Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1699

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01479 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Н-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 285 908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч Б.Н-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач М.А- түүний дүү Б.Н- нар тус банктай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан, жилийн 18 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай 3 744 212 төгрөгийн зээлийг авсан. Зээлийг өрхийн хэрэглээндээ зарцуулсан. Үндсэн зээлдэгч М.А- нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний нас барсан бөгөөд нийгмийн даатгалд бүртгүүлээгүй байсан учраас тэтгэвэр нь хэвийн орж тэтгэврийн зээл хаагдсан. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс албан бичиг ирүүлж зээлд төлөгдсөн 2 277 408 төгрөгийг хамтран зээлдэгч Б.Н-ийн нэр дээр данс бүхий авлага үүсгэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлж нийгмийн даатгалд буцаан төлсөн. М.А- нь нас барж авлагыг барагдуулах боломжгүй болсон. Хамтран зээлдэгч Б.Н-тэй удаа дараа уулзаж төлбөрийг барагдуулахыг шаардсан болов одоогоор төлөлт хийгдээгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар авлагын үлдэгдэл 2 277 408 төгрөг байна. Хамтран зээлдэгч Б.Н- нь авлагын төлбөрт огт төлөлт хийлгүй, банкыг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүрэгт Б.Н-ээс 2 285 908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нагац ах болох талийгаач М.А- нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Т бнаас гэрээнд заасан 444 500 төгрөгийн зээл авсан бөгөөд би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед ахын биеийн байдал хүнд элэгний хорт хавдартай гэсэн оноштой хагалгаанд орох гээд эм, тарианы мөнгө шаардлагатай болоод энэ зээлийг авсан. Зээл авах үедээ тэргэнцэртэй явж байсан бөгөөд би машинаараа үйлчилж явж байгаад л гарын үсэг зурсан. Өөрийнхөө амьдралыг яая гэж байж юун хүнд зээл авч өгөх, миний хувьд өмнөх хэдэн төгрөгийн зээлийг хэн аваад ямар төлбөртэй байсан талаар огт мэдээгүй. Иймд уг зээлийг аваагүй тул зөвшөөрөхгүй байна. Нас барсан гэрчилгээ энэ тэрийг нь хариуцаж аваагүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-ээс 2 285 908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1479 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

1. “Т б” ХХК-аас 2 277 408 төгрөгийг гаргуулахаар шаардлагыг гаргасан. Гэтэл шүүх иргэний хэрэг үүсгэх, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж болон шүүх хуралдаан даргалагч томилсон Ерөнхий шүүгчийн захирамжид Зээлийн гэрээний үүрэгт 2 285 908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гэж нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилж, хэрэг хякан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “... нас барсныг бүртгүүлээгүйн улмаас үүссэн төлбөрийг Т бны зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлсөн төлбөрийг нэхэмжилж байна” гэсэн байдаг ба үүнээс үзвэл нэхэмжлэгч нь зээлийн төлбөр биш, нас барсан М.А-ын дансанд нас барсны дараа орж ирсэн мөнгийг буцаан нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлсэн тухайн мөнгийг нэхэмжилж байгаа. Гэтэл шүүх зээлийн үүрэгт 2 277 408 төгрөг нэхэмжилсэн гэж үзэж иргэний хэрэг үүсгэн, түүний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 66.1 дэх заалтын дагуу тусгагдсан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад /нэхэмжлэлд/ иргэний хэрэг үүсгэх тухай зохицуулалтад нийцээгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн буруутай гэж үзэж байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгон хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг хөтлөн явуулсан нь хэрэгт ач холбогдол бүхий зарим баримт авагдаагүй, хэргийн үйл баримтыг үнэн зөв тодруулаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болж, цаашлаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр гарах нөхцөл болсон гэж үзэж байна. Тухайлбал, өмнөх зээл буюу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх тэтгэврийн зээлийн гэрээ, тус гэрээннй дагуу зээлдэгч нь Б.Н- байсан эсэх, Б.Н- нь өмнөх зээлийн үүргийг шилжүүлэн авсан нөхцөл байдал бий эсэх, зээлдэгч асан М.А-ын нас барсны бүртгэлийг хийлгээгүй буруутай үйл явдлын талаар холбогдох тайлбар, тодруулга, баримтыг тодруулаагүй байна.

2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас үзвэл талийгаач М.А-ын өмнөх зээлийн үлдэгдэл 3 299 711.62 төгрөг байсан. Зээлийг 3 299 711.62 төгрөгийн зээл, 444 500 төгрөгийн тус тусдаа зээл гэж үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч 2015 оны 7. 8, 9 дүгээр саруудын тэтгэврээс М.А-ын өмнөх зээл буюу 3 299 711.62 төгрөгөөс төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх Б.Наранчмэгийн авсан зээл нь төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Хариуцагч Б.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 285 908 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, 444 500 төгрөгийн зээл авсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Т б” ХХК болон М.А-, Б.Н- нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр жилийн 18 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай 3 744 212 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 3 299 711 төгрөг дээр нэмж олгох зээлийн хэмжээг 444 500 төгрөг гэж, М.А-ын тэтгэврийн нэрийн данснаас 444 500 төгрөгийн зээл олгосон хуулга хэрэгт авагдсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

 

Зээлдэгч М.А- нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу зээлийг авснаас хойш 2 сарын дараа нас барсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 18 дугаар тал/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.” гэж талуудын байгуулсан гэрээний 2.3.1-т “хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ” гэсний дагуу зээлдэгч М.А- нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг хамтран зээлдэгч Б.Н-т шилжсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээрх хариуцагч Б.Н-ийн хамтран зээлдэгчээр оролцсон 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний дагуу 444 500 төгрөгийг бодитой олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 444 500 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж байгуулсан байх бөгөөд өмнөх үлдэгдэлтэй зээлийн гэрээнд хариуцагч Б.Н- хамтран зээлдэгч байгуулсан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар үндэслэлийг өөрөө нотолно. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээнд бичигдсэн өмнөх зээлийн үлдэгдлийн 3 299 711.62 төгрөгийг хариуцагч Б.Н- нь гэрээ болон хуульд заасан ямар үндэслэлээр хариуцан төлөх үүрэгтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч нь Б.Амгаланбаярын авсан зээлийн үлдэгдэл 3 299 711.62 төгрөгийг төлөх үндэслэлгүй, өмнөх зээлийн гэрээний дагуу Б.Н- мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардахдаа хүү тооцоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01479 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-эс 444 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 841 408 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 13 985 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 525 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                               ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                                  С.ЭНХТӨР