Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/01479

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/01499

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух И..овогт Т.. Х../РД:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б...тоот хаягт оршин суух Д.. овогт Б.. Э.. /РД:../-д холбогдох,

 

2015 оны 11 сарын 24-ний өдрийн ЭХХК-ийн 20 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн ЭХХК-ийн 31 хувийн хувьцаа худалдах худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 31 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Х нь ЭХХК-ийн үүсгэн байгуулагч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирлын албан тушаал эрхэлдэг. 2015 оны 11 сарын 24-ний өдөр Б.Э-с 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж авсан. Тухайн зээлийг авахдаа зээлийн барьцаанд ЭХХК-ийн өөрийн эзэмшлийн 20 хувийг барьцаалуулахаар болсон. Ингээд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ЭХХК-ийн дүрмийн сан дахь хувьцааны 20 хувийг барьцаалуулахаар болоход хариуцагч Б.Э нь худалдах худалдан авах гэрээний дагуу надад шилжүүлчих, зээл төлж дууссаны дараа эргүүлээд өгнө гэж хэлсэн. Дээрх  авсан зээлийг 2016 оны 03 сарын 15-ны өдөр 150 000 000 төгрөгийн үндсэн зээл,  зээлийн хүү 36 000 000 төгрөгийн хамт нийт 186 000 000 төгрөгийг Б.Эд төлж бид 2016 оны 03 сарын 15-ны өдөр үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулсан. Үүрэг дуусгавар болсон учир Б.Э-с компанийхаа хувьцааг эргүүлэн өгөхийг шаардсан боловч бусад зээлийн асуудалд хамаатуулан одоо болтол эргүүлэн өгөхгүй байна. 2015 оны 11 сарын 24-ний өдрийн ЭХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ нь миний бие Б.Эд хувьцаагаа худалдахын тулд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл биш бөгөөд зээлийн барьцаанд тавих зорилгоор түүнд шилжүүлсэн юм. Мөн 2016 оны 05 сарын 06-ны өдөр Б.Э-с 300 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү зээлээс 200 000 000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр эргүүлэн төлсөн. Зээлийн гэрээний барьцаа болгон “Э” ХХК-ийн дүрмийн сан дахь хувьцаанаас 31 хувийг барьцаалуулахаар тохирсон. Барьцааны гэрээ байгуулах үед Б.Э нь мөн адил худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлчих, би эргүүлээд өгнө гэсний дагуу шилжүүлснээр Б.Э нь манай компанийн дүрмийн сан дахь хувьцаанаас 51 хувийг эзэмших болсон. Энэ байдал өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Бид Б.Э-с мөнгө зээлж авахдаа хувьцаагаа барьцаалуулахаар тохирч байсан боловч түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирч байгаагүй. Дээрх 2 удаагийн үйлдлээр хийсэн худалдах, худалдан авах гэрээнүүд нь барьцаалуулахаар тохирсон хүсэл зоригийн илэрхийллийг зөрчиж үнэн санаанаасаа бус, зөвхөн хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн үйлдлүүд юм. Б.Эд өөрийн компанийн 51 хувийг шилжүүлсэнээс үүдэн “Э” ХХК нь компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг гаргах боломжгүй байдалд хүрээд байна. Манай компани нь эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний Б.Э-с зээлсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал компанийн үйл ажиллагаа, хувь нийлүүлэгчдийн шийдвэр гаргах үйл ажиллагаанаас тусдаа асуудал бөгөөд бид бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болон компанийн дотоод асуудлыг шийдвэрлэх үйлдлийг тусад нь ялгаж зааглахыг хүсэж байна. Иймд тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Т.Х нь Б.Э-с мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ компанийн хувьцааг барьцаалж зээл авсан болохоос биш Б.Эын өмчлөлд шилжүүлж худалдсан асуудал байхгүй, Б.Эд хувьцаагаа худалдахын тулд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл биш бөгөөд зээлийн барьцаа болгож түүнд шилжүүлсэн юм. Гэтэл энэ хэлцлүүдээс болоод манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, Б.Э нь компанийн үйл ажиллагаанд саад учруулж бидэнд хүнд байдал үүсгээд байна гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Х нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд ЭХХК-ийн хувьцааны 20 хувийг 2016 оны 5 сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд ЭХХК-ийн хувьцаанаас 31 хувийг барьцаалсан. Ингэхдээ тус тус хүчин төгөлдөр гэрээ хийсэн. Тухайн зээлийн болон барьцааны гэрээ, хувьцаа худалдах, худалдах авах гэрээнүүдийг Т.Х өөрийн хүсэл зоригийн дагуу харилцлан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. Би хэдийгээр ЭХХК-ийн хувьцааны 51 хувийг барьцаалан эзэмшиж байгаа хэдий ч тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Т.Х болон түүний нөхөр Б.Баттогтох нар нь ЭХХК болон Эрчим хүчний яамны хооронд байгуулагдсан 2014 оны 4 сарын 04-ний өдрийн Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/6 кв дэд станц ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийж буй тендерийн ажлыг хийж гүйцэтгэж дуусгахад мөнгө хэрэгтэй байна, санхүүжилт орж ирэнгүүт чиний мөнгийг баталгаатай төлнө” гэж итгүүлэн надаас нийт 8 удаагийн зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авч байсан ба одоо зээлийн үлдэгдэл 1 489 711 665 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөх ёстой байгаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлууд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Б.Эд холбогдуулан 2015 оны 11 сарын 24-ний өдрийн ЭХХК-ийн 20 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн ЭХХК-ийн 31 хувийн хувьцаа худалдах худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 31 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 11 сарын 24-ний өдрийн ЭХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ...мөн 31 хувийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь миний бие Б.Эд хувьцаагаа худалдахын тулд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл биш бөгөөд зээлийн барьцаа болгож түүнд шилжүүлсэн юм. Гэтэл энэ хэлцлүүдээс болоод манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, Б.Э нь компанийн үйл ажиллагаанд оролцохгүй хүнд байдалд хүрээд байна. ...” гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагч Б.Э нь “...Т.Х нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд ЭХХК-ийн хувьцааны 20 хувийг 2016 оны 5 сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд ЭХХК-ийн хувьцаанаас 31 хувийг барьцаалсан. Ингэхдээ тус тус хүчин төгөлдөр гэрээ хийсэн. Тухайн зээлийн болон барьцааны гэрээ, хувьцаа худалдах, худалдах авах гэрээнүүдийг Т.Х өөрийн хүсэл зоригийн дагуу харилцлан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлууд нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон...” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэн Б.Э /зээлдүүлэгч/ Т.Х болон Б.Баттогтох /зээлдэгч/ нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж уг гэрээгээр Б.Э нь Т.Х, Б.Баттогтох нарт 150 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай эхний хоёр сард 10 хувийн, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 7 хувийн хүүтэй зээлсэн ба 2015 оны 11 дүгээ сарын 24-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах болон Эрх шилжүүлэх нэртэй гэрээг тус тус байгуулж ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Х, компанийн эрх хүлээн авагч Б.Эд 20 хувийн хувьцааг шилжүүлэхээр, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай нэртэй гэрээнүүд байгуулагдаж тухайн гэрээгээр Б.Э нь Т.Хд 300 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож гэрээний барьцаа болгож Т.Х нь ЭХХК-ийн 31 хувийн хувьцааг шилжүүлсэн ба зээлийн эргэн төлөлт бүрэн хийгдэж дуусмагц уг хувьцааг буцаан шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-7, 10-12/

Мөн талууд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан №1282 тоот зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг байгуулсан ба 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Т.Хаас “ЭХХК-ийн 31 хувь хувьцааны зээлээс төлөв” 200 000 000 төгрөгийг Б.Эын Хаан банкны 5031379799 дугаар дансны шилжүүлсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүдтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаан үүсч, уг асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн байх ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байна.

Иймд хариуцагчийн “... нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлууд нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан 2015 оны 11 сарын 24-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 сарын 6-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тжхай гэрээнүүд нь хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчинтөгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс талууд дээрх гэрээ байгуулах болсон шалтгаанаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон компанийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байх ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байна.

Эдгээрээс дүгнэхэд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан гэрээний зүйл нь “хөдлөх эд хөрөнгө” байхаар хуульд заасан байх ба талуудын байгуулсан гэрээгээр компанийн хувьцаа буюу хувьцаа эзэмших эрх шилжүүлсэн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчинтөгөлдөр бус хэлцлийг байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд 56 дугаар зүйлийн 56.5-д “ энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэснээр дээрх хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн ЭХХК-ийн 51/20+31/ хувийн хувьцааг хариуцагч Б.Э-с буцаан шилжүүлж, нэхэмжлэгч Т.Хд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүйг дурдах нь зүйтэй юм.

Тус шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас хариуцагч Б.Э мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э, Т.Х нарын хооронд 2015 оны 11 сарын 24-ний өдрийн ЭХХК-ийн 20 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн ЭХХК-ийн 31 хувийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 31 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ЭХХК-ийн 51 /20+31/ хувийн хувьцаа эзэмших эрхийг Б.Э-с буцаан шилжүүлж, нэхэмжлэгч Т.Хы нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 281 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Хд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ