Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00036

 

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00444/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч П.Чинбатад холбогдох

Гэм хорын хохирол 6.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч П.Чинбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Б.Алтанцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой П.Чинбат нь өөрийн эзэмшлийн орон сууцыг удаан хугацаагаар бусдад түрээслүүлж, орон сууцын ашиглалт, эд зүйлийнхээ бүрэн бүтэн байдлыг анхаараагүйгээс удаа дараа их хэмжээний ус алдаж, хамтран оршин суугчдынхаа эд хөрөнгө аюулгүй байдалд хохирол учрууллаа. Оройны 21 цагаас шөнийн 02 цаг хүртэл бороо шиг шаагин алдсан их усны улмаас сар гаруй чийг ханхалж, шал хөгцөрч, муухай үнэр үнэртэж хулдаасан обойны ус хатахгүй сар гаруй үргэлжилж, ном, уран зургууд, дипломын ажлууд усанд автаж, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулж, өвлийн хүйтэнд засвар хийхээс аргагүй байдал хүргэсэн иймээс засвар хийхэд зарцуулсан 6.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөг болох бодит хохирлыг уг орон сууцны эзэмшигч П.Чинбатаас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Б.Алтанцэцэг би Шинэ-Алхам сургуулийн захиргаатай 2019 оны 03 сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, сургуулийн зүгээс надад насан туршид ганцхан олдох боломжийг олгосон нь ХҮслийн хотхонд 68 м.кв орон сууц худалдан авахад зориулсан 32.640.000 төгрөгийн хөнгөлөлтийн санал байсан. Ингээд бид гэр бүлийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 6-р хороолол, 4-32 тоот орон сууцаа худалдан борлуулж, хоёр охиндоо хотод байр авч өгөхөөр төлөвлөж, 2019 оны 11 сарын 06-ны өдөр байраа бусдад 60-65 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон байсан. Гэтэл гэнэт 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ус алдаж, худалдан авагч тал ус алддаг байр байна гээд худалдаж авахаас татгалзсан. П.Чинбат сард 470.000 төгрөгийн өндөр түрээс авдаг атлаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалдаа хариуцлагагүй хандаж бусдын насан туршид ганцхан тохиолдох боломжийг үгүй хийсэн. Бусдын эд хөрөнгө, гэрээ хэлэлцээрт гэм хор учруулчхаад 300.000 төгрөгөөр тохиролцоно гэж доромжилж байгаад болон элдэв шалтаг зааж, удаашруулж улам их хохирол учруулж байгаад гомдолтой байна. Гурван давхрын айлд тэр орой бусдын асрамжид байдаг, харааны бэрхшээлтэй Сандаг гуай ганцаараа байснаас их хэмжээний ус манайд төвлөрч, 2019 оны 11 сарын 25-ны 19 цаг хүртэл ус дуссаар байсан. Охины маань бүтэн 6 жилийн урлагийн бүтээл усанд авсан, 120 гаруй ном ахин ашиглах боломжгүй болтол усанд автсан. Иймээс энгийн засвар хийхэд гарсан 6.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар орох саналыг хүлээн авахаас татгалзсаны шүүхийн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 6.030.000 төгрөгийг П.Чинбатаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч П.Чинбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд 2019 оны 11 сарын 30-ны өдрийн оройн 21 цагаас эхлэн 02 цаг хүртэл ус алдсан гэж бичсэн бөгөөд мөн өдрөөр Дархан-Ус суваг ХК-ийн ажилтнуудаас тодорхойлолт /ус алдсанаас хойш хэд хоногийн дараа гаргуулсан/ авсан байх боловч энэ явдал нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн оройн 10:34 цагаас эхлэн 23:20 цагийн /ус алдсан тухай мэдэгдсэн утасны хадгалагдсан дуудлага хавсаргав/ хооронд болж ус алдсан тус байранд манай эгч, хүргэн ах нар очиж хагарсан трубонд угаалгын машины шаланк хийж усыг тогтоож улмаар дуудлагаар ирсэн ажилтнууд усыг зогсоож бүрэн янзалсан. Тэр үед доод айлуудын хүмүүс түрээслэгчийг янзал гээд загнаад зогсоод байснаас хэн ч туслаагүй ус алдалтанд санаа зовоогүй мэт мөн доод подвалын түлхүүр олдохгүй цаг алдаж байсныг манай ах эгч 2 хаалгыг нь гэрчүүдийн хажууд эвдэн онгойлгож байж ус сувгийн ажилтнууд усаа хаасан. Нэхэмжлэгч нь ус алдсан үеийн он сар өдөр, ус гоожсон цагийг буруу бичиж олон цагаар ус алдсан мэтээр бичсэн байна. Нэхэмжлэлд бүхэл бүтэн 5 цаг ус алдаж байхад өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, ус алдалтыг зогсоох арга хэмжээг аваагүй ус алдаад байхад норж болох эд зүйлээ хамгаалж, зайлуулах, байрлалыг өөрчлөх зэргээр авч болох байсан арга хэмжээг авахгүйгээр зөвхөн доод подвалын түлхүүр олдоогүй гэсэн тайлбар хэлээд усыг нь гоожуулаад бөөнөөрөө буюу 3, 4 давхрын болон тус байрыг гэрээгээр хөлслөн сууж байсан иргэд арга хэмжээ авахгүй байж байсан нь маш хариуцлагагүй юм. Би өөрөө тус байранд амьдардаггүй Улаанбаатарт ажиллаж амьдардаг болохоор дуудсан цагт нь хүн явуулж арга хэмжээ авч усыг зогсоосон. Хэрэв халуун ус алдсан бол, мөн өөрөөр хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн бол подвалын түлхүүр олдохгүй байна гээд зүгээр хараад зогсохгүй байсан байх, мөн үнэхээр 5 цаг зогсоо зайгүй ус гоожоод байхад зүгээр хараад зогссоор байсан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Бид барилгын материалын болон ажлын хөлсний талаарх зах зээлийн судалгааг хийсэн, мэдэж тооцоолж байгаа бөгөөд ус алдалт 4 давхрын айлын тааз, шалыг дамжин 3 давхарт очсон байхад 5 цаг бороо шиг шаагин алдсан их ус гэсэн нь бодит үнэнээс хэт давсан, нэмж бичсэн гэж үзэж байна. Б.Алтанцэцэг нь өөрийн гэртээ бүхэлд нь засвар хийчхээд тэр зардалдаа 4.000.000 төгрөгийг нэхсэн нь засвар хийсэн бодит байдлаас хэт өндөр үнээр нэхэмжилсэн, нэхэмжлэлд ус алдсан ямар хэмжээний газарт, хэдэн төгрөгийн материалаар засвар хийсэн нь тодорхой бус мөн ажил гүйцэтгэх гэрээ нь бүгд засвараа хийлгэсэн бөөн дүнгээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Алтанцэцэгийн нэхэмжилсэн мөнгийг ус гоожсон бодит хохирлоо зассан зардал биш супер гэх засварт /хүмүүсийн хэлдгээр /гардаг зардал гэж үзэхээр байна 4.000.000-6.000.000 төгрөг зарцуулсан нь уналттай тааз хийх, цонх, хаалга, шалыг бүхэлд нь солих, бүх төрлийн будалт хийх, хана нурааж загварт оруулж өөрчилж засах гэх мэт орсон үнээр нэхэмжилсэн. Бид 4 давхрын айлтай уулзаж нөхцөл байдалтай танилцахад 00-ын өрөө, банны өрөөнүүдийн хана тааз, коридорын ус дээрээс гоожсон хэсгийн тааз, хана, гал тогооны тааз, хананд ус алдсаны улмаас шохой, хуучны шар замаск ханын обой нь ховхорсон шарласан байдалтай байсан. Харин шал нь модон дээрээ зарим хэсэгт хулдаас, дрожтой байсан бөгөөд тухайн үедээ усаа шавхаад хулдаас дрожоо хатаасан байсан бөгөөд он гараад 4 сард засвар хийнэ 500.000 төгрөг өгөөрэй гэсэн мессежийг миний утас руу явуулсан байгаа. Тиймээс би 4 давхрын айлд өгснөөс бага хэмжээний мөнгө өгмөөр байна ярилцаад одоогийн байдлаар зөвхөн ус алдсан хэсгийн хана тааз биш бүхэлд нь 3 өрөөнийх нь таазыг янзлах солонгос эмульс, замаск, будаг \хуучин Дарханы 4 замын тэндэх барилгын төвүүдэд З кг солонгос эмульс 22.000, орос замаскт 8.000 төгрөг, 90 см-тэй боломжит сонголттой солонгос обой боодол нь 17-30 мянга гэх мэт ханштай байсан\ мөн 3 өрөөний хананд обой авахаар тооцож 300.000 төгрөг өгөхөөр болсон. П.Чинбат миний бие эхнэр, 5 хүүхэд, хөл нь хугарсан 80 настай ээжийн хамт ам бүл 8-лаа амьдардаг амьдралын шаардлагаар би Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг эхнэр ажил хийгээгүй, бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг. Мөн миний ажил энэ аймшигт халдварт өвчний улмаас бүрэн зогссон тул өндрөөр үнэлсэн энэ нэхэмжлэлийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй. Гэвч нэхэмжлэгч зөвшөөрвөл 300.000 төгрөгт багтаан эвлэрч тохирох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2.030.000 төгрөгийг ямар үндэслэл нотлох баримтаар шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн ажилтнууд ажлын хөлс, ямар засвар хийснээ шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн.

Тус байрны 4 давхрын айл шүүхэд манайхаас 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 4 давхрын айлын тааз, шалыг дамжин 3 давхарт орсон усны хэмжээ харьцангуй бага байх ёстой бөгөөд шинжээч 4 давхрын айлд орж засвар хийгдээгүй бодит байдал дээр дүгнэлтээ гаргасан, мөн тухайн үедээ Б.Алтанцэцэг нь засвар хийхээсээ өмнө шинжээчийн дүгнэлт хийлгэсэн бол бодитой гарах боломж байсан ч засвар хийснээс 4 сарын дараа шүүхэд өгсөн. 10 жил байрандаа засвар хийгээгүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан зардлууд Улаанбаатар хотын зардлаар бодогдсон. Шинжээчийн дүгнэлт 950.400 төгрөгийн дүн гаргасан ба миний байдлыг харгалзан үзэж 300.000 төгрөгт багтаан шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Чинбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд өөрийн эзэмшлийн байраа бусдад 2019 оны 11 сарын 06-ны өдөр 60-65 төгрөгөөр зарахаар тохирсон байсан гэсэн байх боловч худалдан авах гэрээгээ 2019 оны 12 сарын эхээр хийхээр байсан гэсэн нь бодитой болсон болсон үйл явдал биш гэрээ хийх санал төдий харилцаа гэж үзэж байна. Үнэхээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээд талууд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн эсвэл мөнгөө өгөлцөж авалцсан байсан бол бодиттой гэж үзнэ. Орон сууц худалдах ажиллагаа үйл явц нь тодорхой хэмжээний хугацаа шаарддаг олон хүн сонирхож ярьдаг, үздэг, ус алдах н ь тухайн үеийн нөхцөл байдал болохоос байнга ус алдаад байдаг асуудал огт байдаггүй ямар ч хүн ус алдуулаад байраа муухай болгох хүсэлгүй, тийм учраас нэхэмжлэлд бичсэн ус алддаг байр байна гээд татгалзсан гэдэг үндэслэлгүй бөгөөд үүнээс болж бодит хохирол учирсан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэлд хавсаргасан Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээнд дурдсан харилцаа бол багшийг үр бүтээлтэй санаачилгатай, тогтвортой ажиллуулахаар ажил олгогч талаас дэмжлэг үзүүлэн хийсэн гэрээ байх бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2.030.000 төгрөгийг ямар үндэслэл, нотлох баримтаар шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Алтанцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн ажилтнууд ажлын хөлс, ямар засвар хийснээ шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа хэлээд мэдэхгүй байсан эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Тус байрны 4 давхрын айл шүүхэд манайхаас 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 4 давхрын айлын тааз, шалыг дамжин 3 давхарт орсон усны хэмжээ харьцангуй бага байх ёстой бөгөөд шинжээч 4 давхрын айлд орж засвар хийгдээгүй бодит байдал дээр дүгнэлтээ гаргасан. Мөн тухайн үедээ Б.Алтанцэцэг нь засвар хийхээсээ өмнө шинжээчийн дүгнэлт хийлгэсэн бол бодитой гарах боломж байсан засвар хийснийхээ дараа буюу 4 сарын дараа шүүхэд өгсөн байсан. Мөн10 аад жил байрандаа засвар огт хийгээгүй байхад нь ус алдалт болсон байсан. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд дурдсан барилгын материал, засварын зардал, болон унааны зардлууд нь бүгд Улаанбаатар хотын зардлаар бодогдсон. Шинжээчийн дүгнэлтэд 950.400 төгрөгийн дүн гаргасан ба миний байдлыг харгалзан үзэн ойлгож 300.000 төгрөгт багтаан шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Жигжидсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй П.Чинбатад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Уг хэргийн хохирлын дүнг мэргэжлийн байгууллагын эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч П.Чинбатаас 3.852.711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.177.289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.Чинбатаас 805.140 төгрөг, нэхэмжлэгч Б.Алтанцэцэгээс 454.860 төгрөг тус тус гаргуулж, Тольдох оюуны өгөөж ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Чинбатаас 76.593 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Чинбат давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед ус алдаж 4, 3 давхрын айл руу ус орсон ба 4 давхрын айлын шинжээчийн дүгнэлт 1.250.000 төгрөгөөр гарсан гэтэл 3 давхрын айл байрандаа иж бүрэн супер гэх засварыг хийчхээд 6.000.000 төгрөг нэхсэн шинжээчийн дүгнэлт 3.852.711 төгрөг гэж гарсан. Усны нэвчин орох байдал нь 4 давхрын айлын тааз, шалыг нэвтлээд 3 давхар луу орсон тул 4 давхрын айлаас бага орсон байж таарна гэтэл илүү их мөнгө төлүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүх шинжээчийн дүгнэлт, хэргийн бодит байдлыг зөв үнэлж дүгнээгүй 3 давхрын айлын засвар хийсэн дүнд цонх солих, хаалганы бариул солих, хүүхдийн шкаф солих зэрэг хамааралгүй зардлуудыг гаргаж шийдсэн нь үндэслэлгүй. Ус алдах үед энэ байранд түрээсийн гэрээгээр Мөнхцэцэг гэх хүн гэр бүлийн хамт амьдарч байсан. Нэхэмжлэгч байрандаа засвар хийснээс 3 сарын дараа шүүхэд хандсан нь засварын зардлаа надаар төлүүлэх зорилготой байсан.

4 давхрын айлыг засвар хийлгээгүй байхад шинжээчийн дүгнэлт гаргуулан 150.400 төгрөгийн засварын ажил үйлчилгээ гарахаар байна гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл дахин хотын компаниар дүгнэлт гаргуулах шийдвэр гаргуулж 3.852.711 төгрөг гаргуулах шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Миний бие хөл хорионы нөхцөл байдлаас болж сүүлийн шүүх хурлуудад дандаа онлайн хэлбэрээр оролцсон нь үг хэлэх боломж муу байснаас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед амьдарч байсан Мөнхцэцэгийн мэдүүлэгт ямар шалтгаанаар хэр их ус алдсан болох Дархан-Ус сувгийн тодорхойлолтод гадны нөлөө байсан гэсэн дүгнэлтийг харгалзан үзэлгүй бүх төлбөрийг над дээр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг хариуцагч П.Чинбатад холбогдуулж эд хөрөнгөнд учирсан гэм хорын төлбөрт 6.030.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Чинбат бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч П.Чинбатаас 3.852.711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.177.289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар хорооллын шинэ хороолол 4 дүгээр байрны 5 давхрын 40 тоотоос ус алдаж 4, 3 давхрын айлууд руу ус орсонтой маргадаггүй.

Харин 4 давхрын айлд ус орсны дараа хариуцагч П.Чинбат Ашид билгүүн ХХК-аар шинжээчийн дүгнэлт гаргуулахад 1.250.000 төгрөгөөр гарсан. 3 давхрын айлд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй бөгөөд анхан шатны шүүхээс томилогдсон Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Бодит хохирлыг тооцсон үнэлгээний тайлангаар 3.852.711 төгрөг гэж гаргасныг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж үндэслэлээ усны нэвчин орох байдал 4 давхрын айлын тааз, шалыг нэвтлээд 3 давхрын айл руу орсон тул 4 давхрын айлаас бага орсон байж таарна гэтэл илүү их мөнгө төлүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх давж заалдсан гомдлыг үндэслээд хохирлын хэмжээг багасгаж тооцох боломжгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, өөрийн тайлбарыг нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд... гэж хуульд заасан үндэслэлээр түүний үйлдэл, эс үйлдэхүйгээс болж бусдад учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий нэхэмжлэлд дурдагдан хариуцагчаар татагдсан хүнийг хэлэх бөгөөд уг этгээд нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг талаар мөн зүйлийн 497 дугаар зүйлийн 497.2-т хуульчилсан.

Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д ...өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах, 13.2.6 сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх гэж тус тус заасны дагуу хариуцагч П.Чинбатаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Мөн тухайн үед тус байрыг орон сууц хөлслөх гэрээгээр хөлсөлж байсан этгээдээс өөрийн хохирлыг гаргуулах боломжтой юм.

Иймд хариуцагч П.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.593 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           О.НАРАНГЭРЭЛ

                                                                                  ШҮҮГЧИД                                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                              Л.АМАРСАНАА