Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Иргэдийн төлөөлөгч Г.Сүрэнжав,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Э.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Х овогт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007690068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, ...... тоотод оршин суух, урьд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаартай захирамжаар 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн, Х овогт Б.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

  1. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байрны 03 тоотын цонхоор нэвтрэн,  иргэн Т.Сцүнхийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогч цүнхээ алга болсныг мэдэн босож цонхоо хаах гэхэд нь цонхоор орж мөн тоотод Т.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

 

Хохирогч Т.С “...2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МҮИС-ийн оюутны дотуур байранд 3 тоот өрөөндөө хамт байдаг Маасүрэнтэй хамт унтаж байсан чинь шөнийн 2 цагийн үед цонхны орчмоос чимээ гарахаар нь сэрэхэд орны толгой дээр өлгөөтэй байсан цүнх байхгүй болохоор нь хулгайч авчихсан байна, дотор нь угаасаа юм байхгүй гэж бодоод цонхоо хаах гэтэл цүнх шидээд араас нь нэг хүн ороод ирсэн. Тэгээд шууд миний давхар ор руу авирч гарч ирэхээр нь би орилоод цэнэглэгчний утсаар ороолгоод гараараа түлхэхэд намайг дарж унагаагаад “чимээгүй байгаач, жил болгон ингэдэг юм, энийг бэлэг гэж бодоорой, жил болгон ингэдэг юм” гэж хэлээд намайг чимээгүй бай гэхээр нь би айсандаа чимээгүй болсон. Тэгээд намайг үнэсээд миний дотуур хувцсыг тайлаад намайг өндийлгөж босоод өөрөө хэвтээд эрхтнээ гаргаж ирээд хөх гээд миний толгойг эрхтэн рүүгээ дараад байсан. Би хөхөхгүй суугаад байсан чинь босч ирээд намайг дарж хэвтээд миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгээд бэлгийн ажил хийж байхдаа гоё байна уу гэж асуусан. 10 минут болоод надтай бэлгийн ажил дуусаад би танай найз руу орно гэж хэлээд миний орноос буугаад Маасүрэнгийн ор руу авираад хөнжлнөөс нь татахад Маасүрэн сэрээд орилоод нөгөө залууг цааш түлхсэн чинь орноос буугаад, “за за, би чамайг айлгах гэсэн юм” гээд буцаад миний ор руу авирч гарч ирээд дахиад миний дээр гарч бэлгийн харьцаанд ороод 10 минут болоод бэлгийн харьцаанд орж дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 138/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 139-146/,

 

Гэрч Ц.О “...би гадуур байшингаа тойроод явж байсан чинь Маасүрэн гэх охин цонхоор та ороод ирээрэй гэхээр нь орсон чинь хамт байдаг Сугармаа дээгүүрээ хөнжлөө нөмөрчихсөн уйлчихсан байж байсан ба хүнд хүчиндүүлчихлээ гэж байсан. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг хх-ийн 152-153/,

 

Гэрч Ж.М “...2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МҮИС-ийн оюутны дотуур байранд 3 тоот өрөөндөө С хамт унтаж байсан. ... гэнэт миний орон дээр хүн гараад ирэхээр нь би цочоод сэрсэн чинь нэг танихгүй эрэгтэй хүн за за чи жаахан юм байна, би чамайг болилоо гэснээ миний орноос буугаад С орон дээр гараад С хүчиндсэн. Тэр үед С боль гээд ёо ёо гээд дуугараад байсан. Би бас тэр үед их айсан байсан. Тэгээд дараа нь бид хоёр хүнд хэлээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...Т.С үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эс болох хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Т.С үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Батхуягийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн 5574 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтийн хүснэгт /хх-ийн 161-162/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагаан өнгийн 00-ийн цаас 3 хэсэг дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн” гэх шинжээчийн 5387 дугаартай дүгнэлт /хх-ийн 174/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5386 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх босоо судалтай дэвсгэр даавуу дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 177/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11128 дугаартай “...Т.С биед гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илэрсэн байна. Уг илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяалал, ДНХ-г биологийн шинжээч томилж тогтоох боломжтой. Охин хальс шинэ урагдалтай байна. Хошногоны амсарт гэмтэл, эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй. Т.С нь 3 дугаар бүлгийн харъяаллын цустай байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 180/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “...цүнх /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн үнэ өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 08 дугаар сарын байдлаар 60,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төвийн Од хүслэн дэлгүүрийн гадна иргэн Э.О хэвлийн тус газарт пивоны хагархай шилээр хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Э.О “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө би ажилчдынхаа цалинг тавьчхаад найзтайгаа шөнийн клуб руу 22:30 цагийн орчим орсон. Би анх орохдоо цоо эрүүл, ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд гараад н.О гэх найзтайгаа таараад ярилцаж байхад Б.Б бас нэг найзтайгаа хамт ирсэн. Би намхан, шар залууд нь “би чамайг хаана харлаа, хөгшөөн” гэсэн чинь чи намайг хаана харах ямар хамаатай юм бэ? гээд над руу уурлаад байсан. Тэр залуу нэлээд согтуу байсан. Би бага зэргийн согтуу байсан ч болсон үйл явдлыг санаж байна. Тэгээд тэр залуу бид хоёрын хооронд маргаан үүсэхээр нь би тэд нарыг тараах зорилгоор газарт байсан пивоны шилийг хагалаад барьсан чинь тэр залуу холдсон. Тухайн үед найз маань миний машиныг эхнэрт хүргэж өгөхөөр явсан тул би ганцаараа 4-5 хүнд зодуулах байх гэж ийм үйлдэл гаргасан. Харин Б.Б пивоны шил хагалаад “чи дүрж чаддаггүй юм бол би дүрчихье, би чадна” гэж хэлээд гэдэс рүү 2 удаа хатгасан. Тэгээд цус гарсан чинь тэд нар намайг аргалах гээд Хуучин Дарханд нэг зочид буудалд очсон. Буудалд байх үед эхнэр залгахаар нь би байгаа газраа хэлэхэд удалгүй эгч, ахтай цуг орж ирээд намайг эмнэлэг рүү авч яваад, тэр оройдоо хагалгаанд орсон. Би мэдээ алдуулах тарианаас болж зарим зүйлийг санахгүй байж магадгүй. Одоо бол миний эрүүл мэнд хэвийн байгаа. Тухайн үед би нэг сард 3,000,000-5,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Энэ хэргээс болж ажилдаа явж чадаагүй. Шүүгдэгчээс эмчилгээний зардал 358,510 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл хх-ийн/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,

 

Гэрч Ц.Э “...Үйлчилгээний төвийн 24 цагийн дэлгүүрийн гадаа Б бид хоёр О, зүс мэдэх О хоёртой тааралдсан. О нилээн согтуу байсан. О надад хандаж чамайг хаана харлаа гэж хэлсэн тэгэхээр нь би чамайг танихгүй юм байна гэж хэлсэн чинь О чи надтай ингэж харьцах болоогүй шүү гэж хэлээд цаашаа газраас пивоны шил аваад газар цохиж хагалаад хагархай шилээ над руу бариад ирсэн. Тэгэхээр нь О цааш нь түлхсэн. Тэгэхэд Батхуяг мөн газар байсан пивоны шилийг аваад хагалаад хагархайг нь барьж байгаад “шил барьж ингэж дайрдаггүй юм аа” гэж хэлээд О хэвлийний зүүн доод хэсэг рүү нь нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг /13-4/,

 

Гэрч Б.Гн “...Күийн баарнаас гараад Б, Э руу хандаж би чамайг урьд өмнө хаана харлаа гэж асуусан чинь Э тэр үгэнд дургүйцээд тэр хоёр ам зөрсөн. Тухайн үед би нэг их тоогоогүй цаашаа яваад гар дээрээс тамхи зардаг хүнээс хэдэн ширхэг тамхи аваад буцаад ирсэн чинь О пудболка цус болсон байдалтай байсан. Б “өө би харин сая энэ залууг айлгах гээд пивоны шилний хагархайгаар далайсан чинь хальт зүсчихлээ” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Э.О Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 927 дугаартай “...Э.О биед хэвлий хөндийд нэвтэрч цусан хураа үүсгэсэн шарх, хэвлийд шарх, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаа хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, .............. тоот нийтийн байрны 01 тоот, иргэн Ж.Б өрөөний вакум цонхыг эвдэн нэвтрэн орж, хонины мах 10 кг, Нокиа 3310 маркийн гар утас, Самсунг маркийн гар утас зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

 

Хохирогч Ж.Б “...би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байтал манай төрсөн эгч Болормаа танай гэрт хулгай орсон байна. Алдагдсан эд зүйлийг сайн мэдэхгүй байна. Хөргөгчинд байсан мах алга болсон байна гэж хэлсэн. Хонины мах ойролцоогоор 10 кг байсан. Манай эгчийн 2 ширхэг гар утас алдагдсан байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 10-11/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 244/,

 

Хохирогч Ж.Б Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэгт гаргасан өргөдөл /хх-ийн 245/,

 

Хэргийн газар үзлэг хийж хурууны хээ бэхжүүлж авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 246-250/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СБ2-20-085 дугаартай “үнэлгээний дүн 111,800 төгрөг” гэх тайлан, тайлангийн хавсралт /2 дугаар хх-ийн 21-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 738 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд 4 гэж дугаарласан “Цонхон дээрээс бэхжүүлсэн гэх гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд MN000610017813, MN003110009474, MN004120002445, MN000610017813 гэсэн бүртгэлийн дугааруудаар Б.Б гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Бусад гарын мөрүүд нь хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй болон хүмүүсийн гарын хээний дардасуудтай тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 25-31/ зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Т.С хүч хэрэглэн хүчиндэхээс өмнө хохирогчийн өрөөний цонхны ойролцоо байсан цүнхийг нууцаар сэм авсан нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба хулгайлах гэмт хэрэг бүрэн төгссөний дараа хохирогч цонхоо хаах гээд босох үед нь зөрж цонхоор нэвтрэн орж хохирогчид“чимээгүй байгаач, жил болгон ингэдэг юм, энийг бэлэг гэж бодоорой” гэж хэлэн айлгаж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих Э.Оюунбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар газарт байсан пивоны шилийг хагалан хохирогчийн хэвлийн тус газар хатгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуульд “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба газарт хэвтэж байсан шилийг хагалж, хүний эд эрхтэнд нэвтрэх, зүсэх гэмтэл учруулахуйц болгож буй үйлдлийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.О мөн шил хагалж шүүгдэгчийн эсрэг дайрсан гэх боловч бодит довтолгоон хийгээгүй, харин айлгах, биеэ хамгаалах зорилготой байсан болох нь гэрч Ц.Э мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 504а тоот нийтийн байрны 01 тоот, иргэн Ж.Б өрөөний вакум цонхыг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн эсэхээ санахгүй байна гэж мэдүүлж байх боловч хэргийн газрын үзлэгээр цонхон дээрээс бэхжүүлж авсан гарын мөр нь хүний дахин давтагдашгүй өгөгдөл болох шүүгдэгчийн зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Б.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бүх гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Э.О эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой, эмнэлгийн төлбөрт төлсөн 358,510 төгрөг, мөн хохирогч Ж.Б алдагдсан гар утас, махны үнэ 111,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Дамно ХХК-д төлсөн 18,000 төгрөг, нийт 488,310 төгрөгийг шүүгдэгч Б.Б гаргуулж хохирогч Э.О, Ж.Бнарт олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.С нь эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хортой холбоотой баримт ирүүлээгүй, хохирогч Э.О нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэнэ гэх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хулгайлах гэмт хэргийг 2 удаа, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4  дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4  дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар буюу хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэснээс хойш 3 хоногийн дараанаас эхлэн “хүчиндэх, хулгайлах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэхэд ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс, хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхэд нийт ялын хэмжээ нь тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнээс тус тус хэтэрч болохгүй” байхаар заасан ба Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 20 жил, Б.Б үйлдсэн арван нэгдүгээр бүлэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 12 жил, арван хоёрдугаар бүлэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих, арван долдугаар бүлэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Б үйлдсэн хэрэгт оногдуулсан нэг төрлийн буюу хорих ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-р бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ буюу 20 жилийн хугацаагаар хорих ялаас хэтрүүлэхгүй ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж засарч хүмүүжих ёстой атал ямар нэгэн дүгнэлт хийлгүй хорих ялаас хугацаанаас өмнө тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 14 жил 4 сар 9 хоногийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Б.Б-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Х овогт Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын нийт хэмжээг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 14 /арван дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бэнэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийг хорих ялын 29 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Хохирогч Т.С нь эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хортой холбоотой баримт ирүүлээгүй, хохирогч Э.О нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэнэ гэх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 488,310 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ............ тоотод оршин суух Т овогт Э.О-д 358,510 /гурван зуун тавин найман мянга таван зуун арван төгрөг/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ............ тоотод оршин суух У овогт Ж.Б-д 129,800 /нэг зуун хорих есөн мянга найман зуун төгрөг/ тус тус олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ

 

 

                                                ШҮҮГЧ                             Н.ИДЭР