Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00307

 

*ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03337 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон алдангид нийт 163,232,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа, Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *аас түүний * ХХК-тай хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №17/00200 тоот орон сууцны барилга захиалан, худалдах, худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр би Баянзүрх дүүрэг, 8-р хороонд байрлах Х-Апартмент В блок, 3 давхар 11 тоот хаягт байрлах 84.04 мкв 3 өрөө орон сууцийг 160,000,000 төгрөгт тооцож гэрээг байгуулсан ба гэрээний дагуу цаг тухай бүр төлбөрөө төлж явсан боловч * ХХК нь үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх тул орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн *тай * ХХК нь 2017 онд гэрээ байгуулж байсан. Тус гэрээнд төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ. Төлбөр тооцоог бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд * ХХК өмчлөгч байна гэж тодорхой заачихсан байдаг. Нэхэмжлэгч *ийн хэрэгт хавсаргасан баримтаас үзэхэд байрны төлбөрийг хэн рүү шилжүүлж байсан нь тодорхойгүй байгаа. Мөн эрх шилжүүлэх гэрээг 160,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг төлж барагдуулсан гэх боловч иргэн *тай 2017 онд байгуулсан гэрээнд төлбөрийг 200,855,000 гэж тохирсон байдаг. Тийм учраас нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Нийт 92,340,000 төгрөгийн обой нийлүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учраас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: * ХХК болон иргэн * нар нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/00200 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Х-Апартмент барилгын В блокын 3 давхрын 11 тоот орон сууцыг нийт 200,855,600 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Тус №17/00200 дугаартай гэрээний 3.1-д заасны дагуу орон сууцны төлбөрийг 100 хувь бартераар буюу Солонгос обой нийлүүлж төлөхөөр тохиролцсон байдаг. Дээрх заалтын дагуу талууд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №05/2017112801 дугаартай Обой худалдах, худалдан авах бартерын гэрээг байгуулж, гэрээний 2.1, 2.4, 3.1-д заасны дагуу 156.700 м.кв обойг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэхээр харилцан тохиролцож орон сууцны үнэд суутгахаар тохиролцсон. Иргэн * нь нийт 92,034,000 төгрөгийн үнэ бүхий обой нийлүүлсэн болно. * нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж иргэн *ын №17/00200 дугаартай гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан байна. * нь №17/00200 дугаартай гэрээний гүйцэтгэх ёстой үүргийн дүн болох 200,855,600 төгрөгөөс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 108,821,600 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй бөгөөд гүйцэтгээгүй үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Талуудын хооронд байгуулсан №17/00200 дугаартай гэрээний 3.5-д худалдан авагч тал энэхүү гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу дурьдсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож худалдагч талд төлнө гэж заасны дагуу обой худалдах, худалдан авах бартерын гэрээний 2.4-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлж дуусгах ёстой байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 903,000 төгрөгийн обой нийлүүлсэн байх тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл нийт 635 өдөр, өдрийн 544,108 төргөгийн алданги, нийт 345,508,580 төгрөгийн алданги тооцогдсон болно. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээгээр анзын дээд хэмжээг зааж өгөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анзын дээд хэмжээ гүцйэтгээгүй үүрэг буюу 108,821,600 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 54,410,800 төгрөгийн алдангийг * ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний 2.1, 3.1, 3.5-д заасан төлөгдөөгүй төлбөр болох 108,821,600 төгрөг, 54,410,800 төгрөгийн алданги, нийт 163,232,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас * болон *ийн хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрсөн учраас гэрээний эрх, үүрэг *т шилжсэн тул төлбөрийг *оос нэхэмжилж байгаа гэсэн тайлбарыг хэлж байна. Гэвч энэ гэрээг судлаад үзвэл гэрээний 9 дүгээр зүйлд эрх шилжүүлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн * ХХК-тай байгуулсан орон сууц захиалах, худалдах худалдан авах гэрээ болон бартераар ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр Эко констракшн ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг төлж дууссанд тооцох нөхцөлтэй энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүйгээс бий болсон алданги, эрсдэл, хохирол хариуцлагыг эрх шилжүүлэгч нь бүрэн хариуцна гэсэн заалттай. * ХХК-ийн зүгээс энэ гэрээг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байгаа учраас гэрээний 9-р зүйлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Үүнтэй холбоотой харилцаа *тай үүсэж байгаа тул тухайн мөнгийг *аас нэхэмжлэх нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан *ийн нэхэмжлэлтэй * ХХК-д холбогдох орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х-Апартмент В блок, 3 давхар, 11 тоот, 84.04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *т холбогдуулан гаргасан * ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 67,966,000 төгрөгийг *оос гаргуулан, Улаанбаатар пропертик ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 95,266,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *ийн 70,200 төгрөг, * ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 974,120 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *оос улсын тэмдэгтийн хураамжид 497,780 төгрөгийг гаргуулан хариуцагч Улаанбаатар проертик ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 95,266,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний 200,855,600 төгрөгийн үнийн дүнтэй эрхээ * нь *т 160,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэхийг * ХХК нь хүлээн зөвшөөрсөн ... гэжээ. Тайлбарлах нь: * ХХК нь иргэн *тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/00200 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 8-р хороо, X-Апартмент барилгын В блокын 3 давхрын 11 тоот орон сууцыг нийт 200,855,600 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож талуудын эрх бүхий этгээд гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Tyc гэрээний 3.1-д заасны дагуу орон сууцны төлберийг 100 хувь бартераар буюу Солонгос обой нийлүүлж төлөхөөр тохиролцож, улмаар * ХХК- тай хамтран ажиллаж барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Эко констракшн ХХК-тай * нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Обой худалдах, худалдан авах бартерын гэрээ-г байгуулж, гэрээний 2.1, 24, 3.1-д заасны дагуу * ХХК-аас авч буй орон сууцны үнийн дүн буюу 200,855,600 төгрөгт 156,700 м.кв обойг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Иргэн * нь №17/00200 дугаартай гэрээний 2.1, 3.1, №/2017112801 дугаартай гэрээний 2.1, 2.4, 3.1-д заасны дагуу орон сууцны төлбөрт нийт 92,034,000 төгрөгийн үнэ бүхий обой нийлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч * нь иргэн *тай 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж иргэн *ын №17/00200 дугаартай гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан байдаг болохоос * ХХК-ийн * нарын харилцан тохиролцсон орон сууцны үнийн дүнг өөрчилсөн зүйл огт байхгүй, * ХХК-ийн эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаас гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл огт байхгүй байсаар байхад анхан шатны шүүх * нь *т 160,000,000 төгрөгөөр тогтоож шилжүүлэхийг * ХХК нь хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Энэ талаар шүүх хуралд тодорхой тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. №17/00200 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 200,855,600 төгрөгт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй байхад анхан шатны шүүх орон сууцны захиалгаар бариулах гэрээний үнийн дүнг 160,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохоос гадна, нотлох баримтад тулгуурлаагүй * ХХК-ийн төлөөлөгч нарын тайлбараас зөрүүтэй, гуйвуулж дүгнэлт хийсэн.

6.а.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ... талууд алдангийн талаар тохиролцсон хэдий ч ямар хугацаанд хэдэн төгрөгийг төлөх эсэх нь тодорхойгүй, төлбөрийг ямар хугацаанд төлж барагдуулах талаар тохиролцсон зүйлгүй учир алдангийг тооцож гаргуулах боломжгүй ... гэжээ. Тайлбарлах нь: Анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 5-д ... * ХХК болон * нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр * нь орон сууцны нийт үнэ 200,855,600 төгрөгийг төлөх, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05/2017112801 дугаартай обой худалдах, худалдан авах бартерийн гэрээгээр 11 тоот 3 өрөө орон сууцны үнийн дүн болох 200,855,600 төгрөгт 100 хувь бартер хийж төлөх, гэрээний 2.4-д заасан хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 28 ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. * нь нийт 92,031,000 төгрөгийн үнэ бүхий обой нийлүүлж төлсөн ... гэж * нь * ХХК-иас худалдан авч буй дээрх орон сууцны төлбөрийг 100 хувь бартераар буюу обой нийлүүлэх хугацааг тогтоосон байж шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д алдангийн хугацаа төлбөрийн ямар хугацаанд төлж барагдуулах талаар тохиролцсон зүйлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан №17/00200 дугаартай гэрээний 3.5-д заасны дагуу №/2017112801 дугаартай Обой худалдах, худалдан авах бартерын гэрээ-ний 2.4-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлж дуусгах ёстой байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 903,000 төгрөгийн обой нийлүүлсэн байх тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 635 өдөр, өдрийн 544,108 төгрөгийн алданги, нийт 345,508,580 төгрөгийн алданги буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 108,821,600 төгрөгийн 50 хувь 54,410,800 төгрөгийн алдангийг * ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 95,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, агуулгын хувьд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байна. Алдангийн талаар *, * ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаагүй. Эрх шилжүүлсэн гэрээнд алдангийн зохицуулалт байхгүй. Эрх шилжүүлсэн гэрээний дагуу төлбөр шаардаж байгаа бол уг гэрээний дагуу шаардах ёстой. *тай байгуулсан гэрээний дагуу шаарддаггүй. *тай * ХХК болон Эко констракшн ХХК 1 зүйл дээр 2 төрлийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнүүд хүчингүй болсон. Орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөр төлөгдөнө гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж байгаа бол орон сууц захиалгын эрх шилжүүлсэн гэрээний дагуу төлбөрийг * * ХХК-аас удаа дараа нэхэмжилсэн баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үйл баримтууд хэрэгт тодорхой бий. Шүүх эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй учраас давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг болон алдангид нийт 162,232,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл анх хариуцагч * ХХК нь *тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэг 8-р хороо, х-апартмент, В блок, 3 давхар, 11 тоот, 84,04 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 200,855,600 төгрөгт худалдах, худалдан авагч * нь орон сууцны үнэ болох 200,855,600 төгрөгт обой нийлүүлэхээр харилцан тохиролцож, худалдан авагч нь нийт 92,034,000 төгрөгийн үнэ бүхий обой нийлүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 71-72-р тал/

4.а.Худалдан авагч тал болох * нь нэхэмжлэгч *той 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх гэрээний эрх, үүргийг 160,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн байна. /хх-ийн 4-р тал/. Нэхэмжлэгч * нь тус гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр 11 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан.

4.б.Анхан шатны шүүх нэхэмжлэгч * нь дээрх гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

5.2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 163,232,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ-нд заасан 160,000,000 төгрөгөөс нийлүүлсэн обойны үнэ болох 92,034,000 төгрөгийг хасаж, сөрөг нэхэмжлэлийг 67,966,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

5.а.Учир нь Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний эрх, үүрэг нэхэмжлэгч *т шилжсэн үйл баримтыг хэн аль нь зөвшөөрч тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар уг хэлцлийг хийсэн хэлбэрээр буюу 200,855,600 төгрөгийн хэмжээнд шаардах эрх шилжсэн гэж үзнэ.

Иймд Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнийн дүн болох 200,855,600 төгрөгөөс 92,034,000 төгрөгийн үнэ бүхий обойны үнийг хасаж, 108,821,600 төгрөгийг нэхэмжлэгч *оос гаргуулж, хариуцагч * ХХК-д олгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

5.б.Алданги 54,410,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч * ХХК нь Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 3.5-т заасныг үндэслэн алданги нэхэмжилсэн. Талууд алдангийн талаар тохиролцсон боловч обойг ямар хугацаанд нийлүүлэх талаар гэрээнд заагаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

6.Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч компанийн нэрийг буруу бичсэнийг мөн залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтын ... 67.966.000 төгрөгийг ... гэснийг 108,821,600 төгрөгийг гэж, ... Улаанбаатар пропертик ... гэснийг * гэж, ... 95.266.400 төгрөгийг ... гэснийг 54,410,800 төгрөгийг гэж,

3 дах заалтын ... 497.780 төгрөгийг ... гэснийг 702,058 төгрөгийг гэж, ... Улаанбаатар проертиз гэснийг * гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч * ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ