Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 771

 

 

                                                                Г.Е-д холбогдох

                                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Г.Е-д холбогдох эрүүгийн 2009 00825 0431 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-н Е, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, нийтийн байранд галчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ тоотод оршин суух, /РД: .........../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

Г.Е нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Б-н эзэмшлийн “Самсунг эс-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 765.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г-н Е-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Е-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээг авч, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахыг анхааруулан шийдвэрлэжээ.

           Дээд шатны прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...  Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан байгаа бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж, эдгээр зохицуулалтын аль нэгийг баримтлахаар байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заахаар тусгасан байна. Гэтэл 2020/ШЦТ/300 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бус “Шүүгдэгч Б овогт Г-н Е-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шүүгдэгч Г.Е-н үйлдлийн аргаар нь гэм бурууг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Г.Е-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалт ...”-ыг заавал бичихээр тусгасан байна. Тиймээс шийтгэх тогтоолд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл тэнсэх зохицуулалт байдаг боловч оногдуулах хорих ялын хэмжээ нь харилцан адилгүй өөр байдаг. Иймд дээрх хуулийн заалтуудыг хольж хэрэглэх шаардлагагүй, аль нэгийг нь хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан байна.

Г.Е нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Б-н эзэмшлийн “Самсунг эс-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 765.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “... Би хүнсний дэлгүүртээ ганцаараа зогсож байхад зүс таних эрэгтэй орж ирээд “нүүрс авах уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд арын өрөөнөөс хүнд юм авч өгөх гээд орсон. Тэгээд арын өрөөнөөс гарч ирээд иргэдэд үйлчилж байгаад 2-3 минутын дараа гар утсаа хайсан боловч олдохгүй байхаар нь үйлчлүүлж байсан залуугаар залгуултал холбогдох боломжгүй болсон байсан. ...” /хх 18-19/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Е-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Е-н хохирогч Б.Б-н эзэмшлийн “Самсунг эс-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Е-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэвч анхан шатны шүүх Г.Е-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн баримталбал зохих хуулийн заалтыг зөв хэрэглээгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн ...”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн ...” хүнийг тэнсэж үүрэг хүлээлгэж болохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ...” оногдуулахаар ялын хэмжээг тогтоосон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ.

Иймд энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Дүүргийн Ерөнхий прокурор Э.Амарбатын “... Г.Е-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан  тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Г.Е-н үйлдлийн аргаар нь гэм бурууг тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн ...” талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Долдугаар бүлэгт “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” асуудлыг хуульчлан зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн нийтлэг зохицуулалтыг  хуульчилсан.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…”,

1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” талаар зохицуулсан хуулийн заалтыг давхар журамласан нь агуулгын хувьд болон хууль хэрэглээний хувьд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялтай уялдуулж, энэхүү нарийвчилсан байдлаар зохицуулсан заалтыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нийтлэг зохицуулалттай давхар журамлан хэрэглэсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ авахуулж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаагийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ерөнхий зохицуулалтыг баримталсан нь агуулгын хувьд болон хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байдлыг үүсгэхгүй болно.

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “үйлдлийн аргаар гэм бурууг тодорхойлсон”  гэх асуудлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” бол уг үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж нь тухайн зүйл, хэсгээ бүрэн тодорхойлох бөгөөд ийнхүү анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Г.Е-г “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж хулгайлах гэмт хэргийг тодорхойлж буй шинжээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг буруутгах боломжгүй байхаас гадна шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” талаар шийтгэх тогтоолд тусгахаар заасан боловч тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжээр нь гэм буруутайд тооцож байгаа нь агуулгын хувьд зөрчилгүй болно.

Иймд дүүргийн Ерөнхий прокурор Э.Амарбатын бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.