авсан тул тэрээр У-д орон сууцны үнийг төлөх Гын үүргийг мөн хүлээн авсан гэж үзнэ, иймд орон сууцны үнэ 160,000,000 төгрөгөөс Гын төлсөн 92,034,000 төгрөгийг хасч, үлдэх 67,966,000 төгрөгийг С төлөх үүрэгтэй, ...талуудын байгуулсан гэрээнд алдангийн талаар тохиролцсон хэдий ч  төлбөр төлөх хугацаа тодорхойгүй тул алдангийг тооцож гаргуулах боломжгүй үндэслэлээр алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид шилжсэн шаардах эрхийг буруу тогтоосон. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар уг хэлцлийг хийсэн хэлбэрээр буюу 200,855,600 төгрөгийн хэмжээнд  шаардах эрх шилжсэн гэж үзнэ.

Иймд орон сууцны үнийн дүн 200,855,0000 төгрөгөөс төлөгдсөн 92,034,000 төгрөгийн үнэ бүхий обойны үнийг хасаж, үлдэж 108,821,600 төгрөгийг нэхэмжлэгч Соос гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй, алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаарх нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн хяналтын шатны журмаар хэргийг хянан хэлэлцлээ.

   10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч С нь иргэн Гаас түүний У-тай байгуулсан Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан, ...орон сууцны төлбөр 160,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байхад үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгаа тул Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан байна.

11. Иргэн Г нь 2017.11.28-ны өдөр У-тай Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах №05/2017112801 тоот гэрээ байгуулж, У-ийн ... барилгыг худалдан авахаар, төлбөрт Солонгос обой нийлүүлж, 100 хувь бартераар  төлөх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй байхаар харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээгээр Г, У-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.

Г нь гэрээнд заасан өөрийн худалдан авагчийн эрхээ 2018.01.13-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээгээр Ст шилжүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэгэнт Гын шаардах эрх Ст шилжсэн тул тэрээр худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдаж авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

2017.11.28-ны өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээний 2.1, 4.1.1-д худалдан авагч талаас орон сууцны төлбөрөө 100% төлөх хүртэл тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь У байна, 4.3.1-д худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авч буй орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй гэж тус тус тохиролцжээ.

Орон сууц ашиглалтад орж, нэхэмжлэгч эзэмшиж байгаа боловч тэрээр орон сууцны үнийг бүрэн төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

12. Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал,  хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох  тул үүрэг гүйцэтгэгч У нь Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээний Гын үүргийг шаардах эрх хүлээн авсан Соос шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Г, У-ийн хооронд байгуулагдсан Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээнд заасан орон сууцны үнэ 200,855,600 төгрөгт өөрчлөлт ороогүй тул Гын шаардах эрхийг хүлээн авсан нэхэмжлэгч Сийн У-ийн өмнө хүлээх үүргийг Г, С нарын эрх шилжүүлэх гэрээгээр тохиролцсон 160,000,000 төгрөгөөр тооцох боломжгүй юм.

Учир нь Г эрх шилжүүлэх гэрээнд захиалагчийн эрх үүргийг 160,000,000 төгрөгөөр тооцохдоо гэрээний нэг тал болох У-тай харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь гэрээнд заасан үнийн дүнгээр төлбөрийг тооцож, шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй.

Иймд худалдах-худалдан авах гэрээнд заасан 200,855,600 төгрөгөөр Сийн үүргийг тодорхойлж, үүнээс Гын нийлүүлсэн обойны үнэ 92,034,000 төгрөгийг хасч, үлдэх 108,821,600 төгрөгийг Соос гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

Шүүх нэхэмжлэгч Соос орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд хариуцагч У нь орон сууцны өмчлөх эрхийг Ст шилжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

13. Хэрэгт авагдсан баримтаар ... барилгыг барьж буй захиалагч нь У, гүйцэтгэгч нь “Э” ХХК байх бөгөөд Г нь маргаж буй орон сууцыг бартераар худалдаж авахаар “Э” ХХК болон У-тай аль алинтай нь гэрээ байгуулсан.

Тэрээр У-тай байгуулсан гэрээний эрх үүргийг Ст шилжүүлсэн тул Сийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2017.11.28-ны өдрийн №17/00200 дугаартай гэрээний нэг тал гэж үзнэ.

Иймд “...миний үйлчлүүлэгч болон У-ийн хооронд ямар нэг харилцаа үүсээгүй тул хариуцагч байгууллага төлбөр нэхэмжлэх эрхгүй...” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

14. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00307 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Ү нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү-ээс 2023.03.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН

                                        ШҮҮГЧИД                                       М.БАТСУУРЬ

                                                                                                Н.БАЯРМАА

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД