Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00040

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00049/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******,

             ******* нарт холбогдох

Өвлөгдөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг бүхэлд нь өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие нөхөр *******тай 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс гэр бүл болж хамтран амьдарч эхэлснийг 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин *******, 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү ******* нар тус тус төрсөн. Бид хоёр хамтын амьдралын хугацаанд гэр бүлээрээ амьдрах орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 56 тоот /Ү-2003002834, гэрчилгээний дугаар 000106577/ 38.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 21.350.000 төгрөгөөр 10 жилийн хугацаатай нэг жилийн 12 хувийн хүүтэй байхаар тохиролцож үндсэн зээлдэгчээр *******, хамтран зээлдэгчээр миний бие оролцож орон сууцны зээлийн гэрээг байгуулан худалдан авч байсан. 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр ганц *******ын нэр бичигдсэн бүртгэлтэй байдаг. Мөн дээрх хөрөнгө нь гэрлэлтээ батлуулснаас хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Тодруулбал талийгаач ******* болон түүний эхнэр *******, охин *******, хүү ******* нарын дундын эд хөрөнгө юм. Дээрх 3 өрөө сууцны өнөөгийн зах зээлийн ханш нь 35.000.000 төгрөг байгаа болно.

Миний нөхөр ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас зуурдаар нас барсан. Нас барсныхан маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талийгаачийн эцэг *******, эх *******, дуу *******, гэх мэтийн хүмүүс гэр бүлээрээ миний хоёр хүүхдийг гэрээсээ хөөж гаргасан, тухайн үед миний бие өөр газар байсан.

Нэхэмжлэгч миний бие талийгаачийг нас барснаас хойш өнөөдрийг хүртэл орон сууцны зээлийн хамтран зээлдэгчийн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлсөөр байна. Талийгаачийн эцэг эхийн зүгээс зээл огт төлж байгаагүй. Одоо бидний 3 өрөө орон сууцанд талийгаачийн төрсөн дүү ******* амьдардаг, биднийг оруулдаггүй, сүүлд гэхэд 2020 оны 08 дугаар сарын сүүлээр миний охин *******г гэртээ ороод аавынхаа зургийг аваад арц хүж асаах гэсэн боловч охинд минь гар хүрч зодсон тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар ******* нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан. Ийм байдалтайгаар гэрт нь оруулалгүй, хүүхдүүдийг минь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь өнөөдрийг хүртэл зөрчсөөр биднийг хохироосоор байна.

Хууль ёсны өвлөгч би болон охин *******, хүү ******* бид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өв нээгдсэн газрын Дархан-Уул аймгийн нотариатч Д.Гантулга дээр очоод өв хүлээн авах тухай өргөдлийг өгч бүртгүүлээд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу нэг жилийн дараа нотариатч Д.Гантулгатай уулзаж өвлөх эрхийн гэрчилгээ авах гэсэн боловч гэрчилгээ олгох боломжгүй талийгаачийн аав *******, ээж ******* нар өв хүлээн авах хүсэлт өгч нотариатчид бүртгүүлсэн байна. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн учир шүүхэд хандаж байна.

Дээрх 3 өрөө сууц нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө буюу *******, охин *******, хүү ******* нарын эд хөрөнгө юм. Хэдийгээр хуульд нас барагчийн төрсөн эцэг, эх тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч мөн боловч гэр бүлийн тухай хуульд зааснаар тухайн үед хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн биш тул хууль ёсны өвлөгч эцэг, эх байх нь энэ заалтаар хязгаарлагдаж байна. Мөн эцэг эх нь хуулийн хугацаанд өвийг хүлээн авах эсэх талаар хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн шүүх хууль ёсны өвлөгч эцэг, эхэд нь өвлөгдөх хөрөнгөнөөс тодорхой хувийг гаргуулж мөнгөөр олгох нь хуульд заагдсан үндэслэлтэй гэж дүгнэвэл татгалзах зүйлгүй.

Иймд талийгаачийн эцэг, эх нь түүний төрсөн хүүхдүүд болох *******, ******* хоёр ачийнхаа эрх, ашиг, ирээдүйг бодолгүйгээр 3 өрөө орон сууцыг булаацалдаж хүний ёсноос гажууд, жудаггүй үйлдэл гаргаж байна. Мөн хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа тул талийгаачийн эхнэр *******, төрсөн охин *******, хүү ******* нарт Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 56 тоот 1Ү-2003002834, гэрчилгээний дугаар 000106577/ 38.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өвийг бүхэлд нь хүлээн авч өвлүүлэхээр шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******, ******* бид *******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Бидний хүү ******* нь 1981 оны 08 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн бидний ууган хүү юм. Хүү ******* маань 2004 онд ******* гэдэг эмэгтэйтэй гэрлэж охин Мөнхжин, хүү Алтангэрэл нарыг төрүүлсэн юм. Хүү ******* маань *******тэй анх амьдарч эхэлсэн үеэс ******* нь архи уудаг, ажил хийдэггүй хүүгээр маань тэжээлгүүлдэг хүн байсан. Эхнэр нь архины хамааралтай байнга архи ууж агсан тавьж, эд хогшлоо эвдэж, хэрүүл маргаан үүсгэдэг байснаас гадна өөр хүнтэй гэрлэлтээс гадуур дотно харьцаа тогтоож хүүг маань сэтгэлийн гүн дарамтад оруулж байсан юм. Эхнэр ******* нь олон удаа эрүүлжүүлэхэд орж, архины эмчилгээнд удаа дараа явж байсан хүн. 2014 онд эхнэр нь хүүгээс маань салаад хоёр хүүхдээ эцэг дээр нь хаяад явсан. ******* нь өөр хүнтэй хамт амьдарч тэр хүнээсээ хүүхэд төрүүлсэн одоо тэр хүүхэд нь 4 настай болсон. Бидний хүү ******* нь эрүүл саруул өвчин тусч эмнэлэгт үзүүлж байгаагүй ажлаа хийж эхнэр хүүхдээ тэжээж явсан сайн хүү байсан юм.

Гэтэл нас барахаас нь хоёр хоногийн өмнө ******* нь хүүгийн маань гэрт архи барьж ирж хоёр хоног хоол унд муутай архи уулгаснаас хүү ******* маань архины хордлогод орж ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн боловч амийг нь аварч чадалгүй нас барсанд бид маш их гомдолтой байдаг. ******* нөхөр хүүхдээ хаяж яваад 6 жил болоход хүүхдүүдээ харж хандаж байгаагүй хүүгээс маань архины мөнгө нэхэж сүүлдээ ах дүү нарыг нь хүртэл архи нэхэж дарамталдаг болсон. Талийгаач хүү ******* маань *******ээс гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ 2014-2016 оны хооронд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд гаргаж байсан бөгөөд гэрлэлтийг цуцалсан эсэхийг бид сайн мэдэхгүй байна.

Талийгаач хүүгийн минь байрыг авахад *******ийн зүгээс ямар ч мөнгө төгрөг оруулаагүй хүү маань бүх төлбөрийг төлж дээрээс нь 2011 онд ХХБ-аас 21 сая төгрөгийн зээл авч нас барах хүртлээ зээлийн төлбөрийг төлж байсан. Одоо уг зээлийн үлдэгдэл 6 орчим сая төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 13 уг сая төгрөг төлөгдөөгүй байгаа. Бидний хүү энэ байрыг өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр авсан болохоор зөвхөн өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэ орон сууц нь ганц хүүгийн маань нэр дээр бүртгэлтэй талийгаачийн маань өвлөгдөх хөрөнгө учир эцэг эх нь болох бид хоёр ч өв залгамжлан авах бүрэн эрхтэй. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нас барсны маргааш талийгаачийн эцэг *******, эх *******, дүү *******, гэх мэтийн хүмүүс гэр бүлээрээ миний хоёр хүүхдийг гэрээсээ хөөж гаргасан гэж бичсэн байгаа нь ор үндэслэлгүй худал зүйл бичжээ.

Бид ач нараа гэрээс нь хөөхөөр хүн чанаргүй хүмүүс биш. Том охин Мөнхжин нь уур уцаар ихтэй хүний үг сонсдоггүй хүүхэд байсан болохоор эцгийнхээ ажил явдалд нь оролцсонгүй гэсэн зэмлэлийг сонсоод өөрөө гараад явсан. Тэр үед ээж ******* нь ойрхон байранд амьдарч байсан юм. ******* нь хүүг маань нас барснаас хойш хоёр ачийг маань бидэнтэй уулзуулдаггүй, бага хүүтэй нь хааяа нууцаар уулздаг болсон. Талийгаачийг хүү маань Төмөрлөгийн уурхайд ээлжээр ажилладаг 14 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан тул ажилтай үед нь хүүхдүүдийг нь харж хандахын тулд төрсөн дүү ******* нь байранд нь хамт амьдарч хүүхдүүдийг нь хичээлд нь хүргэж авч хооллож хувцаслаж асарч хамгаалж, байрны хэрэглээний бүх зардлыг нь төлж байсан болно. ******* нь талийгаачийг нас барснаас хойш байнга биднийг дарамталж байрнаас гар зайл гэж хөөдөг болсон. Бид хүүгийнхээ гал голомтыг энэ хүнээр тоглуулмааргүй байна. Харин байрны одоогийн үнийг тогтоолгосны эцэст хоёр ачдаа ногдох хэсгийг нь өгөх тал дээр тохиролцож болох юм. Талийгаачийн орон сууцны зээл, цалингийн зээлийн өр 20 орчим сая төгрөгийг авлагатай банкнууд нь нэхэмжилбэл хэн төлөх нь тодорхойгүй байна. *******, ******* бид хоёр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.Энхтүвшинд хандаж 2020 оны 11 сарын 05-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ гаргасан байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 хороолол, 32 байрны 56 тоот, 38 м.кв орон сууцыг *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч *******ээс 4 500 000 төгрөг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 27 450 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 262 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг 262 тоот шийдвэр хангаагүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа доор дурдсан үндэслэлүүд байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Өвлөгдөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг бүхэлд нь өвлөхийг тогтоолгох тухай гэж тодорхойлсон байтал анхан шатны шүүх 262 тоот шийдвэрийнхээ Тогтоох хэсгийн 1 дэхь заалтаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 32-р байрны 56 тоот 38 м.кв орон сууцыг *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч *******ээс 4.500.000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгосугай гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөрсөн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Өвлөгдөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг бүхэлд нь өвлөхийг тогтоолгох буюу маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг Өвлөгдөх эд хөрөнгө гэж тодорхойлсон, мөн хариуцагч талаас 3 өрөө орон сууц нь талийгаач *******ын нэр дээр хамтран өмчлөгчгүйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг орон сууцыг авахад нэхэмжлэгчийн зүгээс ямар ч хувь нэмэр оруулаагүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгө гэж үзэн нэхэмжлэгч хариуцагч нарт ижил хэмжээгээр хуваагдах ёстой, өвлөгдөх эд хөрөнгөнөөс нэхэмжлэгч нарт ногдох хэсэгт тооцож 1 өрөө орон сууц авч өгөх хүсэлтэй гэж маргаж байхад анхан шатны шүүх 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тодорхойлон тус орон сууцыг үнэлсэн 45 сая төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж талийгаач *******т ногдох хэсэг болох 11.250.000 төгрөгийг талийгаачийн өвлөгдөх хөрөнгө гэж үзэн 5 өвлөгчид хувааж хариуцагч *******, ******* нарт ногдох хэсэг 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгийг тэгш хуваах ёстой гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүх маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлсон атлаа шийдвэрийнхээ Тогтоох хэсгийн 1 дэх заалтад иргэний хуулийн гэр бүлийн гишүүдийн дундын өмчийн асуудлыг зохицуулсан хуулийг хэрэглэлгүй хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 56 тоот /Y-20030028348 гэрчилгээний дугаар 000106577 / байрыг бүхэлд нь өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа ...******* миний хүүгээс салаад 6 жил тусдаа амьдарсан, ...түүнийг хаяад явсан, ....талийгаач хүү маань байрыг авахад 2011 онд ХХБ-аас 21 сая төгрөгийн зээл авсан.

Энэ мөнгөнөөс ******* төлдөггүй байсан, одоо ч өр нь үлдсэн байгаа.

Хоёр хүүхдэд нь тусад нь байр авч өгөөд хүүгийнхээ байрыг авмаар байна. ...Бид 2 нотариатаас өвлөгчийн гэрчилгээ авсан гэжээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч нарт өвлөгдөх хөрөнгөнөөс оногдох хэсгийг мөнгөөр гаргуулж шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, бүртгэл хийхийг улсын бүртгэлд даалгуулах шаардлага болгож шийдвэрлэсэн.

Мөн өвлөгдөх хөрөнгийг 45 сая төгрөгөөр үнэлж, түүний ихэнх хэсгийг гэр бүлийн хамтран өмчлөх өмчид тооцож талийгаачид оногдох хэсгийг өвлөгч нарт хувааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэргийг бүхэлд нь хянавал нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий орон сууцыг өвлөх эрхийг шүүхээр тогтоолгох байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд талуудын тайлбараар маргааны зүйл болсон орон сууц нь талийгаач *******ын нэр дээр бүртгэлтэй байна. Ийм хэдий ч талийгаач нь 2001 онд *******тэй гэрлэлтээ бүртгүүлж албан ёсны эхнэр нөхрийн харилцаатай болсон. 2 хүүхэд төрүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас 2011 онд худалдаж авсан гэр бүлийн хэрэгцээг хангах зориулалттай орон сууцыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэл байх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4-д зааснаар гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө хэний нэр дээр бүртгэлтэй байхаасаа үл хамааран гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байна гэсэнтэй нийцэж байна.

Ийнхүү дундаа хамтран өмчлөх хөрөнгөнөөс гишүүнд оногдох хэмжээг хуваарилах асуудал нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д зааснаар буюу гэр бүлийн гишүүн нас барснаар *******ын өвийг хүлээн түүний эцэг эх хүлээн авах гэрчилгээг авснаар үүссэн байна.

Хэрэг цугларсан баримтуудыг үндэслээд маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн дөрвөн гишүүний өмч бөгөөд гишүүн бүр тэнцүү хэмжээгээр өмчилнө гэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Мөн нас барсан этгээд *******т оногдох хэсгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгчид тэнцүү хэмжээгээр өвлөх талаарх дүгнэлт нь хуульд нийцэж байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг бүхлээр нь өвлөх нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах хуулийн боломжгүй боловч уг маргаантай холбогдуулан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх гэр бүлийн гишүүний өмчийн эрхийг зайлшгүй тогтоох шаардлага бий болж байна.

Түүнчлэн маргааны зүйл болсон орон сууцнаас оногдох хэсгийг хариуцагч нарт гаргуулах шаардлага гараагүй хэдий ч ийнхүү шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал маргаагүй, мөн хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан байхад хариуцагчийн байдлыг дордуулж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцэхгүй байх тул шийдлийг хэвээр үлдээлээ.

Харин маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгчид байгаа болон нас барсан этгээдэд оногдох хувийг гэр бүлийн гишүүд өвлөх эрхтэйг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 хороолол, 32 байрны 56 тоот, 38 м.кв орон сууцыг *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч *******ээс 4.500.000 төгрөг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож гэснийг,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* түүний насанд хүрээгүй хүүхэд *******, ******* нар нь гэр бүлийн гишүүн, өв залгамжлах эрхийн дагуу маргаан бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 56 тоот /Y-20030028348 гэрчилгээний дугаар 000106577 / орон сууцыг өмчлөх, өвлөх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д заасан өвлөгч *******, ******* нарт түүний хүү *******т уг хөрөнгөөс оногдох хэсгээс 52 буюу 4.500.000 төгрөгийг өвлүүлэх үүрэгтэй болохыг тус тус тогтоосугай гэж,

2 дахь заалтыг нэмж Маргааны зүйл болсон орон сууцыг бүхэлд нь өвлөх тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг дээрх үндэслэлээр хангаагүй болохыг дурдсугай гэж

2 дахь заалтыг 3 дахь заалт болгож тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                        ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ