Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0431

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Мф***” ХХК /РД: **/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У****/РД:**/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Х**** /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: ****8/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А****,

Гуравдагч этгээд: Ц.Т**** /РД: *****/,

Гуравдагч этгээд: Б.Н**** /РД:*****/,

Гуравдагч этгээд: Х.О**** /РД:*****/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О***/РД:*****/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.О**** /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: ****/ нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, Б.А*** гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.О***, гуравдагч этгээд Б.Н***, гэрч Д.Б***, Ч.Н**** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э**** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мф****” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Мф*****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Мф*****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Мф****” ХХК-д холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарыг 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т***, Б.Н*** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Мф***” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Мф****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч “Мф***” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1400 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар “Мф****” ХХК-ийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр уг газрын хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07/1473 дугаар албан бичгээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг өгчээ. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... "Мф****" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамжаар тус дүүргийн 32 дугаар хороо, хуучнаар 22-ын товчооны баруун талд байрлах 1400 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд дүүргийн Газрын албанаас 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 000304420 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Бид газар эзэмших эрхтэй болсноос хойш Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж, төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн, газар эзэмшигчийн үүргээ огт зөрчиж байгаагүй. Манай компани газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан тус дүүргийн Засаг даргад гаргасан бөгөөд Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй талаар мэдэгдээгүй, ямар нэгэн байдлаар татгалзсан хариу өгөхгүй явсан тул хүсэлтийг хянаж байгаа, хугацааг сунгах юм байна гэж ойлгож ирсэн. Гэвч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17/7543 дугаар албан бичгээр "... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" хэмээн мэдэгдсэн.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29 2. 29.3 Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэхүү шийдвэрээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17/348 дугаар албан бичгээр мэдэгдсэн бөгөөд бидний зүгээс тус шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07/1473 дугаар албан бичгээр “....газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь хуульд нийцсэн байна” гэсэн хариуг ирүүлсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Мф****” ХХК нь газар эзэмших эрхтэй болсноос хойш газар эзэмшүүлэх гэрээнд заасан төлбөрийг тухай бүр цаг хугацаанд нь төлж ирсэн. Энэ нь газрын хувийн хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 620140372 акт болон газрын төлбөр төлж байсан баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий актын үндэслэлээ газрын төлбөр төлөөгүй хэмээн үндэслэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцэхгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”-ыг үйлдэж нэгж талбарын 18627308157656 дугаартай газрын эзэмшигч “Мф****” ХХК нь төлбөр төлдөг, газар дээрээ хашаатай” хэмээн гэрээний үүргийг биелүүлсэн талаар дүгнэлт гаргасан. Гэвч дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдөж байна.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчөөгүй, Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлсээр ирсэн боловч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хууль бус захирамж гарган, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Бидний хувьд цаашид ч энэхүү газраа эзэмших хүсэлтэй байгаа бөгөөд хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан, өөр бусад этгээдүүдэд эзэмшүүлэх зорилготой байсан гэж хардаж байгаа болно.

Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Мф****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн дүүрэн сэргэхгүй. Өөрөөр хэлбэл уг захирамж нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр болохоос биш газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр биш бөгөөд тухайн актыг хүчингүй болгосноор “Мф****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа шууд сунгагдах үр дагаварт хүрэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Төрийн захиргааны байгууллага Газрын тухай хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, үүргээ хангалттай хэмжээнд хэрэгжүүлээгүй. Үүний улмаас өнөөдөр иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хооронд маргаантай асуудал үүсэх эх үүсвэр боллоо гэж харж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4-т заасны дагуу газраа ашиглаж чадаагүй эрхийг нь сэргээх нь битгий хэл харин ч хохино гэдэг байдлаар хандаж байгаа төрийн захиргааны байгууллагын үйлдлийг зөвтгөж болохгүй юм. Засаг дарга гэдэг албан тушаалтан газар зохион байгуулалтын албаны үйлдэл, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Хяналт тавьсныхаа хүрээнд шийдвэрээ гаргах бүрэн эрх байсан гэж харж байгаа. Энэ асуудалд хяналт тавьж өгнө үү гэдэг асуудлаар нэхэмжлэгч компани хандаж байсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т заасан хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх эрхтэй. Энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхээр мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн хооронд үүссэн энэхүү маргааныг дүүргийн Засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй хэр нь та нар Газрын тухай хууль зөрчсөн шүү гэдэг байдлаар хууль бус тушаал гаргаж нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа нь зүйд нийцэхгүй. Гуравдагч этгээд 2008 оноос тухайн газарт амьдарч байсан бодит байдлаар эзэмшиж, ашиглаж байсан гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичиг болон шүүх хуралдааны явцад гэрчээр асуугдсан этгээдүүдийн тайлбараар үгүйсгэгдэнэ. Эндээс харахад гуравдагч этгээдүүд нэхэмжлэгч компанийн эзэмших эрхтэй газар уруу хууль бусаар хашаагаа хатгаад, гэрээ бариад олон жил амьдарсан нь тогтоогдохгүй байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэж нэхэмжлэгч компани шаардаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Мф****” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамжаар 32 дугаар хороо, хуучнаар 22 товчооны баруун талд байрлах 1400 м.кв газрын аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаанд эзэмших эрхтэй болсон. Газрын албанаас 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 000304420 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч “Мф****” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 7 жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэн Ц.Т***, Б.Н*** нар нь 2008 оноос хойш маргаан бүхий газар дээр амьдарч хүсэлт гаргасан тул Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон байна. “Мф****” ХХК нь Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын хариугаа 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 07/1473 дугаар албан бичгээр хүлээж авсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасны дагуу “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.  

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч МФ**** ХХК Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 7 жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэн Ц.Т***8 Б.Н**** нар нь 2008 оноос хойш маргаан бүхий газар дээр амьдарч хүсэлт гаргасан тул Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон байна.

Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулснаас 5 жилийн хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн дотор сунгуулах хүсэлтээ гаргаагүй. Мөн нэхэмжлэгч компани нь газраа зориулалтын дагуу ашигладаггүй учраас Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ 2021 оны А/03 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Энэ нь 2008 оноос хойш иргэн Б.Н***, Т.О***, Ц.Т**** нар нь тухайн газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргаж байсны хүрээнд нэхэмжлэгч компани газраа ашигладаггүй байсан тул хүчингүй болгож, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу явуулж байсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээд Б.Н***, Т.О***, Ц.Т**** нарт 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар хүсэлт гаргасных нь дагуу тухайн газрыг олгосон.

Гэрээ дүгнэсэн актыг Газар зохион байгуулалтын албаны дарга баталгаажуулж тамга, тэмдэг дарах ёстой юм байна. Тухайн гэрчээр асуугдсан хүн программаа хараад чеклэж байсан гэдэг нь тогтоогдож байна.. Нэхэмжлэгч тухайн газрынхаа эзэмших эрхийг 2014 онд олж авсан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар аж ахуйн зориулалтаар ашиглаагүй, бодитоор бий болсон зүйл байхгүй. Гуравдагч этгээд өөрийнхөө газрыг ашиглаад байхад захиргааны байгууллагад ашиглахгүй байгаа үйлдлээ зөвтгөхөөр хүсэлт гаргаж байна. Иймд Захиргааны акт үндэслэл бүхий хуулийн хүрээнд гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Гуравдагч этгээд Б.Н****, Т.О***, Ц.Т*** нар нь Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Хайрхан мал бордоход 2008 оноос хойш амьдарч байгаа бөгөөд тухайн газар дээрээ “М ф*****8” ХХК нь огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, тухайн газрыг бодитоор эзэмшээгүй, харин гуравдагч этгээд нар нь тухайн газарт хашаа барьж эзэмшиж ирсэн. Иймд гуравдагч этгээд нар нь өөрсдийн бодитоор эзэмшиж байсан газраа эзэмших хүсэлтээ удаа дараа газрын албанд гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүсэж ирсэн. Харин “М ф***” ХХК нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олж авахдаа засаг захиргааны анхан шатны нэгж болох 32 дугаар хорооны тухайн олгогдсон нэгж талбай дээр амьдарч байгаа иргэдийн ахуй байдал, санаа бодол цаашлаад тус хорооны удирдлагаас зөвшөөрөл аваагүй газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ төлөөгүй зэрэг Газрын тухай хууль тогтоомжийн олон зүйл заалтыг зөрчсөн байдгаас гадна ашиг сонирхол, авлига хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй байсан. Мөн нэхэмжлэгч компани нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байгаа ч бодит байдал дээр тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй. Түүнчлэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасан байхад “М ф****” ХХК нь үүний дагуу сунгуулах хүсэлт гаргаагүй учраас ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна. Харин Б.Н***, Т.О***, Ц.Т*** нар нь дээрх газарт 2008 оноос хойш бодитоор эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа тул гуравдагч этгээд нарын хууль ёсны ашгийг хамгаалж газраа үргэлжлүүлэн ашиглах боломжоор хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Гуравдагч этгээд Б.Н***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2008 онд анх ирээд буусан, тэр газар одоог хүртэл байгаа. Тэр газрыг ямар компани булаацалдаад байгаа тал дээр надад мэдэх зүйл байхгүй. Газар эзэмших өргөдлийг газрын албанд өгч газраа эзэмших санаатай өдийг хүрсэн. Зураг харуулаад ногоон хашаа гээд яриад байна. Тийм хашаа барьсан зүйл байхгүй. Урд дэнжийн хашаа юм шиг надад харагдаад байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.О**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 40.1.1-д газар эзэмших гэрээний үүрэг болон хуульд заасан нөхцөлийг удаа дараа зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг хуулиар тогтоосон. Ямар хуулийг яаж зөрчсөн бэ гэхээр Газрын тухай хуулийн 35.3.4-т заасан  газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх ёстой. Тухайн газрын ерөнхий байдал, тухайн газарт үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, газрын ачаалал, нөхцөл байдлыг хянахад чухал үүрэгтэй тул тухайн аж ахуйн нэгж энэ үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан боловч нэхэмжлэгч компани хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж яриад байгаа боловч газар эзэмших эрх нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Газрын тухай хуулийн 37.1-т газар эзэмших иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшигч нь өөрөө газар эзэмших эрхийг сунгуулахдаа тухайн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргах гээд хуульд болон гэрээнд заасан. Гэтэл нэхэмжлэгч компани 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Энэ хугацаагаа хэтрүүлээд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь нийцэхгүй. Мөн талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.9-д заасан үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 1.1-т заасан үндэслэл бүрдсэн байна гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тухайн газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тодорхой заасан. Нэхэмжлэгч компани аж ахуйн зориулалтаар авч байгаа. Оёдлын үйлдвэрлэл эрхлэх байгууламж барих, тухайн газар дээрээ үйлдвэр үйлчилгээ явуулаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн гэрчээр асуусан Д.Б**** гэдэг хүн тухайн газрыг бүхэлд нь хариуцаж байсан нэхэмжлэгч компанийн санхүү эрхэлсэн ажилтан нь 2014 оноос хойш шилжүүлж авснаас хойш бид энэ газрыг ашиглаагүй гээд тайлбар өгсөн. Өмнөх шүүх хуралдаанаар н.Дэмбэрэлсамбуу гэдэг хүн мэдүүлэг өгөхдөө 2008 оноос хойш Б.Н*****, Ц.Т***** нар амьдарч байсан гэснийг гэрчилдэг. Мөн нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулсныг огт мэдэхгүй, харин эсрэгээрээ ойр орчимд ямар иргэд амьдарч, үйл ажиллагаа явуулдаг компани зэргийг тоочиж хэлдэг. Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргаас 2 удаа тодорхойлолт авсан. Үүнд иргэн Б.Н****, Ц.Т**** нар нь тухайн газар оршин суудаг, харин сүүлд гаргаж өгсөн тодорхойлолтод Б.Н*****, Ц.Т***** нар нь 2010 оноос тухайн газарт амьдарч байгаа гэдэг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн үзэл баримтлал байдаг. Иргэнд үнэ төлбөргүй газар олгох мөн аж ахуй нэгж байгууллагад тодорхой төлбөртэйгөөр, олон хүмүүст ажлын байр бий болгож, нийгэмд тодорхой үр нөлөө үзүүлээсэй гэж газар олгож байгаа болохоос тухайн газрыг ямар нэгэн байдлаар ашиглахгүй, хадгалах, ирээдүйд үнэд хүргэж борлуулах нөхцөл байдлаар ашиглахгүйгээр зөвхөн төлбөрөө төлөөд явж байгаа нь газар эзэмшигчийн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Гэрч Ч.Н****ын өгсөн мэдүүлэг, газрын гэрээ дүгнэсэн акт хэрэгт авагдсан. Тухайн гэрээ дүгнэсэн акт бол газар зохион байгуулагч дангаар гарын үсэг зурснаар тухайн актыг хүчин төгөлдөр гэж хууль зүйн хувьд үзэхгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан нь эдгээр баримтаас харагдаж байна. Гуравдагч этгээд өөрийн амьдарч байгаа газрыг хууль ёсны дагуу эзэмших хүсэлт гаргаад, Засаг даргын зүгээс мөн судалж үзээд 2008 оноос хойш амьдарч байгаа гэж үзсэн нь хуульд нийцэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ.

 

11. Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Мф****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Мф***” ХХК-д холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарыг 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т***, Б.Н*** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Мф****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Мф****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “... 40.1.1-д заасан ноцтой зөрчсөн нөхцөл байдал бий болоогүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан, хариуцагчийн гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй” гэж тодорхойлон маргасныг хариуцагчийн зүгээс “...газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй... газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, үүргээ биелүүлээгүй... мэдэгдэл хүргүүлсэн...” хэмээн тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

13. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 317414 дүгээр газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 22 товчооны цаана байрлах 1400 м.кв газрыг иргэн Б.Б*****аас “Мф****” ХХК-д шилжүүлсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/208 дугаар захирамжаар “Мф****” ХХК-д Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 22 товчооны цаана байрлах 1400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болжээ.

14. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3. “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. “Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, Газрын тухай хуулийн 40.1.1. “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5. “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 28 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба уг захирамжийн хавсралтын 28-д нэхэмжлэгч “Мф****” ХХК-ийн нэгж талбарын ************ дугаартай 1400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

15. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актын гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулийн дээр дурдсан, 40.1.6-д заасан зохицуулалт нь нэгдүгээрт, газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй байх, хоёрдугаарт, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, гуравдугаарт, хугацаа нь 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд хэрэглэгдэх агуулгатай байна.

16. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

17. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

18. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар болон шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ хашаа барьж байсан гэдгийг, уг хашааг буулгасан гэдэгтэй гуравдагч этгээд нь маргадаггүй. Үүнийг нотолсон байдлаар “Мф***** ХХК-ийн хүмүүс ирэхэд бид эсэргүүцэн газраа өгөөгүй авч үлдсэн” гэж газар эзэмшихийг хүссэн хүсэлтдээ бичжээ. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг гуравдагч этгээдүүдийн зүгээс зөрчсөн, бусдын хууль бус үйлдэл газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон байхад хариуцагч захиргааны байгууллага эдгээр нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

19. Нөгөө талаар нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүй” байсан гэж үзсэн үндэслэлээ ч хариуцагч нотлон тогтоох үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд ямар учраас нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь, мөн “2 жил дараалан” гэх хугацааг хэрхэн тооцсон болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтууд болон маргаан бүхий захиргааны актаас тодорхой нотлогдож тогтоогдохгүй байна.

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тухайн газарт хашаа барьсан, уг хашааг гуравдагч этгээд авч газрын эрхийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй болгосон” гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй атлаа ямар үндэслэлээр “зориулалтын дагуу ашиглаагүй”  гэж үзсэн нь тодорхойгүй, маргаан бүхий газрын үзлэгээр гуравдагч этгээдүүд нь нэгж талбарын дугаар ёсоор хашаалаагүй, хаягжилт байхгүй, бичиг баримтын үзлэгээр гуравдагч этгээдүүдээс тухайн газар дээр газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан гэсэн нь тогтоогдохгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг зөрчжээ.

21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэх нөхцөл байдлууд, түүнчлэн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

22. Хариуцагчийн гаргасан захиргааны актын Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага...газрын төлбөр төлөгч байна” 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ... газарт төлбөр ногдуулна” тус тус заасан

23. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээнүүдийн 2.2-т зааснаар 18627308157656 нэгж талбарын дугаар бүхий газрын төлбөр нь нэгжийн үнэ 44 төгрөг, улиралд 15400 төгрөг, жилд нийт 61600 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

24. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 620140372 дугаар “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар “Мф*******” ХХК-ийн нэгж талбарын 18627308157656 дугаартай газрын төлбөрийн тооцоо 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдэгдэл 0 буюу төлбөрөө бүрэн төлжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж  үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

25. Хариуцагчийн гаргасан захиргааны актын Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэжээ.

26. Үүнээс үзвэл, Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан зохицуулалт нь газар эзэмшигч, Газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг зөрчсөн байх, тухайн зөрчил нь 2 буюу түүнээс дээш удаа, эсхүл “ноцтой” байх тохиолдолд хэрэглэгдэх, өөрөөр хэлбэл зөрчил гаргасан ба уг зөрчил нь удаа дараа буюу ноцтой байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

27. Хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан “зөрчил гаргасан” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч тухайн зөрчил нь чухам ямар зөрчил болох, уг зөрчлийг удаа дараа гаргасан нь эрх бүхий ямар байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон болох, эсхүл ямар “ноцтой зөрчил” гаргасныг тодорхой тогтоогоогүй атлаа хуулийн энэ заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

28. Нийслэлийн Засаг дарга, хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасан, тодорхой тохиолдлуудад зөвхөн дуудлага худалдаа, эсхүл төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх олгох бөгөөд нэгэнт хууль ёсны эзэмшигчээс газрын эрхийг шилжүүлэн авч байгаа тохиолдолд “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар аваагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн боломжгүй.

29. Иймд хариуцагч нь тухайн асуудлыг ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “удаа дараагийн, эсхүл ноцтой зөрчил” гэж үзсэнээ тодорхой нотлох баримт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр нотлоогүй тул нэхэмжлэгчийг дээр дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэж Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

30. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр, хариуцагчийн гаргасан захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

31. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих”, 20.1.2 “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах”, 20.2.1 “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 20.2.2 “газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах”, 40 дүгээр зүйлийн 40.2-д “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ...мэдэгдэнэ”, 40.5-д “...шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн б/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах ... ажлыг зохион байгуулах, г/ газрын хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжүүлэх, ж/ газар эзэмшихтэй холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх гэхчлэн хуульчилсан бөгөөд хариуцагчаас дээрх хуулиудын заалтуудыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх үүргээ тухайлбал, 2019 оны 08 дугаар сарын 13, мөн оны 08 дугаар сарын 26, 2020 оны 07 дугаар сарын 31, мөн оны 12 дугаар сарын 01, мөн оны 12 дугаар сарын 09 гэхчлэн гаргасан нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч, заримд нь дэмжсэн агуулгатай хариу өгч байсан, эсхүл хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байсан нь бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

32. Иймд маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэж, нөгөөтээгүүр нэхэмжлэгч “Мф****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Мф*****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Мф*****” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Мф****” ХХК-д холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т***, Б.Н**** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Мф” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Мф*****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс 70200 төгрөгийг хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.Б