Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 262

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00049/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р байр, ... тоотод оршин суугаа, /утас ..., .../, ... регистрийн дугаартай, Б овогт С.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... тоотод оршин суугаа, /утас ... /, ... регистрийн дугаартай, Б овогт Т.Л,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... тоотод оршин суугаа, /утас .../, ... регистрийн дугаартай, Б овогт Н.Б нарт холбогдох,

 

Өвлөгдөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг бүхэлд нь өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Ө.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Н миний бие нөхөр Б.Зтай 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс гэр бүл болж хамтран амьдарч эхэлснийг 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин З.М, 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү З.А нар тус тус төрсөн. Бид хоёр хамтын амьдралын хугацаанд гэр бүлээрээ амьдрах орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Дархан-Уул аймгийн Дархан сум, .../...., гэрчилгээний дугаар .../ 38.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 21 350 000 төгрөгөөр 10 жилийн хугацаатай нэг жилийн 12 хувийн хүүтэй байхаар тохиролцож үндсэн зээлдэгчээр Б.З, хамтран зээлдэгчээр миний бие оролцож орон сууцны зээлийн гэрээг байгуулан худалдан авч байсан. 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр ганц Б.Зын нэр бичигдсэн бүртгэлтэй байдаг. Мөн дээрх хөрөнгө нь гэрлэлтээ батлуулснаас хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Тодруулбал талийгаач Б.З болон түүний эхнэр С.Н, охин З.М, хүү З.А нарын дундын эд хөрөнгө юм. Дээрх 3 өрөө сууцны өнөөгийн зах зээлийн ханш нь 35 000 000 төгрөг байгаа болно.

Миний нөхөр Б.З нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас зуурдаар нас барсан. Нас барсныхан маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талийгаачийн эцэг Н.Б, эх Т.Л, дуу Б.Л, Б.З гэх мэтийн хүмүүс гэр бүлээрээ миний хоёр хүүхдийг гэрээсээ хөөж гаргасан, тухайн үед миний бие өөр газар байсан.

Нэхэмжлэгч миний бие талийгаачийг нас барснаас хойш өнөөдрийг хүртэл орон сууцны зээлийн хамтран зээлдэгчийн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлсөөр байна. Талийгаачийн эцэг эхийн зүгээс зээл огт төлж байгаагүй. Одоо бидний 3 өрөө орон сууцанд талийгаачийн төрсөн дүү Б.Л амьдардаг, биднийг оруулдаггүй, сүүлд гэхэд 2020 оны 08 дугаар сарын сүүлээр миний охин З.Мг гэртээ ороод аавынхаа зургийг аваад арц хүж асаах гэсэн боловч охинд минь гар хүрч зодсон тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Б.Л нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан. Ийм байдалтайгаар гэрт нь оруулалгүй, хүүхдүүдийг минь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь өнөөдрийг хүртэл зөрчсөөр биднийг хохироосоор байна.

Хууль ёсны өвлөгч би болон охин З.М, хүү З.А бид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өв нээгдсэн газрын Дархан-Уул аймгийн нотариатч Г дээр очоод өв хүлээн авах тухай өргөдлийг өгч бүртгүүлээд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу нэг жилийн дараа нотариатч Гтай уулзаж өвлөх эрхийн гэрчилгээ авах гэсэн боловч гэрчилгээ олгох боломжгүй талийгаачийн аав Н.Б, ээж Т.Л нар өв хүлээн авах хүсэлт өгч нотариатчид бүртгүүлсэн байна. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн учир шүүхэд хандаж байна.

Дээрх 3 өрөө сууц нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө буюу С.Н, охин З.М, хүү З.А нарын эд хөрөнгө юм. Хэдийгээр хуульд нас барагчийн төрсөн эцэг, эх тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч мөн боловч гэр бүлийн тухай хуульд зааснаар тухайн үед хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн биш тул хууль ёсны өвлөгч эцэг, эх байх нь энэ заалтаар хязгаарлагдаж байна. Мөн эцэг эх нь хуулийн хугацаанд өвийг хүлээн авах эсэх талаар хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн шүүх хууль ёсны өвлөгч эцэг, эхэд нь өвлөгдөх хөрөнгөнөөс тодорхой хувийг гаргуулж мөнгөөр олгох нь хуульд заагдсан үндэслэлтэй гэж дүгнэвэл татгалзах зүйлгүй.

Иймд талийгаачийн эцэг, эх нь түүний төрсөн хүүхдүүд болох З.М, З.А хоёр ачийнхаа эрх, ашиг, ирээдүйг бодолгүйгээр 3 өрөө орон сууцыг булаацалдаж хүний ёсноос гажууд, жудаггүй үйлдэл гаргаж байна. Мөн хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа тул талийгаачийн эхнэр С.Н, төрсөн охин З.М, хүү З.А нарт Дархан-Уул аймгийн Дархан сум, ...1... , гэрчилгээний дугаар ... / 38.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өвийг бүхэлд нь хүлээн авч өвлүүлэхээр шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б, Т.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б, Т.Л бид С.Нийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Бидний хайрт хүү Б.З нь 1981 оны 08 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн бидний ууган хүү минь юм. Хүү минь зөв боловсон хүмүүжилтэй, боловсрол мэдлэгтэй, ажилсаг, гэр бүл ур хүүхдэдээ халамжтай , сайхан сэтгэлтэй хүнлэг хүн байсан. Хүү Б.З маань 2004 онд С.Н гэдэг эмэгтэйтэй гэрлэж охин М, хүү А нарыг төрүүлсэн юм. Хүү Б.З маань С.Нтэй анх амьдарч эхэлсэн үеэс С.Н нь архи уудаг, ажил хийдэггүй хүүгээр маань тэжээлгүүлдэг хүн байсан. Эхнэр нь архины хамааралтай байнга архи ууж агсан тавьж, эд хогшлоо эвдэж, хэрүүл маргаан үүсгэдэг байснаас гадна өөр хүнтэй гэрлэлтээс гадуур дотно харьцаа тогтоож хүүг маань сэтгэлийн гүн дарамтад оруулж байсан юм. Эхнэр С.Н нь олон удаа эрүүлжүүлэхэд орж, архины эмчилгээнд удаа дараа явж байсан хүн. 2014 онд эхнэр нь хүүгээс маань салаад хоёр хүүхдээ эцэг дээр нь хаяад явсан. С.Н нь өөр хүнтэй хамт амьдарч тэр хүнээсээ хүүхэд төрүүлсэн одоо тэр хүүхэд нь 4 настай болсон. Бидний хүү Б.З нь эрүүл саруул өвчин тусч эмнэлэгт үзүүлж байгаагүй ажлаа хийж эхнэр хүүхдээ тэжээж явсан сайн хүү байсан юм.

Гэтэл нас барахаас нь хоёр хоногийн өмнө С.Н нь хүүгийн маань гэрт архи барьж ирж хоёр хоног хоол унд муутай архи уулгаснаас хүү Б.З маань архины хордлогод орж ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн боловч амийг нь аварч чадалгүй нас барсанд бид маш их гомдолтой байдаг. С.Н нөхөр хүүхдээ хаяж яваад 6 жил болоход хүүхдүүдээ харж хандаж байгаагүй хүүгээс маань архины мөнгө нэхэж сүүлдээ ах дүү нарыг нь хүртэл архи нэхэж дарамталдаг болсон. С.Н нь эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан хүүгийн минь хоёр гурав хоногоор архидуулаагүй бол хүү минь одоо амьд мэнд бидэнтэйгээ хамт байх байсан. Талийгаач хүү Б.З маань С.Нээс гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ 2014-2016 оны хооронд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд гаргаж байсан бөгөөд гэрлэлтийг цуцалсан эсэхийг бид сайн мэдэхгүй байна. /энэ талаар нотлох баримтыг гаргуулах болно/

С Н нь хүүгийн минь хоёр хүүхэдтэй нь хаяж яваад өөр хүнтэй амьдарч тэр хүнээсээ хүүхэдтэй болчхоод нас барахаар нь байрыг нь авна гээд явж байгааг бид зөвшөөрөхгүй. Хүүгийнхээ гал голомтыг архины хамааралтай энэ хүнд өгөхгүй. Учир нь С.Н нь миний хүүгийн амьдралаар тоглосон хүн. Энэ хүн байрыг авбал зарж үрээд архи уухаар хүн юм. Талийгаач хүүгийн минь байрыг авахад С.Нийн зүгээс ямар ч мөнгө төгрөг оруулаагүй хүү маань бүх төлбөрийг төлж дээрээс нь 2011 онд ХХБ-аас 21 сая төгрөгийн зээл авч нас барах хүртлээ зээлийн төлбөрийг төлж байсан. Одоо уг зээлийн үлдэгдэл 6 орчим сая төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 13 уг сая төгрөг төлөгдөөгүй байгаа. Бидний хүү энэ байрыг өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр авсан болохоор зөвхөн өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэ орон сууц нь ганц хүүгийн маань нэр дээр бүртгэлтэй талийгаачийн маань өвлөгдөх хөрөнгө учир эцэг эх нь болох бид хоёр ч өв залгамжлан авах бүрэн эрхтэй. С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “нас барсны маргааш талийгаачийн эцэг Н.Б, эх Т.Л, дүү Б.Л, Б.З гэх мэтийн хүмүүс гэр бүлээрээ миний хоёр хүүхдийг гэрээсээ хөөж гаргасан” гэж бичсэн байгаа нь ор үндэслэлгүй худал зүйл бичжээ. Талийгаачийг нас бараад ажил явдал нь болоход хоёр хүүхэд нь ажил явдалд нь огт оролцоогүй тул талийгаачийн дүү Б.З та хоёр эцгийгээ нас барж байхад яагаад ажил явдалд нь оролцдоггүй юм бэ гэхэд манай эмээ /ээжийн ээж/ бид нарыг битгий оролц бузартчихна гэж хэлсэн гэж байсан. Бид ач нараа гэрээс нь хөөхөөр хүн чанаргүй хүмүүс биш. Том охин М нь уур уцаар ихтэй хүний үг сонсдоггүй хүүхэд байсан болохоор эцгийнхээ ажил явдалд нь оролцсонгүй гэсэн зэмлэлийг сонсоод өөрөө гараад явсан. Тэр үед ээж С.Н нь ойрхон байранд амьдарч байсан юм.  С.Н нь хүүг маань нас барснаас хойш хоёр ачийг маань бидэнтэй уулзуулдаггүй, бага хүүтэй нь хааяа нууцаар уулздаг болсон. Талийгаачийг хүү маань Төмөрлөгийн уурхайд ээлжээр ажилладаг 14 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан тул ажилтай үед нь хүүхдүүдийг нь харж хандахын тулд төрсөн дүү Б.Л нь байранд нь хамт амьдарч хүүхдүүдийг нь хичээлд нь хүргэж авч хооллож хувцаслаж асарч хамгаалж, байрны хэрэглээний бүх зардлыг нь төлж байсан болно. С.Н нь талийгаачийг нас барснаас хойш байнга биднийг дарамталж байрнаас гар зайл гэж хөөдөг болсон. Бид хүүгийнхээ гал голомтыг энэ хүнээр тоглуулмааргүй байна. Харин байрны одоогийн үнийг тогтоолгосны эцэст хоёр ачдаа ногдох хэсгийг нь өгөх тал дээр тохиролцож болох юм. Талийгаачийн орон сууцны зээл, цалингийн зээлийн өр 20 орчим сая төгрөгийг авлагатай банкнууд нь нэхэмжилбэл хэн төлөх нь тодорхойгүй байна. Н.Б, Т.Л бид хоёр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.Эд хандаж 2020 оны 11 сарын 05-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ гаргасан байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Т.Л нарт холбогдуулан талийгаач Б.Зын нэр дээр бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг өвлөн авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Н 2014 онд хүүгээс минь салж яваад өөр хүнтэй амьдарч 4 настай хүүхэдтэй, архины хамааралтай, талийгаачийн орон сууцны зээлийн үлдэгдэл 6 сая, цалингийн зээл 13 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Уг орон сууц нь ганцхан хүүгийн маань нэр дээр байдаг тул бид өвлөн авах эрхтэй, ...байрны одоогийн зах зээлийн үнээс хоёр ачдаа оногдох хэсэгт тооцож 1 өрөө байр авч өгнө гэж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр Худалдаа хөгжлийн банкыг татан оролцуулсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... талийгаач Б.З, С.Н нар орон сууц барьцаалсан зээл авсан, одоо 5 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй, талийгаачаас хойш С.Н зээлийн төлбөрийг төлж байгаад ковидтой холбогдуулан түр зогсоосон байгаа, бид шаардлага гаргаагүй гэж тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч С.Н нь талийгаачийг нас барснаас хойш З.Мг Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 хороолол, 32 байрны 56 тоот өөрийн гэртээ очиход нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох талийгаач Б.Зын дүү Б.Л нь маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь халдсан үйлдэл тогтоогдсон үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан гэж нотлох баримт ирүүлсэн байх бөгөөд бид өөрийн гэртээ амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 3 өрөө орон сууцыг өвлөн авахаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан. / хх-ийн 47-49 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч С.Н нь 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Зын М, 2008 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Зын А нарыг төлөөлөн талийгаач Б.Зын өвлөгдөх эд хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/

 

Хариуцагч нь С.Н нэхэмжлэлдээ З.М, З.А нарын хууль ёсны төлөөлөгч гэж дурдсан тул өөрөө нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн агуулгад өвлөгдөх эд хөрөнгө гэж юуг хэлж байгаа энэ нь ямар хүмүүст хамааралтай болох талаар дэлгэрэнгүй дурдсанаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх хуулийн шаардлага болон нэхэмжлэлд гарын үсэг зурснаар хуульд заасан хэлбэрийг хангасан байх тул С.Н, З.М, З.А нарыг нэхэмжлэл гаргасан гэж үзэв.

 

Б.З нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.  /хх-ийн 12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.

Нэхэмжлэгч С.Н, З.М, З.А нар нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нотариатчид хандан өв хүлээн авах өргөдлөө бүртгүүлсэн, хариуцагч Н.Б, Т.Л нар нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр талийгаач Б.Зын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 хороолол, 32 байрны 56 тоот, 38 м.кв орон сууцыг өвлөхийг хүссэн хүсэлтийг тойргийн нотариатч Ц.Эд гаргасны дагуу №384, 385 дугаар бүртгэн гэрчилж өгсөн байна. /хх-ийн 66-69 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар талийгаач Б.Зын эхнэр С.Н, түүний хүүхдүүд болох З.М, З.А, төрсөн эцэг Н.Б, эх Т.Л нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

Хариуцагч нь талийгаач болон нэхэмжлэгч нарын гэрлэлт дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэлт бүртгэлтэй эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар иргэний бүртгэлийн мэдээллийн санд гэрлэлт дуусгавар болсны бүртгэл хийгдээгүй талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт ирүүлсэн байна. /хх-ийн 64 дүгээр тал/

 

Дээрх нотлох баримтаар талийгаач Б.З, С.Н нар нь 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр З.Мг, 2008 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр З.А нарыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7, 10-11 дүгээр тал/

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг; 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч С.Н, түүний хүүхдүүд болох З.М, З.А нар нь талийгаач Б.Зтай гэрлэлтийн үндсэн дээр эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд, хууль ёсны өвлөгчид мөн бөгөөд талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрхтэй байна.

Б.З, С.Н нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны  11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 21 350 000 төгрөгөөр, 120 сарын хугацаатайгаар гэрээ байгуулан авч улмаар талийгаач Б.З 2019 оны 11 дүгээр сар хүртэл түүнээс хойш зээлийн төлбөрийг С.Н төлж байсан болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, орлогын ордерууд, гуравдагч этгээдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 14-28 дугаар тал/

Хэдийгээр 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Зын нэр дээр бүртгэлтэй боловч уг үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тодорхойлсноор гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д ...хууль ёсны өвлөгчид адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр өвлөгдөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээчээр Капитал зууч ХХК-ийг томилсны дагуу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 хороолол, 32 байрны 56 тоот, 38 м.кв орон сууцны үнэлгээг 45 000 000 төгрөг гэж ирүүлсэнтэй зохигчдын хэн аль нь танилцаж, санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр хуваахад 45 000 000 : 4 /Б.З, С.Н, З.М, З.А/ нэг хүнд ногдох 11 250 000 төгрөг нь талийгаач Б.Зын өвлөгдөх эд хөрөнгө тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид /С.Н, З.М, З.А, Н.Б, Т.Л/ нарт тэнцүү хэмжээгээр хуваахад / 11 250 000 : 5/ нэг хүнд  2 250 000 төгрөг ногдоно.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум ... тоот, 38 м.кв орон сууцыг С.Н, З.М, З.А нарын өмчлөлд шилжүүлж бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч С.Нээс 2 хүнд /Н.Б, Т.Л/ нарт оногдох хэсэг болох 4 500 000 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ө.Ганзориг, хариуцагч нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З.Энхтуяа, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо нар оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум ...  м.кв орон сууцыг С.Н, З.М, З.А нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч С.Нээс 4 500 000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Б, Т.Л нарт олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 27 450 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА