Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 110

 

Т.Ж, Д.Б, Г.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, цагаатгагдсан этгээд Г.Б, түүний өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Т.Ж, Д.Б нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 23 дугаар магадлалтай, 1711000000028 дугаартай эрүүгийн хэргийг цагаатгагдсан этгээд Г.Б-гийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, Дорноговь аймгийн шүүхийн 1991 оны 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Чойр хотын шүүхийн 1994 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,

Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг нэмж, нийт 8 жил 11 сар 18 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 136 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж, нийт 8 жил 9 сар 24 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил хорих ял шийтгүүлсэн,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 45а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 4 сар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 8 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жил хорих ялаар тогтоож, 2008 оны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, уг зүйл, хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сар хорих ялаар тогтоосон,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, О овогт Т-гийн Ж,

2. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял шийтгүүлсэн,

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сар хорих ялаар тогтоосон, Б овогт Д-гийн Б,

3. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нийт 8 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 15 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сар хорих ялаар тогтоож, 2008 онд Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 10 хоногийн хорих ялыг 5 жил 10 хоног болгон нийцүүлэн хасч, 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нийт эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Д овогт Г-гийн Б нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-г цагаатгаж, шүүгдэгч Т.Ж, Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ж, Д.Б нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ж, Д.Б, Г.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд цагаатгагдсан этгээд Г.Б-гийн өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б-г анхан шатны шүүх цагаатгасан дүгнэлт хийхдээ улсын яллагчийн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь хавтаст хэргийн хүрээнд гэрч Д.Б-гийн “Б надад байсан том хутга авч хөшиж онгойлгосон, бид гурав хамт орсон” гэх мэдүүлэг, гэрч Т.Ж-гийн “Б нь Б гэх залууг утсаар дуудаж 5 буудлын орчимд уулзсан. Б би эндээс 5 км зайд машинтайгаа зогсож байя, цагдаа ирвэл би залгана гэж бид хоёрт хэлсэн” гэх мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад яллагдагчаар татсан мэдүүлгээр улсын яллагч ялласан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг тус тус анхан шатны шүүх баримталсан гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч Т.Ж, Д.Б нар хуулийн тэгшитгэлээр суллагдсан тухайгаа дурдсан бөгөөд анхан шатны шүүх энэрэнгүй байх зарчмыг барьж улсын яллагч болон өмгөөлөгчийн саналыг харгалзан дүгнэлтээ гаргасан. Цагдаагийн байгууллага нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулах үүрэгтэй байж хэргийн газрын үзлэг хийхдээ хөл, гарын мөрийг бэхжүүлж аваагүй. Шүүгдэгчийн хувьд урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цагаатгах бүрэн боломжтой. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ж, Д.Б нарын олон жил ял эдэлсэн хувийн амьдрал зохиож байгаагүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн нь хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ж, Д.Б нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн хэлсэн саналдаа “...Шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн материалын хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анх хохирогчийн гаргасан гомдлын дагуу хэргийг шалгасан байдаг. Гэмт хэргийг Г.Б-гийн банкны зээлээр авсан автомашинаар үйлдсэн. Шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн, хэн ямар үүрэгтэй оролцсон талаараа тодорхой мэдүүлсэн байдаг. Хэрэг үйлдэгдэж байхад Г.Б нь гадаа машин дотроо байсан. Анх банкны зээл төлөх хугацаа болж байна, эзэнгүй айл байгаа гэх мэдээллийг Г.Б өгсөн. Хохирогчоос гадна Ч.Б гэх гэрч байдаг бөгөөд тэрээр тухайн телевизорыг авахад машин дотор 3 хүн байсан талаар мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ж, Д.Б нар нь бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд орших Г.А-гийн зуслангийн байшинд нэвтэрч 4,189,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, харин Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй, түүний машинд Т.Ж, Д.Б нар үйлдсэн хэргийнхээ талаар ярилцахыг сонсоод цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт хэргийг илчилсэн талаарх нотлох баримтуудад тулгуурлан Г.Б-г цагаатгаж, Т.Ж, Д.Б нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл, хэмжээний хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Т.Ж, Д.Б нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 буюу “бусдын эд хөрөнгийг хулгайлан авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх Г.Б-д холбогдох хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Г.Б-гийн оролцооны талаарх Т.Ж, Д.Б нарын мэдүүлэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Т.Ж, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх болсон үндэслэл, ялын хэмжээний талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, прокуророос Г.Б-г гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэх нөхцөл байдал, нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр бүрэн няцааж, Т.Ж, Д.Б нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан ялыг хөнгөрүүлэн тогтоохдоо хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Г.Б-гийн өмгөөлөгч С.Галцацрахын гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН