Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0420

 

 

 

 

 

 

  

 

 

     2022         06           02                                     128/ШШ2022/0420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “К****” ХХК /РД: ****/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Т****,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н****,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Б****,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Санхүүгийн зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн референт Д.Л****.

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н****, Б.Б**** нарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т****, хариуцагч Э.Н***, Б.Б****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “К***” ХХК-ийн зүгээс “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н****, Б.Б*** нарын үйлдсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргасан ба уг гомдлын шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

2. Хариуцагч улсын байцаагч нар нь гомдол гаргагч компанийн олон нийтийн сүлжээнд байршуулсан зар, холбогдогч болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн зөрчлийг тогтоож,  орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валют буюу америк доллараар зарлан сурталчлан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “К****8” ХХК-д холбогдох 2101000040 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан” гэж зааснаар “К****” ХХК-ийг 40,00,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

3. Гомдол гаргагч “К****” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд хандсан ба Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н****, Б.Б**** нарын үйлдсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

3.1. “К****” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг хүндэтгэн дагаж мөрдөж, хуульд заасан хэмжээгээр татвар хураамжийг төлсөөр ирсэн. Хариуцагч улсын байцаагч нар нь “К****” ХХК-ийг төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шийтгэлийн хуудас бичиж, хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Зөрчлийн тухай хуульд ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцохыг нэг бүрчлэн заасан. Мөн зөрчил үйлдсэн гэх этгээдэд хариуцлага оногдуулах журмыг хуульчилсан. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох хариуцлага оногдуулахтай холбоотой хийгдвэл зохих ажиллагаа, тогтоовол зохих нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зэргийг нэг бүрчлэн заасан байдаг.

Дээрх хуулиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа этгээд нь зөрчил үйлдэгдсэн эсэх, зөрчил хэзээ, хаана, хэн үйлдсэнийг тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий этгээд нь зөрчил үйлдэгдсэн эсэх, зөрчлийг хэзээ, хаана, хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй. Зөрчилд холбогдсон этгээдэд зохих журмын дагуу зөрчлийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг ойлгоогүй. Нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулахгүйгээр “К****” ХХК-ийг зөрчил үйлдсэн этгээд мэтээр хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Санхүүгийн зохицуулах хорооноос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “К****” ХХК-ийг төлөөлүүлэн төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж ажиллагаа явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст “... “К****” ХХК нь орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллараар зарлан сурталчилж Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Хууль хэрэглээний хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дүгээр зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Гэтэл шийтгэлийн хуудаст заасан нөхцөл байдал нь хуулийн зүйл, заалтад заасантай нийцэхгүй байгаа бөгөөд зөрчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн үйлчлэх хүрээ хязгаарыг хуульчилж заасан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх шаардлагатай. Харин “К****” ХХК-ийг холбогдуулсан зөрчлийн харилцаанд энэхүү хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Аливаа хүн, хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасныг зөрчсөн, хуульд хариуцлага заасан үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл болдог. “К****” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хичээж ажилласаар ирсэн. Энэ талаараа иргэн, хуулийн этгээдтэй харилцаж хамтарч ажиллах итгэл төгс илэрхийлж ирсэн. Гэтэл “К****” ХХК-ийг үндэслэлгүйгээр зөрчил гаргасан мэтээр хууль зүйн хариуцлага оногдуулсан. “К*****” ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байна.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Мөнгөн дүнг ам доллараар илэрхийлсэн гээд байгаа илэрхийлэмжийн хувьд нийгэмд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учирсан зүйл байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө доллараар илэрхийлсэн гээд байгаа үйлдлийг хэрхэн яаж, ямар зарчмаар тодорхойлсон нь тодорхойгүй байна. Хүний гомдлын дагуу юм уу, удирдамжийн дагуу юм уу гэдэг тодорхойгүй. “К****” ХХК-ийн гаргасан гэж байгаа зөрчил хууль зүйн хувьд тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад хэн зөрчил үйлдсэн, ямар байдлаар асуудалд ханддаг вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Учир нь “К****” ХХК-ийн дансны хуулгыг харсан. Энэ компани долларын данс нээлгэсэн боловч долларын дансаар нэг ч удаа гүйлгээ хийж байгаагүй. Өөрөөр хэлбэл доллараар, еврогоор гүйлгээ хийгээд үйл ажиллагаагаа илэрхий зөрчиж байсан зүйл байхгүй. Төгрөгийн данс байнга идэвхтэй төгрөгөөр гүйлгээ хийдэг нь харагдаж байна.

Зөрчил гэдэг нь агуулгын хувьд нийгэмд аюултай байх, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байх эрх зүйн агуулгыг ойлгож байна. Гэтэл зар тавьсны төлөө 40,000 нэгжээр торгож байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг нэг хоёр удаа зар тавьсны төлөө 40,000,000 төгрөгөөр торгоод байвал Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хүн үлдэхгүй байх гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн агуулгыг харахад 11.30 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийг буюу тусгай зөвшөөрөлгүй этгээдийг зөрчил гаргавал 40,000,000 төгрөгөөр торгоно гэж байна. Гэтэл мөн хуулийнхаа 2-т тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя гэж байгаа юм. Арилгуулах шаардлага тавиад байхад арилгахгүй байгаа тохиолдолд 40,000,000 төгрөгөөр торгоно гэж хуульчилсан. Иймд хууль нь өөрөө шударга бус байгаа юм. Мөн хэргийн гол агуулгын хувьд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр  гүйцэтгэх гэдэг нь энэ бол ажил, энэ бол бараа, энэ бол үйлчилгээ гээд тодорхой байх ёстой. “К*****” ХХК-ийг зар тавьснаараа ажил, үйлчилгээ явууллаа гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийг харахад иргэн бол хөрөнгө олж авах, түүнийгээ захиран зарцуулах, эзэмших, түрээслүүлэх эрх нь өөрт нь байгаа. Энэ зарын агуулгыг харахад орон сууц түрээслүүлье, орон сууц заръя гээд байгаа юм. Иргэн өөрийн орон сууцыг заруулах нь үйлчилгээнд хамааруулж үзэх боломж нөхцөл хязгаарлагдана. Иймд 40,000,000 төгрөгөөр торгуулна гэдэгт гомдолтой байна. Зөрчлийн тухай хууль нь агуулгын хувьд зөрчил үйлдсэн этгээдэд өөрт нь хариуцлага тооцох ёстой байгаа юм. Зарыг хэн тавиад байгаа юм бэ гэдэг чухал. Үнэхээр захиалагч өөрөө тийм захиалга өгсөн байсан бол хуульд зааснаар торгож болно. Зааварчилгаа өгсөн эсэх нь чухал болохоос гэрээ байгуулсан эсэх нь ач холбогдолгүй.

Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад н.О****ыг асууж мөн холбогдон оролцож байсан этгээдээс асуухад н.О*** хийсэн гэж хэлээд байхад л шууд хэлмэгдүүлж 40,000,000 төгрөгөөр торгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Цахим хуудсаар олон ийм зар явж байгаа. Энэ зөрчлийг олж илрүүлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан этгээд бусдын захиалгаар хийгээд, эсвэл өөрсдөө олж илрүүлээд байдаг юм уу гэдэг нь тодорхойгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа этгээдийн зүгээс эрх үүрэг тайлбарласан зүйл харагдахгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харсан ч, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг харсан ч гадаад этгээд төлөөлөх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ийм ажиллагаа явагдана шүү энэ этгээдээс өөр хүн оролцох уу гэдгийг эрх бүхий этгээдээс тодруулахгүйгээр шууд П.М****ыг оролцуулаад байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөв буруу эсэхийг тогтоох боломжтой байсан. Бидэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоорой гэсэн удирдамж чиглэл өгч байгаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг харвал зөрчлийн хэрэг үүсгэсэнд гомдол гаргах эрхтэй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад санал гомдлоо гаргах эрхтэй. Энэ эрхийг эдлэх боломжгүй буюу итгэмжлэлийг харахад тийм эрх олгогдоогүй этгээдийг оролцуулаад ажиллагааг дуусгасан байна. Зөрчлийг ингэж илрүүлж шийтгэдэг бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж олдохгүй гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н***, Б.Б**** нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “К****” ХХК нь өөрийн компанийн олон нийтийн цахим сүлжээгээр буюу фейсбүүк хуудсаараа дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Тайм классик товер”-т 4 өрөө шинэ орон сууц түрээслүүлнэ. (үнэ: 2,200$), 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гэгээнтэн төвийн зүүн урд бүрэн тавилгатай 62 м.кв 2 өрөө орон сууц түрээслүүлнэ. (үнэ: 1.200), 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Цэнгэлдэх хотхонд бүрэн тавилгатай 2 өрөө тавилгатай 2 байр богино хугацаагаар түрээслүүлнэ. (үнэ: 1,000$), 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13 дугаар хороолол, “Кемпински” зочид буудлын зүүн талд Residence 60 байранд 2 ортой 3 өрөө байрыг богино хугацаанд (1сараас дээш хугацаанд) түрээслүүлнэ. Түрээсийн үнэд бүх ашиглалтын зардал, өрөөний цэвэрлэгээ багтсан. (үнэ: 900$), 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Soyombo tower, 126 м.кв орон сууц худалдана. (үнэ 2,800-3,200$) гэж орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллараар сурталчилсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн “К” ХХК нь хуулийн этгээд тул дөчин мянган нэгж буюу Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж зааснаар дөчин сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Түүнчлэн “К****” ХХК-ийн орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валют буюу америк доллараар зарлан сурталчилсан гэдгийг тус компанийн олон нийтийн сүлжээнд байршуулсан зар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/31 дүгээр албан бичиг, холбогдогч болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн зөрчлийг тогтоож, холбогдох шийтгэлийг оногдуулсан бөгөөд гомдол гаргагчийн гомдолд дурдсан “зөрчлийг нотлоогүй, зөрчлийг үйлдсэн гэх нотлох баримт заагаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал H******-аас дэд захирал П.М****д 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагад “К****” ХХК-ийг төлөөлөн оролцох итгэмжлэлийг олгосон байдаг тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан гэсэн нь үндэслэлгүй байна.

Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-д заасны дагуу шийтгэлийн хуудсанд холбогдогчийн үйлдсэн зөрчлийн талаарх мэдээлэл болон зөрчсөн хуулийн заалтыг бичих талаар заасан бөгөөд холбогдох зааврын дагуу үйлдсэн тул гомдол гаргагч “К” ХХК-ийн үйлдсэн зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн талаар холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу бичсэн тул гомдол гаргагчийн хуулийн зүйл заалт буруу гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлага нь дээрх тайлбарын дагуу хууль зүйн үндэслэлгүй байх тул “К****” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Э.Н***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсан бөгөөд Улсын Их хурлын харьяа төрийн байгууллага юм. 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль хэрэгжсэнээс хойш банкнаас бусад санхүүгийн бүх салбаруудад энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна. Анх тооцооны нэгж, валютаар м.кв-ийн үнийг тооцдог байсан. Үүнд хяналт тавьснаар одоо м.кв-ийн үнэ төгрөгөөр явдаг. Мөн хувийн сургуулиудын үнийг доллараар тооцдог байсан. Үүнд мөн хяналт тавьж хэрэгжилтийг хангуулж ажиллаад одоо төгрөгөөр тооцдог. Олон улсын гэрээнд өөрөөр заасан бол түүнийг дагаж мөрдөх хуулийн зохицуулалттай. Үүнд зарим нэг Засгийн газрын хоорондын гэрээтэй сургууль доллараар төлбөрөө тогтоож байна. Зуучлалын компанийн хувьд Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй 270 гаруй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд байдаг. Эдгээрийн зар сурталчилгааг нэгэн ижил хянаж үздэг. Энэ тохиолдолд бусад 269 хуулийн этгээдэд зуучилж байгаа оффис барилгынхаа үнийг гадаад валютаар илэрхийлэн тогтоосон бол бид холбогдох арга хэмжээг авах байсан. Гэтэл “К*****” ХХК нь орон сууцыг нэг хоёр удаа биш нийт таван удаа сурталчилсан байдаг. Мөн гомдол гаргагчаас иргэн н.О****ыг торгох ёстой гэдэг асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан. Гэтэл зөрчлийг хэн үйлдсэн, хэн тэр зуучлалыг хийж байгаа вэ гэдэг талаар харахад олон нийтийн цахим сүлжээнд “К****” ХХК байгаа юм. н.О****т хяналт тавих нь танай дотоод асуудал гэж бодож байна. П.М*****д итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе гээд танай гадаад захирал байгаагүй. Энэ нь бас үзлэгийн баримтаар нотлогдож байгаа юм. П.М**** бол Монгол Улс дахь танай “К***” ХХК-ийн дотоод үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан захирал мөн. Энэ нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр хангалттай нотлогдоно. Иймд хуулийн этгээдийн үйлдсэн зөрчил, эрх бүхий албан тушаалтан иргэнээр татаж оролцуулж хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Тийм учраас хуулийн этгээдээр торгууль тавьсан. Энэ бол иргэн н.О****8ай байгуулсан гэрээтэй холбоотой танай дотоод асуудал гэж үзэж байна” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөөд түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийг торгоно гэж заасан. “К****” ХХК-ийн албан ёсны цахим хуудсаар сарын хугацаанд 5, 6 зар сурталчилгаа оруулаад орлого олсон байвал буюу туйлын зорилго нь н.О*** гэж хүн тухайн компанид орлого оруулах зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн үг. Мөн “К***” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээтэй хүн байгаа юм. Компанийн тухай хуульд компанийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигч гээд үе шаттайгаар хэрэгжүүлж явах ёстой. Хэрвээ н.О*** гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс алдаа гаргавал компани хариуцлага хүлээх ёстой. Харин алдаа гаргуулахгүйн тулд тухайн компанийн гүйцэтгэх захирал этгээдүүд хяналт тавьж ажиллах ёстой байдаг юм. Хэн нэг ажилтан алдаа гаргахад манай компани бишээ энэ хүн алдаа гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Гомдол гаргагч “К****” ХХК /РД:5521904/ нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, менежментийн болон бизнесийн зөвлөгөө өгөх, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, зуучлал, гадаад худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэй, уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Б*****” /РД:**** ХХК байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д: “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, ... 11.29 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 11.30, 13.3, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

11. Маргаан бүхий энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн болох нь 2101000040 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол[1], зөрчлийн хэргийн хугацаа сунгах тухай Прокурорын тогтоол[2], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн тухай тэмдэглэл[3], холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргээр нотлогдож, эдгээр болон бусад баримтад зөрчил гарсан бодит байдлын талаар тодорхой дурдсан байна.

12. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “... 7,8 дугаар сард борлуулалт муу байсан болохоор харж байгаад өөрөө үнийн дүнг америк доллараар бичсэн, ...тухайн орон сууцыг гадаадын иргэд сонирхож байсан тул үнийн дүнг гадаад валютаар оруулсан...”, түүнчлэн холбогдогчоос авсан “... фейсбүүк хаяг нь манай компанийн бүтээгдэхүүнийг сурталчилдаг..., газар дээрх шалгалтаар таван үл хөдлөхийн зарыг гадаад мөнгөн дэвсгэртээр зар тавьсан, манай пэйжийн бүрэн эрх тухайн этгээдэд байсан бөгөөд хуулийн мэдлэг тааруу байдлаас болж холбогдох хуулийг зөрчсөн алдаа гаргасан, гэрээний дагуу хариуцлагаа хүлээх ёстой” гэх тайлбар, үзлэгийн тэмдэглэлд: “... “К****” ХХК-ийн MGG properties /фэйсбүүк хуудас/ олон нийтийн сүлжээгээр нэр бүхий таван үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг гадаад валют буюу америк доллараар зарлан сурталчилсан. Үзлэгийн хүрээнд “К****8” ХХК-ийн  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/31 албан бичиг, иргэн Б.О****ын гаргасан өргөдлийг эх хувиар, зуучлалын гэрээ болон орон сууц хөлслүүлэх гэрээ зэрэг 117 хуудас баримт бичгийг хуулбарлан авсан” зэргээр болон хэрэгт авагдсан баримтуудаар зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.

13. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг гомдол гаргагч зөрчсөн, үүнд нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасны дагуу хариуцлагын арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд зааснаар шийдвэрлэж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

14. Энэ тохиолдолд холбогдогчийн “зөрчлийн хэргийг гэрээлэгч этгээдтэй холбогдуулан шалгаж өгнө үү гэж хүсэж байна” гэх тайлбар, үүнийг дэмжиж шүүх хуралдаан дээр гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

15. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, мөн хууль, зүйлийн 3. “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зохицуулсны дагуу эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс хуулийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлж, хуулийн этгээдэд хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн байна.

16. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт “үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил”-үүдийг нэрлэн заасан ба мөн хуулийн 11.30 дугаар зүйлийн 1. “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд” гэж заасны “гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдол” гэх утга агуулгад гомдол гаргагч хуулийн этгээдийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл хамаарч байна.

17. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан, гомдол гаргагчийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа ба дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж заасны “тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ” болон “санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ” гэдгийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын агуулгаас үзэхэд гомдол гаргагчийн эрхлэх үйл ажиллагаа нь дээрх хуулийн 4.1-д заасан “бусад тохиолдолд” хамаарч байна.

18. Иймд эрх бүхий улсын байцаагчдын зүгээс гомдол гаргагч “К****” ХХК-ийг “үл хөдлөх хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр хуулийн дагуу явуулж, ашиг олохдоо төлбөрийн нөхцөлийг “гадаад валютаар” илэрхийлэн зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2. “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зүйлчилж шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

            1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 11.30 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан “К****” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.Б

 

 

 

[1] 2-р хавтаст хэргийн 2-р хуудас

[2] 2-р хавтаст хэргийн 13-15-р хуудас

[3] 2-р хавтаст хэргийн 7-8-р хуудас