Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0076/з

 

 “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Э.*******, хариуцагч Ц.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 959 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, А.******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 959 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.13, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******-*******” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №240012407 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

  1. Хариуцагч Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар нь манай компанид хяналт шалгалт хийхдээ холбогдох анхан шатны баримтуудтай нэг ч танилцаж үзээгүй тулгалт хийгээгүй, түүнийгээ ч хариу тайлбартаа бичсэн байхад шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 болон Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалын 4.3.2-т заасан нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдаагүй бол албан татвар хасч тооцохгүй тухай заалтыг хэрэглэсэн нь буруу болсон.
  2. Шүүхийн нотлох баримтаар үнэлсэн хавтаст хэргийн 194-195 дугаар талд байгаа цахим тайлан нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Цахим баримт бичгийг шүүхээс үзлэг хийх замаар нотлох баримтын шаардлага хангуулах ёстой байсан боловч тэгээгүй.
  3. Шүүхээс хавтаст хэргийн 171-174 дүгээр талд буй баримтыг үндэслэн "Сити дизайн" ХХК-иас худалдан авалт хийгээгүй, хуурамч хий бичилттэй гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 171-174 дүгээр талд "Сити дизайн" ХХК-ийн нягтлан Ууганзаяа гэгч хүнийг байцаасан тэмдэглэлүүд байх бөгөөд түүнд "*******-*******" ХХК-ийн талаар холбогдолтой нэг ч зүйл бичигдээгүй байхгүй, өөр асуудлаар байцаалт явуулсан байхад түүнээс үндэслэн худалдан авалт хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
  4. Мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримтуудад цахим тайланг хэвлэж хуулбар үнэн дарж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд шүүхээс үзлэг хийх замаар нотлох баримтын шаардлага хангуулах ёстой байтал түүндээ үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хий бичилттэй болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
  5. Хавтаст хэргийн 197 дугаар талд авагдсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 704 дүгээр прокурорын тогтоолыг үндэслэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь "*******-*******" ХХК-тай хамааралтай зүйл байхгүй байхад шүүхээс дүгнэсэн.
  6. “Сити дизайн” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг тухайн үед манай компани мэдэх боломжгүй байсан. Татварын алба өөрсдөө ч мэдээгүй байсан. Тухайлбал, Татварын ерөнхий газрын албан ёсны вэбсайт дээр 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн сэрэмжлүүлэг мэдээ гарсан байдаг. Уг сэрэмжлүүлэг ч “нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан үйлдэх, хий бичилт хийх зэргээс аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын төлбөр, хүү, торгууль, алдангид унагах эрсдлийг бий болгож байна. Иймд дараах аж ахуйн нэгжүүдээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэсэн сэрэмжлүүлэг өгсөн байдаг. Тухайн аж ахуйн нэгжүүдэд нь “Сити дизайн” ХХК байхгүй. 38 компанийн нэрийг жагсаасан байгаа. Энэ 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй асуудал яригдаж байхад Татварын алба тухайн үед мэдээгүй 2 жилийн дараа мэдэгдэл сэрэмжлүүлэг өгсөн байгаа юм. Тэгэхээр манай компани битгий хэл татварын алба нь өөрсдөө мэдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаа тайландаа тусгаагүй “Сити дизайн” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг манай компанид нялзааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнэн үзвэл "*******-*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн татварын байцаагч нарт холбогдох энэ хоёр талын хоорон дахь маргаан "Сити дизайн" ХХК-ийн өөр бусад олон компаниудад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан борлуулсан үйлдэлд холбогдох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл, "*******-*******" ХХК-ийн нэг ч анхан шатны баримт үзээгүй, өөрсдөө хянаж шалгаж татан авч үзэх үүргээ биелүүлээгүй байж өөр акт тогтоосныхоо дараа өөр компанийн холбогдох баримтуудад үндэслэн манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэн, хамааралгүй баримтуудыг үнэлж шийдвэр гаргах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, А.******* нар “*******-*******” ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 240012407 дугаар актаар тус хуулийн этгээдийг “...935,909,090 төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падаан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан...” зөрчил гаргасан гэж үзэж, нийт 168,463,635 төгрөгийн төлбөр ногдуулсан, “*******-*******” ХХК уг актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргахдаа “...”Сити дизайн” ХХК-иас худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч тайланд тусгасан, ...нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй учир худалдан авагчийн буруу биш, ...хариуцагч нар анхан шатны баримтад үндэслэлгүй акт тавьсан” гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог ойлгоно”, 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу татвар төлөгч “*******-*******” ХХК нь татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох анхан шатны баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч “*******-*******” ХХК нь “Сити дизайн” ХХК-иас 935,909,090 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, тэрчлэн нэхэмжлэгчээс “Цагдаагийн газраас “Сити дизайн” ХХК-ийг шалгаж байна гээд падаан, анхан шатны баримтуудыг авч явсан” гэж тайлбарлах боловч “*******-*******” ХХК нь Цагдаагийн байгууллагын ямар нэгжийн, хэн гэдэг, ямар албан тушаалтанд, хэзээ, ямар, хичнээн хуудас материалууд өгснийг нотлох баримтгүй байна.

Мөн Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Дамдинсүрэн нь “Сити дизайн” ХХК-ийн захирал Д.*******ыг сэжигтнээр байцаахад “...“Сити дизайн” ХХК нь реклам чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ...бараа материал аж ахуйн нэгжүүдэд худалдаагүй, харин нягтлан бодогч Э.Ууганзаяа тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хулгайд алдсан...” гэж, нягтлан бодогч Э.Ууганзаяаг сэжигтэн болон яллагдагчаар байцаахад “...Азжаргал надаас хоосон падаан авдаг байсан, би санхүүгийн тэмдгээ дараад өгдөг байсан...” гэж тус тус мэдүүлсэн байх ба “Сити дизайн” ХХК-ийн 2011 оны 09, 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нэхэмжлэгч “*******-*******” ХХК-д борлуулалт хийсэн тухай тусгагдаагүй байна.

 Эдгээрээс үзэхэд “Сити дизайн” ХХК нь нэхэмжлэгч “*******-*******” ХХК-д барилгын материал худалдсан болон “*******-*******” ХХК-иас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотолсон баримт байхгүй, тус компаниудын хооронд бодитой худалдан авалт хийгдсэн нь тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “НӨАТ-ын падаан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байтал нэхэмжлэгчийг буруутгасан” гэх гомдол нь түүнийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй. Худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д зааснаар татвар төлөгч нь татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй тул хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, анхан шатны баримтыг ирүүлээгүй, худалдан авалт “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байх тул хариуцлага болох 28,077,272 төгрөгийн торгууль, 46,795,454 төгрөгийн алданги, нийт 74,872,726 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулах нь зүйтэй. Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.7, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, А.******* нарын гаргасан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 240012407 дугаар актаар тогтоосон 28 077 272 төгрөгийн торгууль, 46 795 454 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, төлөх төлбөрийн хэмжээг 93 590 909 төгрөгөөр тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН