Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1735

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б и д ББСБ” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 355 128 төгрөг, алданги 2 169 513 төгрөг, хохиролд 2 613 806 төгрөг, нийт 12 138 447 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б и д ББСБ” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгэсэн. Хариуцагч “Б и д ББСБ” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилох тушаалаа гаргасан. Иймд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан 5 cap 15 хоногийн цалин 7 355 128 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү. Миний бие одоо жирэмсэн, төрөх эцсийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэж эмнэлгийн солилцох хуудас өгсөн. Гэтэл хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас болж хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах боломжгүй болсон. Хуулиар сүүлийн 6 cap нийгмийн даатгал тасралтгүй төлөгдсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ гээд Нийгмийн даатгалаас тэтгэмжийг олгоогүй. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс жирэмсний амралт эхэлсэн тул жирэмсэний тэтгэмжид авах байсан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажлын 43 хоногт тооцож 2 613 806 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Мөн тус байгууллага 2017 оны 05 дугаар сарын цалин, амралтын мөнгө болох 2 288 515 төгрөгийг хууль бусаар цалингийн зээлд суутган авч тухайн сарын цалинг олгоогүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний үр дүнд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг цалин, амралтын мөнгийг авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг үндэслэн өмнөх шийдвэрээр алданги тооцох үндэслэлтэйг тогтоосон тул 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх нийт 316 хоногийн алданги 2 169 513 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд “Б и д ББСБ” ХХК-иас нийт 12 138 447 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо татан авах тухай хүсэлтийг гаргаснаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоол гарч шүүхийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэр энэ өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл нэхэмжлэгч нөхөх олговрыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тооцсон нь үндэслэлгүй. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах тушаалыг гаргасан өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч ажилдаа орох тухай асуудлаар мөн тэтгэмжийн асуудлаар нэг ч удаа удирдлагуудтай ярилцаж байгаагүй. Мөн ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарснаас хойш 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй. Мөн гэдгээ албан бичгээр болон өөрийн биеэр ирж биеийн байдлаа, мөн жирэмсний тэтгэмж авах нөхцөл бололцоо нь бүрдсэн тухайгаа мэдэгдээгүй. Компанийн удирдлагын зүгээс Г.М-ын жирэмсний амралтыг олгох тухай шийдвэр гараагүй байтал өөрийгөө 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан хэмээн үзэж нэхэмжлэл гаргасан. Жирэмсний тэтгэмжийг хуулиар Нийгмийн даатгалын байгууллагаас олгодог тул манайх хариуцах үндэсгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6 443 337 төгрөгийг олгохоор мөн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор болж ажлаас халсантай холбоотой маргааныг эцэслэн дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгчийн баримталж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дах хэсэгт заасан заалт нь хөдөлмөрийн харилцаа нь үргэлжилж байх хугацаанд ажил олгогчоос ажилтанд cap бүр тогтмол олгох ёстой хугацааны цалин хөлсийг олгоогүй тохиолдолд ажилтан нь өөрийн авах ёстой цалин хөлснөөс алданги тооцох эрх үүсэх бөгөөд түүнийг шүүх тогтооно хэмээн хуульчилсан юм. Харин “Б и д ББСБ” ХХК болон нэхэмжлэгч Г.М- нарын хооронд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоод түүнийг шүүх хууль зөрчсөн хэмээн үзэж буцаан томилж Г.М-од учирсан хохирлыг барагдуулахаар шүүхийн шийдвэрт дурдсан болохоос биш хэвийн хөдөлмөрийн харилцаа нь үргэлжлээд ажил олгогч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал биш учир энэхүү алданги нэхэмжлэх эрхгүй, өөр хоорондоо ялгамжтай асуудал учир “Б и д ББСБ” ХХК энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4-д зааснаар” Б и д ББСБ” ХХК-иас 8 522 178 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-од олгож, нэхэмжлэлээс 1 002 463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.М-ын нэхэмжлэлтэй Б и д ББСБ ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 2 613 806 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “Б и д ББСБ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209 200 төгрөгөөс 41 856 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 151 304 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч холбогдох тушаалыг гаргасан бөгөөд уг тушаалыг гаргасан өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь ажилдаа орох тухай асуудлыг нэг ч удаа тус ББСБ-ын удирдлагуудтай ярилцаж байгаагүй бөгөөд ажилд нь эгүүлэн томилсон тухай гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй. Хариуцагч ББСБ-ыг нэхэмжлэгч Г.М- нарын хооронд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоод түүнийг шүүх хууль зөрчсөн хэмээн үзэж буцаан томилж Г.М-д учирсан хохирлыг барагдуулахаар шүүх шийдвэрт дурьдсан болохоос биш хэвийн хөдөлмөрийн харилцаа нь үргэлжлээд ажил олгогч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал биш учир энэхүү алданги нэхэмжлэх эрхгүй бөгөөд өөр хоорондоо ялгамжтай асуудал учир байхад тус ББСБ-ын буруутай үйл ажиллагааны ажилтны цалин хөлсийг хожимдуулсан асуудал огт биш бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэсний үндсэн дээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчид олгохыг шүүх даалгасан. Иймд шүүхээс гарсан тус шийдвэр нь хуулийг буруу ашигласан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийг зүгээс нэхэмжлэгчийн зохисгүй үйлдлүүдийг тодорхой тайлбарласаар байтал түүнийг үнэлж авч үзээгүй билээ. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 тоот шийдвэр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Хариуцагч “Б и д ББСБ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 355 128 төгрөг, алданги 2 169 513 төгрөг, хохиролд 2 613 806 төгрөг, нийт 12 138 447 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Г.М-ын гаргасан нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр нягтлан бодогчийн албан тушаалд нэхэмжлэгч Г.М-ыг эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 6 443 337 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/13/01 тоот тушаалаар түүнийг эгүүлэн нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байна. /хэргийн 7-9, 12 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд томилогдсон өдөр болох 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 5 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг, мөн нэхэмжлэгчийн дээрх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр 181/ШШ2017/02643 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 288 667 төгрөг болохыг тогтоосон тул ажилгүй байсан 5 сар, 15 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 388 128 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Мөн нэхэмжлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс алдангийг тооцон нэхэмжилсэн хариуцагчийн үндэслэлгүй суутгасан мөнгө болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр алданги тооцож шийдвэрлэсэн 2 288 515 төгрөгт дээрх шийдвэрээс хойшхи буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 170 хоногт ногдох алданги 1 167 050 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж зааснаас үзэхэд цалин хөлс, амралтын мөнгөнөөс үндэслэлгүй суутгасан 2 288 515 төгрөгийг хугацаанд нь олгогдоогүй цалин хөлс гэж үзэж, алданги тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг мөнгийг цалин хөлс, амралтын мөнгөнд тооцож олгох ёсгүй гэх үндэслэлээр маргаагүй ба харин нэхэмжлэгчийн өр төлбөрт тооцон суутгасан гэх үндэслэлээр өгөх боломжгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-10 дугаар сарын даатгал төлөгдөж баталгаажсан, харин 2017 оны 11 дүгээр сараас хойш төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан 0533992 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.М-ын амаржих сүүлийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэж эмнэлгийн солилцох хуудсанд тэмдэглэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан жирэмсний амралт авах хугацаа нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 04 дүгээр сарын 18-наас эхлэн тоологдох бөгөөд нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсний улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан гэж үзэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

           

            Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б и д ББСБ” ХХК-аас 7 388 128 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 169 513 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “151 304” гэснийг “133 160” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ 

 

                                                      ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                      

                                                                                                        С.ЭНХТӨР