Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Нямжав,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Т.Ж, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Дарьганга овогт Г.Б, Боржигон овогт Д.Б, Орхон овогт Т.Ж нарт холбогдох 1711000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгэр байрны 78 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ял дээр Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг нэмж, бүгд 8 жил 11 сар 18 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж, бүгд 8 жил 9 сар 24 хоногийн хорих ялаар тогтоож, Төв аймгийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 289 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 02 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Орхон овогт Т.Ж (РД:000000000000),

2.Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 1-1983 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй,

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.2-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн,

-Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 24 хоногийн хорих ялын зарим болох 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д.Б (РД:000000000),

3.Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, өвөө, дүү нарын хамт амьдардаг, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужирт гудамжны 34 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,

-Баганнуур дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 223 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 8 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

-Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 ны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шийдвэрлэж, Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар, 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Дарьганга овогт Г.Б (РД:0000000000),

нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд байх Г.Алтансүхийн зуслангийн байшинд нэвтэрч Эл Си Ди зурагт, Ай пад 2 ширхэг, дээлний торго, нүдний дуран, баттерей цэнэглэгч, хийн гар буу зэргийг хулгайлсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

              1.Т.Жаас: “…2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Жасиун төв гэсэн газар Баасанхүүтэй Батбаяр бид 2 очиж уулзсан. Батбаяр миний утсаар Баасанхүүтэй яриад уулзсан. Уулзаад Баасанхүү машинаараа хар айраг дээр үхэр дайрчихлаа. Мөнгө хэрэгтэй байна. Лизингийн машин байгаа юм зээл нэхэгдээд байна гэсэн. Тэгээд тухайн өдрийн орой Сансарын тэнд нэг дэлгүүр байна энэ дэлгүүрийг дээрэмдэе гэсэн. Хутга авмаар байна гээд Батбаяр нэг хутга аваад ирсэн. Батбаяр дэлгүүрийг дээрэмдээгүй. Хотын төвөөр явж байгаад Дэнжийн 1000-ын Хүчит Шонхор захын урууддаг зам дээр машиндаа 3 уулаа хоносон. Батбаярынд очоод салъя гэхэд хөдөөгүүр гаръя гээд Баасанхүү сансарын тунелын тэнд байсан ломбарданд утсаа тавьсан. Тэр мөнгөөрөө бензин хийгээд Борнуур, Баянчандмань ороод тэндээсээ Батсүмбэр орсон. Хот руу орж ирэх зам буюу лагерууд орж ирэхэд орой болж байсан. Энэ байшин эзгүй байна энэ байшинг ухъя гэж хэлсэн. Байшингийн гадаа очоод 1 цаг болсон. Баасанхүү миний утас руу хэд хэдэн удаа залгахад нь хаалгыг нь хэмхэлж чадахгүй байна гэсэн. Машиныхаа ардаас хадаасны лоом авчраад хаалгыг эвдээд Баасанхүү машинаа харна гээд явсан. Тэгээд вакум цонхоор нь ороод эд зүйлсийг цэнхэр үүргэвчинд хийгээд аваад гарч ирээд утасдахад Баасанхүү ирээд хотын төв ороод Дарь-Эхийн уулын өөдөө гараад цагдаагийн эргүүл машин зогсож байсан. Батбаярынд очоод хийн буугаа авч үлдэхээр болсон. Батбаяр ээжийнхээ гэр рүү орсон хойгуур нь хар цүнхийг шатаагаад жижиг архийг хувааж уусан. Бууг байшингийн дээвэрт нуугаад дуранг нь би авахаар болсон. Баярмагнай гэдэг хүнтэй уулзаад зурагт, зургийн аппаратыг зараад Сансарын тунелын тэнд очоод Баасанхүү гар утсаа ломбарднаас авсан. Буцаж ирээд шар гэрэл асчихлаа гээд гааз шахуулсан, машин асахгүй байсан. Баасанхүү бид 2 машинд муудалцаад би буусан. Аппарат авсан хүн нь болохгүй байна, дуудаад байна гэхэд яах юм бэ одоо наадах чинь баригдсан байгаа цагдаа дуудсан байна гэсэн. Аппаратын эзэнд мөнгийг нь өгөөд ярихад Баасанхүү байхгүй байсан. Баасанхүү утсаа авахгүй байхад цагийн дараа утсаа аваад Сансарт байна гээд бүх барааг нь шатаасан гэхээр нь очиж уулзаад баригдсан.” гэв.

              2.Д.Баас: “…2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бичиг баримтаа хөөцөлдөөд явж байсан. Баасанхүү бид 3 уулзаад дэлгүүр дээрэмдэх санаа гаргаад гэвч хийж чадаагүй. Тэндээс гараад 7 буудлаар тойроод Дэнжийн Мянгын хажуу талын зам дээр хоносон. Өглөө нь хөдөө явахаар болоод 40.000 төгрөгөөр ломбарданд Баасанхүүгийн утсыг тавиад хөдөө явж байгаад буцаж ирээд ухдаг айлынхаа гадаа очоод бүх юмаа аваад Баасанхүү цэнэглэгч ноосон цамцыг авсан, Жаргалсайхан дуран авсан, Баасанхүү юм шатаагаад баахан утаа тавьсан байсан. 28 дугаар сургуулийн тэнд Баярмагнайтай уулзаж аппаратыг нь зараад Баасанхүүгийн утсыг нь аваад буцаж ирсэн. Жаргалсайхан эргэж гүйж ирээд Баасанхүүтэй ярьсан чинь цаана нь нэг хүн дуугараад байна гэсэн. Баасанхүү, Жаргалсайхан бид хоёр руу залгаад юмнуудыг нь шатааж байна гэхээр нь яриад уулзахаар болсон. Аюулгүйн тойрог дээр уулзахаар болоод хүлээсэн боловч ирээгүй. Бид хоёрыг очиход Баасанхүү нь бид хоёрыг тусгайгийнханд барьж өгсөн. Хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

              3.Г.Бгээс: “…2017 оны 7 сард хүн тээвэрлэдэг байсан. 2-3 өдрийн дараа Батбаяр над руу залгахаар нь би хотод ороод уулзахад эхнэр хүүхэдтэйгээ муудалцаж байна гэсэн. Батбаяр бид 2 шоронгоос гарч ирээд анх удаагаа таарсан. Эхнэр хүүхэдтэйгээ муудалцаад жаахан юм зөөх гэсэн юм гэхээр нь хамт явахад Борнуурын хойд зам дээр зогсоод гэр рүүгээ ороод юмаа аваад ирье гэхээр нь би хот ороод байж байсан. Тэгээд дуудахаар нь ирэхэд зурагт зэрэг зүйлсийг авч гарч ирсэн. Машинд суугаад баян айл байна гэж хэлэхээр нь би яг хулгай хийсэн юм байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ороод өрөөнд нь мэдүүлгээ өгөөд хулгай хийсэн талаар хэлсэн.” гэв.

              Хохирогч Г.Алтансүхээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд зуслангийн байшинтай юм. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай байшинд хулгай орсон байдалтай байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэрт 1 дүгээр давхраас 32 инчийн Самсунг ЛСД зурагт хар өнгөтэй 2011 онд 800.000 төгрөгөөр авч байсан. Одоо 300.000-400.000 төгрөгөөр үнэлж байна. 2 дугаар давхраас Айпад Айр 2 загварын саарал өнгөтэй, 16 гбайт багтаамжтай, 2012 онд хүн бэлгэнд өгч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Миний Айпад хар өнгөтэй, 128 гбайт багтаамжтай, про загвартай, 2017 оны загвар, 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Зургийн апарат Никон 3000 загварын хар өнгөтэй, никон гэсэн цүнхтэй. 2007 онд 1.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. Хийн буу төмөр үрлэн сумтай, газан баллонтойгоо надад хүн бэлгэнд өгч байсан. Үнэлгээг сайн мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар үнэлнэ. Хэрэглэж байсан дээлүүд, шинэ торго зэрэг эд зүйл алдагдсан байна. Над руу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн тасгийн дарга гэх хүн утсаар дуудаж уулзсан. Манай гэрээс алдагдсан эд зүйлийг хулгайлсан хүнийг барьсан гэж хэлсэн. Тэгээд надад манай гэрээс авсан гэх торгонуудыг үзүүлсэн. Яг ямар хүн авсан талаар сайн мэдэхгүй байна. Учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн гэрээс эд зүйлс хулгай хийсэн этгээдүүд гэрийн зарим эд зүйлсүүдийг хорлонтой юм шиг эвдлээд сүйтгээд хаясанд маш их гайхаж байна. Гомдолтой байна. Эвдэлсэн байгаа эд зүйлсийг гэрэл зургийн аргаар авч материалдаа хавсаргамаар байна.” гэжээ.

              Иргэнийн нэхэмжлэгч Ч.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шиг санаж байна. Би гэртээ гурван хүүхдүүдээ харж байтал нутгийн залуу болох Жаргалсайхан /хоч нь ЖАЖА/ над руу залгаад “зурагт зармаар байна” гэхээр нь би “зурагтыг чинь үзье, аваад ир” гэж хэлсэн. Надтай ярьснаас хойш 2-3 цагийн дараа манай байрны ойролцоо ирээд залгасан. …Тухайн үед Жаргалсайхан 28 дугаар сургуулийн баруун урд талд ирчихсэн. Соната 6 маркийн саарал өнгийн машинтай дотор нь гурван хүн байсан. Түүний нэг нь Жаргалсайхан, нэг залуу нь болохоор манай нутгийн залуу байсан. Зүс танихгүй залуу нь машин барьж явж байсан. …Зурагтыг харахад ойролцоогоор 38-39 инчийн Самсунг брэндийн зурагт байсан. Зурагтыг нь ажиллуулж үзэхэд хэвийн ажиллаж байхаар нь авахаар болсон. …намайг ломбарднаас гарахад Жаргалсайхан дахид нэг зургийн аппарат байгаа гэхээр нь би урд нь зураг авахуулж байсан аркны дэргэд байх зургийн газар руу Жаргалсайханг дагуулж орсон. Жаргалсайхан өөрөө зурагчинд аппаратаа үзүүлсэн, зурагчин залуу 250.000 төгрөгөөр авъя гэхээр нь Жаргалсайхан зарсан…” гэжээ.

              Гэрч Ц.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний бие Тэбэ сервис ХХК-тай 440 хоногийн хугацаатай 55-84 УБӨ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, тухайн компаний дансанд бэлнээр 1.000.000 төгрөгийг байршуулан, өдөр бүр 30.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулахад батлан даагчаар хадам ах Баасанхүү оролцсон. …хадам ах Баасанхүү уг тээврийн хэрэгслээр Замын-Үүд, Улаанбаатар хот, Улаанбаатар, Замын-Үүдийн чиглэлд хүн тээвэрлэж, овоо хөл дээрээ тогтож байсан” гэжээ.

              Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:

              1.Прокуророос шүүгдэгч Г.Бг Т.Ж, Д.Б нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд байх Г.Алтансүхийн зуслангийн байшинд нэвтэрч Эл Си Ди зурагт, Ай пад 2 ширхэг, дээлний торго, нүдний дуран, баттерей цэнэглэгч, хийн гар буу зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Г.Баасанхүүг уг айлын хаалга эвдэж, эд зүйл хулгайлсан гэх ул мөр илрээгүй, хаалга эвдсэн гэх багаж, зэвсгийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хурааж аваагүй, Г.Баасанхүүгийн машины араас хадаасны лоом авсан гэх боловч энэ байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Харин шүүгдэгч Т.Ж, Д.Б нар бусдын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан талаар Г.Баасанхүү нь өөрийн жолоодож явсан автомашинд суусны дараа тэдгээрийн хоорондын ярианаас мэдэж, улмаар энэ талаар цагдаагийн байгууллагад өөрөө мэдэгдэж, гэмт хэргийг илчилсэн зэрэг нөхцөл байдлууд нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайлсан эд зүйлүүдийг Цагдаагийн байгууллага 2017 оны 8 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хураан авсан тэмдэглэлүүд, хохирогчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “Над руу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн тасгийн дарга гэх хүн утсаар дуудаж уулзсан” гэх мэдүүлэг, Г.Баасанхүүгийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “Ингээд би хотын төв рүү орж таксинд явж байгаад Батбаярыг залгахаар нь буулгасан газар нь очиход замын хажуугаас Батбаяр, Жагаа хоёр цэнхэр өнгийн цүнхтэй эд зүйлс, болон зурагт хяналтын камер, саарал өнгийн үүргэвч зэрэг барьчихсан гарч ирээд миний машинд суугаад хөдлөөрэй гэж хөдлөөд явж байхдаа Дарь-Эх оръё гэсэн. Батбаяр, Жагаа хоёр миний машин дотор “баян айл байна шүү, хутганы үзүүр мурийсан байна” гэж хоорондоо яриад байсан. ...Миний бие цагдаагийн байгууллагад дуудлага өгч өөрийн машинтайгаа очиж эд зүйлсийг хүлээлгэж өгөхөд саарал өнгийн үүргэвч дотор дээлний торгонууд, бор өнгийн үүрдэг жижиг цүнхэнд Батбаяр, Жагаа хоёрын хулгай хийхэд ашигласан 2 ширхэг хутганууд, цэнхэр өнгийн цүнхэнд дээлнүүд, 2 ширхэг Айпад байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Баасанхүү нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              2.Шүүгдэгч Т.Ж, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд орших Г.Алтансүхийн зуслангийн байшинд нэвтэрч Эл Си Ди зурагт, Ай пад 2 ширхэг, дээлний торго, нүдний дуран, баттерей цэнэглэгч, хийн гар буу зэрэг 4.189.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ж, Д.Б нарын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Г.Бгийн гэрчээр мэдүүлсэн “…“Ингээд би хотын төв рүү орж таксинд явж байгаад Батбаярыг залгахаар нь буулгасан газар нь очиход замын хажуугаас Батбаяр, Жагаа хоёр цэнхэр өнгийн цүнхтэй эд зүйлс, болон зурагт хяналтын камер, саарал өнгийн үүргэвч зэрэг барьчихсан гарч ирээд миний машинд суугаад хөдлөөрэй гэж хөдлөөд явж байхдаа Дарь-Эх оръё гэсэн. Батбаяр, Жагаа хоёр миний машин дотор “баян айл байна шүү, хутганы үзүүр мурийсан байна” гэж хоорондоо яриад байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Баярмагнайгийн “…2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шиг санаж байна. ... нутгийн залуу болох Жаргалсайхан /хоч нь ЖАЖА/ над руу залгаад “зурагт зармаар байна” гэхээр нь би “зурагтыг чинь үзье, аваад ир” гэж хэлсэн. Надтай ярьснаас хойш 2-3 цагийн дараа манай байрны ойролцоо ирээд залгасан. …Тухайн үед Жаргалсайхан 28 дугаар сургуулийн баруун урд талд ирчихсэн. Соната 6 маркийн саарал өнгийн машинтай дотор нь гурван хүн байсан. Түүний нэг нь Жаргалсайхан, нэг залуу нь болохоор манай нутгийн залуу байсан. Зүс танихгүй залуу нь машин барьж явж байсан. …Зурагтыг харахад ойролцоогоор 38-39 инчийн Самсунг брэндийн зурагт байсан. Зурагтыг нь ажиллуулж үзэхэд хэвийн ажиллаж байхаар нь авахаар болсон. …намайг ломбарднаас гарахад Жаргалсайхан дахид нэг зургийн аппарат байгаа гэхээр нь би урд нь зураг авахуулж байсан аркны дэргэд байх зургийн газар руу Жаргалсайханг дагуулж орсон. Жаргалсайхан өөрөө зурагчинд аппаратаа үзүүлсэн, зурагчин залуу 250.000 төгрөгөөр авъя гэхээр нь Жаргалсайхан зарсан” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

              Иймд шүүгдэгч Орхон овогт Т.Ж, Боржигон овогт Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

Хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд буцаан олгосон ба үлдэгдэл 493.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол (хаалга цоож эвдсэн) зардал 79.100 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 18.000 төгрөг, нийт 590.100 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, дээрх дансанд байршуулсан хохирлын мөнгийг хохирогч Г.Алтансүхэд гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Ж, Д.Б нар нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус бүр 78 хоног цагдан хорих хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцох, шүүгдэгч Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 31 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Г.Баасанхүүгийн жолоодож явсан “Тэбэ сервис” ХХК-ийн эзэмшлийн 55-84 УБӨ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн автомашиныг битүүмжилсэн ба уг автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдон тогтоогдоогүй тул эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 1711000000028 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Дарьганга овогт Г.Бг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Орхон овогт Т.Ж, Боржигон овогт Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ж, Д.Б нарыг тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Ж, Д.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ж, Д.Б тус бүрийн цагдан хоригдсон 78 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Бг 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

7.“Тэбэ сервис” ХХК-ийн эзэмшлийн 55-84 УБӨ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 8 дугаар зүйлийн 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Т.Ж, Д.Б нараас хохиролд тооцуулахаар байршуулсан нийт 590.100 (таван зуун ерэн мянга нэг зуу) төгрөгийг хохирогч Хатгин овогт Галсангийн Алтансүх (РД:УХ67011736)-д олгосугай.

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж, Д.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ