Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2021/00248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00444/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр *******од оршин суугаа, /утас*******, *******/, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, хаягт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2******* хороо, байр, од оршин суугаа, /утас /, регистрийн дугаартай, овогт холбогдох

 

Гэм хорын хохирол 6 030 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч /онлайн/ иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой нь өөрийн эзэмшлийн орон сууцыг удаан хугацаагаар бусдад түрээслүүлж, орон сууцын ашиглалт, эд зүйлийнхээ бүрэн бүтэн байдлыг анхаараагүйгээс удаа дараа их хэмжээний ус алдаж, хамтран оршин суугчдынхаа эд хөрөнгө аюулгүй байдалд хохирол учрууллаа. Оройны 21 цагаас шөнийн 02 цаг хүртэл бороо шиг шаагин алдсан их усны улмаас сар гаруй чийг ханхалж, шал хөгцөрч, муухай үнэр үнэртэж хулдаасан обойны ус хатахгүй сар гаруй үргэлжилж, ном, уран зургууд, дипломын ажлууд усанд автаж, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулж, өвлийн хүйтэнд засвар хийхээс аргагүй байдал хүргэсэн иймээс засвар хийхэд зарцуулсан 6 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөг болох бодит хохирлыг уг орон сууцны эзэмшигч аас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн би сургуулийн захиргаатай 2019 оны 03 сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, сургуулийн зүгээс надад насан туршид ганцхан олдох боломжийг олгосон нь ХҮслийн хотхонд 68 мкв орон сууц худалдан авахад зориулсан 32 640 000 төгрөгийн хөнгөлөлтийн санал байсан. Ингээд бид гэр бүлийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 4-******* орон сууцаа худалдан борлуулж, хоёр охиндоо хотод байр авч өгөхөөр төлөвлөж, 2019 оны 11 сарын 06-ны өдөр байраа бусдад 60-65 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон байсан. Гэтэл гэнэт 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ус алдаж, худалдан авагч тал ус алддаг байр байна гээд худалдаж авахаас татгалзсан. сард 470 000 төгрөгийн өндөр түрээс авдаг атлаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалдаа хариуцлагагүй хандаж бусдын насан туршид ганцхан тохиолдох боломжийг үгүй хийсэн. Бусдын эд хөрөнгө, гэрээ хэлэлцээрт гэм хор учруулчхаад 300 000 төгрөгөөр тохиролцоно гэж доромжилж байгаад болон элдэв шалтаг зааж, удаашруулж улам их хохирол учруулж байгаад гомдолтой байна. Гурван давхрын айлд тэр орой бусдын асрамжид байдаг, харааны бэрхшээлтэй гуай ганцаараа байснаас их хэмжээний ус манайд төвлөрч, 2019 оны 11 сарын 25-ны 19 цаг хүртэл ус дуссаар байсан. Охины маань бүтэн 6 жилийн урлагийн бүтээл усанд авсан, 120 гаруй ном ахин ашиглах боломжгүй болтол усанд автсан. Иймээс энгийн засвар хийхэд гарсан 6 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар орох саналыг хүлээн авахаас татгалзсаны шүүхийн тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 6 030 000 төгрөгийг аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б. нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд 2019 оны 11 сарын 30-ны өдрийн оройн 21 цагаас эхлэн 02 цаг хүртэл ус алдсан гэж бичсэн бөгөөд мөн өдрөөр ХК-ийн ажилтнуудаас тодорхойлолт /ус алдсанаас хойш хэд хоногийн дараа гаргуулсан/ авсан байх боловч энэ явдал нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн оройн 10:34 цагаас эхлэн 23:20 цагийн /ус алдсан тухай мэдэгдсэн утасны хадгалагдсан дуудлага хавсаргав/ хооронд болж ус алдсан тус байранд манай эгч, хүргэн ах нар очиж хагарсан трубонд угаалгын машины шаланк хийж усыг тогтоож улмаар дуудлагаар ирсэн ажилтнууд усыг зогсоож бүрэн янзалсан. Тэр үед доод айлуудын хүмүүс түрээслэгчийг янзал гээд загнаад зогсоод байснаас хэн ч туслаагүй ус алдалтанд санаа зовоогүй мэт мөн доод подвалийн түлхүүр олдохгүй цаг алдаж байсныг манай ах эгч 2 хаалгыг нь гэрчүүдийн хажууд эвдэн онгойлгож байж ус сувгийн ажилтнууд усаа хаасан. Нэхэмжлэгч нь ус алдсан үеийн он сар өдөр, ус гоожсон цагийг буруу бичиж олон цагаар ус алдсан мэтээр бичсэн байна. Нэхэмжлэлд бүхэл бүтэн 5 цаг ус алдаж байхад өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, ус алдалтыг зогсоох арга хэмжээг аваагүй ус алдаад байхад норж болох эд зүйлээ хамгаалж, зайлуулах, байрлалыг өөрчлөх зэргээр авч болох байсан арга хэмжээг авахгүйгээр зөвхөн доод подвалийн түлхүүр олдоогүй гэсэн тайлбар хэлээд усыг нь гоожуулаад бөөнөөрөө буюу 3, 4 давхрын болон тус байрыг гэрээгээр хөлслөн сууж байсан иргэд арга хэмжээ авахгүй байж байсан нь маш хариуцлагагүй юм. Би өөрөө тус байранд амьдардаггүй Улаанбаатарт ажиллаж амьдардаг болохоор дуудсан цагт нь хүн явуулж арга хэмжээ авч усыг зогсоосон. Хэрэв халуун ус алдсан бол, мөн өөрөөр хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн бол подвалийн түлхүүр олдохгүй байна гээд зүгээр хараад зогсохгүй байсан байх, мөн үнэхээр 5 цаг зогсоо зайгүй ус гоожоод байхад зүгээр хараад зогссоор байсан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Бид барилгын материалын болон ажлын хөлсний талаарх зах зээлийн судалгааг хийсэн, мэдэж тооцоолж байгаа бөгөөд ус алдалт 4 давхрын айлын тааз, шалыг дамжин 3 давхарт очсон байхад 5 цаг бороо шиг шаагин алдсан их ус гэсэн нь бодит үнэнээс хэт давсан, нэмж бичсэн гэж үзэж байна. нь өөрийн гэртээ бүхэлд нь засвар хийчхээд тэр зардалдаа 4 000 000 төгрөгийг нэхсэн нь засвар хийсэн бодит байдлаас хэт өндөр үнээр нэхэмжилсэн, нэхэмжлэлд ус алдсан ямар хэмжээний газарт, хэдэн төгрөгийн материалаар засвар хийсэн нь тодорхой бус мөн ажил гүйцэтгэх гэрээ нь бүгд засвараа хийлгэсэн бөөн дүнгээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Б. нэхэмжилсэн мөнгийг ус гоожсон бодит хохирлоо зассан зардал биш супер гэх засварт /хүмүүсийн хэлдэгээр/ гардаг зардал гэж үзэхээр байна 4 000 000-6 000 000 төгрөг зарцуулсан нь уналттай тааз хийх, цонх, хаалга, шалыг бүхэлд нь солих, бүх төрлийн будалт хийх, хана нурааж загварт оруулж өөрчилж засах гэх мэт орсон үнээр нэхэмжилсэн. Бид 4 давхрын айлтай уулзаж нөхцөл байдалтай танилцахад 00-ын өрөө, банны өрөөнүүдийн хана тааз, коридорын ус дээрээс гоожсон хэсгийн тааз, хана, гал тогооны тааз, хананд ус алдсаны улмаас шохой, хуучны шар замаск ханын обой нь ховхорсон шарласан байдалтай байсан. Харин шал нь модон дээрээ зарим хэсэгт хулдаас, дрожтой байсан бөгөөд тухайн үедээ усаа шавхаад хулдаас дрожоо хатаасан байсан бөгөөд он гараад 4 сард засвар хийнэ 500 000 төгрөг өгөөрэй гэсэн мессежийг миний утас руу явуулсан байгаа. Тиймээс би 4 давхрын айлд өгснөөс бага хэмжээний мөнгө өгмөөр байна ярилцаад одоогийн байдлаар зөвхөн ус алдсан хэсгийн хана тааз биш бүхэлд нь 3 өрөөнийх нь таазыг янзлах солонгос эмульс, замаск, будаг \хуучин Дарханы 4 замын тэндэх барилгын төвүүдэд З кг солонгос эмульс 22.000, орос замаскт 8 000 төгрөг, 90 см-тэй боломжит сонголттой солонгос обой боодол нь 17-30 мянга гэх мэт ханштай байсан\ мөн 3 өрөөний хананд обой авахаар тооцож 300 000 төгрөг өгөхөөр болсон. миний бие эхнэр, 5 хүүхэд, хөл нь хугарсан 80 настай ээжийн хамт ам бүл 8-лаа амьдардаг амьдралын шаардлагаар би Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг эхнэр ажил хийгээгүй, бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг. Мөн миний ажил энэ аймшигт халдварт өвчний улмаас бүрэн зогссон тул өндрөөр үнэлсэн энэ нэхэмжлэлийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй. Гэвч нэхэмжлэгч зөвшөөрвөл 300,000 төгрөгт багтаан эвлэрч тохирох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд өөрийн эзэмшлийн байраа бусдад 2019 оны 11 сарын 06-ны өдөр 60-65 төгрөгөөр зарахаар тохирсон байсан гэсэн байх боловч худалдан авах гэрээгээ 2019 оны 12 сарын эхээр хийхээр байсан гэсэн нь бодитой болсон болсон үйл явдал биш гэрээ хийх санал төдий харилцаа гэж үзэж байна. Үнэхээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээд талууд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн эсвэл мөнгөө өгөлцөж авалцсан байсан бол бодиттой гэж үзнэ. Орон сууц худалдах ажиллагаа үйл явц нь тодорхой хэмжээний хугацаа шаарддаг олон хүн сонирхож ярьдаг, үздэг, ус алдах н ь тухайн үеийн нөхцөл байдал болохоос байнга ус алдаад байдаг асуудал огт байдаггүй ямар ч хүн ус алдуулаад байраа муухай болгох хүсэлгүй, тийм учраас нэхэмжлэлд бичсэн ус алддаг байр байна гээд татгалзсан гэдэг үндэслэлгүй бөгөөд үүнээс болж бодит хохирол учирсан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэлд хавсаргасан Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээнд дурдсан харилцаа бол багшийг үр бүтээлтэй санаачилгатай, тогтвортой ажиллуулахаар ажил олгогч талаас дэмжлэг үзүүлэн хийсэн гэрээ байх бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2 030 000 төгрөгийг ямар үндэслэл, нотлох баримтаар шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б. шүүхэд гаргаж өгсөн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн ажилтнууд ажлын хөлс, ямар засвар хийснээ шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа хэлээд мэдэхгүй байсан эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Тус байрны 4 давхрын айл шүүхэд манайхаас 1 500 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 4 давхрын айлын тааз, шалыг дамжин 3 давхарт орсон усны хэмжээ харьцангуй бага байх ёстой бөгөөд шинжээч 4 давхрын айлд орж засвар хийгдээгүй бодит байдал дээр дүгнэлтээ гаргасан. Мөн тухайн үедээ нь засвар хийхээсээ өмнө шинжээчийн дүгнэлт хийлгэсэн бол бодитой гарах боломж байсан засвар хийснийхээ дараа буюу 4 сарын дараа шүүхэд өгсөн байсан. Мөн10 аад жил байрандаа засвар огт хийгээгүй байхад нь ус алдалт болсон байсан. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд дурдсан барилгын материал, засварын зардал, болон унааны зардлууд нь бүгд Улаанбаатар хотын зардлаар бодогдсон. Шинжээчийн дүгнэлтэд 950 400 төгрөгийн дүн гаргасан ба миний байдлыг харгалзан үзэн ойлгож 300 000 төгрөгт багтаан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Б. нэхэмжлэлтэй П. холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Уг хэргийн хохирлын дүнг мэргэжлийн байгууллагын эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч П. холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцанд хийсэн засварыг зардал 2 000 000 төгрөгөөр, эвлэрүүлэн зуучлахаар орсон улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6 030 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь өөрийн гэртээ бүхэлд нь засвар хийчхээд тэр зардалдаа 6 000 000 төгрөг нэхсэн нь бодит байдлаас хэт өндөр үнээр нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгийн 10 хувийг л зөвшөөрнө гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 23 цагт хариуцагч ын өмчлөлийн Дархан сум ******* баг, ******* хороолол, 5 давхрын тоот орон сууцны ариун цэврийн өрөөний цэвэр усны аваарын хаалтны өмнө ган сгон шугам голоороо хугарсны улмаас ус алдаж харалдаа доод айлууд усанд автаж, нэхэмжлэгч Б. өмчлөлийн 3 давхрын 4-******* орон сууцанд их хэмжээний ус нэвтэрсэн үйл баримт хэрэгт авагдсан Дархан-Ус ХК-ний тодорхойлолтууд /хх-6, 31, 43, 59-63 дугаар тал/, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ...тухайн үед ус алдахад би доошоо 3 дугаар давхар луу бууж СӨХ-ийн үйлчлэгч эгчээс ус алдаж байна гээд ус сувгийн дугаарыг аваад ус суваг руу ярихад ачаалал ихтэй байна, одоо ингээд очно гэж хэлсэн. Ус сувгийн холбогдох хүмүүс ирэх гэсээр байтал бараг 30 минут болсон байх. Ер нь бол ус алдаж эхлээд усыг тогтоох хүртэл миний бодож байгаагаар бол 2 цаг орчим болсон гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг...би өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг худалдан борлуулаад, сургуультай Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу Хүслийн хотхоны орон сууцнаас орон сууц худалдан авахад зориулж, 68 м.кв талбай бүхий орон сууцны урьдчилгаа 32 640 000 төгрөгийн хөнгөлөлт авахаар тохирсон боловч ус алдсаны улмаас байранд засвар хийх төлөвлөгдөөгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд сургуультай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж орон сууцны урьдчилгаанд хөнгөлөлт үзүүлэх гэрээгээ цуцалж, 18 000 000 төгрөг авахаар болж, 6 000 000 төгрөгт нь орон сууцандаа засвар хийлгэхээр тохирсон. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу өөрийн орон сууцыг 6 000 000 төгрөгөөр засвар хийлгэсний төлбөрийг сургууль төлсөн. Энэ мөнгө нь хамтран ажиллах гэрээний дагуу надад ирэх байсан боловч орон сууцны засварт зарцуулсан тул засварын зардал 6 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар орсны улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг нийт 6 030 000 төгрөг гаргуулна гэж тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, Шинэ хороолол ******* байр ******* заслын ажлын дүн, зарлагын баримт, гэрэл зураг, Хамтран ажиллах зөвшлийн гэрээ, хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, бэлэн мөнгөний зарлагын баримт, сургууль, ХХК, нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, байрны засварын зардалд 6 000 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний баримт, ын гэрэл зураг, *******ын засварын ажилд гарсан өртгийн тооцоо, зарлагын тайлан товчоо, орлогын падаан, *******од гарсан материалын товчоо зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 9-13, 64-69, 116-126, 146-147 дугаар тал/

 

Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг ...би тухайн байранд 2005-2015 он хүртэл амьдарсан. Түүнээс хойш бусдад хөлслүүлдэг. 5 цаг алдсан гэдэг худлаа, 2 цаг ус алдсан гэдгийг тухайн үед байр хөлсөлж байсан гэрчилдэг. 6 000 000 төгрөгийн засвар хийсэн гэдэг нь худлаа. Би 4 давхрын од шинжээчийн дүгнэлт гаргуулахад 940 000 төгрөг гэж гарсан. Тэгээд 1 200 000 төгрөг төлөхөөр эвлэрсэн. Шинжээчийн дүгнэлтийн 10 хувийг буюу 380 000 төгрөгийг зөвшөөрнө гэж тайлбар гаргаж, нотлох баримтаар ХХК-ий үнэлгээний тайлан / 52-58 дугаар тал/ ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн ******* орон сууцанд учирсан бодит хохирлыг байранд бүрэн хэмжээгээр засвар хийсэн засварын зардал 6 000 000 төгрөгөөр тооцож, нотлох баримтуудыг ирүүлсэн, хариуцагч нь 4 давхрын од учирсан хохирлыг ХХК-ий шинжээчийн дүгнэлтээр 950 400 төгрөг гэж тогтоосон тул түүний доод давхрын байранд үүнээс бага хэмжээний хохирол учирсан байх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт ирүүлсэн боловч дээрх баримтууд нь тухайн орон сууцанд учирсан бодит хохирлын хэмжээг тогтооход учир дутагдалтай гэж үзэн шүүхээс хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 4-******* орон сууцанд учирсан бодит хохирлыг тогтоолгохоор шинжээчээр Арлын ам ХХК-ийг томилсон байна.

Гэвч тухайн компани нь шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн тул шүүгчийн захирамжаар ХХК-ийг томилжээ.

 

Шүүгчийн захирамжид ...ус аль аль өрөөнүүдэд нэвтэрсэн эсэх, бодит хохирлыг тоот, 4-, 4-******* болон хөрш айлуудад ус нэвтэрсэн хэсгийг харьцуулан үзэж, ус нэвтэрснээс учирсан хохирлыг арилгахад зарцуулах засварын төсөв гаргаж ирүүлэхийг даалгасан байна.

ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Бодит хохирлыг тооцсон үнэлгээний тайлангаар 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн засварын зах зээлийн үнэ цэнийг 3 852 711 төгрөг гэж ирүүлсэнтэй зохигчдын хэн аль нь танилцаж, талууд шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд хэн аль нь дүгнэлтийг зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн болно. /хх-ийн 176-213 дугаар тал/

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

 

2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 23 цагт ус алдсаны улмаас нэхэмжлэгч Б. 4-******* 3 өрөө орон сууцны бүх өрөөнүүдэд нь ус нэвтэрч бүхэлд нь засвар хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон болох нь гэрч ... Б. байранд манай байгууллагын ажилчид засвар хийсэн, ... инженер ер нь бол паркет, хана гээд засах шаардлагатай болсон байр гэсэн мэдүүлэг, гэрч Д.ын ...Б. байранд засвар хийсэн, ...обой хууларсан унасан байдалтай, зах ирмэгүүдээрээ салсан байсан, үүдний хэсгийн обой тэр чигээрээ хууларсан байсан, зочны өрөөний дээд ирмэг мөн ус алдсан байдалтай ... үүдний болон зочны өрөөний тааз бүгд шарлачихсан ... ерөнхийдөө бол 3 өрөө байсан. Нойлын өрөө тэр чигтээ шарласан ус гоожиж нэвчсэн ...унтлагын өрөөний паркет нилээн хуучин паркет байсан ...унтлагын өрөөний паркет зай гарсан...бусад өрөөний паркетыг хуулаад хаячихсан ...банзан шалтайгаа байсан гэсэн мэдүүлэг, гэрч ... ер нь бол ус алдаж эхлээд усыг тогтоох хүртэл миний бодож байгаагаар бол 2 цаг орчим болсон, ... 3 давхрын нэг настай эмээ намайг дуудаж гэрт нь орж ус алдсан байдлыг хар гэсэн. Хаалгаар ороход баруун тийшээ эргэсэн өрөө рүү ороход тааз нь тэр чигээрээ норсон, замаск энэ тэндээ хууларсан байдалтай харагдсан гэсэн мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлд ...vidio-1588119375 дугаартай 11 секундын бичлэгийг тоглуулахад нэхэмжлэгч ээс ус алдаад 14 хоногийн дараа ялзраад, хөгзрөөд шалыг нь хуулж авч янзлахаас өөр аргагүй гэсэн яриатай, харагдах байдал нь шалны зарим хэсгийг хуулсан байдалтай бичлэг байв гэсэн бичилт, ...vidio-1588119389 дугаартай 3 секунтын бичлэгийг тоглуулахад ...ус ширүүн дусалж байгаа чимээтэй, ханы обой хууларч, цементэн хана норсон байдалтай бичлэг байв гэсэн бичилт, video-1588119410 дугаартай 12 секунтын бичлэгийг тоглуулахад ус ширүүн дусалж байгаа чимээтэй, тодорхой дүрс харагдахгүй бичлэг байв гэсэн бичилт фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан Шинэ алхам сургууль, ХХК, нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд тохирч Б. өмчлөлийн 4-******* орон сууцанд 6 000 000 төгрөгийн засвар хийсэн талаар нотлох баримтууд ирүүлсэн боловч энэ нь уг байранд учирсан бодит хохирлыг тогтоосон баримт гэхэд учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр тохирсон 6 000 000 төгрөг нь гэрээний үнэ бөгөөд гэрээнд тусгасан зардал нь бодитой эсэх ...үүнийг уг орон сууцанд учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсны уг байранд учирсан бодит хохирлыг тогтоосон мэргэжлийн байгууллагаас гаргаж ирүүлсэн байрны засварын ажлын төсвөөр ...ус алдалтанд өртсөн өрөөнүүдийн хана, таазыг засварлах, мөн шинээр нэмэгдэж хийгдсэн хаалга солих, таазанд хүрээ тавих оролцуулан тооцоход цалингийн зардал 1 600 112 төгрөг, материалын зардал 2 209 110 төгрөг, тээвэр, машин механизм 43 489 төгрөг нийт 3 852 711 төгрөг гэж үнэлгээний тайлан ирүүлснийг шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан ажиллагааг явуулсан нотлох баримт гэж үзэж, бодит хохирлыг тогтоосон баримт гэж дүгнэв.

 

Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлтэй холбогдуулан 4-од учирсан хохирлын хэмжээг тогтоосон ХХК-ийн дүгнэлтийг ирүүлсэн боловч үүнийг өөр орон сууцанд буюу 4-*******од учирсан хохиролтой дүйцүүлэн үзэж бодит хохирлыг тооцох боломжгүй бөгөөд ус алдсан давхрын айлуудад учирсан хохирол тэгш байх, эсхүл ус нэвтэрсэн хэмжээнээс шалтгаалан хохирлын хэмжээ өөр байхыг үгүйсгэхгүй боловч дээд давхрын айлаас илүү бага хохирол учирсан байж болох талаар нотлох баримт ирүүлээгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  25, 38 дугаар зүйлүүдэд  нэхэмжлэлийн  шаардлага,  татгалзлаа   өөрсдөө  нотлох,  нотлох  баримтаа  цуглуулах  үүрэгтэй гэж  заасан  ба  дээрх  үүргээ  хариуцагч   хэрэгжүүлж  чадаагүй гэж  дүгнэв.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч түүний 10 хувийг хариуцна гэж тайлбар гаргасан боловч 4-*******ын аль хэсэгт нь ус нэвтэрсэн эсэх, үүний улмаас учирсан бодит хохирлыг тооцсон баримтыг ирүүлээгүй, 10 хувьд нь буруутай гэж үзэж байгаа бол 90 хувь хэрхэх эсэх талаар болон өөрөө буруугүй гэж үзэж байгаа талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ирүүлсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Эвлэрүүлэн зуучлах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлөх бөгөөд энэ нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгө юм. Хэдийгээр Б. өргөдлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй дуусгавар болсон нь улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах үндэслэл болохгүй тул 30 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүрэгтэй түүний дагуу гаргасан ... уг хэргийн хохирлын дүнг мэргэжлийн байгууллагын эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэсэн дүгнэлт нь хэргийн нөхцөлд байдалд тохирсон үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хариуцагч аас гэм хорын хохирол 3 852 711 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 177 289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 127-140 дүгээр талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Шүүхээс гаргасан дараах зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 53.1.1-д шинжээчийн ажлын хөлс орно, 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар зохицуулжээ.

Иймд шинжээчийн зардал 1 260 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнтэй дүйцүүлэхэд 63,9 хувь тул 1260 000 х 63,9 =805 140 төгрөгийг хариуцагч аас, үлдэх 36,1 хувьд ногдох 454 860 төгрөгийг нэхэмжлэгч ээс тус тус гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их мандал төвийн тоотод байрлах Тольдох оюуны өргөө ХХК /Хаан банк тоот дансанд/-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч аас 3 852 711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 177 289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аас 805 140 төгрөг, нэхэмжлэгч ээс 454 860 төгрөг тус тус гаргуулж, ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 76 593 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.ЖАВХЛАНТӨГС

 

 

Д.ОЮУНДАРЬ