Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 60

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0159/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Алтанцэцэг

Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын Б-т холбогдох, 1918007690068 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогч Т.С- нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь

2014-11-21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар,

2018 оны 03 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаартай захирамжаар 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан., ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ын Б-.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байрны ** тоотын цонхоор орж, иргэн Т.С-гийн цүнхийг хулгайлан авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогч цүнхээ алга болсныг мэдэн босож цонхоо хаах гэхэд нь цонхоор орж мөн тоотод Т.С-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн.,

-  2019-10-29-ний өдрөөс 30-нд  шилжих шөнө Дархан-Уул аймгийн  Дархан сумын  16-р баг, Үйлчилгээний төвийн “Од хүслэн” дэлгүүрийн гадаа иргэн Э.О-ын хэвлийн тус газарт нь  пивоны шилээр хатгаж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан.,

-2020-01-22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 8-р гудамжны ** тоот нийтийн байрны 01 тоотод оршин суух  Ж.Б-гийн  өрөөний цонхыг эвдэн орж хонины мах 10 кг, ”Нокио-3310”., “Самсунг” маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- овогт Б-ын Б-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Х- овогт Б-ын Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 /хоёр/жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 3., 4., мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын нийт хэмжээг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4.т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б-т оногдуулсан 14 /арван дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийг хорих ялын 29 хоногоор тооцон эдлэх ялаас хасч,

Хохирогч Т.С- нь эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хортой холбоотой баримт ирүүлээгүй, хохирогч Э.О- нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэнэ гэх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 488,310 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булагийн **-** тоотод оршин суух Т- овогт Э-ын О- /РД: **********/-Д 358,510 /гурван зуун тавин найман мянга таван зуун арван төгрөг/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны ** тоотод оршин суух У- овогт Ж-ын Б- /РД: **********/-Д 129,800 /нэг зуун хорих есөн мянга найман зуун төгрөг/ тус тус олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс оногдуулсан 14 жил 4 сар 9 хоног гэдэг бол миний хувьд хүнд санагдаж байна. Би хийсэн үйлдэлдээ тодорхой хэмжээний ял хуулиар эдлэх нь зөв, даанч арай хүнд ял оногдуулсан гэж бодож байна. Хаалттай хорих ангид ял эдлүүлэх дэглэмийг хэвээр үлдээж, ялаас минь тодорхой хэмжээг хасч өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон ар гэрийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ

Хохирогч Т.С- давж заалдах гомдолдоо:

Би тухайн үед 3-р курсын оюутан байсан бөгөөд уг хэргээс шалтгаалан эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол авч хичээлдээ явж чадаагүй тул тухайн жилийн хичээлийн хохирлыг, мөн цаашлаад сэтгэл санаа байнгын айдаст байж, эр хүнд итгэх итгэл, эр хүнийг харах өнцөг гэх зэрэг сэтгэл санааны гүн хохиролтой байгаа тул барагдуулах хүсэлтэй байна.

Мөн дээрх сургуулийн харьяа оюутны дотуур байр нь оюутнуудыг тав тухтай оршин суух нөхцөлөөр хангаж, орон сууцанд жижүүр ажиллуулж, аюулгүй байдлыг нь хангах 24 цагийн харуул хамгаалалттай байсан бөгөөд хариуцлага алдаж миний биед эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол учруулсан тул тухайн сургуульд гомдол гаргах хүсэлтэй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Надад оногдуулсан ялаас тодорхой хэмжээг хасч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тайлбартаа:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогч Т.С- гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг  хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байрны ** тоотын цонхоор орж, иргэн Т.С-гийн  хулгайлан авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогч цүнхээ алга болсныг мэдэн босож цонхоо хаах гэхэд нь цонхоор орж мөн тоотод Т.С-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн.,

-  2019-10-29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын  16-р баг, Үйлчилгээний төвийн “Од хүслэн”дэлгүүрийн гадаа иргэн Э.О-ын хэвлийн тус газарт нь  пивоны шилээр хатгаж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан.,

-2020-01-22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 8-р гудамжны ** тоот нийтийн байрны ** тоотод оршин суух  Ж.Б-гийн  өрөөний цонхыг эвдэн орж хонины мах 10 кг, ”Нокио-3310”., “Самсунг” маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шийтгэх тогтоолын үндэслэл болсон  нотлох баримт болох :

        - Хохирогч Т.С-д  үзлэг шинжилгээ хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019-11-15-ны өдрийн 5577 дугаартай :

          Хохирогч Т.С-гийн үтрээнээс авсан  арчдаснаас  эр бэлгийн эс болох  хучуур эсийн ДНК-ийн тогтоц тогтоов., энэ нь Б.Б-ийн  гэх цусны  ДНК-ийн тогтоцтой тохирч байна., гэсэн дүгнэлт / х.хийн 161-162-р хуудас/

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019-09-23-ны өдрийн 11128 дугаартай ...охин хальс шинэ урагдалтай бэлгийн замын халдварт өвчингүй ...гэсэн дүгнэлт болон 2019-10-02-ны өдрийн 5387.,  5386 дугаар дүгнэлт., /х.хийн 180., 177.,174-р хуудас/ “ Капитал зууч” ХХК-ийн 2020-04-13-ны өдрийн эд зүйлд үнэ тогтоосон дүгнэлт .,/ х.хийн 71-р хуудас /

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2019-11-04-ны өдрийн 927 дугаартай хохирогч Э.О-ын хэвлийн хөндийд нэвтэрч цусан хураа үүссэн шарх, хэвлийд шарх, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдсон.,  хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн., амь насанд аюултай хүнд гэмтэл..., гэсэн дүгнэлт., /х.хийн 27-28-р хуудас / Дархан-Уул аймгийн  Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн  яаралтай тусламжийн хуудас  /х.хийн 25-26-р хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020-02-06-ны өдрийн  738 дугаартай  шүүгдэгч Б.Б-ийн  гар, хурууны  хээ.,  мөр, зэрэгт хийсэн  шинжилгээ /х.хийн 25-31-р хуудас / болон шүүгдэгчийн өөрийн  мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар хүүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хохирогч Т.С-, Ж.Б-.,  Э.О- нарын,  гэрч  Ж.М-,  Ц.О-, Ц.Э-,  Б.Г-,  нарын мэдүүлэг, болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт,   “Дамно” ХХК-ийн эд зүйлд хийсэн үнэлгээ /тайлангийн хамт / зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

           Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.  

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан ...оногдуулсан ялаас хасаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Мөн хохирогч Т.С-гийн гаргасан ... би тухайн үед 3-р курст сурч байсан бөгөөд уг хэргээс шалтгаалан эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол авч хичээлдээ явж чадаагүй тул тухайн жилийн хичээлийн хохирлыг, мөн цаашлаад сэтгэл санаа байнгын айдаст байж, эр хүнд итгэх итгэл, эр хүнийг харах өнцөг гэх зэрэг сэтгэл санааны гүн хохиролтой байгаа тул барагдуулах хүсэлтэй байна., Мөн дээрх сургуулийн харьяа оюутны дотуур байр нь оюутнуудыг тав тухтай оршин суух нөхцлөөр хангаж, орон сууцанд жижүүр ажиллуулж, аюулгүй байдлыг нь хангах 24 цагийн харуул хамгаалалттай байсан бөгөөд хариуцлага алдаж миний биед эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол учруулсан тул тухайн сургуульд гомдол гаргах хүсэлтэй байна гэснийг шүүх шийдвэрлэх боломжгүй ч түүний эрх ноцтой зөрчигдөж гэмт хэргийн хохирогч болсон учраас сургуулийн орчин, аюулгүй байдлын талаар  гомдол гаргах нь хуулийн үндэслэлтэй тул энэ талаар хохирогч нь Монголын Үндэсний Их Сургуульд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эсхүл сургуульд холбогдуулан  гаргах гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогч Т.С- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Хохирогч Т.С- нь зөрчигдсөн эрхийн талаар Монголын Үндэсний их сургуульд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эсхүл сургуульд холбогдуулан гаргах гомдлоо  шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь эрхтэй болохыг дурдсугай.

         3 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧ                                    Ц.ТУЯА

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР